Нийгмийн

ФОТО СУРВАЛЖИЛГА: Зэрлэг гахай, галуу, нугастай Аглаг бүтээлийн хийд

Сонин содон зүйлсээр дүүрэн, Монголд аялахаар ирсэн жуулчдын эрхгүй жолоо залдаг газруудын нэг бол яалт ч үгүй Улаанбаатар хотоос холгүй орших Аглаг бүтээлийн хийд билээ. Байгалийн өвөрмөц тогтцыг ашиглан анх тус хийдийг Бурханч лам Г.Пүрэвбат 2014 онд байгуулсан байдаг. Тэгвэл байгуулагдсанаасаа хойш хүний хөл тасрахаа больсон эл газарт цар тахлын хөл хорионы дараа нөхцөл байдал ямар байгааг сонирхохоор бид замдаа гарсан юм.

Биднийг очиход дөнгөж өглөөний 9:10 цаг болж байсан ч зогсоол дээр нь аль хэдийн жуулчдын машин жирийсэн байв. Хийдийн асрын ажилчдын хэлж буйгаар цар тахлын энэ үед ч аялагчдын тоо өмнөхөөсөө төдийлөн буугаагүй аж. Харин ч эрүүл агаарт гэр бүлээрээ зугаалахыг хүсэгчид ийшээ зорьдог болжээ.

Өглөөний сэрүүн агаарт хийдийн уулс манантан харагдана. Энд ирж буй хүмүүсийг ажиглавал, голдуу гэр бүлээрээ, эсвэл найз нөхдөөрөө явах аж. Дээшээ нэлээн өгсдөг хэдий ч шаттай тул төдий л түүртэхгүй гарчхаж болмоор.

Хийдийн өсгөдөг зэрлэг гахай, галуу, нугас тэргүүтэн амьтад хүмүүсээс огт айж цэрвэсэн шинжгүй дөхөж ирж харагдана. Зарим нь хүний гараас юм идэх гээд бүр дөхөж ирнэ гээч. Харин нэлээн хэдэн жилийн өмнөөс тэдний ууланд тавьсан туулайнууд хэдийн зэрлэгшээд баригдахаа больсон гэнэ. Үнэхээр ч барааг нь ядаж үзье гээд хайсан ганц ч туулай нүдэнд торсонгүй.

Өнгөрсөн жилээс хойш Аглагийн хийдэд хэд хэдэн шинэ бүтээл нэмэгджээ. Өмнө нь хэд хэд ирж байсан гэх аялагчид үүнийг ихэд олзуурхан хамт зургаа даруулах аж.

Хийдэд хэд хэд ирж байсан “туршлагатай” аялагчдын хэлж буйгаар бүтээлүүдээс гадна хийдийн бусад бүтэц байгуулалт ч сайжирсан гэнэ. Аглагийн хийдийг танилцуулж байна.

Биднийг буухтай зэрэгцэн хийд өөд өгсөгчдийн цуваа өглөөг бодвол хэд дахин нэмэгджээ. Агаарын хэм ч дулаарч, жигтэйхэн нарлаг өдөр болохыг илтгэн төөнөнө. Ийнхүү бид “Аглаг бүтээлийн хийд” рүү хийсэн бяцхан аяллаа өндөрлөлөө.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button