Урдаас шатахуун импортолбол бид монжуулж, ОХУ, БНХАУ, Саудын Араб хожно

“ОХУ шатахууны экспортоо хязгаарлах нь” сургаар энд бөөн л юм болов. “Гялс Хятадаас татаж, нөөц бүрдүүлье” логикоор бушуу ажиллаж эхэлсэн тухайгаа Засгийн газар мэдэгдээд буй. Олон улсын харилцаа, эдийн засаг талаасаа асуудал маш бүрхэг харагдах болсон нь энэ.
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ТЭСЭРСЭН НЬ
Дотоодын зах зээл дээр шатахууны үнэ гурван ч удаагийн давтамжтай өсөөд байна. Өсөхөөс ч өөр аргагүй. Дахиад ч өсгөхгүй бол шатахуун импортлогчид алдагдлаа нөхөж чадахгүй. Учир нь дэлхий даяар хөл хорионд удаан хугацаанд “суусны” дараа газрын тосны үнэ асар хурдан өссөн. Харин өсөлттэй саруудад Засгийн газар хүчээр шатахууны үнийг дотоодыг зах зээлд барьж байсан. Иргэдээ ч, улс төрөө ч бодож хэсэг гүрийсэн хэрэг.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нэгэнтээ “Одоохондоо иргэдээ бодож байна. Вакцинд дийлэнх нь хамрагдчихвал тэгээд шатахууны үнийг өсгөнө дөө” гэсэн агуулгаар мэдэгдэл хийж байсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан. Угаас “Сонгуулийн дараа бид үнээ өсгөнө шүү” гэж шатахуун импортлогчид эрх баригчидтай тохироо хийсэн байсан гэлтэй.
Гэтэл газрын тосны үнийн өсөлтийг дагасан эл хөөрөгдөл дээр ОХУ-ын баримтлах болсон байр суурь дахин айдас төрүүлэх болов шиг.
ОХУ ЭДИЙН ЗАСГАА БОДОЖ, ЭКСПОРТОО ТҮР ХЯЗГААРЛАНА
ОХУ газрын тос олборлодог бас шатахуун үйлдвэрлэдэг орон. Хөл хорионы дараа олборлолтоо танаж, эрэлт үүсгэснээр газрын тосны үнийг дээш нь татаж чадсан гэж болох OПЕК-ын гишүүн бус орон. Дотоодод нь шатахууны нийлүүлэлт ч өссөн. Тус улсын Шадар сайд Александр Новак шатахуун үйлдвэрлэл, нийлүүлэлт өнгөрөгч саруудаас өссөн тухай албан ёсоор дурдсан байгаа юм.
Харин өргөн хэрэглээний барааны үнийн баланс цочрох эрсдэл бийг онцолсон. Үүнийг тогтвортой барихын тулд хэсэг хугацаанд үйлдвэрлэгч бус компаниудыг шатахуун худалдахыг болиулах, шатахууны экспортыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахыг Эрчим хүчний яамандаа үүрэгдсэн нь гадаадын хэвлэлд мэдээлэгдсэн байна.
Хэрэв ингэвэл манай улсад АИ-92, АИ-80 шатахуун ид тариа, ногоо хураах үеэр хомсдож, үнэ дахин өсөх шууд эрсдэлийг бий болгож буй тухай өмнө нь бичиж байсан. Үүнийг тооцож, БНХАУ-аас шатахуун импортолж эхэлсэн тухайгаа Засгийн газар мэдэгдсэн билээ.
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ТЭД ХОЖИЖ, БИД МОНЖУУЛНА
Манай улс газрын тос олборлодог мөртлөө түүнийгээ хямд үнээр БНХАУ-д худалддаг. Эргээд хэд дахин өндөр үнээр шатахуун импортолдог өрөвдөм тогтолцоотой. Эдийн засаг маань нэгэнт урд хөрштэй шууд шахуу хамааралтай эргэлддэг. БНХАУ-ын хилийн боомт дээр асуудал үүсэх төдийд дотоодын эдийн засаг хүчтэй савладаг. Ийм нөхцөлд шатахуунаа урд хөршөөс импортолж эхлэх нь тэдэнд л ашигтай.
Түүнчлэн БНХАУ-ын газрын тосны эрэлтийг нэмнэ гэсэн үг. Харин тус улс Саудын Араб болон ОХУ-аас бараг тэнцүү хэмжээгээр газрын тос импортолдог. Манай шатахууны хэрэглээ далайд дуслын дайтай ч үүсгэх эрэлт нь ОХУ, Саудын Араб хоёрт ч мөн ашигтай л тусна. ОХУ шатахуун хязгаарласнаас газрын тосны экспортоо хязгаарлаагүй билээ. Иймд эцсийн дүндээ ОХУ, БНХАУ, Саудын Арабт ашигтай л тусна. Харин бидэнд ашигтай юм юу ч үгүй.
БНХАУ өөрөө газрын тос асар ихээр импортолж аваад дотооддоо боловсруулдаг орон. Харин Индонез, Филиппин, Сингапур гурван улс руу л шатахуун экспортолж байсан удаатай талаар гаднын хэвлэлд бичжээ. Иймд шатахууных нь чанар, найрлага ямар байх тал дээр ч анхаарал тавих шаардлага байж болзошгүй.
Уг нь шатахууны экспортоо түр зогсоох нь ОХУ-ын хувьд тийм ч том савлагаа биш. Том гүрнүүд дотооддоо зориулж эдийн засгийн арга хэмжээ авах бүрд нь бид нэгээс нөгөө рүү ганхан савлаж, давхар давхар хохирохоо болих цаг болсон. Нэг үгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг гацаах биш барьж гүйцээх шаардлага аминд тулсныг энэ нөхцөл байдал л харуулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр сонголт бий юу ? Монгол дарга нар санаачлагагүй, толгой ажиллахгүй, өөрт ашиггүй бол хөдлөхгүй, урсгалаар ажил хийсэн дүр эсгэж өдөр хоног өнгөрөөдөг. Хамгийн гол ажил унагачихаад өөрсдийгөө зөвтгөхдөө сайн
Яаж ч ядарсан хятадаас шатахуун авч болохгүй, тэгвэл тэдний эрхшээлд бүрэн орно. МАН-ын луйварчид хятад дарга нарынхаа даалгаврыг биелүүлэх мэссэжээ хаяэ эхэлж байх шиг банйа.