СПОРТ

М.Анхцэцэг: Үр минь үлдэх хорвоод нэг л зангаараа, зөв амьдрахыг хичээдэг

Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөнгөж сая ДАШТ-д түрүүлж, алтан медаль хүртлээ. Токиогийн олимпын дараа түүнтэй хийсэн ярилцлагаа сэргээн нийтлэв.

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгтэй ярилцлаа. Энэ жил Гавьяат тамирчин цол хүртсэн, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхдагч олон, олон амжилтын эзэн тэрбээр “Токио-2020” олимпын наадамд хүч сорихдоо медалийн үзүүрээс атгаад алдан, IV байрт шалгарсан юм.

“Дүү нь маргааш хөдөө явах гээд түмэн завгүй сууна. Очоод өгч ёстой амжихгүй нь. Энд ирээд ярилцлага авч болох уу. Гэрийнхээ гадна ирүүлж ярилцлага өгөөд биеэ тоочихож гэж бусад хүн бодох вий гээд санаа зовлоо” гэж инээсээр Анхаа ярилцлагаа ийн эхлүүллээ.

-Токиогийн олимпод IV байрт шалгарсанд тань юуны өмнө баяр хүргэе. Монголын туйванчдаас олимпын наадамд гаргасан хамгийн өндөр амжилт байлаа. Амжилт, алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө надаас ярилцлага авч буй танай хамт олонд маш их баярлалаа. Олимпын наадамд амжилттай оролцоод ирлээ. Токиогийн олимпоос медаль хүртэнэ гээд зорьсон болохоор IV байрт шалгарсныгаа жаахан голж байна. Мэдээж Монгол Улсын түүхэнд хүндийг өргөлтөөр анх удаа IV байрт орж, медалийн оосроос атгаад алдсан нь том амжилт. Энэ бол зөвхөн миний бус бүх хүний хамтын амжилт юм шүү.

Би өнөөдөр ганцаараа зүтгэсээр энд ирээгүй. Энэ бүх хугацаанд гишгүүр шат болж, намайг дэмжиж, хурцалсаар ирсэн, хүндийг өргөлтийн спортод хайртай бүх хүнд баярлалаа. Миний гаргаж буй амжилт энэ спортын төлөө зүрх нь цохилдог хүн бүхний амжилт юм шүү.

-Анхаа Риогийн олимпод наймдугаар байрт шалгарсан. Хүндийг өргөлт хэмжигдэхүүнтэй спорт. Бэлтгэл дээр хэдэн кг-ыг өргөж байв. Түүнийгээ олимпод давтсан бол ямархуу амжилт гаргах боломжтой байсан бэ?

-Бэлтгэл дээр огцом өргөлтөөр 109, түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ыг өргөж байлаа. Ер нь ямар ч спорт бэлтгэл дээрхийгээ тэмцээн дээр ахиулах магадлал, боломж ховор. Төрснөөсөө хойш оролцож буй тэмцээнүүдэд бэлтгэл дээрхийгээ дандаа ахиулж байгаа. Токиогийн олимпод огцмоор 115, түлхэлттэй өргөлтөөр 145 кг-ыг өргөх төлөвлөгөөтэй байлаа. Яг тэгж өргөсөн бол хүрэл, бүр ахиулаад мөнгөн медаль авах боломж байлаа.

БНХАУ-ын тамирчин биднээс хол тасархай байсан. Хэн нь ч медаль  хүртэх магадлалтай 5-6 тамирчин байлаа. Өөртөө итгэлтэй өрсөлдөөд, оролтоо амжилттай болгоод л байвал медаль хүртэх боломж надад байсан. Түүнийгээ ч мэдэж байлаа.

-Эхний оролтоор тэд, дараагийнхаар нь тэдэн кг-ыг өргөнө гэдэг тооцоолол их чухал. Үүнийг Ц.Хосбаяр багштайгаа хэрхэн ярилцаж, гаргав?

-Энэ тооцооллыг багш маань л гаргадаг. Би бараг оролцдоггүй. Хааяа л багштай ярилцаж, зөвлөдөг. “За, одоо тэдэн кг өргөе” гэж бодохоос илүү тэмцээндээ төвлөрөөд, багшдаа итгэдэг. Багш хэдэн кг-ыг захиална, түүнийг нь л өргөдөг.

Хүндийг өргөлтийн спортын тамирчин тэмцээнд оролцоход яг мэргэжлийн гурван дасгалжуулагч уг нь байх шаардлагатай. Цар тахлын халдварын улмаас Э.Билэгсайхан бид хоёр олимпод нэг багштай явсан. Э.Билэгсайхан миний өмнө олимпод оролцчихсон байсан тул диск угсрах, оролт тоолохоос авхуулаад багш, бид хоёр их туслалаа.

-Өмнө нь төлөвлөж, тооцоолсныхоо дагуу олимпод хүч сорьж чадсан уу?

-Яг санасныхаа дагуу өрсөлдөж чадаагүй. Багш маань хамгийн зөв тооцоолол, төлөвлөгөөг гаргасан. Би огцом өргөлтөөр эхнийхээ оролдлогыг алдсан нь сэтгэл зүй, амжилтад их нөлөөллөө. Хэрвээ эхний оролтоо амжилттай болгочихсон бол 147 кг-ыг захиалахгүй байсан.

-Хамгийн сүүлчийн оролтоороо 147 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байлаа. Тухайн үед юу бодогдож байв, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?

-Зөндөө юм бодсоон. Намайг дэмжиж буй монгол түмнээ, эх орноо, тамирчдаа, гэр бүлээ гээд бүх юмыг бодсон.  Оролтоо амжилттай болгохын төлөө үнэхээр хичээсэн. Даанч дийлээгүй, санаснаар болоогүй.

-Оролтоо алдан, медалийн үзүүрээс атгаад алдсандаа харамсаж буй агшинг одоо харахаар ямар мэдрэмж төрж байна вэ?

-Нэг их аймар харамсаж, хэт их эмзэглэхгүй байна. Өнгөрсөнтэйгөө зууралдаад л байвал урагш алхаж чадахгүй. Мэдээж алдаа, оноогоо сайн дүгнэнэ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бодоод, тэгсэн, ингэсэн бол гэж бодох тусмаа би шанална. Одоо толгойгоо сайхан сэргээж, амраахыг чухалчилж байна. Гэхдээ л олимпын тухай бодохоор, ярихаар жаахан эмзэг байгаа.

-Алдаа, оноогоо дүгнээд, урагш алхъя гэж байгаа нь зөв. Учир нь одоо гуравхан жилийн дараа 2024 оны олимп болно. Дутуугаа гүйцээх, олимпын аварга болох боломж Анхаад бий.

-Хүндийг өргөлт хэмжигдэхүүнтэй спорт. Хэн хэдэн кг-ыг өргөж байна вэ, хэдийг өргөвөл түүнээс илүү гарахаар байна вэ гээд судалгаа хийхэд амар. Өөрөө өөрийгөө ялж байж амжилтад хүрдэг спорт. Тиймээс би өөрөө л сайн хичээж, хөдөлмөрлөж чадвал 2024 оны олимпод амжилт гаргах нөөц, боломж надад бий. Бүх зүйл надаас л шалтгаална.

-Токиогийн олимпын өмнө бэртсэн юм билээ. Амжилтад нь хэр их сөргөөр нөлөөлөв, ямар нэгэн зовиур байсан уу?

-Бид олимпын өмнөх бэлтгэлээ хөдөө хийсэн. Тэнд тусгаарлагдаад, халдвар, хамгааллын дэглэм баримтлахын тулд хүссэн үедээ гарч, орох боломж хомс байлаа. Шилбэ өвдөөд, зангираад байна гэж бодоод хоёр сар гаруй явсан. Заримдаа их өвдвөл өвчин намдаах эм ууж байв. Жаахан зангираад байна л гэснээс ингэж хүндэрнэ гэж бодоогүй. Олимпын өмнө эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх боломж байсан. Гэхдээ эмнэлэгт үзүүлэх гэж очоод халдвар авчих вий гэж болгоомжилсон. Халдварын тоо хэчнээн их байлаа. Эрсдэлээ бодолцоод очоогүй юм л даа.

Олимпод оролцсоныхоо маргааш MRI зураг авхуулсан. Тэгэхэд шилбэ бэртэн, шөрмөс хэсэг, хэсэг газраа урагдчихсан байна лээ.

 -Тэгэхээр олимпод оролцохдоо тэгж бэртсэнээ мэдээгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Зангираад өвдөж байна л гэж бодсон. Дараа нь мэдсэндээ, олимпод оролцох үеэр улам хүндрээгүйд баярлаад байгаа. Хэрвээ олимпын өмнө тийм бэртэлтэйгээ мэдсэн бол хэцүү шүү дээ. “Бэртлээ улам сэдрээж, хүндрүүлчих вий” гэж бодоод энгийн үеийнх шигээ өргөж чадахгүй. Сэтгэл зүйд их нөлөөлнө.

-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тамирчид бэлтгэлээ хийх, тэмцээнд оролцох боломж хомс байгаа. Олимпын бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу?

-Цар тахлын улмаас хөл хорио тогтоонгуут Спортын төв ордноос штангуудаа аваад, бэлтгэлээ гэр, гэртээ хийсэн. Гэрт амьдардаг хүүхдүүд штанг өргөхөөр гэрт нь тулаад, байранд амьдардаг хүүхдүүд бэлтгэлээ хийхээр доод давхрын айл нь уурлаад хүндрэл, бэрхшээлтэй байлаа. Штанг өргөчихөөд хамаагүй доош нь буулгаж болохгүй. Бэртэх эрсдэл мөн байлаа. Чанга буулгавал доод давхрын айл нь уурлана. Манай нэг тамирчны доод айл нь цагдаад хандсан гэсэн. Тиймэрхүү асуудал, бэрхшээл их тулгарч байлаа.

-Бэлтгэлээ гэртээ хэр удаан тэгж хийсэн бэ?

-Яг хоёр сар тэгж хийсэн. Дараа нь бид цугларалтад гарсан. МҮОХ, БТСУХ, Монголын хүндийг өргөлтийн холбоо, “Алдар” спорт хороо хамтран бүхий л боломжоороо тамирчдаа дэмжсэн. Хүндийг өргөлтийн тамирчид цугларалтад гурван сарын хугацаанд гарсан. Дараа нь олимпын бэлтгэлээ Төр хурахад хийлээ.

Ер нь амаржсан эмэгтэй хүн хоёр жилийн дараа л өмнөх шигээ болдог юм байна. Өнөөг хүртэл сэргэх, формдоо орох гэж их хугацаа зарцууллаа. Төрөөд удаагүй байхдаа бэлтгэлдээ орсон, гам сайн бариагүй болохоор үе, мөч өвдөнө. Энэ бүхнийг даван туулсаар олимпод оролцоод ирлээ.

-Формдоо орох, удаан хадгалах амаргүй. Анхаагийн хувьд формдоо хэр сайн ороод байв?

-2015, 2016 оны үеийнх шиг хэмжээнд хараахан хүрээгүй. 85 орчим хувийн формтой байсан. Бид олимпын бэлтгэлээ Төр хурахад хийж байгаад шууд Токио руу явсан.

-Гэрийн эзэгтэй, эх хүн энэ олон сар бэлтгэл хийгээд тэгээд шууд олимпод оролцох амаргүй. Тэр бүхэнд хань нь арыг нь дааж байв уу?

-Тэглээ. Зөвхөн олимпын бэлтгэл, “Токио-2020” гэлтгүй бусад үед ч хань минь миний арыг даадаг, бэлтгэл хийх, амжилт гаргах бүхий л боломж, нөхцлөөр хангадаг. Жирэмсэн болоод, гэртээ байхдаа л би “Нээрэн би гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн шүү дээ” гэж бодогдож билээ.

Бэлтгэл сургуулилалт, тэмцээн гэсээр үнэндээ гэр бүлдээ, гэртээ гаргах цаг, зав хомс. Намайг, спортыг ийм сайн ойлгодог, дэмждэг ийм сайн ханьтайдаа их баярладаг. Аав, ээж хоёр минь манай хүүхдийг маш сайн харж өгдөг.

Нөхөр минь намайг дэмжиж, бүх талаар туслахын тулд ажлаасаа нэг хэсэг чөлөө авсан. УДЭТ нөхөрт маань цалинтай чөлөө өгсөн нь бид хоёрт их нэмэр боллоо. Одоо манай амьдарч буй байр УДЭТ-ийнх. Манайд хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг юм. Ханийн маань хамт олон хүртэл намайг бүхий л боломжоороо дэмжлээ. Ер нь хаана ч очиход хүмүүс намайг дэмждэгт их баярлаж явдаг.

-Гэртээ харьж, хань, хүүхэдтэйгээ уулзаж амжилгүй хэр удаад шууд олимп руу явсан бэ?

-Би нэгдүгээр сард бэлтгэлд гарсан. Бэртээд долоо хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед нөхөртэйгөө хамт байсан. Тэр үеэр УДЭТ-т халдвар илрээд, нөхөр маань эмнэлэгт хэвтсэн. Тэгээд би шууд Төр хурахад олимпын бэлтгэлд дөрөвдүгээр сард гараад, хүүтэйгээ уулзаж амжихгүй шахам байсаар байгаад л олимп руу явлаа.

-Олимпын наадам дуусангуут л Монголдоо хурдан ирэх сэн, гэр бүлийнхэн, хань, хүүтэйгээ хурдхан уулзах сан гээд яарсан уу?

-Ёстой тэгсэн. Олимпын тосгонд тамирчид хоёр хоносон. Тэр хугацаанд хурдхан буцах өдөр болоосой гээд догдоллоо. Бид Монголд 23.00 цагийн үед ирсэн. Бараг шөнийн 02.00 цагийн үед харьсан. Хэчнээн ядарч байсан ч аавынхаасаа хүүгээ аваад харьсан. Одоо хүүтэйгээ хамт ёстой аз жаргалтай байна аа.

-Токиогийн олимпод оролцохынх нь үеэр “Анхцэцэг дөрвөн сартай үрээ үлдээгээд, олимпод нялх биетэй өрсөлдөж” гэх андуу мэдээлэл цацагдсан. Та харсан уу?

-Харалгүй яах вэ. Хүндийг өргөлтийн тэмцээнийг зурагтаар манай найз Г.Анужин тайлбарласан юм. Намайг оролцох үеэр “Анхаа хүүхэд нь дөрвөн сартай байхад анхныхаа тэмцээнд оролцсон” гэж хэлсэн юм билээ. Тэрийг нь хүмүүс олимпод өрсөлдсөн гэж буруу ойлгочихсон байна лээ. Дөрвөн сартай хүүхдэд нь бэлэг өгье гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс их холбогдож байгаа. Төрөөд удаагүй нялх биетэй олимпод оролцсон гэх мэдээлэл цацагдсан нь надад гоё санагдсан. Энэ талаар би боломжийнхоо хэрээр залруулга хийсэн. Одоо хүү минь гурван нас хүрэх гэж байгаа.

Нэг талаар би их азтай хүн. Риогоос Токиогийн олимпын мөчлөгт хөөрхөн хүүтэй болоод, бэлтгэлдээ эргэж ороод олимпод өрсөлдөж амжлаа. Олимп хойшилсон нь надад том боломж олголоо. Тамирчны амжилт залуу насных. За, дараагийн олимпод дахиад нэг өрсөлдье, амжилтаа ахиулъя гээд хувийн амьдралаа хойш нь тавьж буй эмэгтэй тамирчин олон. Спортын карьер нь дууссаны дараа л хүүхэдтэй болох нь элбэг. Одоо дараагийн олимп гурван жилийн дараа болно. Энэ хооронд төрж амжихгүй.

-М.Анхцэцэг төрөөд удаагүй байхдаа бэлтгэлдээ эргэж орсон. Нялх биетэй байхдаа спортдоо эргэн ирэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байв?

-Би ээж болоод бүхнийг тэгээс нь дахиж эхэлсэн. Бие нялхран, сэтгэл санаа тогтворгүй, бүх зүйл шинэ байлаа. Төрөхөөр ачаалал даах чадвар муудан, бие амархан суларч, үе мөч хүртэл хэврэг болдог юм байна. Амархан ядарна, цуцна. Тэр бүхнийг зохицуулж, өөрийгөө хурцлахыг хичээсэн.

Төрснөөсөө хойш хоёр сарын дараа зөөлөн гүйж, “Ривер” клубт хөнгөн дасгал хийж эхэлсэн. Тиймэрхүү маягаар долоо хоногт 2-3 удаа хөнгөн дасгал хийн, биеэ дасгасан. Тэгж байгаад яг дөрвөн сарын дараа үндсэн бэлтгэлдээ эргэж орсон юм. Тэгэхээр хоёрхон сар бэлтгэл хийгээд Азийн АШТ-д өрсөлдсөн юм байна.

Хосоо багш намайг 87 кг-д оролцохыг зөвлөхөд нь би 81 кг-д хүч сорино гээд зөрчихсөн. Тэгээд олон кг хасах шаардлага гарлаа. Хөхүүл тул сүүгээ саагаад л, саунд суугаад байлаа. Дөрөвхөн сартай хүүгээ үлдээгээд, Азийн АШТ-д очсон тул их санасан. Тивийнхээ аваргаас мөнгөн медаль хүртээд их урамшсан.

Спортдоо эргэн ирснийхээ дараа юм юмыг зэрэг амжуулах гээд өөрийгөө улам ядраасан юм билээ. Сайн хань, сайн тамирчин, сайн ээж байхыг хичээнэ. Өглөө бүр ханьдаа хоол хийж өгнө, өдөр бэлтгэлээ хийнэ. Орой нь хүүдээ, ханьдаа аль болох цаг гаргахыг хичээнэ. Тэр ачааллаа даахгүй эхэндээ их ядарсаан. Бэлтгэл, тэмцээн гээд их ядрахаар төрсний дараах сэтгэл гутралд бүр ч их өртдөг юм билээ. Тийм үеийг халамжтай хань, сайн аав, ээжийн ачаар туулаад гарсан.

Би хүүхдээ есөн сар хүртэл нь хөхүүлсэн. Кальцаа амархан алдаад, үе мөч их янгинана. Ер бэрхшээлтэй зүйл их байсан. Нөгөө талаар хүүхэдтэй, ханьтай болсноор миний амьдрал өмнөхөөсөө бүр ч их утга учир, зорилготой болсон.

-Хүүгээ есөн сартай байхад ДАШТ-д оролцоод хоёр дахь медалиа хүртсэн. Ханьтайгаа хамт оролцоод, баярт мөчөө хуваалцсан хамгийн дурсамжтай мөч байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэдэг шиг спортын бурхан тэнгэр байдагт би итгэдэг. Би Хосоо багшийн шавь болж, амжилтын төлөө хамтдаа зүтгэж яваагаараа бахархдаг. Багш маань эмэгтэй тамирчдынхаа сарын тэмдгийг хэзээ ирэхийг хүртэл сайн мэддэг.

Багш “Би эхнэрийнхийгээ мэддэггүй шүү дээ” гэдэг. Бидний төлөө тэгж их сэтгэл гаргаж, бүхнээ зориулдаг хүн байхгүй юу, багш маань. Эхнэртээ ч гаргаагүй анхаарал, халамжийг бидэнд тавьдаг. Дасгалжуулагч хүний хань байх амаргүй. Багшийн маань хань ёстой мундаг эмэгтэй бий.

Хань бид хоёрыг ойлгоод, ДАШТ-д хамт явахыг зөвшөөрсөн багшдаа их баярлаж явдаг. 2019 оны ДАШТ-д хань минь хамт явсан болохоор улам хүчтэй байж, медаль хүртэн баярлуулахыг хүссэн. Энэ оролдлогоо заавал өргөнө, тэнхээтэйгээ харуулна гээд л зүтгэв. ДАШТ дуусангуут манай хүн Монгол руугаа буцан, би Дэлхийн цомд өрсөлдөхөөр АНУ-ыг зорих байв. Тиймээс ханиа баярлуулах ганц боломж нь ДАШТ байсан юм л даа. Тэр хэрээр өөрийгөө хурцалж, дайчилсан.

“Хань минь хичээгээрэй” гээд хэлсэн нь хүртэл надад их эрч хүч өглөө. Дэвжээн дээр би ганцаараа бус ханьтайгаа хамт зогсож, хамтдаа өргөж байгаа юм шиг санагдсан.

-Эмэгтэй хүн үрийн зулай үнэрлээд ээжийгээ илүү сайн ойлгодог гэдэг. Анхаа ээж болсноор амьдралд нь гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?

-Би их тайван, зөөлөн хүн. Бүр ч зөөлөн, уян болсон. Одоо би үртэй хүн. Үйлийн үр гэж бий. Үр минь үлдэх хорвоод зөв амьдрахыг л хичээж байна.

-Токиогийн олимпын өмнө М.Анхцэцэг Гавьяат тамирчин цол хүртсэн. “Токио-2020-д улам өндөр амжилт гаргах, хичээх урам авсан уу?

-Тэгсэн. Би 2017 онд ДАШТ-ээс анхны медалиа аваад болзлыг нь хангасан байсан. 2019 онд хоёр дахь медалиа хүртээд болзлыг нь дахиад биелүүлсэн. Гавьяат тамирчин болохоо их хүлээсээн. Зөвхөн би бус Монголын хүндийг өргөлтийн спортынхон, олон түмэн гээд маш олон хүн хүлээж байсныг би гавьяат болохдоо мэдэрсэн. Монгол Улсдаа гавьяатай хүн юм байна гэж бодохоор сайхан санагдаж, улам их хичээх урам, зориг авлаа.

-Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат тамирчин цолоо гардан авах мөчид юу бодогдож байв?

-Монгол хүн болж төрснөөрөө, гэр бүл, хань, хүндийг өргөлтийн спортын халуун ам бүлээрээ их бахархсан. Тэдэн дээрээ хурдхан очиж, баярт мөчөө хуваалцах сан гэж яардаг юм билээ.

-Эх орондоо үнэнч байхыг олон түмэнд үлгэрлэж яваа тамирчдын нэг нь Анхцэцэг. Монгол хүн байхын, эх орноо хайрлахын үнэ цэнэ, утга учир юу вэ?

-Монгол хүн болж төрөх үнэхээр сайхан. Дэлхий дээр хэчнээн олон орон байгаа билээ. Монгол орондоо мэндэлж, монгол хүн болж төрснөөрөө үнэхээр бахархдаг. Дахин төрөх боломж олдвол Монголдоо л мэндэлнэ.

Монгол хүн байхын, хүн байхын гол утга учир нь ерөөсөө бусдыг хайрлах, хүндлэх. Хүнийг хайрладаг, хүндэлдэг нийгэм үргэлж байгаасай гэж би хүсдэг. Хэн нэгнийг өнгө, мөнгөөр харах бус зүгээр л байгаагаар нь хайрладаг байгаасай.

Гудамжинд амьдарч буй нэгэнд ч хэзээ нэгэн цагт мандаж, гялалзаж явсан үе бий. Хайртай хүнээ алдсандаа гашуудаад бор дарсанд орчихсон ч юм бил үү. Тэр хүний амьдралыг, юу туулж явааг нь бид мэдэхгүй. Тиймээс шууд өнгөц дүгнэх учир дутагдалтай. Тиймээс ямар ч хүнийг байгаагаар нь хайрлаасай. Монгол хүн байхын үнэ цэнэ эндээс эхлэх болов уу.

Би хэрвээ өөр улсын иргэн байсан бол юмыг өнгө, мөнгөөр харах ч байсан юм бил үү. Эсвэл би дайн байлдаантай оронд мэндэлсэн бол буу бариад, амьдрах эрх чөлөө хайгаад гүйж явахыг ч үгүйсгэхгүй. Манай аав, ээжийн ах, дүү нар их сайхан хүнлэг, амь нэгтэй хүмүүс бий. Түүгээр нь би бахархдаг. Тийм хүмүүсийн дунд, ийм орчинд өссөн болохоор би ёс суртахуунтай, зөв хүн болж хүмүүжсэн.

-Сая ингэж асуусан нь учиртай. Хэдэн жилийн өмнө гадаадын цөөнгүй орноос тамирчнаа болгох санал Анхаад тавихад нь зөвшөөрөөгүй, эх орондоо үнэнч үлдсэн. Түүгээр нь одоо ч монгол түмэн бахархдаг, үлгэрлэдэг. Тухайн үед иргэншлээ солих уу, яах вэ гэж эргэлзсэн үү?

-Огт эргэлзээгүй. “Яах вэ” гэж бодож ч үзээгүй, шууд татгалзсан. Өндөр цалинтай, бүх юмаар бүрэн хангасан улсад очлоо ч ямар дасгалжуулагч намайг хүлээж авах вэ. Хосоо багш шиг минь намайг мэдэрч, ойлгож дасгалжуулж чадахгүй. Багш бид хоёр харцаараа л ойлголцдог. Нөгөө талаар монгол түмэн шиг намайг хайрлах уу.

Тэмцээнд түрүүлчихээд эх орныхоо төрийн дууллыг сонсох үнэхээр сайхан. Өөр улсын төрийн дуулал эгшиглэж, далбаа нь мандахад тийм гоё мэдрэмж мэдрэхгүй. Төрийнхөө далбааг хараад “Би чадчихлаа” гэж омогшдог. Тийм омогшил, бахархал надад төрөхгүй. Одоо хичээж буй шигээ хичээж, хөдөлмөрлөх, зүтгэх урамгүй байх байсан.

-Яг хэдэн орноос санал ирсэн билээ?

-Албан ёсоор болон албан бусаар дөрвөн орноос санал ирсэн. Тэдэн төгрөг, цалин амлаж гээд янз бүрийн л мэдээлэл цацагддаг. Одоо тэр талаар яриад яах вэ. Ер нь тэмцээнд оролцож байхад санал их ирдэг байсан.

Надад хамгийн их таалагдсан санал АНУ-ынх. Америкийн их сургуульд сурна, тэтгэлэгтэй. Олон улсын тэмцээнд Монголынхоо нэр дээр оролцоод, АНУ-ын дотоодын тэмцээнд тухайн сургуулийг төлөөлөн өрсөлдөх байсан. Зөвшөөрчихмөөр санагдсан ч би багшдаа хорогдсон. Тэнд очоод хичээлийнхээ хажуугаар Америкийн нэг сургуулийн нэр дээр тэмцээнд оролцдог л тамирчин болчихвол яах вэ. Тамирчны амжилт залуу насных. Багш минь намайг өхөөрдөн “Анхаа бол бурхны бэлэг” гэдэг. Хоёулаа бие биендээ бурхны бэлэг юм шүү дээ. Хосоо багш минь ч гэсэн надад бурхнаас өгсөн бэлэг. Багш минь байгаагүй бол би өнөөгийн амжилтад хүрэхгүй байсан.

-Одоо өөр орноос ямар нэгэн санал ирж байгаа юу?

-Энэ тамирчин хаашдаа санал хүлээж авдаггүй, эх орондоо үнэнч гэдэг болсон байна лээ. “Санал тавиад ч зөвшөөрөхгүй” гэж боддог болсон байх.

Бусад орны саналыг зөвшөөрөх эсэх түрүүн би хэлсэнчлэн юмыг аль өнцгөөс нь харахаас шалтгаална. Амжилт гаргахын төлөө иргэншлээ сольсон тамирчид бий. Тэдэнд тэгж байж амжилт гаргах боломж нь бүрдсэн, бий болсон. Отгоо эгч (Г.Отгонцэцэг) Казахстан улсын тамирчин болсноор олимп, дэлхийн медальтай болох боломж нь бүрдсэн. Миний хувьд тэгэх шаардлага байгаагүй. Надад энд боломж байсан.

Би залуу хүн. Зодог тайлсныхаа дараа гадаадад амьдрах, сурах, ханьтайгаа хамт аялах бодол бий. Хийхийг хүсэж, мөрөөдөж буй маш олон зүйл бий.

Би гадаад руу сар явахаараа л нутгаа санадаг. Тийм хүн гадаадад удаан амьдарч чадах уу гэж өөртөө эргэлздэг юм. Тэгж бодохоор хүний нутагт амьдарч, хөдөлмөрлөж буй хүмүүсийг өрөвддөг юм.

Би одоо сайхан ханьтай, хөөрхөн хүүтэй сэтгэл хангалуун амьдарч байна. Олны дэмээр, тусаар болж л байна.

-Дөрвөн орны саналаас татгалзсаны дараа санхүүгийн улмаас тэмцээнд дасгалжуулагчгүй оролцоод бэртсэн. Тухайн үед “Зөвшөөрчихдөг ч байж уу” гэх бодол төрсөн үү?

-Тийм бодол огт төрж, харамсаагүй. Одоо тэр тухай бодохыг ч хүсдэггүй. Би өнгөрсөнтэйгөө зууралдах дургүй. Алдаагаа, дүгнээд л шууд урагшилдаг.

-Энэ талаарх яриаг энд хүрээд дуусгая. Хэдхэн хоногийн өмнө Анхааг байртай болгох хандивын аян өрнөсөн. Тухайн аянаас татгалзсан гол шалтгаан тань юу вэ?

-Ямар нэгэн албан байгууллага, компаниас санал тавиад намайг шагнасан бол би хүлээж авах байсан. Миний амьдралд хэрэгтэй. Саяных хандивын аян гэсэн нь надад таалагдаагүй. Цар тахалтай, эдийн засаг хүнд байгаа өнөө цагт адилхан амьдарч яваа нэгнээс мөнгө цуглуулаад  надад байр авч өгнө гэдэг байж боломгүй зүйл. Надад утгагүй, ёс зүйгүй санагдсан. Тийм олон хүний итгэл, сэтгэлийн дэмээр байртай болоод хариуг нь би барьж чадахгүй бол яана.

Хандиваар надад байр авч өгсөн ч би амьдарч чадахгүй байх байсан. Надад ёстой төсөөлөгдөөгүй. Яаж тэнд амьдрах юм бэ, чадахгүй шүү дээ. Нөгөө талаар хандив цуглуулах уу, яах вэ гэж надаас асууж, огт зөвлөөгүй.

Хандивын аянаас татгалзсан өөр нэг шалтгаан бий. Би өмнө дүүгийнхээ эмчилгээний мөнгийг цуглуулахын тулд хандив цуглуулж байсан. Яах ч аргагүй болчихоод сандарч явахад монгол түмэн маань надад тусласан, хандивын гараа сунгасан. Тэгчихээд одоо дахиад хандив цуглуулаад, байртай болно гэж бодохоор надад төсөөлөгдөөгүй.

Би байр түрээслэдэг ч сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Надаас хэцүү амьдарч байгаа, олны тус хэрэгтэй байгаа хүн олон бий. Надад хандив цуглуулсны оронд даралтны эмээ яаж авах гэж яваа өндөр настанд, олны дэм хэрэгтэй байгаа хүнд өгвөл илүү хэрэгтэй. Тэгж бодоод л би татгалзсан юм.

Хандивын гараа сунган, дүүгийн минь эмчилгээний зардалд хандив өргөсөн, тусласан бүх хүнд маш их баярлаж явдаг. Олон түмэн намайг хайрлаж, хүндэлж байгаад нь баярладаг. Олны хайрыг даах сан, сэвтээчихгүй юм сан гэж үргэлж бодож, хичээж явдаг.

-Анхаатайгаа олон удаа уулзаж, ярилцлага хийж байна. Дэлхийн медальтан, Гавьяат болсон ч нэг л зангаараа байдагт нь бахархдаг. Яг ийм төлөвшил, хүмүүжлийг өөртөө хэрхэн бий болгосон бэ?

-Аав, ээж, Хосоо багшийн хүмүүжил, өссөн орчин нөлөөлдөг. Би “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг” гэдэг үгэнд дуртай. Үүнийг амьдралдаа баримталж явдаг.

Надад дутагдалтай зан бий. Аль болох зөв явахыг хичээдэг. Би хүн танихдаа муу. Нэг харсан хүнтэйгээ дараа уулзахдаа таньдаггүй. Үүнээсээ их санаа зовдог. Дахиж уулзахдаа танихгүй гомдоочих вий гэж санаа зовдог.

Хүндийг өргөлтөөр хичээллэж яваа, хичээллэхийг хүсэж буй хүүхэд, залууст аль болох зөв үлгэр дууриалал болохыг хүсдэг. Хүндийг өргөлтөөр хичээллэх хүүхдүүдийн тоо нэмэгдсээр буйд амжилт гаргаснаасаа илүү олзуурхдаг. Энэ л хамгийн чухал. Одоо шинээр хичээллэж буй хүүхдүүдээс олимп, дэлхийн аварга мэндлэх ч юм бил үү. Амьдралд хандах хандлага, спортлог хүн болж хүмүүжихээс авхуулаад спортоор хичээллэхийн давуу тал олон.

-Маргааш (өнөөдөр) хөдөө явна гэсэн. Хаана амрах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Өвөрхангайд очиж амрах төлөвлөгөөтэй. Арваннэгдүгээр сард ДАШТ болно. Арваад хоног амарчихаад бэлтгэлдээ орно. Одоо дараагийн олимп дуустал ингэж тухтай амрах боломж гарахгүй. Тиймээс энерги, эрч хүчээ сайн нөөцөлж, хуримтлуулж авна аа (инээв).

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Анхаадаа амжилт, аз жаргал хүсье.

-Баярлалаа. Юуны түрүүнд намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, ханьдаа, амжилтын төлөө хамтдаа зүтгэж буй Ц.Хосбаяр багшдаа маш их баярлалаа.

Хүндийг өргөлтийн спорт уналтад орчихсон байхад сэргээсэн Даваадорж ахдаа, Монголын хүндийг өргөлтийн холбоо, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Алдар” спорт  хороо, БТСУХ, МҮОХ, “Үнэн анд”, “Есүүдийн батууд”, “Сувинер хаус”, “Монгол жонс” компани, хүндийг өргөлтийн халуун ам бүл, баг тамирчиддаа маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-11 11:35

Ymar shaltgaantai yagaad huuhdtei bolsnig n medehgui baij ygd iluu ugleed bgan !! huuhdtei blod amjilt n harin ch ahisan Hun shuu. Nuruuni bertleesee blood dahij barag shtang orgohgui dre tulaad tgd bagshtaigaa ger buliin hunteigee yriltsaj huuhdtei blod butsaj sportdoo ergej irtsen Hun. iluu am iluu ug buur hetsuu bdag ym shuu

Уншигч
Уншигч
2021-08-12 12:23

Сайхан ч бүсгүй, мундаг ч тамирчин шүү, дараа дараагийн тэмцээн ур�##�даанд улам их амжилт гаргаарай,

Зочин
Зочин
2021-08-13 07:49

Амжилт урд тань буй охин минь. Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ

Анхцэцэгийн шүтэн бишрэгч
Анхцэцэгийн шүтэн бишрэгч
2021-08-13 11:20

Эх орныхоо хайртай охин нь юм болохоор манай гэр бүл сэтгэл зүрхээрээ олимпийн дэвжээн дээр цэнхэр дэлгэцээ ширтэн хамт байж, өргөхөд чинь баярлаж, шүүгч тооцохгүй болохоор харамсаж, уйлахад чинь даган сэтгэл урагдаж байсан шүү, охин минь. Эх орны үнэ цэнийг олон хүнд мэдрүүлж байгаад чинь гүн т�##�архаж байна.

Amjilt
Amjilt
2021-08-13 12:44

Зөв бодолтой зөв ярьдаг уха�##�аг бүсгүй шүү гэр бүлд нь аз жарг�##� амжилтын дээдийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button