
Өнгөрсөн амралтын өдрөөр баруун аймгуудыг дугуйтай тойрсон залуугийн талаар мэдээлэл цахим сүлжээнд тавигдсан. Бид тус аялагчтай холбогдон ярилцлаа. Түүнийг С.Бат-эрдэнэ гэдэг. 25 настай тэрбээр баруун аймгуудаар хийсэн 45 хоногийн аялаж, нийт 3600 километр замыг дугуйгаар туулжээ.
-Та аяллынхаа явцад аль, аль аймгаар орж үзсэн бэ?
-Би өмнө нь баруун аймгуудаар огт очиж үзээгүй байсан. Энэ удаагийн аяллаараа Говь-алтай, Ховд, Баян-өлгий болон Увс аймгуудыг үзэж сонирхохыг зорьсон. Харин баруун зүгийн бусад аймаг замд нь байдаг болохоор давхар бүгдээр нь зочлох боломж гарч ирсэн.
-Яагаад дугуйтай аялал хийх болсон бэ. Өмнө нь энэ талаар төлөвлөж байсан уу?
-Эх орноороо аялж үзэх гэсэн бодол тээж явсаар, жилийн өмнөөс энэхүү аяллыг төлөвлөсөн. Би өөрөө аялах сонирхолтой ч цаг зав нь таарч өгөхгүй, явж чаддаггүй байлаа. Шоо эвлүүлдэг болохоор энэ чиглэлээр өмнө нь БНХАУ, ОХУ руу тэмцээнд явж байсан. Мөн зундаа гэрийнхэнтэйгээ ойрхон агаарт гараад амарчихдаг байлаа. Яг зорьж аялах гэдэг үүнээс огт өөр зүйл байдаг юм байна.
-Хэр их зүйл бэлдэж явсан бэ. Сар гаруй явсан болохоор нэлээн ачаатай байсан байх?
-Хотоос гарахдаа гал тогоо, хувцас, майхан зэрэг аль болох хэрэгтэй, цөөн хэдэн зүйл авч явахыг хичээсэн. Гэсэн ч багасгаад багасгаад ачаа маань 50 кг орчим болсон. Олон хонох юм байж өмссөн хэдэн хувцастайгаа гараад явчхаж болохгүй шүү дээ.
Зарим аймаг сумдад таньдаг айл, хамаатныдаа хоноод, бусад үед майхандаа юм уу гэр буудалд хоноглож явсан. Засмал замаа дагахаар зэрлэг амьтан гараад ирэх вий гэх айдасгүй амар юм билээ.
-Аяллын явцад тань ямар хүндрэл гарсан бэ? Шантрах үе байв уу?
-Гэр бүлийнхэн маань төлөвлөгөөгөө хэлэхэд их дэмжиж, эерэгээр хүлээж авсан. Гэхдээ зарим нь хол замд ганцаараа явахад хэцүү байна гээд санаа зовж байх шиг байсан. Үнэхээр тэдний хэлсэн шиг ганцаараа хол аялахад асуудал их гардаг юм байна лээ. Дугуйтай явахад салхи ихтэй үед хэцүү, өгсүүр газар ачаа ихтэй мацах хүндрэлтэй байсан.
Миний хувьд өдөрт 100-аад км зам туулсан. Эхний өдөр салхитай, халуунд нозоороод байсан учир “больчихдог ч юм билүү” гэдэг бодол яах аргагүй орж ирсэн. Гэхдээ нэгэнт зорьсон юм чинь гэх бодлоор өөрийгөө хурцалж урагшилсан даа. Аз болж замд маань бороо бараг ороогүй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Тэрбээр дугуйн дээр битүү хувцастай явдаг болохоор халуун өдөр бага зэрэг хэцүү байдаг. Тэгээд хааяа шорт, богино цамц өмсөөд явсан чинь биеийн ил хэсэг борлоод эрээн алаг болчихсон хэмээн инээн хүүрнэсэн юм. Холын замд хэцүү зүйл тохиох ч сайхан мэдрэмж, адал явдлаар дүүрэн гэдгийг аялагч залуу дурдлаа.
-Аяллын явцад тохиолдсон хөгжилтэй, сайхан зүйлсээсээ бидэнтэй хуваалцаач?
-Ганцаараа дугуй унаад аялахаар нутгийн иргэд гадаад хүн гэж их андуурдаг юм билээ. Цаашаагаа хараад хоорондоо “Гадаад хүн юм биш үү” гэж шивнэлдэх нь олон сонсогдсон. Хажуугаар зөрөхдөө гайхаж харж байгаа хүмүүс ч олон. Монгол түмэн минь цайлган, зочломтгой болохоор очсон газарт “Ороод цай уу” гэх айл ч олон байсан. Олон ч сайхан хүнтэй уулзаж, нөхөрлөсөн дурсамжтай аялал байлаа.

-Аяллаа дуусгасны дараа сэтгэгдэл ямар байна вэ?
-Яваад ирсний дараа хамгийн түрүүнд “Би үүнийг чадчихлаа” гэх бахархал төрсөн. Анх дотроо бага зэрэг айдастай гарч байсан, ингээд яваад ирсэндээ өөрөөрөө үнэхээр бахархсан. Миний хувьд анх удаа ингэж аялж байгаа болохоор мэдээж туршлага дутсан зүйлс ч бас бий. Над шиг дугуйтай аялахаар зэхэж буй залууст хэлэхэд сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй санагдсан. Бас аялалдаа зориулж хадгаламж гаргавал их зүгээр. Миний хувьд сая орчим төгрөгөөр аялсан. Залууст хандаж хэлэхэд аялахад их мөнгө бас шаардахгүй. Тиймээс залуу насандаа аялж, зугаалаасай гэж хүсэж байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.