НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

АУДИТ: Баригдаагүй байгууламжийн 18.3 сая төгрөг хаачсан бэ

Завхан аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн барилга энэ 2020 онд баригдаж дууссан. Анх эмнэлгийн зураг төслийг баталж байх үед тус сум нэгдсэн халаалтад холбогдоогүй байжээ. Иймд уурын зуухны байгууламж төсөлд багтаж, багтсан агуулгаараа санхүүжилт авчээ. Хөрөнгө Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас гарсан.

БАРИГДААГҮЙ БАЙГУУЛАМЖИЙН 18.3 САЯ ТӨГРӨГ ХААЧСАН БЭ

Харин эмнэлгийн барилга баригдаж байх явцад Сонгино сум нэгдсэн халаалтад холбогдсон байна. Иймд зураг төсөлд багтсан уурын зуухны байгууламж байх шаардлагагүй болж, барилгүй орхижээ. Гэвч эл бариагүй байгууламжид оногдох санхүүжилт төсвийн мөнгөнөөс гарсан төдийгүй, буцаан олгоогүй байна.

15 ортой энэ эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг 2018 онд тендер зарлаж, “Саран инж девелопмент” ХХК-иар хийлгэхээр болсон байна. Тухайн үед төсөвт өртөг нь 1 тэрбум 400 сая төгрөг байжээ. Эл компани хамгийн сайн үнэлгээтэй тендерт шалгарч, барилгыг хугацаанд нь барьж дуусгасан.

Гэвч дээр дурдсаны дагуу баригдаагүй уурын зуухны байгууламжийн 18.3 сая төгрөгийг хэн нэг албан тушаалтан “идсэн” болж таарч байгаа юм. Аудитын дүгнэлтэд бичсэнээр, Сонгино сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь “Саран инж девелопмент” ХХК-тай гэрээ байгуулж, хийгдээгүй ажлыг санхүүжүүлэхээр тусгасан байсан гэх.

ОРОН НУТАГ ДАХЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БА БУРУУ ХАНДЛАГА

“Саран инж девелопмент” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, тэр нь иргэн О.Дорж. Цөөнгүй тендерт оролцож, шалгарч явсан түүхтэй барилга угсралтын компани аж. Түүнээс Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар, Сонгино сумын Засаг дарга, тус сумын Эрүүл мэндийн төвтэй хувий хамаарал бий эсэхийг нээлттэй мэдээллийн сангаас шүүхэд олдсонгүй.

Дээрх үйлдэл нь Барилгын тухай хуулийн 40, 48 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа юм. Завхан аймаг дахь Төрийн аудитын газар үүнийг илрүүлж, тухайн 18.3 сая төгрөгийг улсын төсөвт буцаан тушаахыг шаардаж, акт үйлдсэн удаатай. Харин актын шаардлагыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд нээлттэй мэдээллийн санд энэ тухай байршаагүй байх аж.

Хариуцлага, чигч шударга зан чанар иймэрхүү зүйлс дээр үгүйлэгдэнэ. Барилгын зураг төслөөс хасагдах болсон байгууламжийн илүү зардлыг буцаан олгохгүй, “халаасалсан” байж болзошгүй энэ үйлдэл нь орон нутагт ажил яаж явдгийн л нэг жишээ гэлтэй. 18.3 сая төгрөгөөр төсөв хотойхгүй ч яг энэ хандлагаар бүхийл орон нутгийн хөгжлийн бүтээн байгуулалтуудад хандаж буй цагт хурган дарга нар хожиж, зуу зуун “Андлалын өргөө” хий сүндэрлэсээр таарах биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button