Нийгмийн

ХЭРГИЙН ГАЗАР: Талийгаач Д цаасны хутганы запас авахаар яваад өндрөөс унажээ

Зуны амралтаар хүүхдүүд сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэлийн мөнгө олох гэж ажил хийх нь элбэг байдаг. Тэгвэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй "Сити Молл ” цогцолбор хотхоны барилгад осол болж, 17 настай эрэгтэй Д амь насаараа хохирсон хэрэг наймдугаар сарын 20-ны 11 цагийн орчимд хэрэг гарсан.

-ТАЛИЙГААЧ Д НЬ ГССҮТ-Д ХҮРГЭГДЭЖ, ГЭМТЛЭЭ ДААЛГҮЙ НАС БАРСАН-

Иймд бид албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Цагдаагийн байгууллагад 11:55 минутад дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад оршин суух хаягтай 17 настай Д 11 давхрын цахилгаан шатны хонгил руу унаж, ГССҮТ-д хүргэгдэн нас барсан. Одоо хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа” хэмээн мэдээллээ.

Харин бусад эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач 17 настай Д нь барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтан. Цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байсан гэлээ.

Харин хэргийн газрын шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панераар түр хадаж тогтоосон. Энэ нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдалтай, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байжээ.

-БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛТАН НЬ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТАД БАГТАНА-

Хөдөлмөрийн яамны сайдын 2016 оны А/36 тоот тушаал буюу Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын 3.3-д Барилгын салбарын ажил мэргэжлүүд заагдсан бөгөөд үүнд барилгын туслах ажилтан нь багтсан байгаа аж.

Мөн 1.5-д тусгаснаар зөвхөн мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэй тохиолдолд насанд хүрээгүй хүн хориглосон ажлын байрнуудад ажиллах боломжтой.

Хөдөлмөрийн яамны сайдын 2016 оны А/36 тоот тушаалыг ЭНД ДАРЖ харна уу.

Иймд манай сурвалжлах баг уг хэрэг болсон газарт очиж, мэдээлэл авч тодруулах гэсэн боловч барилгын ажил бүрэн зогссон, ямар ч хүнгүй байлаа. Мөн уг хэргийн талаар тухайн “Сити молл” цогцолбор хотхоныг захиалан бариулж буй “Тайм констракшн” ХХК-аас талийгаач Д-г хөдөлмөрийн гэрээ хийж, ажиллаж байсан эсэх болон бусад талаар тодруулах гэтэл, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй хэмээн шууд утсаа тасалсан юм.

Түүнчлэн НМХГ-аас 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшин ХХК, Титан таур констракшин ХХК-иудад 2019 оны 5-р сард өгч байжээ.

Мөн 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдөр "Тайм констракшин" ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байсан байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-27 13:06

ter meriigee hunii ami ersedehees umnu shalgaj bolooguimu

Холбоотой мэдээ

Back to top button