Барилгаас нь хүн унаж нас барсан "Эко констракшн”-ы С.Нямдавааг ЭЦЭСТ НЬ өршөөжээ

Өнгөрсөн оны эхээр барилга угсралтын “Эко констракшн” компанид ажиллаж байсан нэг хүн маш хүнд бэртсэн, нэг хүн нас барсан гэх хэргээр тус компанийн захирал С.Нямдаваа болон хөдөлмөр аюулгүй байдлыг нь хариуцаж ажиллаж байсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн шалгаж, улмаар тус дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан.
-ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БУЦААЖ БАЙВ-
Гэвч уг хэрэг шүүхэд шилжихээс өмнө Хан-Уул дүүргийн прокуророос С.Нямдавааг буруугүй гэж үзэж, түүнийг яллах хангалттай баримт байхгүй гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналаа шүүхэд хүргүүлсэн. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээр уг хэргийг хэлэлцэхдээ прокуророос С.Нямдавааг буруугүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. Ийнхүү түүний хэргийг хэрэгсэхгүй болох санал гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй байж мэдэх прокурор яах ч аргагүй байдалд орж, хэргийг нь дахин хянахаар болсон. Тиймээс хэргийг нь хэрхэн шийдэх нь анхаарал татаж байлаа.
Ийнхүү С.Нямдаваад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн цагдаад дахин шалгаж эхлээд нам жим болсон. Тиймээс хэргийг нь хэрхэн шийдэж буй талаар албаны эх сурвалжаас тодруулахад эл хэргийг Өршөөлийн хуульд хамруулаад аль хэдийн хэрэгсэхгүй болгосон хэмээлээ.
-ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРУУЛЖ, ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ-
Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналыг дүүргийн прокурорт хүргүүлсний дагуу прокурорын газраас уг хэргийг Өршөөлийн хуульд хамруулжээ.
Өршөөлийн тухай хуулийн 5.1:
Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.
Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд гарсан барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол, дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байдаг. Эл компанийнхан барилгын үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл холбогдох байгууллагаас аваагүй бүтээн байгуулалтаа өрнүүлж байх үед нь нэг бус осол гарсан нь шалгалтын явцад тодорхой болсон. Гэвч эрүүгийн хариуцлага хүлээж байсан удаагүй. Харин энэ удаа прокурорт эргэж буцсан энэ хэргийг эцэст нь ийнхүү өршөөн хэлтрүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.