НИЙГЭМ

Хүүхдүүдийг насаар нь ялгаварлаж, тоглох, сурч боловсрох эрхийг нь бүү боомил

Хүүхдийн парк, хичээл, цэцэрлэг гээд л хүүхэд хамрагдах боломжтой бүхий л салбар, хөгжөөн цэнгээнээс хүүхдүүдийг насаар нь ялгаварлаж, хасаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хэмээж байгаа ч угтаа коронавирус хэнийг ч, хэдэн настай байсан ч ялгахгүй. Гэтэл Хүүхдийн парк руу зургаан наснаас доош хүүхэд оруулахгүй, цэцэрлэгт 2,3 настныг авахгүй гэх эл тэнэг, шинжлэх ухаанч бус, уялдаагүй шийдвэр түмний хүүхдийг ялгаварлан гадуурхаж буй  нэг хэлбэрээс өөрцгүйг эцэг эхчүүд илэрхийлсээр байна.

Зуны гурван сар халдварт өвчний голомтоос дайжиж олигтой ч амарч, зугаалж чадаагүй хүүхдүүд эрдмийн өргөөний босгыг давахаас өмнө хөгжөөн цэнгэе гэвч хүүхдийн парк, тоглоомын төвөөс эхлүүлээд бүгд үүдээ хааж байна. Хүүхдийн паркад хүүхдүүдээ тоглуулах ээж аав нар зургаагаас дээш настнуудаа баярлуулаад, жижгүүдийгээ өмөлзүүлээд дэргэдээ байлгаж буйг харах даанч хэцүү.

Түүгээр ч үл барам хичээлийн шинэ жилээр 2-3 настнуудтай эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй ажлаа орхин, гэртээ харахаас өөр сонголтгүй үлдээд байна. Хоёр жил гаруй хугацаанд коронавирусийн халдвартай тэмцэж, орлогогүй шахуу суусан иргэд ажиллах уу, хүүхдээ хараад гэртээ суух уу гэдэг сонголттой нүүр тулгарлаа. Орлогоо алдахаас эмээсэн иргэд хүүхдээ айлын хүнээр харуулах, бүр боломжгүй нэгэн нь энхрий үрсээ цоожтой хаалганы цаана үлдээхээс өөр сонголтгүй болох нь.

Төр засаг хүүхдийн боловсролын асуудалд ихэд нухацтай ханддаг баймаар. Халдварт өвчин хэнийг ч, хэдэн настныг ч ялгахгүй гэдгийг дахин нэг санаач. Цэцэрлэгт явах 4-5 настнууд халдварлахгүй, 2-3 настнууд халдварлана гэсэн үг биш. Хүүхдүүд эргээд гэр бүлийн орчиндоо очих тул өвчлөхөө хүрвэл гэрээсээ, ер нь л байгаа газраасаа өвдөх бүрэн боломжтой.

Хүүхдүүдийг ялгаварлахгүй цэцэрлэгт тэгш хамруулж, тоглож наадах эрхэнд нь бүү халд дарга нар аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-27 16:44

СОЛИОРООЛ СДА

Холбоотой мэдээ

Back to top button