Нийгмийн

Ажилдаа 08:00-д ир гэчихээд 08:25-д хүүхдийг нь авдаг уялдаагүй шийдвэрээ эргэж харна уу

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр, захиргааны байгууллагуудын ажлыг 08:00-17:00 цагийн хуваарьт шилжүүлэн ажиллахаар болсон. Уг зохицуулалтыг хийснээр иргэдийг хамгийн их бухимдуулдаг замын түгжрэл буурах, цэцэрлэгийн үндсэн багшийн ачаалал багасах, эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовохгүйгээр бүтэн цагаар ажиллах боломжтой болно хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргасан.

Учир нь Улаанбаатар хотын замын түгжрэлийн 25 орчим хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, авахаар явж буй эцэг эхчүүдийн автомашины хөдөлгөөн гэж мэргэжилтнүүд үзжээ. Тиймдээ ч энэ хичээлийн жилээс эхлэн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулж, өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн байна. Бид нийслэлийн ямар цэцэрлэгүүдэд дээрх журам хэрэгжиж эхэлсэн тухай НЗДТГ, болон Боловсрол шинжлэх ухааны яамдаас тодруулахад дорвитой мэдээлэл өгсөнгүй.

Үнэхээр л нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд тэгш байдлаар хүртээмжтэй шийдвэрийг гаргаснаар үр дүнгээ өгнө. Гэтэл нэр бүхий 25 цэцэрлэгээс бусад нь өглөө 08.00 цагаас хойш, зарим нь бүр 08:25 цагаас хойш хүүхдээ авч, оройн 17:00 цагтай уралдаж хүүхэд рүүгээ гүйх журам гаргачихаад эцэг эхчүүдийг үүдэндээ уяж сууна.

Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 08:00-17:00 болгосон хэр нь улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх, авах цагийг 08:25-16.50 хэвээр үлдээсэн нь гаргасан шийдвэртэйгээ уялдаагүй, хүчээр тулган шаардаж буй хүчирхийллийн нэг хэлбэр болж байна.

Ковидын цар тахлаас шалтгаалан эдийн засаг элгээрээ мөлхөж, иргэдийн амьдрал доройтсоор байгаа энэ үед хүн бүр хөдөлмөрлөж, хөл гараа хөдөлгөж байж л хоолоо олж идэж байна. Гэтэл төрийн уялдаагүй шийдвэрийн гороор хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цагт баригдсан иргэд ажлаас гарах, чөлөө авах, хоцрох, цалингаас хасуулах сонголтуудтай нүүр тулаад байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Боловсрол шинжлэх ухааны яам гаргасан шийдвэрээ хэрэгжүүлнэ үү.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button