ШҮҮХИЙН ХУУЛЬ: У.Хүрэлсүх хонгилын түлхүүрийг атгах уу, хаях уу

Үндсэн хуулийн цэц хуралдахгүй байгаагаас болж, Шүүхийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулах шаардлага үүсээд буй талаар зургадугаар сард бичиж байсан. Тэгвэл энэ нөхцөл байдал өнөөдрийг хүртэл, яг хэвээр үргэлжилж байна.
ТОМИЛОХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭР ДУУСЖЭЭ
Тодруулах юм бол, ҮХЦ-ийн дөрөвдүгээр сарын 28-ны дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд тавдугаар сарын 5-нд тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолыг ҮХЦ хэлэлцэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хуралдсангүй.
Үүний үр дүнд ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох процесс гацсан. Уг нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, “Хууль хэрэгжиж эхэлснээс 120 хоногийн дотор томилно” гэж заасан. Гэвч энэ хугацаа ийн долдугаар сарын 1-нээр дуусгавар болжээ.
Иймд одоо эл 120 хоног гэдэг тоог засахаас эхлээд, Шүүхийн тухай хуулийг дахин хэлэлцэх асуудал үүсэж байгаа юм. Энэ гацааг Ерөнхийлөгч асан Х.Баттулга хийчихээд суудлаасаа буусан. Тэрбээр ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүдийг УИХ дээр нээлттэй сонсгол хийн томилж буй нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд хүсэлт гаргасан байдаг. Цэц үүнийг нь үндэслэлтэй хэмээж, дөрөвдүгээр сарын 28-нд тогтоол гаргасан нь энэ бүхний эхлэл болсон.
У.ХҮРЭЛСҮХ ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ҮҮ
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг идэвхийлэн батлуулсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын хувьд ҮХЦ-ийг яаралтай хуралдаж, ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг 120 хоногт багтаан томилох боломж олгооч гэдэг агуулгаар нэлээд ярьсан. Харин Б.Дэлгэрсайхан нарын гишүүд “УИХ томилдог нь ер буруу. Дараа нь АН олонх парламент гараад ирвэл өөрсдийнхөө хүмүүсийг тавиад эхлэх логик болчихлоо” хэмээн, ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжиж байлаа.
Улс төрийн нөхцөл байдлын хувьд ҮХЦ хуралдахад одоо асуудал байхгүй. Тэгэхээр цаана нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөлөл байна уу гэх таамаглал үүсдэг. Хаврын улс төр ҮХЦ-д нөлөөлөн, Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгоход чиглэж байсан нь энэ таамаглалыг өрдөнө.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулга нь ерөөс хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгчийн гараас авах.Түүний УДШ-ийн Ерөнхий шүүгчийг болон ШЕЗ-ийн гишүүдийг томилдог эрх мэдлийг үүгээр хязгаарласан. Энэ нь хавар Х.Баттулгад л зориулагдсан гэлтэй харагдаж байсан ч хууль нэгэнт хэрэгжиж эхэлбэл, У.Хүрэлсүхийн эрхийг ч хязгаарлахаар байсан билээ.
Гэвч Х.Баттулгын явахаасаа өмнө хийчихээд явсан гацааг одоог хүртэл ҮХЦ дээр байлгаж байгаа нь ямар учиртай вэ. Ингэсээр намрын чуулган эхэлж, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг сөхөх юм биш биз. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн гацаан дээр дөрөөлж, хонгилын түлхүүрийг үргэлжлүүлэн атгах төлөвлөгөөтэй байхыг үгүйсгэхгүй. Одоо түүнийг ерөөс хонгилын түлхүүрийг атгах уу, хаях уу гэдэг хүлээлт үүсээд байна.
Эл процессын тухай дэлгэрэнгүй тайлбар бичвэрийг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэцэд нөлөөлж чадах уу