Сурвалжилга, Нийтлэл

Тэтгэлгээ дөрвөн найздаа хувааж өгсөн М.Ган-Эрдэнэ: Илүү шунахыг хүсээгүй, бусдад туслах хамгийн сайхан

М.Ган-Эрдэнэ сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг хүртсэн ч түүнийгээ дөрвөн найздаа хувааж өгчээ. “Хүмүүст хэрэгцээтэй байдлаар нь тусалж чадаж л байвал энэ миний ирээдүйн зорилго” гэж тэр ярина.

Одоо 18 настай тэрбээр "Ирээдүй ” цогцолбор сургуулийг энэ жил төгсжээ. Намраас шинэхэн оюутан. Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар шийдээд буй аж. Түүний “Ид шидийн орон” төслийн хүрээн дэх тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон, тэнцсэн, тэнцээд гаргасан шийдвэр нь олны хайр хүндэтгэлийг татаад байгаа юм.

ӨЧИГДРӨӨ УНШИХАД ӨНӨӨДӨР ХАВЬГҮЙ ДЭЭРДСЭН МЭТ САНАГДДАГ

Эл тэтгэлэгт хөтөлбөр өдрийн тэмдэглэлтэй холбогдож буйгаараа тун онцлог. Өөрөөр хэлбэл, сурагчдаар эсээ бичүүлж, 11-ийг нь шалгаруулсан байна. Ингээд тэднийг хагас жил гаруйн хугацаанд сайн дурын ажилд хамтад нь явуулж, хамгийн гол нь өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтлөх болзол тавьсан аж. Дэвтрийг нь мөн өгчээ.

М.Ган-Эрдэнэ тэтгэлэгт өрсөлдсөн эдгээр хугацаанд өдрийн тэмдэглэлээ бичсээр байжээ. Ингээд ялагч болж. Шалгаруулалтыг зөвхөн өдрийн тэмдэглэлийг нь уншиж биш, өөр бусад үзүүлэлтүүд дээр ч тулгуурлаж хийсан байна.

-Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөртэйгөө танилцах, хэрсүү төлөвших зэрэг олон давуу талтай байдаг. Энэ хүртэл тэмдэглэл хөтөлсөн нь өөрт ямар шинэ хөрөнгө оруулалт болсон бэ?

-Өчигдрөө уншихаар өнөөдөр хавьгүй дээрдсэн мэт санагддаг. Ерөнхийдөө, өмнө нь өдрийн тэмдэглэл хөтөлж, тухайн өдрийн хийх бүх ажлаа жагсааж, төлөвлөдөг болсон байсан. Энэ нь өөрөө өөртөө дүгнэлт хийх боломж олгодог. Бас зорьсон ажлаа тууштай, цалгардалгүй хийхэд тустай. Ер нь өөртэйгөө тулж ажиллахад дөхөм гэж болно. Өдөр болгон тэмдэглэлийнхээ өмнө суугаад, өөртөө дүгнэлт хийнэ гэдэг гоё санагддаг байсан.

-Тэгэхээр өдрийн тэмдэглэл хөтөлж эхлээд хэр удаж байна гэсэн үг вэ?

-Нийтдээ нэг жил гаруй л болж байгаа юм байна.

“Надтай хамт өрсөлдсөн хүүхдүүд үнэхээр мундаг байсан. Маш хүсэл мөрөөдөлтэй, гадаад хэлний мэдлэгтэй. Энэ нь бичсэн эсээнд нь харагдсан учраас л сонгосон байх” гэж М.Ган-Эрдэнэ ярив. Тэр тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, дөрвөн жилийн сургалтын төлбөртэй болсон ч дөрвөн найздаа хувааж өгсөн шалтгаан нь чухам юу вэ.

Тэр тэтгэлэгт өрсөлдөж, өдрийн тэмдэглэл хөтөлж байх хугацаандаа “Номэра” дээд сургуулийн тэтгэлгийг хүртсэн байна. Гэхдээ энэ нь эхний нэг жилийнх л аж. Харин сурлагын амжилт, идэвх зүтгэлээс нь дараа, дараагийн хичээлийн жилийн тэтгэлэг олгогдох эсэх нь шалтгаалах нөхцөлтэй гэнэ.

“Илүү зүйлд шунаад яах вэ гэж бодсон. Надад тэтгэлгээ өөртөө хадгалах уу, нэг хүүхдэд шилжүүлэх үү, өөрөө шийдээрэй гээд боломж олгосон л доо. Харин нэг хүүхдийг онцгойлон сонгох үнэхээр хэцүү байсан. Хамгийн сүүлийн уулзалт дээр таван хүүхэд очсон. Миний бодлоор хамгийн хичээл зүтгэлтэйнүүд нь тэнд цугларсан байсан. Ингээд тэр дөрөвтөө хувааж өгье гэж шийдсэн” гэж ярих М.Ган-Эрдэнэд уг нь тэтгэлгээ өөртөө хадгалах ч боломж байжээ.

-Өөрийнх нь түрүүлж хүртсэн тэтгэлэг уг нь бүтэн дөрвөн жилдээ олгогдох эсэх нь тодорхойгүй юм байна шүү дээ. Хэрэв өөртөө хадгалсан бол илүү ашигтай байж?

-Тэгэхийг хүсээгүй л дээ. Шалгаруулалтын дүнг зарлах өдөр би очихдоо “Хэрвээ би шалгарвал тэтгэлгээ...” гэсэн бодолтой байсан. Хуваана даа гэж. Давс нь ихэдсэн хоол амтгүй байдаг шиг, дахиж нэмж тэтгэлэг авч, шуналтах хүсэл байгаагүй.

-Найзууд нь яаж хүлээж авсан бэ?

-Хүнд туслах үнэхээр гоё санагдсан. “Баярлалаа” гэдэг үгийг хангалттай сонссон. Нэг хүүхэд маань “Чи надад биш, манай гэр бүлийнхэнд, дүүд минь бас тусаллаа” гэж хэлсэн нь их сайхан санагдсан.

БУСДАД ТУСЛАХЫН ТУЛД БИ САНХҮҮГИЙН БОЛОЛЦООТОЙ БАЙХ ЁСТОЙ

М.Ган-Эрдэнэ тэтгэлгээ хуваасан дөрвөн найзтайгаа уг хөтөлбөрт анх танилцжээ. Үүнээс хойш тэд дотносож, найзууд болсон гэнэ. Цар тахлын үе таарсан тул төлөвлөгдсөн олон сайн дурын ажлууд цуцлагдсан ч тэд хэд хэдэн удаа хамтдаа цаг хугацааг өнгөрүүлж амжжээ. Ингээд яг эцсийн дүн гарахад тэр эргэлзэх зүйлгүй дөрвөн найздаа тэтгэлгээ хуваасан. Тэд бүгд нэг, нэг жилийн сургалтын төлбөртэй болсон.

Түүний аав жолооч, ээж нь худалдагч юм байна. Тэтгэлэг хүртээгүй байсан бол сургалтын төлбөрөө яаж ийгээд болгох л байсан гэж бодож буйгаа тэр ярина. Гэхдээ тэтгэлгийн эзэн болсон нь аав, ээждээ ч тусалж буй хамгийн том үйл хэрэг гэж М.Ган-Эрдэнэ үзэж буй.

-Дээд сургуулиас хүртсэн тэтгэлэг нь амьдралд яг хэрэгцээт тусламж болж чадсан уу?

-Тэтгэлэг хүртээгүй бол, манайх айхтар баян чинээлэг биш ч гэлээ яаж ийгээд болгох байсан байх л даа. Гэхдээ энэ ковидын, хамаг ажил зогсчихсон үед тэтгэлэг авах нь маш хэрэгтэй байсан. Өөрөө хичээгээд, өөрөө сургалтын төлбөрөө олно гэдэг нь ээж, аавдаа тусалж байгаа маш том хэрэг байсан.

-Өдрийн тэмдэглэлийн тэтгэлгээ дөрвөн найздаа хувааж өгснийг нь сонсоод аав, ээж нь яаж хүлээж авав?

-Маш их дэмжсэн. Энэ шийдвэрийг би асуулгүй, өөрөө бие дааж гаргасан учраас анх сонсоод “Их зөв сонголт болсон байна” гэж хүлээж авсан.

Хүүгийн ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийг сонсох хамгийн сонирхолтой байв. Тэр бизнесийн удирдлагын чиглэлээр сонгон суралцахаар болсных, иргээдүйд өөрийн старт-ап бизнестэй болохыг зорьж буй юм байна.

“Би шинэ зүйл эхлүүлэх дуртай. Тэр үүднээс өөрийн гэсэн старт-ап компанитай болно. Бас маш олон хүнд туслахын тулд санхүүгийн хувьд бололцоотой байх хэрэгтэй. Тэгж байж хүмүүст том хэмжээгээр тусалж чадах байх гэж бодож байгаа” гэж тэр ярина.

Ирээдүйн зорилгынх нь тоонд “Бусдад туслахын тулд би санхүүгийн бололцоотой байх ёстой” гэсэн үг, өгүүлбэр орж буй нь гайхал төрүүлнэ.

-Бусдад аль болох өөрийн боломжоор туслах гэсэн энэ хүсэл, төлөвшил нь ер хаанаас эхтэй юм бэ?

-Ээж, аавын өгсөн хүмүүжил, өссөн орчин зэргээс маань надад өвлөгдсөн юм болов уу. Энэ талаар сайн бодож байгаагүй юм байна.  

-Ирээдүйд олон хүмүүст тусална гэдэг нь, яг ямар хэлбэрээр гэсэн үг вэ?

-Тухайн хүнд юу хэрэгтэй байна, түүгээр нь л тусална гэж боддог. Ажлын байр хэрэгтэй бол ажлын байраар нь хангана. Мөнгө, санхүүгийн тусламж хэрэгтэй болбол түүгээр нь. Ерөөс өөрийн аль боломжоор л бусдын хэрэгцээт тусыг хангаж өгөх нь миний зорилго юм.

М.Ган-Эрдэнийн хувьд, өөрөөс нь ахмад үеийнхэн аливааг үргэлж шүүмжлэлт нүдээр хардаг мэт санагддаг ажээ. Аль болох бүтэхгүй, боломжгүй талаас нь харж, шүүмжилдэг юм шиг харагдах болсон талаараа тэр дурсав.

Харин өөрийнхөө үеийнхнийг “Тэд хэт бусдаас хараат амьдраад байх шиг санагддаг. Тэд намайг юу гэж бодох бол, яаж харах бол гэсэн бага зэргийн айдастай” гэх М.Ган-Эрдэнэ үе тэнгийнхнээ мэдрэмж, сэтгэгдлээ бусдаас хараат бишээр чөлөөлж, хүчтэй амьдраарай гэж уриалсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-10 09:18

Зөв бодолтой, сайн хүү байна. Үйлс болгон тань дэлгэрч явах болтугай

Тунгаа
Тунгаа
2021-09-10 14:16

Хөөрхөн юмаа миний дүү амжилт хүсье

Аанжи
Аанжи
2021-09-10 16:34

Үнэхээр бахархам ????????????хүү. Сурагч байхын өөрийн гэсэн зорилго хүсэл тэмүүлэлтэй мундаг хүү байсан. Баяр хүргэе. Үнэхээр мундаг ????????????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button