Буянт-Ухаагийн Капитрон банкинд теллерийн хоолойд хутга тулгасан этгээдийг бариагүй байна

Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 1042-р байранд байрлах Капитрон банкны Буянт-Ухаа тооцооны төвийн салбарт үл таних хутгатай иргэн орж, теллер рүү халдсан хэргийн тухай бид өчигдөр /2021.09.09/ мэдээлсэн.
Тодруулбал, 45-50 орчим насны бараан өнгийн бэлтгэлийн хувцас, хар малгай, нүдний шил, цэнхэр өнгийн амны хаалттай хутга барьсан иргэн теллерийг ганцаараа байхад халдаж, улмаар хэсэг ноцолдсон байна. Улмаар хэргийн газраас зугтжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус банкинд теллер ажилтай 24 настай Т-г ганцаараа байх үед тухайн үл таних этгээд хоолойд нь хутга тулгаад, газарт боож унагасан боловч, теллер залуу эсэргүүцэл үзүүлж хариу ноцолдож эхлэхэд арга буюу зугатсан аж. Хэрэг болох үед харсан гэх Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугчид айж балмагдсан тухай эх сурвалж хэлэв.
Капитрон банкнаас "Үл таних этгээд теллерийг ганцаар байхад орж ирээд, гараад зугатсан. Үйлчлүүлэгч байгаагүй. Банкинд ямар нэг хохирол учраагүй” гэх тайлбарыг өгөөд буй.
Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж буй бөгөөд үл таних этгээдийг эрэн сурвалжилж буй аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.