PCR ба төр: Зургаа хоног “Тэсэх даалгавар”-аа биелүүлж байгаад эндвэл хэн хариуцлага хүлээх вэ...

Бидний эргэн тойрон дахь хүмүүс хаанаас, хэнээс халдвар авснаа мэдэхгүй, гэртээ хэвтэж байна.
Шинжилгээний цэгүүдээ хумьж, хавьтагч болсон иргэнд зургаа хоног тэсэх даалгавар өгч байсан төр засаг маань шинж тэмдэг илрээгүй ойрын хавьтлаас зургаа хоногийн дараа ч шинжилгээ авахгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээ авахгүйгээр шинж тэмдгийн байдлаар нь оношилж, эмчилгээг нь эхлүүлнэ хэмээсэн билээ.
Харин жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийн эрсдэлт хүмүүсээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авна хэмээсэн. Гэвч шинж тэмдэгтэй, түргэвчилсэн нь эерэг гарчихсан дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдээ тоохгүй “үхэхийг нь хүлээгээд сууж” байна.
БАРИМТ
Халдвар авсан нь лхагва гарагт батлагдсан иргэн Б-ын хүүхэд түргэвчилсэн шинжилгээгээр өнөөдөр эерэг гарч, өрхийн эмнэлгтээ хандсан байна. Гэтэл “PCR шинжилгээгээр батлагдаагүй бол эмчилгээ эм өгөхгүй” гэжээ.
БАРИМТ
0-11 насны 4 хүүхэдтэй ээж Х вакцин хийлгээгүй байсан бөгөөд нөхөр нь вакцин хийлгэсэн байсан ч халдвар авчээ. Эмнэлгийн ор хүрэлцээгүй гэх шалтгаанаар түүнийг гэрт нь тусгаарласан байна. Харин гурав хоногийн дараа эхнэр, том охинд нь шинж тэмдэг илэрч эхэлжээ. Иймд тэд өрхийн эмнэлэг рүү мэдэгдэж, хүндрэхээс өмнө нь эмчилгээ бичүүлье гэтэл, “Хавьтал болсноос хойш зургаа дахь хоногт шинжилгээ авна. Тэгж коронавирус мөн эсэхийг нь шинжилж байна эмчилгээ бичиж өгнө. Зургаа хоног тань болоогүй бол эм ууж болохгүй” гэжээ. /Одоо тэд бүгд эдгэрсэн/
Дельта хувилбарын тархалт хурдан байгааг мэргэжилтнүүд ам нээх бүрдээ л яриад буй мөртлөө түргэвчилсэн шинжилгээ нь эерэг гарчихсан дархлаажуулалтад хамрагдаагүй иргэнээс яагаад шуурхай бататгах шинжилгээ авахгүй байгаа юм бол. Зургаа хоногоо гүйцээхийн тулд эмчилгээ хийлгэхгүй хүлээсээр эндвэл хэн хариуцлага хүлээх вэ. Ер нь бол бид үхэхгүйн тулд шуурхай хувийн эмнэлэг дээр PCR өгч, зөвлөснийх нь дагуу эм авах ёстой аж. Гэвч халаас хоосон, боломжгүй иргэд өчнөөн бий. Тэд яах вэ. Зургаа хоногоо хүлээгээд үхчихгүй шиг тэсэх ёстой юу.
Ер нь тэгээд аав, ээжээс нь халдвар илэрчхээд байхад ямар эм уухыг нь зөвлөхгүй, эмийн багц тараахгүй гэдийж байгаа үйлдлээрээ “амь, амиа бодоорой гээд” ард нийтдээ хэлчхэж байгаа бололтой. Үгүй юм бол түргэвчилсэн нь эерэг гарсан эрсдэлт бүлгийн хүмүүсээс нэн даруй PCR авч, уух эм бэлдмэлийг нь зөвлөж өгөөч...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.