Нийгмийн

“Монголд гэрийн тэжээвэр амьтнаас ковидын халдвар илэрч, устгалд оруулсан”

Өнгөрсөн сард Нийслэлийн байгаль орчны газрын Минж нутагшуулах, үржүүлэх төвийн ажилчид коронавирусийн халдвараар өвчилсөн. Энэ үед тэдний үржүүлэн Туул гол нутагшуулдаг үржүүлгийн минжнээс ч коронавирусийн халдвар илэрсэн юм. Энэ нь Монгол улсад хүнээс амьтанд халдварласан халдварын анхны тохиолдол болж бүртгэгдэв.

Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтэсийн Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулбал, “Наймдугаар сард манай ажилчид коронавирусийн халдвараар өвчилсөн. Энэ үеэр минжнүүд маань найтааж, ямар нэг халдварт өвчний шинж тэмдгийг өгч эхэлсэн. Иймд бид ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хандаж, минжнүүдээс шинжилгээ авч, эмчилгээнд явуулсан. Харин одоо бол минжнүүд эрүүл саруул болж эдгэрээд ирсэн” гэлээ.

Минжнүүдийн халдварласан нөхцөл, биеийн байдлын талаар Зооноз өвчин судлалаас тодруулбал, “Наймдугаар сард Нийслэлийн байгаль орчны газрын минжнүүд халдварт өвчнөөр өвчилсөн. Бид шинжилгээ авч оношлоход коронавирусийн дельта мутациар халдварласан байв. Нийт шинж тэмдэгтэй байсан долоон минжнээс шинжилгээ авсан юм. Тэднээс халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн учраас бүх минжнүүдийг эмчилгээнд авч явж эмчилсэн юм.

Эмчилгээнд нийт 50 минж байсан бөгөөд долоо хоногийн дотор бүрэн эдгэрч, гарсан. Ер нь халдвараар өвчилсөн амьтдыг устгалд оруулах УОК-ын чиглэл гарсан ч минжнүүд нь үнэтэй бөгөөд байгальд тэр дундаа гол мөрөнд их ээлтэй амьтан учраас эмчилсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Амьтад энэ өвчнөөр өвчилж байгаатай холбогдуулан гэрийн тэжээвэл амьтад энэ өвчлөлөөр өвчлөх магадлалтай эсэх, өвчилсөн бол ямар арга хэмжээ авах хэрэгтэйг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга М.Түмэннастаас лавлав.

-Монголд амьтдаас халдвар илрээд аль хэдийнээ эхэлчихлээ. Минжнээс өөр төрлийн амьтан өвдсөн мэдээлэл бүртгэгдсэн үү?

-Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараар минж болон муур өвчилсөн. Одоогоор энэ хоёр төрлийн амьтдаас илрээд байна. Нийт хоёр муураас илэрсэн. Дэлхий нийтэд маш олон амьтнаас өвчлөл бүртгэгдэж байгаа. Ихэвчлэн барын төрлийн муур, усны хулгана, нохой зэрэг амьтдад голчилж буй юм.

-Гэрийн тэжээвэр амьтад нэг сартайдаа вакцин хийлгэж дархлаагаа тогтоодог. Вакцинтай гэрийн тэжээврүүд энэ халдвараар халдварлах эрсдэл бий юу?

-Тийм. Өвчлөх эрсдэл өндөр. Хэрэв халдварласан тохиолдолд манай байгууллагад хандана. Гадаадаас нислэгээр ирж байгаа иргэд УОК-т бүртгүүлж хэдэн амьтан, хэдэн хүн ирж байгаа мэдээллийг МИАТ төрийн өмчит компанид өгдөг. Харин тэд бидэн рүү энэ мэдээллийг дамжуулж тусгаарлах амьтдын мэдээллийг шилжүүлдэг юм.

Гаднаас импортоор орж ирж байгаа нохой муур, тэжээвэр амьтдаас шинжилгээ авч заавал тусгаарлаж байгаа. Яагаад гэхээр хүн амьтан хоёр нэг өрөөнд байж, агаар нэг байгаа учраас тэр.

-Өвчилсөн амьтанд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Тэдэнд хүнтэй л адилхан эмчилгээ хийж байгаа. Муурын хувьд хоёр арга зам байгаа. Монголд илэрсэн халдварын тухайд яривал минж эмчлэгдсэн. Муурын хувьд эмчлүүлж болно. Эсвэл устгалд оруулна. Ер нь УОК-ын заавар зөвлөмжөөр устгалд оруулах заалттай. Учир нь хүн, мал амьтны халдвар холилдох юм бол мутаци үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс муурыг шууд устгуулж, чандарлана.

-Тэжээвэр амьтнаа халдвараар өвчилсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Найтааж эхэлнэ. Ер нь амьтад найтаагаад бие нь нэг л өөрчлөлттэй болоод ирвэл танай тэжээвэр амьтан өвчилсөн байна л гэж ойлгох хэрэгтэй.

-Иргэд тэжээвэр амьтнаа халдварт өртүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ, ер нь амьтны вакциныг Монголд хийж байгаа юу?

-Эзэн өөрөө халдвараас хамгаалж байж нэг агаараар амьсгалж байгаа тэжээвэр амьтнаа хамгаалж чадна.

ОХУ-д вакцин үйлдвэрлэгдсэн. Европын улсууд АНУ зэрэгт вакциныг хийгээд эхэлчихсэн. Харин Азийн орнуудад дэлгэрээгүй. Учир нь ковидын вакциныг амьтан дээр туршсан болохоор тэдэнд таарсан сайн вакцин аль хэдийнээ үйлдвэрлэгдсэн гэсэн үг. Сүүлийн үед Монгол руу транзит нислэгээр ирж байгаа иргэдийн тэжээвэр амьтад вакцин хийлгэчихсэн ирж байгаа тохиолдлууд бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button