ТОДРУУЛГА: Жолоочид мэдэгдсэний дараа ачилт хийдэг болсон гэх мэдээлэл ХУДАЛ

ШӨХТГ-аас ачигч автомашинуудын нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзаж иргэдээс гарч буй гомдол, саналыг ярилцсан тухайгаа нийтэлж байв. Учир нь ачилгын компаниуд Нийслэлийн авто замын санд ямар нэг хураамж төлдөггүй бөгөөд 10 км доторх ачилт хийсэн автомашины жолооч бүрээс 60000 төгрөгийг авдаг аж. Улмаар ШӨХТГ-аас ачилт хийсэн төлбөрийн 10%-ийг Нийслэлийн авто замын санд төвлөрүүлэх саналыг хүргүүлж, иргэдээс санал авч, эрх зүйн орчин, арга хэлбэрийг сайжруулах талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон тухайгаа мэдэгдсэн.
Түүнчлэн ачилгын компаниуд жолоочид мэдэгдэхгүйгээр ачилт хийдэг гэх иргэдийн гомдлын дагуу 2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын шинэчлэн баталж, ачилтын компани нь тухайн жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг өөрчилж, чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах замаар жолоочид мэдэгдэх шинэ заалт нэмэгдсэн билээ. Гэвч барилга дотор буй жолооч, чанга яригчийн дууг сонсохгүйгээс мэдэхгүй байх тохиолдлууд их юм. Тэгвэл өчигдөр цахим сүлжээгээр ачилтын компаниуд автомашин ачихаасаа өмнө жолоочид мэдэгдсэний дараа ачилт хийх ёстой бөгөөд хэрэгжүүлээгүй нөхцөлд үйл ажиллагааг зогсоох цаашлаад иргэн гомдол гаргах эрхтэй хэмээх мэдээлэл түгсэн юм.
Бид тухайн мэдээлэлтэй холбоотойгоор ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад:
"Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмын хүрээнд ачилтыг хийдэг. Тухайн журамд автомашин ачилтын компани, ачих гэж буй автомашины жолоочид урьдчилж мэдэгдэх заалт байхгүй. Журамд өөрчлөлт орж, батлагдан хэрэгжихэд мэдээж тодорхой хугацаа хэрэгтэй. Одоогоор бидэнд энэ тухай мэдээлэл ирээгүй. ТЦА-нд ямар нэг мэдээлэл очоогүй байсан. Тэгэхээр цахимаар яваа мэдээлэл эргэлзээтэй” гэв.
Харин ТЦА-наас тодруулахад: "Хүмүүс их асууж байна. Бидэнд тийм мэдээлэл ирээгүй байгаа” гэсэн юм. Мөн Сүхбаатар дүүргийн ТЕЦ-9 ачилтын компаниас тодруулахад:
"НИТХ-аар тийм санал гаргасныг л хүмүүс цахимаар шуугиад байх шиг байна. Санал хүргэнэ, батална, хэрэгжинэ гээд мэдээж хугацаа хэрэгтэй. Яг одоогоор тийм журам батлагдаад, хэрэгжиж эхэлсэн зүйл алга байна. Бидний зүгээс яригдаад байгаа журам хэрэгжихэд асуудалтай гэж үзсэн” гэв.
Харин Хууль зүйн яамтай холбогдоход: "НИТХ-аар яригдсан асуудал юм байна. Одоогоор ажлын хэсэг гарсан, судалгааны ажил эхэлсэн гэх мэдээлэл байна. Яг одоо хэрэгжиж эхэлсэн, батлагдсан асуудал биш" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.