
“Тайм” /Time/ сэтгүүл Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад “Талибан” хөдөлгөөний улс төрийн албаны дарга, сураггүй алга болоод байгаа удирдагч мулла Абдула Гани Барадарыг оруулжээ. Жагсаалтыг тус сэтгүүлийн вэб хуудсанд нийтэлсэн байна.
Абдула Гани Барадарыг бүр “удирдагч”-дын ангилалд багтаасан нь сонирхол татаж эхлэв.
Пакистаны сэтгүүлч Ахмед Рашидын бичсэн захидал дээр мулла Барадар нь “Талбиан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд бусдыг өөртөө татах увидастай, цэргийн удирдагч, Талибанчуудын дунд хүндтэй нэгэн гэжээ. Тэрбээр маш ховор тохиолдолд ярилцлага өгдөг, нэлээд нууцлаг нэгэн гэсэн байна.
Барадар нь Афганистаны хуучин Засгийн газрын гишүүдэд өршөөл үзүүлэх зэрэг чухал чухал шийдвэрийг гаргадаг бөгөөд Талибанчуудтай хөрш зэргэлдээ орших улс орнуудтай, тэр тусмаа Хятад, Пакистантай холбоо харилцаа тогтоох үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа юм. Түүнийг “Афганистаны ирээдүйн тулгуур багана” хэмээн цоллож эхэлсэн аж.
Талибаны байгуулсан шинэ Засгийн газарт Абдула Гани Барадарыг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилсон.
Барадар нь Афганистаны сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүний талаар хөдөлгөөнийхөнтэйгөө маргалдсаны дараа нийслэл Кабулаас Кандагар руу явсан болох нь ил болсон. Ерөнхийлөгчийн ордонд Абдула Барадар, Цагаачлалын сайд Халил ар-Рахман Хаккани нарын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон гэх мэдээлэл тараад байна.
Абдула Барадар Талибанчуудаас бүрдсэн шинэ Засгийн газрынхны эсрэг байр суурьтай байсан талаар Афганистаны “Спутник Афганистан” /Sputnik Afghanistan/ агентлаг мэдээлжээ. “Талибан” хөдөлгөөний хүчирхэг удирдагч тэрбээр бүх угсаатны бүлгийг Засгийн газрын бүрэлдэхэүүнд багтаахыг хүссэн ч Пакистаны дахамт шахалтын улмаас энэ хүслээ биелүүлж чадаагүй гэгдэж байгаа юм.
Үүний зэрэгцээ, Афганистаны нийгмийн сүлжээнд Абдула Гани Барадарын амийг хөнөөсөн байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаж эхлэв. “Талибан” хөдөлгөөний удирдагч Катарын Гадаад Хэргийн сайдтай уулзах уулзалтад ирээгүй гэсэн мэдээлэл хүмүүсийн дунд хардлага төрүүлээд эхэлжээ.
(Эх сурвалж: lenta)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.