Нийгмийн

83 настай дэд хурандаа Ө.Бямбаа: Сайхан амьдралын эх үүсвэр болсон цагдаагийн байгууллагаараа их бахархдаг

Цагдаагийн байгууллагад 33 жил тасралтгүй зүтгэн, өдгөө гавъяаныхаа амралтад гарсан ахмад албан хаагчдын нэг, дэд хурандаа Ө.Бямбаатай дурсамж дүүрэн яриа өрнүүллээ.

Тэрбээр 1938 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрж, өсчээ. Хүүхэд ахуй насандаа барилдах дуртай байсанд бүгд л түүнийг "Сайн бөх болно” хэмээдэг байв. Гэвч аймгийн прокурор С.Чүлтэмийн бичсэн өгүүллийн ном түүний амьдралыг эрс өөрчлөх нь тэр...

Бөхд сонирхолтой хүү өгүүлэлд дурлаж, зохион бичлэг бичих болсон аж. Улмаар цэл залуу 20 насандаа Батлан хамгаалах яамны бага, дунд дарга бэлтгэх сургуульд алба хааж байхдаа хэдийн "ахлах түрүүч” цолтой болсон байжээ. Тэрбээр тухайн үеийн НАХЯ-ны сайд Р.Гүнсэний тушаалаар 1962 оны нэгдүгээр сард, Цагдан сэргийлэх байгууллагатай холбогдож, Төв аймгийн Цагдан сэргийлэх газрын гал сэргийлэх, хамгаалах байцаагчаар томилогдон ажилласан байна. Ийнхүү түүний амьдралын дурсамж дүүрэн нандин аялал эхэлжээ.

Өдгөө 83 настай тэрбээр ой ухаан туйлын цэлмэг, үг нь хурц хэвээрээ аж. Эх орныхоо өмнө өргөсөн тангаргаа санахдаа, одоо ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээр сэтгэл шулуудан зүтгэж буй нь илэрхий байв.

-Цагдаагийн байгууллагад орсноос хойших хамгийн дурсамжтай, сэтгэлээс гардаггүй мөчөөс хуваалцаач?

-Цагдан сэргийлэх байгууллагатай холбогдсон цагаас хойш миний ажил, амьдралд эрс өөрчлөлт орсон. Өнөөдрийн миний сайхан амьдралын эх үүсвэр болсон цагдаагийн байгууллагаараа их бахархдаг. Тухайн үед миний хөдөлмөрийг үнэлж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Боловсон хүчний хэлтэст Офицеруудын асуудал хариуцсан ахлах ажилтнаар томилж, тэндээ зургаан жил ажилласан.

Манай хэлтсийн дарга эгэлгүй сайхан хүн байсан. "Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг аливаа асуудлыг нухацтай шийддэг байлаа. Тийм ч учраас боловсон хүчний бодлогын асуудал чанд явагдаж, эрс сайжирсан гэж үзэж байгаа. Мөрдөн байцаагч нарыг хуулийн дээд, дунд боловсон хүчнээр хангах, эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах, хуульчид болон албан хаагчдыг гадаад дотоодын их дээд сургуулийг дүүргэсэн, мэргэжлийн алба хаагчдаар хүний нөөцөө бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн.

-Албандаа зүтгэж байх хугацаанд ямар ямар гавъяа шагналыг авсан бэ?

-Цэргийн бага дарга бэлтгэх сургуулийн Байлдааны дэлгээ тугийн дэргэд Миний зургийг авч байсан миний сэтгэлийн хамгийн нандин мөч. Цэргийн хүний хамгийн том шагналыг энэ мөч гэж би боддог.

-Төв аймагт ажиллаж байхдаа хүндэт дэвтэрт бичигдэж бай. Мөн цэргийн хүндэт медаль, Алтан гадас одон, 1981 онд Байлдааны гавъяаны одон, 1986 онд Төрийн гавъяаны улаан тугийн одон, Зэвсэгт хүчний ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.

-Таныг ажиллаж байх үеийн цагдаагийн алба, ажиллах нөхцөл одоогийнхоос хэр ялгаатай байсан бэ?

-Намайг ажиллаж байх үед 1970 оноос Цагдан сэргийлэх байгууллагыг төр засгаас онцгойлон анхаарч, нийгмийн хамгааллын асуудлыг өндөрт тавьж байсан. Тухайлбал алба хаагчдыг орон сууцаар хангах, цалин хэрэглээг нэмэгдүүлэх, эргүүлийн албан хаагчдыг халуун хоолоор хангах чухал шийдвэрийг гаргах зэргээр ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангадаг байсан.

Тэр үеийн цагдаагийн сэргийлэх байгууллагын ажилтнуудын нийгмийн хангамж онцгой сайн байсан. Одоогийн нөхцөл байдлыг харахаар хувцас хэрэглэлийн хангамж их муудсан байна. Үзэмж муу, сүр хүчгүй болсон.

Бидний үед цэргийн хүч, жагсаалын хувцас сайхан байлаа. Нөгөөтэйгүүр ажилтнуудын ээлжит цол сүүлийн үед замбараагүй олгож байна. Нэг л их олон хурандаа байна. Хурандаа цол зүүгээд тэр хэмжээнд ажиллаж байгаа албан хаагч цөөн. Түүнд л их харамсаж явдаг.

-Бахархаж, хүндэлж явдаг хүмүүсээ дурсаач?

-Эрүүгийн эрэн сурвалжлах албаны шилдэг ажилтан Дархан хотын цагдаагийн дарга асан, дэд хурандаа Лувсанбалдангийн Даваасамбуу гэж миний анд нөхөр эгэлгүй даруухан хүн одоог хүртэл өөрийн идэвхи зүтгэлээ төрдөө үнэлүүлж амжаагүйд сэтгэл маань тиймхэрхүү явдаг даа.

-100 жилийн түүхтэй цагдаагийн албыг залуу үе хэрхэн авч яваасай гэж бодож явдаг вэ?

-Цагдан сэргийлэх байгууллага 100 жил оршин тогтнож, хөгжин дэвжихдээ үйл ажиллагаагаа улам бүр боловсронгуй болгосоор ирсэн. Зарим үед өөрт оногдсон даалгаврыг биелүүлэхийн тулд амь өрссөн тэмцэлтэй нэг бус удаа тулгарах, үүргээ сайн биелүүлж байсан. Дайны талбарт дайсны исгэрэх сумнаас айлгүй, амь нас эрүүл мэндээрээ хохирох зүйлс олон.

Үүний нэг жишээ долдугаар сарын 1-ны хар өдөр юм. Энэ мэт олон явдал тохиолдсон. Энэ бүгдийг манай цагдан сэргийлэх байгууллагын чадварлаг боловсон хүчнүүд уран нарийн аргаар цаг тухай бүрт нэр төртэй сайн ажиллаж байсан.

Бидний залуу үеийнхан ахмадуудынхаа тогтоосон уламжлалыг нандигнан хайрлаж, ёс суртахууны өндөр боловсролтой ажиллах хэрэгтэй. Хүнийг энэрэн хайрлаж, шударга ажиллаарай гэж хүсэх байна.

-Ажил албаа гүйцэтгэж байхдаа бэртэл, гэмтэл авч байв уу?

-Бэртэж байгаагүй ээ. Удирдлага, хамт олныхоо тухай дурьдаж болох уу?

-Тийм ээ. Бололгүй яах вэ.

-1969 оноос Улсын цагдан сэргийлэх байгууллагын боловсон хүчний хэлтэст Офицеруудын асуудал хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байхдаа, Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх төвийн дарга н.Будрагчаа гэж эрхэм хүнтэй хамтарч ажиллаж явлаа. н.Будрагчаа гуай угтаа хуульч хүн юм.

Цагдан сэргийлэх мэргэжилгүй боловч, төрөлхийн мэргэшсэн, мундаг боловсон хүчин байсан. Сэргэлэн цовоо, дайчин, хэнийг ч ялгаварлаж харьцахгүй, шударга эрхэм хүн байлаа. Ямарваа асуудлыг шийдвэрлэхдээ шуурхай, хууль зүйн талаасаа бодитой шийдвэр гаргадаг байсан. н.Будрагчаа генералийг ихэмсэн, хатуу хүн гэж харах хүмүүс бий ч, зөөлөн зантай, нөхөрсөг, хамтач хүн байсан юм аа.

Цагдан сэргийлэх ажлыг олон түмэнд таниулахдаа гойд, хамт олондоо үнэлэгдэж, дэмжигдэж явснаараа их онцлог эрхэм. 1990 онд Ардчилсан системд шилжсэнээр цагдаагийн байгууллагад амаргүй хүнд цаг үе ирсэн. Нийгмийг аюулаас хамгаалах яам задарч, Улсыг аюулаас хамгаалах газар, цагдан сэргийлэх газар, Хилийн ба дотоодын цэргийн газар, Засан хүмүүжүүлэх байгууллага гэж тус тусдаа хуваагдсан.

1966онд УЦСЕГ-ын дарга хурандаа Ж.Авхиа гуай цэл залуухан өмчийн төлөөлөгч Б.Пүрэвийг олон жил ажилласан шилдэг ажил амжилтаараа манлайлсан алба хаагчид зөвхөн суралцдаг байсан ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуульд суралцуулах тушаал гаргаж "би өөрийнхөө оронд бэлдэж байгаа юм суралцуул” гэж хэлж Б.Пүрэв маань 1966-1970 оны хооронд онц дүнтэй суралцаж ирж байлаа. 1990 онд Ардчилсан нийгэмд шилжсэн хэцүү он жилүүдэд Б.Пүрэв маань энэ байгууллагыг барьж авч шинэчлэл хийж авч явсанд нь би бахархдаг. Б.Пүрэв маань МУ-ын гавьяат хуульч Хошууч генерал цолтой Хууль зүйн ухааны доктор хүн. Баастын Пүрэв маань хошууч генерал цолтой, нэр төртэй сайхан ажиллаж байна. Албандаа нэр төртэй зүтгэсэн генерал, офицеруудад шагнал олгохгүй байгаа санагддаг. Шагнал эзнээ олохгүй байгаа нь сэтгэлийг зовоох юм.

Олон том хэргүүдийг илрүүлж байсан Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн дарга байсан Д.Чулуунбат, Д.Дашдэмбэрэл нар олон ноцтой хэргүүдийг илрүүлж байлаа. Тэд юу ч үгүй хоцроод бурхны оронд заларсан. Би үүнд их харамсаж явдаг. Цагдаагийн байгууллага үүнд анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

-Цагдаа хүнд ар гэр, сайн хань чухал байдаг. Та гэр бүл, хань ижлийнхээ тухай манай уншигчдад хэлж өгөөч?

-Хань минь надад долоон сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Хамтдаа эрүүл энх, саруул сайхан амьдарч, төр улсдаа хүчин зүтгэж байна. Миний зээ охин өвөөгийнхөө ажил албыг өвлөхөөр Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуульд суралцаж байгаа. Одоо хоёрдугаар дамжаанд суралцаж байна. Охиноо сайн албан хаагч болно байх гэж итгэж, сургаалиа хайрлан дэмжиж явна.

-Ажиллах хугацаандаа шантарч, албаа орхиё хэмээн бодож байв уу?

-Үгүй ээ. Тийм зүйл бодож байсангүй. Өөртөө оногдсон үүрэг даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж, чин шударга ажиллахыг л шамдсаар ирсэн.

-Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан, нийт алба хаагчиддаа хандан мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Төр ард түмэндээ төрийн хуулийг дээдлэн биелүүлж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалж гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэгт чин шударгаар зүтгэж буйд талархаж байна.

Шаардлага гарвал амь насаа үл хайрлана гэж андгайлан тангараг өргөж үнэн шударга үйлийн төлөө ёстой л хутганы ирэн дээр амь өрсөн ажилладаг адармаатай хүнд хэцүү хөдөлмөрийн эрэлхэг дайчин журмын нөхөд ахмад, дунд, залуу үеийн цагдаагийн ажилтнуудад цагдаагийн байгууллага үүсч хөгжсний түүхт 100 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж, ажил үйлс нь од мэт гялалзаж байхын ерөөл дэвшүүлье.

Та нөхөд минь төр ард түмнээс өөртөө даалгагдсан үүргийг биелүүлэхдээ зарим үед дайны талбар дээр шуугисан сумны өөдөөс сөрж давахаас ч дутуугүй амь өрсөлдсөн тэмцэлтэй тулгаран амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал нэг бус удаа тохиолдож байсан түүнийг эрэлхэг зориг баатарлагаар ялан давж үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхэн уламжлалаа хадгалж хэнээс ч хараат бус байж үүргээ мэдлэг мэргэжил ур чадварын өндөр түвшинд үнэнч шударга, алдаа мадаггүй дайчин шуурхай, соёлч энэрэнгүй гүйцэтгэж олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээн нэр төрөө өндөрт хадгалахыг уриалж байна.

-Бидэнтэй ярилцсанд тань баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button