
Умард Солонгос цөмийн зэвсэгийн зориулалтаар уран баяжуулах байгууламжаа улам өргөжүүлэн, томсгож байгаа талаар “Maxar” компанийн хиймэл дагуулаас авсан зургийг “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг иш татан мэдээлэв.
Энэ долоо хоногийн эхээр “Maxar” компанийн сансрын хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад, “Ёнбён” Цөмийн Судалгааны Цогцолборт байрлах уран баяжуулах үйлдвэрийг өргөтгөж буй барилгын ажил хийгдэж байгаа нь харагдсан гэнэ.
“Ёнбён”-д хийгдэж буй хамгийн сүүлийн барилгын өргөтгөлд зэвсэг үйлдвэрлэх зориулалттай, тодруулбал цөмийн зэвсэгийн бэлдэц материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг тусгасан байж магадгүй хэмээн Олон Улс Судлалын Хүрээлэнгийн профессор, зэвсгийн мэргэжилтэн Жеффри Льюис “Си-Эн-Эн” /CNN/-д ярьжээ.
“Үйлдвэрийн шинэ талбай нь ойролцоогоор мянган хавтгай дөрвөлжин метр бөгөөд энэ нь мянган нэмэлт центрифуг буюу хурилдуур байрлуулахад хангалттай зайтай гэсэн үг. Мянган шинэ центрифуг нэмснээр баяжуулсан ураны үйлдвэрийн хүчин чадал даруй 25 хувиар нэмэгдэнэ” хэмээн профессор Льюис нэмж хэлэв.
Баттай хоёр эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын албаны хүмүүс “Ёнбён” дахь үйлдвэрийн үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байгаа гэнэ. Эдгээр үйл явдал нь зэвсгийн агууламжтай ураны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний нэгээхэн илрэл байж болзошгүй аж.
Өмнө нь, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ энэ сарын эхээр гаргасан тайландаа Умард Солонгос 2021 оны долдугаар сараас эхлэн “Ёнбён” дахь цөмийн гол цогцолборт цөмийн зэвсгийн түлш үйлдвэрлэх ажлыг сэргээсэн байж магадгүй гэжээ. Мэдээлэлд дурьдсанаар, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг болох плутони үйлдвэрлэдэг байгууламжийн таван мегаваттын хүчин чадалтай реакторын талаар дурьджээ.
Нэмж дурьдахад, ОУАЭА-ийн тайланд хоёрдугаар сарын дунд үеэс долдугаар сарын эхэн хүртэл “Ёнбён” радиохимийн лаборатори ажиллаж байсан нотлох баримтууд бас бий гэжээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.