П.Оюун-Эрдэнэ: Ремдесивир тариаг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй, амиа алдах эрсдэлтэй

Эм, эмчийн хүрэлцээ хангалтгүй энэ үед иргэд шаардлагатай анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлүүлээд коронавирусийн эмчилгээг өрхийн эмчийн бичсэн жор, зааврын тусламжтай гэрээр эмчлээд багагүй хугацаа өнгөрлөө.
Хүнд цаг үед өөртөө болон өөрийн хайртай хүмүүсээ сувилах, эмнэхэд суралцах цаг хугацааг коронавирусийн халдвар ч бидэнд хангалттай өгөв. Энэ нь ихэнхдээ онох ч, зарим тохиолдолд өвчнийг хүндрүүлэхээс эхлүүлээд цөөнгүй иргэдийг амиа алдахад хүргэж буй нь харамсалтай. Иргэдийн нас баралт, эндэгдлийг бууруулахыг хүсэв үү, эмчийн хүрэлцээгүй байдалд эмзэглэв үү зарим эмч нар цахим байдлаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байх юм. Зөвхөн эмч гэлтгүй энэ айхавтар өвчний ард гарсан, эдгэрсэн иргэд нэгэндээ зарим эм тариаг "дэлгүүрээс талх авахтай адилтган” зөвлөж эхэлжээ.
Тухайлбал нэгэн үед эмийн сангуудаар ховордоод, алт мөнгө цаашаа амины дайтай үнэлэгдээд байсан "Ремдесивир” гэх өндөр үнэтэй тариаг амтай болгон магтах. Халдвар уушги руу оруулахаас хамгаалдаг тул шинж тэмдэг үл харгалзан нэгийг ч болов хийлгэчихвэл, эндэхгүй гэх юм. Гэвч зарим учир мэдэх хүмүүс уг үнэтэй тариаг буруу хийвэл, тухайн хүнийхээ аминд хүрч болох аюултай тариа гэдгийг мэр сэр хэлсээр...
Гэвч уг мэдээлэл тэр бүр иргэдийн чихэнд хүрч, анхаарлыг татахгүй байгаа нь тоогүй. Иймд бид коронавирусийн өвчтэй иргэдийг эмчилж, эмнэлгийн улаан бүсэд багагүй хугацааг өнгөрүүлсэн ТТАХНЭ-ийн Уушгины эмч П.Оюун-Эрдэнэтэй холбогдож уг тарианы тухай тодруулга авсан юм.
-РЕМДЕСИВИР ТАРИАГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ДУР МЭДЭН ХЭРЭГЛЭЖ ОГТ БОЛОХГҮЙ-

-Ремдесивир тариаг коронавирусийн халдвараар хүнд өвдсөн өвчтөнд хэрэглэдэг, олдоц ховор, өндөр үнэтэй тариа гэдэг. Тус тариаг ямар өвчин, шинж тэмдгийн үед хийлгэхийг зөвлөж байна вэ?
-Бид эсрэг заалтыг харгалзан үзэж, өвчтөний хүндрэх эрсдэлийг тооцоолон уг тариаг коронавируст халдвар батлагдсан, нэн хүнд өвчтөнд хэрэглэж байна.
Коронавирусийн халдвар авсан ч, хөнгөн туссан үед зөвхөн шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийгдэнэ. Энэ нь халуурвал халуун бууруулах эм, ханиалгавал ханиад намдаах эм болон бусад шинж тэмдэгт суурилсан эмчилгээ л хийгдэнэ гэсэн үг юм.
Гэтэл иргэд зөвхөн коронавирусийн халдвар гэлтгүй бүхий л өвчний үед эмчийн зааваргүйгээр эм тариаг дур мэдэн хэрэглэдэг. Тэр ч бүү хэл, хүүхдээ багахан халуурах төдийд л вирусийн эсрэг хүчтэй эм, антибиотикуудыг шууд хэрэглэж байна шүү дээ.
-Уг тариаг коронавирусээр өвчилсөн хүнд заалттай иргэнд гэрийн нөхцөлд мэргэжлийн бус хүн хийх боломжтой юу?
-Дээр дурьдсанчлан уг тариаг гэрийн нөхцөлд дур мэдэн хэрэглэж огт болохгүй.
-ЭМЧ, СУВИЛАГЧИЙН ХЯНАЛТАД ТОДОРХОЙ ЗААЛТ, ЗААВРЫН ДАГУУ ХИЙДЭГ-
-Учир шалтгаан нь юу вэ?
-Нэгдүгээрт тухайн эмийг өвчтөнд сонгож хэрэглэхийн өмнө эмч уг өвчтөнд хэрэглэх заалт, эсрэг заалт, биеийн онцлог байдалд үнэлэлт өгснөөр эмнэлгийн нөхцөлд сорил тавьдаг. Улмаар эмч, сувилагчийн хяналтанд дор тодорхой заалт, зааврын дагуу хийдэг. Уг бэлдмэлийг найруулахаас эхлүүлээд өвчтөнд хийх хүртэл тодорхой дэглэм, дэс дараалал байдаг.
-Тариаг хориглох заалт зөрчиж, буруу хийснээр өвчтөнд ямар сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй вэ?
-Гэрийн нөхцөлд дур мэдэн уг тариаг хэрэглэснээс үүдэн элэг бөөрний үйл ажиллагаа алдагдах, ходоод гэдэс хямрах, бие дээр улайлт тууралт гарч болно. Зарим тохиолдолд таталт өгөх болон анафилаксийн шок буюу уг эмэнд хэт мэдрэмтгий байдлаас үүссэн амь насанд аюул учруулах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс уг тариаг дур мэдэн бүү хэрэглээрэй гэж анхааруулж байна.
Мэргэжлийн эмч Ремдесивир тариаг гэрийн нөхцөлд хийж болохгүй, эмнэлгийн орчинд хатуу дэгийн дагуу хийх шаардлагатайг хэлэв. Тэгвэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдэд уг тарианы тухай ямар мэдээлэл буйг хамтдаа харцгаая!
-12 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСТАЙ, ХАМГИЙН БАГАДАА 40 КГ ЖИНТЭЙ ИРГЭНД ЭМНЭЛГИЙН НӨХЦӨЛД ХИЙНЭ-

-Уг тариаг ямар хүн хэрэглэхийг зөвшөөрдөг вэ?
-Ремдесивир тарилгыг SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн COVID-19 халдварыг эмчлэхэд ашиглана. Уг эм болон тарилга нь вирусийн эсрэг эмийн бүлэгт багтдаг. Биед орсон вирусийг бие махбодид тархахаас сэргийлэх, зогсоох зарчмаар үйлчилнэ. 12 болон түүнээс дээш настай, хамгийн багадаа 40 кг жинтэй иргэнд эмнэлгийн нөхцөлд хийхийг зөвлөдөг байна.
-Энэ эмийг яаж хэрэглэх ёстой вэ?
-Ремдесивир нунтаг эмийг эмнэлгийн нөхцөлд зориулалтын шингэнтэй хольж, дусал хэлбэрээр өвчтөнд 30-40 минутын турш судсаар аажим хийнэ. Тухайн өвчтөний биеийн байдал болон эмчилгээнээс хамаарч, өдөрт нэг удаа 5-10 хоногийн турш хийдэг.
Ремдесивир дуслыг дусаах явцад болон дараа нь ноцтой урвал үүсгэж болзошгүй. Иймд дусал хийж байх хугацаанд мэргэжлийн эмч, сувилагч анхааралтай хяналт тавих шаардлагатай. Хэрэв дусаах явцад болон дараа нь доорх шинж тэмдгүүд илэрвэл эмч, сувилагчдаа нэн даруй мэдэгдэж, зогсоох хэрэгтэй. Үүнд жихүүдэс хүрэх, бие чичрэх, дотор муухайрах, бөөлжих, ихээр хөлрөх, босох үед толгой эргэх, биеээр тууралт гарах, амьсгал давчдах, зүрхний цохилт хэт хурдан эсвэл удаан болох, нүүр, хоолой, хэл, уруул, нүд хавагнах гэх мэт..
Хэрэв тухайн өвчтөний биед дараах гаж нөлөөг илэрвэл эмчилгээг даруй зогсоох шаардлагатай.
-Ремдесивир тариаг хийлгэхээс өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлс бий юу?
-Ремдесивир болон тарианд орсон бусад төрлийн найрлагаас харшилтай бол эмч, эм зүйчдээ хэлээрэй. Орц найрлагын жагсаалтыг эм зүйчээсээ асуугаарай.
- Эмч, эм зүйчдээ өөр ямар эмийн жор, жоргүй, витамин, тэжээллэг нэмэлт, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа, эсвэл авахаар төлөвлөж байгаагаа хэлээрэй. Дараах зүйлсийн аль нэгийг дурдахаа мартуузай: Хлорохин эсвэл Гидроксихлорохин (Плакуенил). Эмч таны хэрэглэх эмийн тунг өөрчлөх эсвэл гаж нөлөөг анхааралтай ажиглах шаардлагатай байж магадгүй юм.
- Хэрэв элэг, бөөрний өвчтэй байсан эсвэл урьд нь өвдөж байсан бол уг тариаг хэрэглэхээс болгоомжлоорой.
- Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй эсвэл хөхүүл хүүхэдтэй үед эмчийн заавраар хэрэглэнэ.
-Тариа хийлгэсний дараа илэрч мэдэх гаж нөлөө
- Дотор муухайрах
- Эм тарьсан газрын ойролцоо өвдөх, цус алдах, арьс хөхрөх, өвдөх, хавдах
-Тариа хийлгэсний дараа биед илрэх аюултай шинж тэмдгүүд /Яаралтай эмнэлгийн тусламж аваарай/
- Нүд, арьс шарлах
- Шээс бараан болох
- ходоодны баруун дээд хэсэгт өвдөлт өгч бие таагүй болох
Хэрэв та энэ эмийг авах явцад ямар нэгэн ер бусын асуудал гарвал эмчид хандаарай.
Эх сурвалж: medlineplus.gov
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.