Нийгмийн

УРИАЛГА: Шатахууны хомсдлыг далимдуулагсад иргэдээ санхүүгээр нь бүү дарамтлаач

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний хүнсний бараа, такси үйлчилгээний үнэ нь дагаад савладаг газар манайхаас өөр байхгүй болов уу.

Мэдээж шатахууны хомсдол ихэнхи бизнес эрхлэгчдэд их, бага хэмжээгээр дарамт өгч буй ч, энэ нь чөлөөт зах зээлийн урсгалд даваад л гарах шалгууруудын нэг гэхэд болно. Урт хугацаандаа үргэлжлэхгүй л бол шатахууны хэсэгхэн саатал, хомсдол нь эдийн засгийг савлуулах хэмжээнд өөрчлөлт авчрахгүй. Гэтэл “чоно борооноор” гэгчээр түр зуурын шатахууны хомсдлыг далимдуулагсад нэмж болох бүхнээ амныхаа зоргоор нэмж байгаа сурагтай.

Шатахууны дөрвөн өдрийн нөөц үлдсэн гэх мэдээллийн дараа цахим орчинд “Өндөгний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 500 болсон байна”,”Такси барьтал км тутамдаа 2000 төгрөг нэхэж байна” гэх бухимдсан иргэдийн постууд цахимд овоорно. Дээдсээ мянга шүүмжлээд, шүдний чигчлүүр болголоо гэхэд бид өөрсдөө жижиг зүйлсээс ашиг хонжоо эрэн, нэгнээ хэмлэсээр байвал тэднээс ер өөрцгүй болно.

Харин ч хэцүү цагт үнээ нэмэхгүй барьж, хэвийн урсгалаараа үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлбэл, цаашдын үйл ажиллагаа нь ганхахгүй байлтай.

Ялангуяа бизнес эрхлэгч, такси үйлчилгээ үзүүлэгч хувь хүмүүс, дэлгүүрийн эзэд “Түрхэн зуурын үзэгдлийг хүндрүүлж, иргэдээ бүү санхүүгээр хямраагаач” гэж уриалмаар байна. Гурван сая гаруйхан хүн амтай. Гэтэл бүгд хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж, нэгнээ хохироосоор байвал бид мянга “Эвтэй байхдаа хүчтэй, цаашлаад “Чингисийн Монгол” гэж чээжээ дэлдээд хэрэггүй. Түүний оронд яг одоо л эв эеэ эрж, хүн бүрээ хайрлаж амьдрая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button