Нийгмийн

“Баавгай идэж байсан адуугаа дараа идэхээр нөөцөлсөн гэмээр шороогоор булаад зугтсан”

Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч, малчдын хот, бэлчээрт байсан малыг идсэн гэх тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэх боллоо. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин айлын хот руу баавгай дайрч, мал барьсан талаар бид тус сумын Засаг дарга С.Гончигнямаас тодруулан хүргэсэн. Тэгвэл Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт баавгай адуу барьсан тохиолдол дахин гарчээ. Тухайн баавгай хүн ирэх чимээнээр идэж байсан адуугаа шороонд булаад, зугтсан тухай нутгийн иргэд хэлсэн юм.

-ЗАВХАН АЙМГИЙН ХОЁР СУМАНД БААВГАЙ ҮЗЭГДСЭН ГЭЖ ИРГЭД ЯРИХЫГ СОНССОН-

Бид уг асуудлаар баавгайтай таарсан гэх Завхан аймгийн Баянтэс сумын малчин М.Мягмаржавтай утсаар холбогдож ярилцсан юм.

-Танай багт баавгай үзэгдэж, адуу барьсан гэх мэдээлэл байна. Та энэ тухай дэлгэрэнгүй хэлж өгөөч?

-Өглөө эрт тэмээгээ эргүүлэх гээд явж байхад баавгай таарсан. Тухайн баавгай адуу барьсан, идэж байгаад бидний чимээнээр мод руу ороод зугтсан юм. Идэж байсан адуун дээр очиход сээр нурууг нь тасар татаж идсэн байсан. Мөн гэдэс нь цувсан харагдсан.

Ажихад адуу нэг их зоволгүй, амьсгал хураасан гэмээр харагдсан. Бидний чимээнээр идэж байсан адуугаа шороогоор булсан. Яг л дараа ирээд идэхээр нуугаад орхисон гэмээр.

-Баавгай адуу барьсан гэхээр сонин байна л даа. Том баавгай байсан уу?

-Тийм ээ. Насанд хүрсэн том баавгай. Би нэг их ойртож чадаагүй ээ. Цаад бургас руу л зугтсан.

-Та ганцаараа байв уу. Айж балмагдсан байх даа.

-Юу юугүй тулаад ирээгүй учир айж сандрах нь бага байсан.

-Баавгай харагдсан орчим ойр айл байдаг уу?

-Тухайн газраас зургаа орчим километрийн цаана л айл бий.

-Танай суманд өмнө нь ингэж баавгай үзэгдэж байв уу?

-Баавгай үзэгдлээ гэж нэг их дуулддаггүй байсан. Энэ жил л уулнаас их бууж ирээд байх шиг. Самар, идэш тэжээлийн хомсдол юм уу л гэж бодоод байгаа. Манай хоёр суманд баавгай үзэгдсэн гэж иргэд ярихыг сонссон.

-Баавгайн идээд үлдээсэн адууны сэг зэмийг яасан бэ?

-Бид онцгой байдал болон цагдаагийн байгууллага дуудсан. Тухайн сэг зэм яасныг сайн мэдэхгүй юм. Бодвол тэнд нь орхисон, эсвэл булсан байх.

-Баавгайнаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөөг нутгийнханд өгч байгаа юу?

-Баавгайг айлгаж цочоож болохгүй гээд зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн бага насны хүүхдүүдийг ганцаар малд явуулж болохгүй гэсэн” гэв.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөн баавгай үзэгдсэн гэсэн тул бид тус сумын Оргих багийн Засаг Дарга Ж.Жигмэддоржтой холбогдож тодруулга авсан юм.

-ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМАНД ЭХЭЭСЭЭ ТӨӨРСӨН ХОЁР БАМБАРУУШ БИЙ-

-Завхан аймгийн гурван ч суманд баавгай харагдсан гэх мэдээлэл байна. Энэ талаар иргэддээ сэрэмжлүүлэг, мэдээлэл өгч байгаа юу?

-Энэ сарын 22-нд Баянтэс сумын Бужир багийн нутагт баавгай адуу идсэн, 25-нд Тосонцэнгэл сумын Оргих багт мөн баавгай харагдсан гэж малчнаас мэдээлэл ирсэн. Мөн Сонгино суманд эхээсээ төөрсөн хоёр бамбарууш байгаа гэх мэдээлэл бий. Тухайн баавгай нь тэдгээр бамбарууштай холбоотой эсэхийг мэдэхгүй юм. Бидний таамаглалаар Баянтэсд харагдсан баавгай Оргих багт үзэгдсэн байх магадлалтай

-Баавгай суурьшлын бүс рүү ихээр орж ирж байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Сибирийн түймэртэй холбоотой болов уу гэж бодоод байна.

-Та бүхний зүгээс баавгайн асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Баавгайг айлгаж, ичээж, үргээж болохгүйг малчдад хэлж сануулсан байгаа. Мөн баавгайг суурьшлын бүсээс гаргахаар ажиллаж байна” гэв.

КЭЙС НЭГ: ХОЁР БААВГАЙ АЙЛЫН ХОТ РУУ ДАЙРЧ БЯРУУ, ХОНЬ, ЯМАА БАРЬСАН

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг, Мухарын гол гэх газар зусч буй малчдын хот, бэлчээрт байсан мал руу өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдрөөс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд хүрэн баавгай дайрсан тохиолдлууд гарсан. Энэ талаар Дархан-уул аймгийн Байгаль Орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Батбаяраас тодруулахад: “Хоёр баавгай айлын хот руу дайрсан. Нэг нь бамбаруушаа дагуулсан эмэгчин баавгай. Нөгөө нь эрэгчин баавгай юм. Хоёр тусдаа явж байсан. Мухарын голынхоо хавиар өөр айлуудаар явж байсан. Бамбаруушаа дагуулсан эмэгчин баавгай нь айлын бэлчээрт байсан бярууг барьсан. Эрэгчин баавгай нь бэлчээд явж байсан тус тус нэг хонь, ямааг барьчхаад, маргааш нь хот руу ахин дайрсан байсан. “Аялал жуулчлалын яам”-нд хүсэлт тавихад, баавгайг түр хугацаанд нойрсуулсны дараа нутаг сэлгэх арга хэмжээг авна хэмээх тайлбарыг өгсөн” гэв.

КЭЙС ХОЁР: МАЛЧНЫ ХОТ РУУ БААВГАЙ ДАЙРЧ ХОНЬ БАРЬЖЭЭ

Өнгөрөгч есдүгээр сарын 21-нд Увс аймгийн Цагаанхайрхан сумын малчны хот руу баавгай дайрч, хонь барьсан байна. Цагаанхайрхан суманд мэр сэр малчны хотоор баавгай үзэгдэх, ул мөр олдох болсныг нутгийн иргэд ярьж байгаа юм.

КЭЙС ГУРАВ: МАЛЧИН АЙЛЫН ХОТ РУУ ДАЙРЧ, ХОНЬ, ЯМАА БАРЬСАН БААВГАЙГ ГУРВАН МАШИНААР ХӨӨЖЭЭ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин айлын хот руу баавгай дайрч мал барьсан байна. Бид болсон үйл явдлын тухай тус сумын Засаг дарга С.Гончигнямаас тодруулахад:

“Биднийг очиход тухайн баавгай дуудлага өгсөн айлын нэг хонин дээр гарчихсан идэж байснаа хашаа тойроод гэр рүү чиглээд явж байх шиг болохоор нь дундуур нь орсон. Гэтэл хонь руу дайрах янзтай байсан. Иймд бид баавгайг хоёр машинаар доош нь хөндий рүү хөөсөн. Цаг гаруй хөөж, эцээгээд айлын хаваржааны хашаа руу оруулж, хашсан. Тэгээд аймгийн мэргэжилтнүүд рүү залгасан. Бидэнд “Алж, устгаж болохгүй. Эзгүй, айлгүй газар руу тууж явуул” гэж зөвлөсөн. Иймд бид айл багатай хойд зүг рүү гурван машинаар тал, талаас нь хавчиж 30 орчим километр туусан. Бартаа ихтэй, шавартай машин явах боломжгүй болсон тул араас нь орилж, хашхирч үргээж байгаад буцсан.Тэгээд маргааш нь сумын мал эмнэлгийн эмч нарыг дагуулж очоод баавгайд бариулсан хонь, ямааг ариутгуулж, булуулсан” гэсэн юм.

-БААВГАЙТАЙ ТААРСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button