Чол Сүн: Өөрийгөө бус өрсөлдөгчөө түрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг

Азийн бодибилдингийн нэртэй тамирчдын нэг Чол Сүн Монголд ирээд байна. Үүнтэй холбогдуулж, түүнтэй 2019 оны наймдугаар сард сэтгүүлч Б.Буяндалайн хийсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
Азийн хамгийн шилдэг тамирчдын нэг бол яах аргагүй Чол Сүн. Ялангуяа бодибилдинг, фитнесийн спортод хамгийн тод мөртэй тамирчдын нэг тэр мөн. 36 настай түүнийг хүмүүс “Азийн Арнолд Шварценеггер” гэдэг. Бахдам амжилт, сүрдэм цол гуншинтай Чол Сүн манай улсад болсон “IFBB Pro Qualifier Mongolia” олон улсын тэмцээний хүндэт зочноор Монголд ирсэн юм. Зөвхөн фэйсбүүк хуудас нь л гэхэд 1.6 сая дагагчтай түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө Монголд анх удаа ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Үнэхээр баяртай байна. Сүүлийн жилүүдэд IFBB холбооноос Ази тивд олон тэмцээн зохион байгуулж байгаа. Мэргэжлийн тамирчны (Pro) үнэмлэх олгодог тус тэмцээнд би хүндэт зочноор оролцон, шоу үзүүлбэр үзүүлдэг. Энэ удаа ч бас танай улсад болсон олон улсын тэмцээнд тийм ажлаар ирлээ. Би энд, тэнд урилгаар очихдоо тухайн арга хэмжээ дуусангуут эх орон руугаа буцдаг. Танай улс надад их таалагдсан болохоор олон хонож байгаа юм шүү. Монголын тал нутаг дуу алдмаар сайхан, бүсгүйчүүд нь үнэхээр хөөрхөн юм аа. Тийм болохоор би хоргодоод, болдог сон бол явмааргүй байна. Монголчууд зочломтгой гэдэг нь үнэн юм байна. Дахиад хэд хоновол би хүн биш гахай болох байх (инээв). Нутагтаа очиж, биеэ сайхан сэргээн, амарчихаад зав гарахаараа Монголд заавал ирнэ ээ.
-Та манай улсад болсон “IFBB Pro Qualifier Mongolia” олон улсын тэмцээний хүндэт зочин. Монгол тамирчдын ур чадварыг хэрхэн дүгнэв?
-Үнэхээр мундаг юм байна. Монгол тамирчдыг ийм ур чадвартай, гоё биетэй гэж ёстой төсөөлөөгүй. Мэргэжлийн түвшинд хэрхэн хүрэх, яаж өрсөлдөх учраа л олохгүй байгаа бололтой. Түүнээс биш амжилт гаргах нөөц, боломж дүүрэн байна. Танай улсын тамирчдыг худлаа магтаж байна гэж битгий бодоорой. Би үнэнээсээ хэлж байгаа юм шүү.
-Мэргэжлийн хэмжээний болох хүсэлтэй тамирчин манай улсад олон бий. Тэд таны удирдлагад бэлтэл хийн, мэргэжлийн тэмцээнд оролцох боломж бий юү?
-Байгаа. Байгаасай ч гэж хүсэж байна. Монголын бодибилдинг, фитнесийн холбооныхон тийм гарц, боломжийг эрэлхийлсэндээ намайг Монголд урьсан юм шүү. Миний удирдлагад олон орны тамирчин бэлтгэл хийдэг. Намайг зориод очсон тамирчинд татгалзаж чаддаггүй. Хаа холоос ирсэн зүтгэл, эрмэлзлэлийг нь үнэлдэг. Үнэнийг хэлэхэд надад олон шавь бэлтгэх зав тун хомс. Гэхдээ Монголоос эмэгтэй тамирчин очвол хэзээд тосоод авна, шөнө ч хамаагүй босоод бэлтгэлийг нь хийлгэнэ. Харин эрэгтэй хүн очвол бодно оо (инээв). Яана аа, хамаагүй наргиа хийчихлээ. Ямар хүүхэнсэг юм бэ гэж бодох вий. Хүмүүс ойлгох байлгүй дээ.

-Тэгэх байх аа. Та их наргианч хүн юм аа.
-Би аль болох энгийн, байгаараа л байхыг хүсдэг. Про тамирчин жигд амжилт гарган, түүнийгээ олон жил хадгалах амаргүй. Азид Иран, Египт, Хятадад олон шилдэг тамирчин бий. Даанч визний асуудлын улмаас тэд хүссэн үедээ Европт өрсөлдөх, бусдад танигдах боломж хязгаарлагдмал байгаа нь харамсалтай. Мэдээж эх орондоо бэлтгэл хийгээд дэлхийн хэмжээнд хүрэх боломж бий. Цаг хугацаа их чухал. Бэлтгэлээ хэрхэн хийж, мэргэжлийн хэмжээнд өөрийгөө бэлтгэнэ тэр хэрээр амжилтад хурдан хүрнэ, америкчуудын хараанд өртөнө. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах их чухал. Америкийн тэр тусмаа Европын дэвжээнд аль болох хурдан өрсөлдөхийг зорих хэрэгтэй. Итгэлээ битгий алдаарай гэж монгол тамирчдад захъя.

-Бодибилдингийн мэргэжлийн тамирчин болох нь таны багын мөрөөдөл байв уу. Эсвэл гэр бүлийнхнийхээ зөвлөснөөр эл спортод хөл тавьсан уу?
-Би багаасаа бодибилдингийн спортод хорхойсон, биеэ зөв галбиртай хөгжүүлэхийг хүсдэг байлаа. Эл спортоор анх хичээллэхдээ би 54 кг жинтэй байв. Хамгийн анх спорт модель ангилалд тэмцээнд оролцохдоо 75 кг жинтэй байж билээ. Бэлтгэл хийн, өөрийгөө хөгжүүлсээр одоо би 105 кг жинтэй. Надад 100 кг яг тохирдог. Спорт модель үнэхээр хүнд ангилал. Олон жил дагнан бэлтгэл хийж, амжилтын төлөө зүтгэх боломжгүй. Галбирлаг биеэ удаан хадгалах, улам хөгжүүлэх үнэхээр хэцүү. Хэдхэн хоногийн бэлтгэл цалгардахад л бүх зүйл талаар болно. Тиймээс би булчингаа улам томруулж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хичээж, хөдөлмөрлөсөн.
-Биеэ өнөөгийнхөөсөө илүү хөгжүүлэх бодол бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ тэгмээргүй байна. Илүү шунаад яах вэ. Нөгөө талаар миний бие дийлэхгүй. Шууд шургаж унах байх.
-Зарим тамирчин бэлтгэлээ олон цагаар хийдэг. Цөөхөн цаг базаагаад илүү амжилтад хүрэх нь ч бий. Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Бэлтгэлээ өмнө өдөрт гурван цагаар хоёр удаа хийдэг байсан. Өдөр бүр хоёр цаг, 30 минут тутамд хоол иднэ. Тэгэхдээ уураг, нүүрс ус 300 граммыг хэрэглэнэ. Одоо ажил ихтэй болохоор бэлтгэлээ тэгж хийж амжихаа больчихсон. Тэр ч бүү хэл БНСУ-д суурин амьдарч чадахгүй байгаа. Ийшээ, тийшээ давхисаар байтал таарах юм. Тэр болгонд бэлтгэл цалгардана, биеийнхээ галбирыг өнөөгийнхөөр нь хадгалахын тулд улам хичээх шаардлага гарна. Би Монголд ирснээсээ хойш хоёрхон удаа бэлтгэл хийсэн. Завгүй, ажил давчуу болохоор бэлтгэлээ богино хугацаанд, үр дүнтэй базаадаг. Тухайн дасгал, бэлтгэлийг олон цагаар хийлээ гээд үр дүнтэй биш. Би өчигдөр цээжний дасгалаа 20 минут л хийсэн. Дасгалын хоорон дахь амралтаа аль болох цөөл, цагийг нь багасга. Зарим тамирчин бэлтгэл хийхдээ утсаа их оролддог. Нэг дасгал хийчихээд зураг аваад, цахим хуудсаа шалгаад л. Тэгвэл ямар ч үр дүнгүй. Тэр хүн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж, өөрийгөө дайчлахгүй байна гэсэн үг. Бэлтгэлээ 2-3 цагаар хийдэг монгол хүн олон байх. Тэд надтай бэлтгэл хийвэл 30 минутаас цааш тэсэхгүй болов уу. Ядраад унана, би сайн мэдэж байна. Миний амжилтын гол нууц бол ерөөсөө хөдөлмөр, хичээл зүтгэл.
-Мэргэжлийн тамирчдад хамгийн чухал зүйл бол тэмцээний өмнө ус, давсаа хасах. Таны туршлагаас сонирхож болох уу?
-Бололгүй яах вэ. Хүний биеэс давс бүрэн ялгарахад хоёр долоо хоног шаардлагатай. Тиймээс ямар нэг өөх, тостой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байсан ч давсаа хоёр долоо хоногийн өмнөөс хасах хэрэгтэй. Бие бүрэн цэвэршиж, давсгүй болсны дараа усаа хасах нь чухал. Тэмцээн болохоос нэг юм уу хоёр хоногийн өмнө усаа хасах хэрэгтэй. Бикини моделийн тамирчин тэгж болохгүй. Хоёр хоногийн өмнө усаа хасчихвал хацар нь хонхойгоод оноо алдах эрсдэлтэй. Тэгэхээр нэг хоногийн өмнө байхад хангалттай. Биеэсээ давсаа бүрэн гаргаснаас бүх зүйл шалтгаална. Хэрвээ тэгээгүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй, усаа хэчнээн хасаад ямар ч нэмэргүй.
-Зөвхөн тамирчид бус жирийн хүмүүс хоолны дэглэм, давсны хэрэглээгээ хэрхэн зохицуулах нь хамгийн зөв бэ?
-Би хоолны ямар нэг дэглэм ер барьдаггүй. Биеийнхээ галбирыг гоё болгочихоод, тэмцээнд орсныхоо дараа хүссэн юмаа ид. Тэгээд өөрийгөө 100 биш 100 хувь дайчил. Биеэ бэлдэхээсээ өмнө идээд байдаг нь зарим хүний алдаа. Тэмцээний дараа юу болдог гэж санана. Би уг нь шоколаданд дургүй. Гэтэл тэмцээн болсны маргааш ам халтардчихсан, шоколад наалдчихсан сэрдэг. Тэмцээн дуусангуут хүссэнээ иддэг. Тэгэх нь хурдан сэргэж, эрч хүч авахад их тустай. Уураг уух эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж шүүмжлэх хүн мэр сэр байдаг. Би үүнтэй санал нийлэхгүй. Хэрвээ эргэлзэж байгаа бол гурван сар болоод ч юм уу цусны шинжилгээ өгөх зүгээр. Мэдээж үнэхээр санаа нь зовж, хаширлаж байгаа бол шүү дээ. Тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж буйгаа цахим хуудсандаа нийтэлж байгаарай. Блог, өдрийн тэмдэглэл хөтөлсөн ч болно шүү дээ. Тэр хэрээр олонд хурдан танигдана. Тухайн тамирчин өөрийгөө сурталчлах хамгийн том боломжийг цахим хуудас олгодог. Үүнийг тултал нь ашигла. Амжилтад хүрэх хамгийн амархан арга энэ. Намайг монголчууд цахим хуудсаар л дамжуулж мэддэг шүү дээ. Би цахим хуудсаа өөрөө хөтөлдөг. Хүмүүс хараад намайг өдөр бүр бэлтгэл хийдэг, биеийнхээ галбирт л анхаардаг гэж боддог байх. Тийм биш ээ. Би бусдын л адил амьдардаг. Архи ууна, тамхи татна, шоудна, сайхан бүсгүйтэй танилцана гээд юу л бол юу хийдэг дээ. Энд нэг юм тодотгоод хэлчих үү?
-Мэдээж бололгүй яах вэ.
-Өөрийгөө магтаж, гайхуулах гээгүй юм шүү. Олонх хүн “Биеэ над шиг хөгжүүлье. Тэгээд ийм итгэлтэй алхана” гэж боддог. Гэхдээ зүгээр л бодоод өнгөрдөг нь зарим хүний алдаа. “Тэр чадаж байхад би яагаад” гээд өөрийгөө дайчилж, хурцлах хэрэгтэй.
-Та давтахад бэрх олон амжилтын эзэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин. Цаашид юуны төлөө зүтгэж, алсын зорилгоо хэрхэн тодорхойлов?
-Үнэнийг хэлэхэд одоо тийм тэмцээнд оролцох сон, түрүүлэх сэн гэж ер шунахаа больчихсон. Нөгөө талаар завгүй болохоор бэлтгэлдээ хангалттай зав гаргаж чаддаггүй. Монголоос БНСУ-д очсоныхоо дараа Азийн нэлээд олон оронд очихоор төлөвлөсөн. Өөрийн юу чаддаг, мэддэгээ бусдад хуваалцан, амжилтад хүргэхийг хүсэж байна. Би залуудаа амжилтын төлөө шунадаг байсаан. Бүн бүхэн л тэгдэг болов уу. Би амжилтын үнэ цэнэ түрүүлэх, алтан медаль хүртэх биш гэдгийг эрт ойлгосондоо олзуурхдаг. Би 11 жилийн турш Лас-Вегасын тэмцээнээс эхний хоёр байраас мултарч үзээгүй. Гэхдээ би хэзээ ч заавал түрүүлнэ гэж шунаж байгаагүй. Зарим тэмцээнд өрсөлдөгчдөө албаар ялагдана. Бусад хүний ялахыг, баярлаж буйг нь харах сайхан шүү дээ. Өөрийгөө бус өрсөлдөгчөө түрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. Нэг удаа би түрүүлсэн ч хоёрдугаар байрт орсон тамирчинд алтан медалиа өгчихсөн. Түүнээс хойш намайг хүмүүс улам хүндлэх болсон. Гэхдээ би бусдад таалагдахын тулд тэгээгүй юм шүү.
-Та нутаг руугаа хэзээ буцах вэ?
-Өнөө орой (өчигдөр) буцна. БНСУ-д очоод Монголын тал нутаг, монгол хоолыг их санах байх. Цахим ертөнцөөс зургийг нь хараад шүлсээ залгиад суух байх (инээв).
Энэ үеэр түүний туслах ирж, дараагийн арга хэмжээнийх нь цаг болсныг дуулгаснаар бидний ярилцлага өндөрлөсөн юм. Дэлхийн хэмжээний тамирчнаас асуух зүйл их байсан ч ярилцлагаа дуусгахаас өөр арга байсангүй. Харин ч их ажлын хажуугаар зав гарган байж манай сайтад ярилцлага өгсөнд нь талархаад үлсэн юм.
Б.БУЯНДАЛАЙ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье !
ednii site yriltslaga awch baigaa ym bol aytaihan awchhad yaanaa awsann ih ym gej boddog ymu