НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Баянхошуунд байрлалтай үндэсний уламжлалыг шингээсэн “Green mart” хүнсний дэлгүүр

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны Хөтөлийн буудлын хойд дэнжид, уулын өгсүүр байрлах буйдхан хэр нь тохитой дэлгүүрийг зорив. Уулын оройд шахуу байрлалтай хэдий ч өнгөлөг учир нүдэнд шууд тусна. Гэр хорооллын гудамж, байшингууд дунд "Greenmart” дэлгүүр эрхгүй ялгарч, сүр нэмж байсныг онцлоё.

Хаалгаар орвол 40 эргэм насны эмэгтэй охины хамт "Танайх хэвлэлээс явна уу. Өглөөнөөс хойш л сэтгүүлчид ирээд, эгч нь их эрэлттэй байна. Уулын оройгоор баахан эрж сурж ирэв уу. Алив суу. Халуун кофе ууцгаа” гэсээр нүүрэндээ мишээл тодруулсаар уриалагхан хүлээж авав. Түүнийг Ганхуягийн Оюун гэдэг. 2010 онд ДУДС-ийг хувцас дизайн, зураач мэргэжлээр төгсжээ. Тэрбээр хань, дөрвөн хүүхдийн хамт ийнхүү аж төрдөг. Бид түүнтэй хэсэг ярилцав.

Г.Оюун том охиноо дэлгүүрийн касс дээрээ суулгаад бидэнтэй ярилцах зуураа охиндоо барааны үнийг сэм хэлж, ажлаа давхар амжуулж байлаа. Ярилцаад суухад гал цогтой, сэргэлэн, дулаан мэдрэмжийг төрүүлж байв.

-"GREENMART” ДЭЛГҮҮРЭЭ НЭЭГЭЭД ДОЛООН ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА-

-Та хувцас дизайн, зураач мэргэжлээр дээд сургууль төгссөн юм билээ. Төгсөөд мэргэжлээрээ ажиллав уу?

-Сургуулиа төгссөний дараа хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласан. Гэвч сүүлийн жилүүдэд хувийн бизнесээ эхлүүлээд явж байна даа.

-Мэргэжлээрээ ажиллахын оронд яагаад дэлгүүр нээх болсон юм бэ?

-2014 онд дэлгүүрийн суурь тавигдаад баригдаж эхэлсэн. Одоо ингээд ажиллуулаад бараг долоон жил болсон байна. Дэлгүүрийн барилгын ажил дуусах дөхөхөд “гадна, дотно тохижилт хийе” гэж бодсон. Ингэхдээ аль болох үндэсний хэв маягийг шингээхийг хичээсэн. Барилгын бүхий л ажлыг хань маань өөрөө гардаж хийдэг. Миний хувьд зураг л зурж, чимэглэсэн гэх үү дээ.

-Ханийг нь барилгын инженер мэргэжилтэй гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Барилгын бүхий л ажлуудыг өөрөө бие даан хийж гүйцэтгэдэг.

-Дэлгүүрийнхээ барилгыг хэр хугацаанд барьсан бэ?

-2014 оноос сууриа тавиад 2020 онд л бүрэн дууссан. Одоо ч гэсэн бага сага тохижилт, чимхлүүр ажил үлдсэн. Түүнийгээ хийж байна.

-Дөрвөн хүүхдээ асрахын сацуу дэлгүүр ажиллуулахад амаргүй байдаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Ихэнх хүмүүс дэлгүүр ажиллуулах амархан гэж хараад байдаг. Анзаардаггүй. Гэтэл бас л амаргүй ажил шүү дээ. Бид чинь ер нь л их эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Гэр маань хажууд учир хүүхдүүд цахимаар хичээлээ хийчихнэ. Их ажлын хажуугаар барилгын ажлаа ч мөн бага багаар явуулна гээд ажил их. Дэлгүүр ажиллуулахад тухайн хүнээс их л хөдөлмөр, цаг зав  шаарддаг даа.

-ХАШААНДАА МОНГОЛ БИЧИГ, ЗУРАГ ЗУРАХ САНААГАА БИЛЛИАРДЫН ӨРӨӨНӨӨСӨӨ САНАА АВЧ ЗУРСАН-

-Хүүхдүүд нь хэдээс хэдэн насных вэ. Том охин нь их тусад орсон харагдаж байна?

-Том охин маань 18 настай. Бага нь таван настай. Дунд хоёр нь арав болон долоон настай. Гурван охин нэг хүү.

-Охин нь 18 настай гэхээр, ханьтайгаа оюутан байхдаа танилцаж, ханилжээ?

-Тийм ээ. Том охиноо оюутан байхдаа л төрүүлж байлаа. Бид хоёр 18 насандаа танилцаад 19 насандаа охиноо төрүүлж байсан. Би 10-р ангиа төгсөөд, хань маань цэрэгт яваад ирж таарсан. Түүнээс хойш л амьдрал өрнөсөн дөө. Хичээлдээ суухдаа суугаад, хүүхдээ харна, сургууль цэцэрлэгт зөөнө гээж их ажлыг амжуулдаг байжээ. Их л завгүй байдаг байснаа санадаг.

-Таны хувьд мэргэжлээрээ, бас хувийн бизнес хийж үзлээ. Аль нь илүү таалагдаж байна вэ?

-Багштайгаа багшийнхаа салонд мэргэжлээрээ нэг хэсэг ажилласан л даа. Хамт ажиллаад явсан үе бий. Хувиараа хувцсаа оёод, ганцаараа ажиллаж байсан ч үе бий. Тухайн үед яах вэ ажлаа хийгээд явахад мэдээж гоё л доо. Би багаасаа л зурах дуртай байсан.

Тиймээс мэргэжил, сургуульдаа дурлаж орсон. Ажиллахад ч урамтай сайхан байдаг. Гэвч хүүхдүүд төрсний дараа сургууль, цэцэрлэгт хүргэнэ гээд ажил ундарсан учир ажлаас хөндийрсөн.

Хань маань барилгын мэргэжилтэй, дээр нь бас дэлгүүр ажиллуулахыг хүсдэг байсан учраас авсан газартаа дэлгүүр барихаар шийдсэн. Нэг хэсэг барилгын салбар уналтад орсноос хойш “Дэлгүүрээ баръя” гэж шийдсэн. Хамгийн анх бол дэлгүүр маань их жижигхэн байсан. Бага багаар сайжирсаар л өдийг хүрсэн дээ. Хэдий ажиллагаа ихтэй ч, хувийн бизнес, дэлгүүр ажиллуулах бас зүгээр. Амьдралд илүү хүртээмжтэй.

-Дэлгүүрийн чимэглэл, зургийг зурах санаагаа хаанаас олсон бэ?

-Зураг зурах санааг биллиардын газраасаа олсон. Бид дэлгүүрийнхээ хажууд жижигхэн биллиардын газартай. Хань маань дотор заслаа хийж дуусгаад, яг зурахад бэлэн болгоод өгсөн. Ингээд би монгол хэв маяг, стиль гаргая гэж бодсон. Монгол ахуй уламжлал, өв соёл бидэнд үлдсэн хөрөнгө шүү дээ. Хэл бичиг, соёл түүхээ хүн бүр дээдэлж явах ёстой гэж бодсон. Ингээд биллиардын ханаа Хүннүгийн үеийн хадны сүг зургаар чимсэн. Гадна тохижилтоо энэ хэв маягаар үргэлжлүүлж зуръя гэж бодсон.

-Босоо монгол бичгээр юу бичсэн бэ?

-Чингисийн зарлиг үгнүүд, эцэг тэнгэр, этүгэн эх зэрэг олон сургаал үгсийг иш татаж буулгасан байдаг. Мөн төрийн дууллаа шингээж өгсөн. Монголыг магтсан, сургамжит үгс зэрэг сайхан зүйлсийг эрэлхийлж бичсэн.

-ОЙР ХАВЬД ДЭЛГҮҮРГҮЙ ЗЭЛҮҮД УЧИР ИРГЭДЭД ХҮНСИЙГ НЬ ОЙРТУУЛЪЯ ГЭДЭГ ҮҮДНЭЭС ДЭЛГҮҮРЭЭ НЭЭСЭН-

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл өндөр байдаг байх даа?

-Зарим хүмүүс ямар гоё юм бэ гээд дуу алдана. Манай эндхийн оршин суугчид бол дэлгүүрийн барилгын процессыг ихэнхийг нь мэддэг учир сайхан байдаг. Зургаа зурж байхад ч мөн хажууд хараад зогсож байсан. Тэднийхээ нүдэн дээр л боссон доо. Зарим хүмүүс дэлгүүрийн хананд зургаа авахуулах гэж зорьж ирэх нь бий.

-Байршлын хувьд үйлчилгээний байгууллагын стандартаас тэс өөр, уулын өгсүүр байдаг юм байна. Дэлгүүр нээхдээ эмээж байв уу?

-Манай энэ хавьд анх нэг ч дэлгүүр байдаггүй байсан. Биднийг нүүж ирэхэд хүмүүс уулаас бууж, нэлээн хол явсны дараа л дэлгүүрт орно. Бид ч мөн тэр жишгээр л амьдарсан. Анх мэдээж шантрах үе олон байсан. Гэхдээ дэлгүүрээ нээхдээ дан ганц ашиг хараагүй л дээ. Энэ хавийн хүмүүс маань хажуу ойроосоо хүнсээ, талхаа авдаг байгаасай гэж л их зорьсон доо. Дэлгүүр нээгдсэнээс хойш энэ хавьд шинэ дэлгүүр, худаг гээд баригдаж, одоо бас ч гэж юм юмандаа ойр гоё болсон.

-Бараа түгээлтийн машинууд саадгүй ирж чаддаг уу?

-Хэцүү л дээ. Түгээлтийн машин бүр л зам ярьдаг. Бидний зүгээс хорооны Засаг дарга, удирдлагууддаа удаа дараа замын асуудлаар санал хүсэлт тавьдаг. Гэвч одоог хүртэл дорвитой хариу аваагүй л байна. Би аливаа зүйлсийг боломжгүй гэж хэлэх дургүй. Уулын оройд амьдардаг гэхээрээ хэцүү амьдардаг гэсэн үг биш шүү дээ. Амьдарч байгаа газраа тордоод сайхан амьдрах боломжтой. Хань бид хоёр дэлгүүрийнхээ хажууд жижиг буфет ажиллуулъя гэж бодоод тохижуулалт эхэлсэн. Учир нь манай эндээс зам их хол учир хүүхдүүд дулаацах гээд ороод ирдэг.

Тиймээс хүүхдүүд, иргэд замдаа халуун цай уугаад, хөлөө амраагаад гараасай гэж хүсэж байгаа. Үйлчилгээний байгууллага учир орж ирсэн хүнээ ая тухтай гаргах нь чухал. Дэлгүүр ажиллуулахад ашиг хэдий чухал ч, бүх зүйлийг мөнгөөр харж болохгүй. Зам л тавьчихвал бас их зүгээр байгаа. Бид хичээж байгаа учир, биднийг дэмжээд бүгд хичээл зүтгэл гаргаасай л гэж хүсэж байна.

-Таны бүтээлийг харсан хүмүүс хашаан дээрээ зураг зуруулъя гэж холбогдсон уу?

-Би сургуулиа төгсөөд хэд хэдэн ажлыг авч хийсэн. Их нялхсын хоёр, гурван тасаг болон ААН-үүдийн дотоод засал зургийг зурж байсан. Энэ нь бас их зүгээр санагдсан. Цор ганц бүтээлийг хүссэн хүмүүст захиалгаар зурж өгөх бодол бий. Тиймээс санал ирвэл цаг заваараа хийж өгье л гэж бодож байгаа. Ажил маань ч гэсэн давгүй сайхан жигдэрчихлээ.

-Та бүхний цаашдын зорилго зорилт болон яриагаар дамжуулан иргэдэд хэлэхийг хүссэн зүйл бий юу?

-Би их зүйлийг хэлэхийг хүсдэг л дээ. Өнөөдөр саад бэрхшээл байсан ч, түүнийг давах туул. Монгол сэтгэлгээгээ бүү алд. Өв соёл, уламжлалаа хадгалж үлдээрэй гэж хичээнгүйлэн захих байна. Ямарваа зөв зам руу явахад бэрхшээл их таарна. Гэвч түүнийг давчихвал сайхан болдог. Амархан зам амаргүй байдаг л гэж хэлээд яриагаа өндөрлөе” гэв.

Үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тарах цаг давхацсан тул бид ийнхүү яриагаа өндөрлөсөн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэр хороололд сайхан өнгө нэмж байна

Bravo
Bravo

hayag n yag haana yum boloo todorhoi medeh hun bna uu zorij ochij orlogo oruulia bas sonirhoyo barag l museum yum bishuu huuhduude daguulaad ochmoor bdag mongol bichigee su=sain sur geheer haana hen heregledegin teriig chin geed bhin iimerhuu jisheeg uzuulj uram ugmuur bna bas nemj helehed shan humuus mer ser bhiin shan tohijuuljee

Холбоотой мэдээ

Back to top button