НИЙГЭМ

Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн таалал төгсчээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн аравдугаар сарын 6-ны өдөр таалал төгсчээ. Тэрбээр урлагийн салбарт 45 жил ажилласан бөгөөд 1926 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт мэндэлжээ. Тэрбээр “Хүргэн хүү” киноны Жамцын эхнэр Аюуш, “Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны эхнэр Должингийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшин, мөнхөрсөн авьяаслаг уран бүтээлч байв.

Л.Цэндсүрэн нь 1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторит суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Мөн 1941-1945 онд Улсын хөгжмийн драмын “Бөмбөгөр ногоон” театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр 45 гаруй жил тасралтгүй ажиллаж, 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарчээ.

Тэрээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Төрийн бус байгууллагын Ард түмний гавьяат, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом, МАН-ын 90 жилийн ойн медаль болон бусад медалиудаар удаа дараа шагнагдаж байсан. Мөн театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглож, гадаадын 30 гаруй дүрд дуу оруулжээ.

Түүний тоглосон киноны дүрүүдээс:

  • 1958 он "Гурван найз”
  • 1959 он "Морьтой ч болоосой” олны хэсэгт
  • 1970 он "Хүргэн хүү” Жамцын эхнэр Аюуш
  • 1970-1973 он "Тунгалаг Тамир” Итгэлтийн эхнэр Должин
  • 1978 он "Газрын жигүүр” хөрш авгай
  • 1985 он "Бид мартахгүй” барга эмгэн
  • 1988 он "Хэцүү даалгавар” Долгор зэрэг кинонуудад дүр бүтээжээ.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button