СПОРТЯрилцлага

О.Ивээл: АНУ-д бэлтгэлдээ явахын тулд өдөр бүр 300 километр зам туулдаг

Уран гулгалтын спортоор хичээллэж, тодорхой хэмжээнд танигдан, олны талархлыг хүлээж яваа монгол тамирчин хуруу дарам. Тэдний нэг нь Отгонбаярын Ивээл.

АНУ-ын Денвер хотод амьдран, бэлтгэл хийдэг тэрбээр Монголд анх удаа сүндэрлүүлсэн “Мөсөн өргөө”-ний нээлтэд үзүүлбэр үзүүлж, монголчууддаа гэнэтийн бэлэг барьсан юм. Монголын анхны битүү дээвэртэй ордны нээлтэд монгол уран гулгагч гулгасан нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа.

Өвлийн тэгээд бүр уран гулгалтын спортын төрлөөр Монголынхоо нэрийг харийн нутагт гаргаж яваа О.Ивээлтэй ярилцлаа. Эх орондоо анх удаа ирсэн тэрбээр гэр бүлийнхнийхээ хамт удахгүй АНУ руу буцах гэж байгаа юм.  

-Монголдоо ирээд, “Мөсөн өргөө”-ний нээлтэд оролцлоо. Монголчуудынхаа өмнө, Монголын анхны битүү дээвэртэй ордонд гулгахад ямар мэдрэмж төрөв?

-Монголдоо ирж, монголчуудынхаа өмнө уран гулгалтын үзүүлбэр анх удаа үзүүлсэндээ маш их баяртай байна. Монгол Улсад баригдсан “Мөсөн өргөө” олон улсын стандарт хангасан зөөлөн мөстэй, барилгын хийц, загвар нь их гоё. Мөсөн талбай нь миний бодлоор дэлхийн аль ч орныхоос дутахгүй, ялгаагүй санагдсан.

-Монголдоо өмнө нь ирж байсан бил үү?

-Үгүй. Эх орондоо анх удаа ирсэндээ их баяртай байгаа. Надад сайхан мэдрэмж төрж байна.

-Удахгүй буцах гэж байгаа юм билээ. Монголдоо тухтай амарч, аялж амжив уу?

-Би заримдаа аяллын явцад их ядардаг. Монголдоо аялж, амрахад ер ядрахгүй байгаа. Монгол сайхан орныхоо талаар илүү их судалж, танин мэдэхийг хүсэж байна.

-Ким Ю Наг олимпын аварга болохыг нь хараад уран гулгалтаар хичээллэхээр шийдсэн гэсэн. Эл спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Намайг уран гулгалтын спортод дурлуулсан, хөтөлсөн хүн бол Ком Ю На. 2010 оны өвлийн олимпод өрсөлдөхөд нь би дөрвөн настай байсан. Зурагтынхаа өмнө зогсон, үзүүлбэрийг нь дагаад бүжиглэдэг байлаа. Уран гулгалтын спортод хорхойсон, хичээллэсэн маань тэндээс эхлэлтэй. Улмаар уран гулгалтын анхан шатны сургалтад суун, хичээллэж эхэлсэн юм.

-О.Ивээлийн удамд уран гулгалтаар хичээллэдэг хүн бий юү?

-Харамсалтай нь, байхгүй. Аав, ээж хоёр минь уран гулгалтаар хичээллэдэггүй ч намайг үргэлж дэмжиж, зөвлөдөг. Миний өнөөгийн ур чадвар, амжилтад аав, ээж хоёрын маань тус, дэм хамгийн их.

-Тамирчин бүхэнд анхны амжилт хамгийн сайхан дурсамж үлдээдэг. Анх ямар амжилт гаргаж байв?

-Би хамгийн анх бэлтгэл хийдэг клубийнхээ аварга шалгаруулэх тэмцээнд өрсөлдсөн юм. Тус тэмцээнээс алтан медаль хүртсэндээ их баярлаж, урамшиж билээ. Анхныхаа тэмцээнд түрүүлсэн талаараа ярих бүрд одоо ч сэтгэл хөдөлдөг.

-Уран гулгалт өртөг өндөртэй, хэрэгсэл, материал их шаарддаг спорт. АНУ-д бэлтгэлээ хаана, хэрхэн хийдэг вэ?

-Би АНУ-ын олимпын бэлтгэлийн төв дээр долоо хоногт зургаан өдөр бэлтгэл хийдэг.

Хөгжим сонсон, гүйхээс гадна үсрэлт, сунгалтын дасгал тогтмол хийн, өөрийгөө хөгжүүлдэг.

-Орос  дасгалжуулагч Наталия Козовагийн удирдлагад бэлтгэл хийхийн тулд 150 км газар туулдаг гэсэн. Одоо ч тийм хол явж бэлтгэлээ хийдэг хэвээрээ юү?

-Одоо ч хэвээрээ. Козова багшийн бэлтгэлийн төв манайхаас 150 километрийн зайтай. Би бэлтгэлээ хийхийн тулд өдөр бүхэн ийм хол зам туулдаг. Ирж, очихын 300 километр. Бэлтгэлээсээ хоцрохгүйн тулд өглөө бүр 04.00 цагт босдог. Өндөржүүлсэн бэлтгэл хийн, өдөр бүхэн 300 километр зам туулахаар ядардаг. Замдаа унтаж амраад одоо бүр сурчихсан, дасчихсаан.

-Өдөр бүхэн ийм их ачаалалтай байхаар заримдаа шантардаг уу. Тийм үед юунаас эрч хүч авдаг вэ?

-Мэргэжлийн тамирчин байх нь биеийн болон сэтгэлийн асар их тэвчээр шаарддаг. Тиймээс заримдаа шантрах үе гаралгүй яах вэ. Хэрвээ би шантарч, өөртөө бууж өгвөл 10 гаруй жилийн хүч, хөдөлмөр минь салхинд хийснэ, хогийн сав руу шидэгдэнэ. Тийм зүйл болохыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь би энэ спортын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулж яваа. Өнөөг хүртэл туулж ирсэн саад бэрхшээлүүд маань намайг тэсвэр, тэвчээртэй болгон төлөвшүүлсэн. Ямар нэгэн асуудлыг, саад бэрхшээлийг даван туулахад тус болдог.

-Гадаадын тэмцээнд, дэлхийн шилдгүүдтэй “Монголын Ивээл” гээд дуудуулан өрсөлдөхөд ямар мэдрэмж төрдөг вэ. Өөрөөрөө бахархдаг уу?

-Монгол Улсынхаа нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд анх удаа оролцоход нэгэн бодлын итгэмээргүй санагдсан. Нөгөө талаар маш том хариуцлага, нэр төрийн хэрэг. “Монгол Ивээл” гээд дуудуулан тэмцээнд оролцох мэдээж сайхан байлгүй вэ. Тэр хэрээр өндөр хариуцлага надад ноогддог. Алдах, алдаа гаргах эрх надад байхгүй.

-Уран гулгалтын спортын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Уран гулгалт бол урлаг, спортын хослол.

-Гулгахынхаа өмнө сандардаг уу. Сандарсан үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?

-Олон улсын тэмцээнд дэлхийн тамирчидтай өрсөлдөхөд заримдаа сандардаг. Тэр үед би чихэвчээ зүүн, дуртай хөгжмөө сонсоод тайвширдаг.

-Одоо Монгол Улс битүү дээвэртэй ордонтой боллоо. Монголдоо амьдрах, энд бэлтгэлээ хийх бодол бий юү?

-Монголдоо амьдрах нь миний мөрөөдөл. Энэ удаа хэдийгээр гуравхан долоо хоноод буцах ч эх орноо гэсэн сэтгэл минь улам нэмэгдлээ. Удахгүй буцаж ирэн, Монголдоо амьдрах шинэ хүсэл, мөрөөдөлтэй болсон. Гэвч энэ бодлоо түр хойш нь тавих ганц шалтгаан нь мэргэжлийн дасгалжуулагч. Монголд уран гулгалтын мэргэжлийн дасгалжуулагч байхгүй нь харамсалтай.

-АНУ руу хэзээ буцах вэ. Монголд түмэндээ, үеийнхэндээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-АНУ руу удахгүй буцах гэж буйдаа сэтгэл гонсгор байна. Монголчууддаа хандаж хэлэхэд, би та бүхний хайр, дэмжлэгт маш их талархаж буйгаа уламжилъя.

“Мөсөн өргөө”-ний нээлтэд үзүүлсэн миний үзүүлбэр олон монгол хүүхдэд уран гулгалтаар хичээллэх урам өгч, тэдний дундаас авьяаслаг тамирчин төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Би Монголдоо удахгүй ирж, энэ спортоор хичээллэх хүсэлтэй хүн бүрт уран гулгалтын мэргэжлийн хичээл заах бодол өвөртөлж яваа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-07 10:51

хөөрхөн охинд амжилт хүсье ????????

Хөөрхөн юм бэ
Хөөрхөн юм бэ
2021-10-07 11:21

Чи өөрийн хүсэл мөрөөдлөө тодорхойлжээ.
Томоор том Амжилт хүсье

ruy
ruy
2021-10-19 22:45

Mundag ohinoo amjilt eej ni bujigledeg ohin bsan shuu amjilt zaluusaa

Зочин
Зочин
2021-11-08 01:08

Маш их хөдөлмөрч гэр бүл дээ

Холбоотой мэдээ

Back to top button