БАРИМТ: “Тавантолгой түлш” ХХК-ийн шилэн данс хөтлөлтөд тогтолцооны гажуудал нөлөөлжээ

“Тавантолгой түлш” ХХК шилэн дансаа энэ онд “Маш сайн” хөтөлжээ. Гаднаас нь харвал энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэл шилэн дансыг хөтөлсөн гэх хэлбэрийг үзүүлнэ. Харин дотогш орж зарцуулалтыг нь харах гэвэл “Шилэн дансны хуульд заасны дагуу мэдээлэл гаргах үүрэг хүлээгээгүй” гэх. Үнэн хэрэгтээ энэ онд огт шилэн данс хөтлөөгүйгээ тэр өгүүлбэрээр л халхалчих санаатай гэмээр.
Уг нь төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг явуулдаг бүх байгууллага, хуулийн этгээд шилэн дансыг хөтөлнө хэмээн хуульд заасан байдаг.
Эл компани 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 2020 оны арван хоёрдугаар сарыг дуустал хоёр жилийн хугацаанд таван саяас дээш дүнтэй гүйлгээ бүрээ оруулж тайлагнадаг байв. Гэтэл гэнэт энэ онд хөтлөхөө больчхов.
2021 онд хөтөлсөн хэмээн харуулж буй өнгөн байдал

2021 оны нэгдүгээр сараас хөтлөхөө больсонтой нь холбогдуулж ойрмогхон цаг хугацаанд шинэчлэн баталсан шилэн дансны хуулийн өөрчлөлтийг судаллаа.
Хамгийн сүүлд 2020 оны арваннэгдүгээр сард шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг өргөн барих тухай яригдсан. Үүнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулж, хөтлөхгүй байгаатай нь тэмцэх тухай буюу эл хуулийг улам чангаруулах талаар яригдсан юм.
Жилийн өмнө төлөвлөсөн уг төсөл нь өдгөө боловсруулагдаж байгаа. Батлагдаж эцэслэгдээгүй, энэ намрын чуулганаар өргөн барих төслүүд дунд бий.
“Тавантолгой түлш” ХХК компанийн хамгийн сүүлийн хөтлөлт /2020 оны 12 сар/-ийг баримт болгон хавсаргав.

Үүнээс хойш тэд шилэн дансыг өнгөн байдлаар бөглөдөг болов. Ингэхээр ямар зарцуулалт хийж, юунд мөнгөө үрсэн нь харагдахгүй болж байгаа юм. Үүнээс нь үзвэл Тавантолгой түлшийнхний шилэн данс хөтөлсөн байдал нь дутуу буюу шилэн байдлыг хангаагүй гэж үзэхээр байгаа юм.
2021 оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэлх шилэн данс хөтөлсөн байдал буюу хоосон утгууд
2018 онд үйл ажиллагаагаа хөтөлдөггүй байх үеийн шилэн дансны байдал

Төрийн өмчид хуваарилагдан Засгийн газрын чиглүүлгээр ажилладаг гэх Тавантолгой түлш компани шилэн дансыг хууль ёсоор мөрдөх, дансаа тайлагнах үүрэгтэй.
Уг асуудалд Тавантолгой түлш компанийн Шилэн данс хариуцсан мэргэжилтэн Ш.Гантулгаас тодруулбал хэрхэн хөтөлдөг тухайгаа тайлбарласан юм.
Тэрбээр “Төрийн өмчит газар дээр үйлдвэрийн ажиллагааг явуулдаг учраас төрийн өмчит үйлдвэрийн газар хэмээн олон нийт андуурдаг. Яг үнэндээ Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компани юм. Харин Шилэн дансны тухай хуулиараа бид таваас дээш сая төгрөгийн жижиг зардлуудаа тайлагнах ёсгүй юм билээ. Үүнийг шилэн дансны 3.1.3 гэх хэсгээс харж болно” гэв.
ШИЛЭН ДАНС ХӨТӨЛНӨ, ХӨТЛӨХГҮЙ ГЭХ ХОЁР ҮНДЭСЛЭЛ НЬ ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ ЮМ
“Нэг талаараа манай байгууллага шилэн данс хөтлөх ёстой мэт харагддаг. Энэ нь тогтолцооны гажуудлаас ийм буруу ойлголт үүсэхэд хүрдэг юм л даа. Сангийн яамнаас манайхыг шилэн данс хөтлөх ёстой гэдэг. Харин хуулийн зохицуулалтаараа хөтлөхгүй байж болох нөхцөлийг бүрдүүлдэг. Уг хуулийн зохицуулалтаа дагаад хөтлөхгүй байхаар оны эцсээр аудит орж ирээд албан шаардлага тавьдаг. Тиймээс л дотор нь юм байхгүй байхад заавал зөвлөх буюу энэ сард хөтөлсөн гэж харагдуулдаг юм. Нэг ёсондоо Сангийн яам, Аудитын газар хоёрын үйл ажиллагааны зөрчилдөөн юм. Гэхдээ бид өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулийн хэм хэмжээнд шилэн дансанд зургаан төрлийн мэдээллээ тогтмол оруулаад явж байна. Бидний бүхий л худалдан авах зардал нээлттэй tender.gov.mn дээр байршдаг” гэлээ.
Харин 2019-2020 онуудад ямар хуулийг мөрдөж шилэн дансыг бөглөдөг байсан юм бэ? гэх асуултад “Бид төрийн өмчит компани мөн үү, бидний хувьцааг төр эзэмшдэг үү гээд эцсийн өмчлөгч нь маргаантай байдаг. Товчхондоо, Сангийн яам манайхыг нээхдээ Төрийн өмчит компанийн дайтай мэдээлэл оруулахаар нээчихсэн. Төрийн өмчит компанид далайцтай том компаниуд байдаг. Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, “Шивээ-Овоо” зэрэг юм. Манайх харин охин компани. “Эрдэнэс Тавантолгой” компани маань өөрөө хувьцаат компани юм. Тал хувийг нь төр эзэмшдэг. Талыг нь иргэд эзэмшдэг.
Сангийн яам бидэнд яагаад тийм эрх нээсэн нь одоо болтол асуудал дагуулсан хэвээрээ байгаа. Шилэн дансыг будаад бүртгэл оруулсан гэж бөглөхгүй бол мэдээ хоцроож хоосон орхисон гэдэг утгаараа Сангийн яамнаас манайд хариуцлага тооцдог” хэмээн хариулсан юм.
Сэтгүүлчийн тэмдэглэл: “Тавантолгой түлш” компани шилэн дансаа 2019-2020 оныг дуустал хөтөлж байв. Харин энэ онд хөтлөхөө больж илүү томоор буюу худалдан авах ажиллагааны тайлан гаргадаг болжээ. Гэсэн ч уг байгууллага Сангийн яам, Аудитын газар, Шилэн дансны тухай хуулийн өөр өөр зохицуулалт дунд хавчигдаж төрийн өмчит компани мөн биш эсэхтээ хүртэл эргэлзэхэд хүрчээ. Эцэст нь төр өөрөө нэгдсэн бодлого үгүй, олон улсын жишиг нэрээр олон эвэртэй бодлогыг дотооддоо шингээснээс болж энэ мэт албан байгууллагууд хавчлагад орж, “зохицуулалт дунд зохицож” ажиллахад хүрдэг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төхк-иуд шилэн лансаа хөтлөх ёстой. Ганбаатараас шаардаач.
Ажлаа олигтойхон хийгээч, бүгдэд нээлттэй шилэн данстай байх ёстой биз дээ
huuli jaram ch gej deee... hend n uilchleed hend ni uilchildeggui yum bee, ajlaa hii. uurgee biyluul
МАНын гаруудын нэг шүү дээ
Idej uusan, nuukh yum ikhtei gazruud l iim yum khiij bgaa shyy dee.