НИЙГЭМУРЛАГЭнтертайнментЯрилцлага

Б.Нацагдорж: Одоо хамтлаг, дуучдын бус өөрийн уран бүтээлд төвлөрч ажиллана

Дуулах, бүжиглэх, хөгжимдөх, хөгжим зохиох, продюсер хийх зэрэг тал бүрийн авьяастай дуучин Наки буюу Б.Нацагдоржтой ярилцлаа. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн. Салбартаа 16 жил идэвхтэй ажилласан бөгөөд Ука /Д.Уламбаяр/ Д.Болд, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Камертон”, “Гурван охин” зэрэг алдартай хамтлаг, дуучдын 100 гаруй уран бүтээл дээр ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч юм. Ингээд түүний уран бүтээл хийгээд амьдралынх нь тухай амттай яриаг хүргэе.

-МИНИЙ ӨНӨӨДРИЙН АМЖИЛТ, ОРШИН БАЙГАА НЬ ЭЦЭГ ЭХИЙН МИНЬ Л ГАВЬЯА-

-Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг Батлут овогтой Нацагдорж гэдэг. Би Монголын хамгийн хүйтэн газар болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Нутагтаа таван нас хүртлээ амьдарч, хотод гэр бүлээрээ нүүж ирсэн.

Цэцэрлэгт байхын л дуу хөгжимд дуртай байсан гэж гэрийнхэн ярьдаг. Ялангуяа найр наадам ч юм уу ямарваа газарт хүний дуулсан дууг нэг сонсоод цээжилчихдэг байсан гэдэг. Тиймээс ч эцэг эх минь тэр чадварыг хараад дууны дугуйланд бүртгүүлсэн.

Тэр хугацаанаас хойш л дуу хөгжим миний амьдралын салшгүй хэсэг болсон гэж боддог. Миний өнөөдрийн амжилт, оршин байгаа нь эцэг эхийн минь л гавьяа. Одоо би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Хөгжмийн найруулагч, зохиолч гэсэн мэргэжилтэй.

-Уран бүтээлч хүмүүс цаг завгүй ажиллах нь элбэг. Таны хувьд гэр бүл, ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Цаг хугацааны хувьд ажлын хуваарь нээлттэй байдаг. Чөлөөт уран бүтээлчийн хамгийн эрхэмлэж явах зүйл нь дуу хөгжимтэй уялдаж амьдрах гэж боддог. Маш гоё хөгжим хийгээд суувал хэдэн цагаар ч хамаагүй суух жишээтэй. Гэвч гэр бүл, амь амьдрал болсон үр хүүхдүүдээ өглөө сургууль, цэцэрлэгт нь хүргэх, өглөөний цай, оройн хоолыг хамтдаа идэх, амралтын өдрүүдэд эхнэр хүүхдүүдийнхээ дуртай зүйлийг хамт хийх зэрэгт цаг гаргаж, хамтдаа байхыг хичээдэг.

-Эхнэртэйгээ хэзээ танилцаж байсан бэ?

-Манай эхнэрийг З.Өлзий гэдэг. Бид хоёр анх 2006 онд танилцаж байлаа. Биенээ мэддэг болсноос дөрвөн жилийн дараа хуримаа хийж, хамт амьдарч эхэлсэн. Энэ жил бидний 10 жилийн ойн баяр тохиож байгаа. Англи хэлний болон бүжгийн багш мэргэжилтэй бүсгүй байдаг.

-АНХНЫ ҮРЭЭ ӨЛГИЙДӨН АВСНААР БИДНИЙ АМЬДРАЛЫН НАНДИН МӨЧҮҮД ЭХЭЛСЭН-

-Өнгөрсөн жил дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авсан, энэ жил хуримын ой тохиож байгаа гээд таны гэр бүлийн хувьд чухал он жилүүд өнгөрч байгаа юм байна?

-Анх ээж, аав болсноос хойш л бидний амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Эхлээд супер романтик зүйлүүдийг хамтдаа хийдэг байсан. Ингээд төд удалгүй анхны үрээ өлгийдөн авснаар бидний амьдралын нандин мөчүүд эхэлсэн. Амьдралыг гүн гүнзгий ойлгож мэдрэх, үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө зүтгэх хөдөлмөрлөх нь хамгийн сайхан зүйл болохыг ойлгуулсан гэх үү дээ.

-Анхны болзоо, учралынхаа тухай дурсаач?

-Биднийг танилцах үед эхнэр минь латин америк бүжгийн хамтлагтай, би дууны дугуйланд явдаг байлаа. Бид оюутан байхдаа анх учирч, танилцаж байсан. Эхнэр минь нэг удаа бүжгийн хамтлагтайгаа хамт гадаад руу урт хугацаагаар тоглолтын ажлаар явах болсон. Тэр үед анх гаргаж өгөхдөө захиа өгч байснаа санадаг. Тэр захианы 50 хувь нь сэтгэлээ илчилсэн. 50 хувь нь ирээдүйнхээ тухай бичсэн байсан.

Тэр мөчөөс хойш хол байсан ч имэйл хаягаар харилцаж, бие биедээ илүү их татагдсан. Хариу захиа ирэхгүй бол "Уahoo messenger”-ээр хэдэн цаг ч хамаагүй хариу ирэхийг хүлээгээд суудаг байлаа. Тэр л бидний нандин дурсамжуудын нэг юм уу даа. Тоглолтоос ирснийх нь дараа албан ёсоор үерхэж эхэлж байсан. Удаан үерхээгүй л дээ. Удалгүй хуримаа хийж, хамтдаа амьдарч эхэлсэн. Ингээд бодохоор бидний хамтын амьдралын 10 жил шуурга мэт хурдан өнгөрсөн байна.

-Хайрлах, дурлах мэдрэмж дуу, уран бүтээлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

-Миний уран бүтээлийн 90 орчим хувь нь хайрын сэдэвтэй. Ерөнхийдөө их романтик хүн юм болов уу.

-ХӨГЖМИЙН НАЙРУУЛАГЧ ХҮН ТӨРӨЛ БҮРИЙН ДУУНЫ УРСГАЛ, ӨНГӨ АЯСЫГ МЭДЭРДЭГ, МЭДДЭГ ХУВЬСАХ ЧАДВАР САЙТАЙ БАЙХ ЧУХАЛ-

-СУИС-ыг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн гэсэн шүү дээ. Ажлын гараагаа хаанаас хэрхэн эхлүүлж байв?

-Оюутан байхдаа хэд хэдэн студид дадлагаар ажиллаж байсан. “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэн ахын дуу бичлэгийн студид ажилласан нь миний хувьд хамгийн том туршлага болж өгсөн. Мөн гавьяат дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound” студид Рагутай хамт хоёр жил дууны инженерээр ажиллаж байлаа. 

Дуучин хүн тайзнаа дуулна. Гэвч миний хувьд хөгжмийн найруулагч мэргэжилтэй учир давхар өөрийн мэргэжлээр ажиллах, туршлага хуримтлуулах нь чухал байсан л даа. Тиймээс ч дуу бичлэгийн студийн талаар мэдлэг, туршлагатай болох үүднээс 2013 онд ‘Ocean Grey” дуу бичлэгийн студийг байгуулж байлаа.

Түүнээс хойш хөндлөнгөөс сонсож байсан олон алдартай хамтлаг, дуучдын уран бүтээлүүдэд ажиллаж эхэлсэн. Хөгжмийн найруулагч хүн төрөл бүрийн дууны урсгал, өнгө аясыг мэдэрдэг, мэддэг хувьсах чадвар сайтай байх ёстой мэт санагддаг. Тиймээс ямарваа хэлбэр, хэв маягт баригдалгүй бүхий л урсгал, улс орнуудын дууны хэв маягийг сонсож, уран бүтээлдээ тодорхой хэмжээгээр шингээж байх ёстой юм шиг.

Англи, Энэтхэг, Турк, Африк гэх мэт бүхий л улс орны соёл, дуу хөгжмийн онцлог ойлгож мэдэрдэг байх нь чухал. Жишээ нь дуучин Эд Шэран /Ed Sheeran/ л гэхэд аялан тоглолт хийж яваад "Perfect” гээд дуугаа зохиосон байгаатай ижил.

-Дуучин хүн давхар хөгжмийн найруулгаа хийхийн давуу тал юу вэ?

-Дуучин хүн зөв дуугаа сонгож дуулах ёстой. Ингэхийн тулд өөрийнхөө хоолойнд ямар ая, хөг тохирох вэ гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Тэр талаасаа хөгжмийн найруулагч дуучин хүний хоолойд нь тохирсон хөгжмийн найруулгыг хийх ёстой л доо. Тийм учраас дуучин өөрийнхөө хоолойнд тохирсон хөгжмийн найруулгаа хийх нь маш том давуу тал юм.

Хөгжим тоглонгоо дууны хөгжим зохиох, найруулах, түүнийгээ дуулах гэдэг хүн бүрт олдохгүй маш том аз завшаан гэж боддог доо. Хөгжмөө тоглоод сууж байхад тайвширч, шинэ уран бүтээлийн онгод ч мөн ордог. Энэ л их гоё кайф, аз жаргал юм.

-МОНГОЛЫН МААНЬ ХОЙЧ ҮЕ БОЛСОН ЗАЛУУС ИЛҮҮ ТОМ ЗОРИЛГЫГ ӨМНӨӨ ТАВЬЖ, АМЖИЛТЫН ОРГИЛД ГАРААСАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА-

-Хүүхдүүддээ, гэргийдээ зориулаад уран бүтээл туурвих бодол байдаг уу?

-Гавьяат дуучин Т.Ариунаагийн “Космик” цомогт багтсан “Космик” хэмээх шинэ уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр 2017 ажилласан. Анх эмэгтэй хүний эрч хүч, халуун дулаан, хайрлагдаж буй мэт хөг аялгуутай дуу хийлгэе гэх санал ирсэн ч, би бодож байгаад охидынхоо ирээдүйг бодсон, ухааруулсан өнгө аястай дууг хийж байсан. Дууны өнгө нь ундарч яваарай, унах үедээ урд зүгээ бүү алдаарай гэсэн утгатай. Энэ дуундаа их хайртай.

-Таны амьдралын цаашдын зорилго, зорилт юу вэ?

-Студийн уран бүтээл гэхээс илүү хувь уран бүтээлчийнхээ хувьд ажиллаж амьдрах, шинэ дуу, цомог дээрээ илүү түлхүү ажиллах бодолтой байгаа. Миний амьдралын нэг чухал шилжилтийн үе ирээд байна л даа. Тиймээс уран бүтээлийнхээ төлөө шаргуу ажиллах бодолтой байгаа.

-Яг энэ мөчид хэнд хандаж, юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Хүний амьдралд зорилго маш чухал. Тийм учраас ирээдүйн зорилгоосоо ухарвал юуг ч бүтээж чадахгүй. Залуу хүнд үргэлж боломж бий. Цаашдаа Монголын маань хойч үе болсон залуус илүү том зорилгыг өмнөө тавьж, амжилтын оргилд гараасай гэж хэлмээр байна. Бид хичээх л юм бол урдаа тавьсан зорилгодоо хүрч чадна. Хамтдаа зүтгэе. Хичээе. "Keep going” л гэж хэлмээр байна даа.

-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд тань баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-14 08:37

Үнэн саак хоолой шүү

Зочин
Зочин
2021-10-14 11:21

Дуучин Накигийн яриа бид нар л мэддэггүй болхоос биш Маргаашийн нарлуу хамт аялах уу, Мартхаасаа өмнө зэргийг хийчихсэн хүн юм байна шдээ

Халтар
Халтар
2021-10-14 13:44

Энэ одоо хэн гэдэг одонцор вэ? З�##�уу хүн шиг байхым �######�уул. Үс сах�##�даа бариглчихсан хаашаа янзын одонцор уу? айнн.бас уран бүтээл гэнэ үү ? Шог гараа тоглодогиймуу?

М
М
2021-10-15 08:01

Сак з�##�уу шүү. Гой хоолойтой

Холбоотой мэдээ

Back to top button