Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: Сөрөг хүчингүй, хуулиа ч уншдаггүй УИХ тарах ёстойгоо баталсан долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт улс төрийн ертөнцөд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ТӨСЛӨӨ УНШДАГГҮЙ ГИШҮҮД

Цар тахлын хүндрэл үргэлжилсээр буй энэ үед хамаг бурууг Засгийн газар л үүрч буй. Гэтэл хамгийн сэтгэлгүй, чадамжгүй, ажил хийдэггүй улс нь УИХ дотор сууж байгааг энэ долоо хоног дахь үйл явдлууд батлав.

УИХ-ын чуулганаар Азийн дэд бүтцийн банкнаас ковидын шугамаар зээл авах эсэх асуудлыг пүрэв гарагт хэлэлцсэн. Гишүүд ямар нөхцөлтэй, ямар дүнтэй зээлийг юунд зарцуулах гэж буйг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд нараас асууж, тодруулах учиртай байв.

Гэтэл тэгсэнгүй, зээлийн хэлэлцээрийг огт уншиж, танилцалгүй орж ирсэн нь харагдсан. Тэд шуудхан л хэлэлцэж буй асуудлыг ковидын нөхцөл байдлын талаарх асуулга болгож хувиргаад, өөр өөрсдийнхөөрөө популизм хийж гарсан. Х.Болорчулуун гишүүн “Вакцин хийж, хөдөө орон нутагт халдвар тараасандаа Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Манай хүү гурав хоног тарваган шийртэй сүү уугаад л эдгэчихлээ” хэмээсэн зэргээр, тэр зүгээр л дур дураараа ярьцгаав.

Ц.Мөнх-Оргил гишүүн “Манай улс энэ банкнаас өмнө нь зээл авч байсан түүх бий юу”, Т.Аюурсайхан гишүүн “Манай Засгийн газрын өр ер нь хэр хэмжээнд очоод байна вэ” зэрэг асуулт асуусан нь л хэлэлцэж буй асуудалдаа багтсан. Бусад нь зүгээр л камерын өмнө хоосон цэцэрхэж, яг ажил хийж буй улсаа улалзуулж байв.

ЧАДАМЖГҮЙ ПАРЛАМЕНТ

Энэ дүр зураг 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд ч анзаарагдсан. Яг төсвийн төслөө сөхөж харсан, тоон дүнгүүдтэйгээ танилцсан хүн тун ховор байв. Намрын чуулган дөнгөж эхэлж байхад УИХ-ын гишүүд ийн хариуцлагагүй хандаж, хэлэлцэх гэж буй хуулийн бөгөөд тогтоолын төслүүдээ ч уншихгүй, гагц камерын өмнө “попроод” болчихно гэж үзэж байгаа нь харамсалтай.

Уг нь тэд ард илүү эрх мэдэлтэй, илүү үүрэг хариуцлагатай улс. Халуун зунаар амарч давхихын оронд л тэд ээлжит бус чуулган хуралдуулж, нүүрс тээвэр, халдварын нөхцөл байдал тэргүүтэн асуудлуудыг хэлэлцэж болох л байв. Юу ч хийгээгүй л билээ.

Дээрээс нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, бүлгээсээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хаслаа гэж мэдэгдсэн нь парламент өөдийн нар үзэхгүй болсныг дахиад батлав. Түүнчлэн цор цор гэж дуугардаг хэдхэн гишүүдийн нэг Ц.Тувааныг АН-аас хөөлөө гэх. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш. Тэнд эсрэг, тэсрэг үзэл санаанууд мөргөлдөж, үүнийгээ хамгаалан мэтгэлцэж байж зөв хууль батлахын төлөөх зарчимтай. Гэтэл АН нь парламентад сөрөг хүчин болох битгий хэл хэдхэн хүний дохиосоор эвлэрч, бутарч байдаг өрөвдмөөр бүтцийн хэмжээнд л очжээ.

УИХ-ын нөхөн сонгуулийн эхний санал хураалт дууссан ч энэ талаар өнгөрөгч долоо хоногт хэн ч ярьсангүй. АН-ын талаас нэг ч удаа “Сонгуулийн санал хураалт шударга бус явагдлаа” гэж дуугарсангүй. Ийм чимээ имээгүй, урьдчилж тохирсон, нэгэнт хүлцсэн байдлаар УИХ-ын сонгуульд орж буйгаас нь л АН-ыг уншиж болно.


Бусдаар энэ долоо хоногт хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө хамгаалж, Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар мэдээлэл хийсэн нь онц үйл явдал болов. Ямартай ч тэд “Мэдээгүй байж байтал УИХ-аар хэлэлцчихлээ” гэж дуугарсангүй. Үндэслэл, зарчмаа тайлбарлаж, нэг талдаа зогслоо. Харин Д.Өнөрболор, П.Анужин нар аль ч утгаар парламентын гишүүн, улс төрийн зүтгэлтэн байж чадахгүйгээ харуулав.

Мөн Шүүхийн тухай хуулийн тодорхой зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хориг буцсан тул ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг томилох процесс үргэлжилж, УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан боллоо. Барын амнаас барсын аманд гэдэг шиг, Шүүхийн тухай хууль Х.Баттулгын араа шүдэнд зуугдаад байсан бол өдгөө У.Хүрэлсүхийн “Би хонгилын түлхүүрийг атгахгүй” гэх мессежтэй улс төрийн хэрэгсэл л болсон. Энэ утгаар процесс шинэ хуулийнхаа дагуу гэрлийн хурдаар л хийгдэх дүр зурагтай.


Хамгийн бүрхэг нь парламент. Гишүүд нь зөвхөн өөрсдийн лоббитой, эрх ашигтай хуулиуд дээр л дуугардаг. Бусад үед нийтийн эрх ашгийн төлөө зүрх сэтгэл нь цохилдоггүй. Ядаж ажил хэрэгчээр хандаж, бичиг цаасаа ч уншдаггүй. Сөрөг хүчний байр суурьгүй, ерөнхий хүрээндээ хайрцаглагдчихсан. Нэг их данхайсан энэ парламент л ирээдүйгүй болж дээ. Явж ирсэн энэ жишгээ 2024 он хүртэл таягдан хаяж эс чадвал Монгол улс төр, нийгмийн амьдралаас төдий хугацаагаар алсарч, хоцорно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-16 10:23

Ард иргэдийг төлөөлөх чадваргүй , нам бүлгийн ашиг сонирхолыг илэрхийлэгч боловсрол мэдлэгээр дулимаг парламент тарах нь зүйтэй. УИХ иргэдийн хур�##� байх ёстой. Нам бүлгээрээ т�##�цаж хоорондоо хэрэлдсээр ,хэрүүлийн дундуур гадныханы ашиг сонирхол шург�##�саар байгаа нь илэрхий болсон. Иргэд хуулиа санаачлан бат�##�ж , төрөө барих ёстой. Нам бүлэг биш шүү.

Зочин
Зочин
2021-10-18 09:34

Ард түмний өмнөөс тар огцор гэхээ болио. Ардчилсан нам өөрийн муудаа улс төрөөс арчигдсан. МАН муу байтлаа саяны нөхөн сонгуульд ялав уу . Гүй ард түмэн дэмжиж байна

Шүр
Шүр
2021-10-18 09:35

Тэнэг хууль өргөн барьсан 4 гишүүдээ огцоруулаач.

Холбоотой мэдээ

Back to top button