СПОРТСурвалжилга, Нийтлэл

Э.Оюунболдын улсын аварга цолыг хураах нь: ЗӨВ VS БУРУУ

Төрийн наадамд түрүүлсэн бөхөөс допинг илэрсэн тохиолдол Монгол Улсын түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй. Гэтэл өнөө жил улсын аварга болсон Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрсэн нь яах аргагүй хачин жигтэй үйл явдал. Түүний аварга цолыг хураах уу, Н.Батсуурьт даян аварга цол нөхөж олгох эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. Допинг илэрсэн бөхийн цолыг хураах хуулийн заалттай. Төдийгөөс өдий хүртэл эл заалтыг мөрдсөөр ирсэн. Улсын цолоо хураалгасан тохиолдол ч цөөнгүй.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.4.2-т “Сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн давааг хүчингүйд тооцон, шинээр олгосон цолыг нь хураана. Цол, чимэг олгох даваанд түүнд унасан бөхчүүдийг тухайн даваанд давсанд тооцож, цолыг нь нөхөж олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасна” гэж тусгажээ.

-ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ НЬ Ц.СОДНОМДОРЖ-

Хуулийн дагуу Э.Оюунболдын цолыг хураах эсэхээс ганцхан Н.Батсуурь даян аварга болох бус Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, аймгийн арслан Н.Мустафа улсын начин болох эсэх шалтгаална. Тэд яах аргагүй амжилт, хөдөлмөрөөрөө хохирсон. Ялангуяа түүнд наймын даваанд унасан Ц.Содномдорж арсланд бүр ч харамсалтай. Энэ хэргийг яаж шийдсэн ч түүнд ашиггүй. Амжилтаараа хохироод үлдэж буй хүчтэн тэр яах аргагүй мөн. Хэрвээ Э.Оюунболд допинг хэрэглээгүй бол улсын наадамд түрүүлэх боломж, нөөц зөвхөн Н.Батсуурь, Ц.Содномдоржид бус бүгдэд нь байсан. Аймгийн арслан Н.Мустафа шуугиулсаар түрүүлэхгүй юм гэхэд улсын цолоо ахиулахыг үгүйсгэх аргагүй. Тамирчны амжилт залуу насных. Бүтэн жилийн хөдөлмөрөөрөөө хохирсон бүх бөхөд харамсалтай байгаа нь мэдээж.

-Э.ОЮУНБОЛДЫН ДОПИНГИЙН АСУУДАЛ ҮАБЗ-ИЙГ ХУРАЛТТАЛ ӨНДРӨӨ АВАВ-

Э.Оюунболдын шээсийг БНСУ-ын лабораторид шинжлэн, допинг хэрэглэснийг нь тогтоочихоод байхад мэлзсээр байгаа нь харамсалтай. Үнэхээр буруу зүйл хийсэн бол гэмээ хүлээн, хариуцлага хүлээх нь чухал. Үндэсний бөхөд допинг “шүдний өвчин” болсоор удаж буй. Нэгэнт хоройтой бэлдмэл хэрэглэж, үндэсний бөхийг шороотой хутгасан Э.Оюунболдыг дөмөгхөн шийтгэвэл бусдад сургамж болох бус уу. Тэгэхгүй зүгээр л толгойг нь илээд өнгөрвөл жинхэнэ алаг үзсэн болно. Допинг хэрэглэсний улмаас цолоо хураалгасан, шийтгүүлсэн бөхчүүдэд юу гэж хэлэх вэ. Аварга цолтныг шийтгэж чадсангүй ээ, илүү том асуудал ундрах гээд байна гэх үү. Э.Оюунболдын допинг хэрэглэсэн асуудал үнэхээр өндрөө авсан, ямар сайндаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хүртэл хэлэлцэхэв дээ. Мөн ч завтай хүмүүс шүү, тэд.

-МОНГОЛ ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙ, Э.ОЮУНБОЛД ОО-

Хэрвээ Э.Оюунболд буруугаа хүлээн, ард түмнээсээ уучлалт гуйсан бол энэ асуудал хурдан шийдэгдэх байлаа. Гэтэл “Миний шээс сольчихож” гээд тас гүрийн тэр ч бүү хэл хуулийн байгууллагад хандсан. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн өнөө үед тамирчны шинжилгээний шээсийг солих боломжгүйг мэргэжилтнүүд онцолсоор байгаа. Одоо тэгвэл яах вэ гэдэг асуулт яах аргагүй урган гарах нь. Хуулийн байгууллагаас энэ асуудлыг шалгасаар байтал нэлээд удна. Шалгаж байна, хэлэлцэж байна гэсээр таг чиг болж ч мэднэ. Монголын үндэсний бөхийн холбоотой асуудал хэрхэн сунчирж, угжирч байгаа билээ. Тэгэхээр Э.Оюунболдын допингтой холбоотой асуудал мөд шийдэгдэхгүй бололтой. Допинг санамсаргүй хэрэглэсэн, бусдад хорлогдсон бол заавал түүнийгээ батлахыг шаарддаг жишиг дэлхийд бий. Тиймээс Э.Оюунболдын сэргээш үнэхээр солигдсон л юм бол түүнийгээ заавал батлах учиртай. Ер нь допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчдаас “Тийм ээ, би хэрэглэсэн” гээд шударгаар хүлээн зөвшөөрсөн нь хуруу дарам. Бүгд л аль болох өөрөөсөө булзааруулж, буруутан болохгүйг хичээн, хөнгөн шийтгүүлэх хамаг л гарцыг эрэлхийлдэг. Ийм зураглал одоо болж буйг үгүйсгэх аргагүй.

Өндөр ёс суртахуунтай сүмо бөхийн тамирчид яадаг билээ. Юун допинг хэрэглэсэн байтугай бусадтай гар зөрүүлэхэд л зодог тайлуулдаг. Үүний тод жишээ нь Д.Дагвадорж аварга. Э.Оюунболдыг улсын наадамд түрүүллээ гээд өөрөөс нь дутахгүй баярлаж, дэмжсэн монгол түмнийхээ итгэлийг уландаа гишгэж байгаа нь харамсалтай. Хамгийн чухал нь үүнээс болж үндэсний бөхийн спортын нэр хүнд хэрхэн унаж, олны итгэл алдарч буйг юугаар ч нөхөх аргагүй. Амжилт гаргахад нь магнайгаа хагартал баярлан, алдаа гаргахад нь түшээд авдаг монгол түмнээсээ уучлалт гуйх ухаан, сэтгэлийн тэнхээ Э.Оюунболдод байгаа гэдэгт итгэлтэй байна.

Э.Оюунболдыг аварга цолыг хураах эсэх талаар хэн юу хэлэв

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн дагуу шийдэх нь зөв

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:

Улсын наадмын өмнө Э.Оюунболдыг допингтой холбож, нэр хүндийг унагана гэж олон удаа сүрдүүлсэн гэсэн. Наадмын дараа “Э.Оюунболд 1.7 тэрбум төгрөгөөр улсын аварга боллоо гэх цуу яриа гарсан шүү дээ. Нэгнийхээ нэр хүндийг унагаахын тулд ийм увайгүй үйлдэл гаргаж, гүтгэснийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Э.Оюунболд өөртөө их итгэлтэй юм билээ. Хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм шиг байна лээ. Би өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх бил үү тав дахьд түүнтэй утсаар холбоо барьсан. Оюунболд “Багш аа шавьдаа итгээрэй” гэсэн. Би шавьдаа итгэж байна. Допинг хэрэглэх шаардлагагүй байгалиас заяасан өгөгдөлтэй хүн шүү дээ. Э.Оюунболд мэдэгдэлдээ ДНК-ийн шинжилгээ өгнө гэж хэлсэн. Тэгээд л В сорьцоо шинжлүүлээгүй юм байлгүй. Нарийн ширийнийг нь би мэдэхгүй. Допингийн шинжилгээ өгсөн бөхийн шээсийг нь солих боломжтой эсэхийг би мэдэхгүй. Хуулийн байгууллага л тогтоох байх” гэв.

Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын аварга цолыг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн барина

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:

Улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэнд харамсаж байна. Э.Оюунболдод ямар шийтгэл ноогдуулах, цолыг нь хураах эсэхийг хүмүүс их сонирхож байна. Юуны түрүүнд Үндэсний бөхийн салбар хороо хуралдан, шийдвэрээ гаргана. Дараа нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан, тодорхой шийдэлд хүрнэ. Тэгснийхээ дараа Э.Оюунболдын цолыг хураах эсэхээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хүргүүлнэ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос холион бантан хутгасан, андуурсан юм байхгүй. Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих ямар ч боломжгүй. Хэрвээ болдог сон бол допингийн шинжилгээг улсын наадмын өмнө авмаар байна. Гэтэл 512, 1024 бөхөөс шинжилгээ авах зардал өндөртэй. Одоо 16 бөхийн шинжилгээний хариуг зарлах гэж хэр удаж байгаа билээ. Олон улсын жишиг ч тийм байдаг, тухайн тэмцээний дараа тамирчнаас допингийн шинжилгээ авдаг. Тэгэхээр энэ бол бөхчүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал.

З.Энхболд: Энэ асуудал 2-3 жилийн дараа л шийдэгдэнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

Одоогоор энэ талаар Ерөнхийлөгчид ямар нэг албан бичиг ирээгүй, хүсэлт тавиагүй байна. Э.Оюунболдын цолыг хураах эсэх асуудал  амар шийдэгдэхгүй. Яагаад гэвэл өмнөх парактикаас харахад шүүхээр явж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол Ерөнхийлөгчийн Тамгын газарт ханддаг. Тэгснийх нь дараа л бусад бөхөд цол нөхөж олгох эсэх тухай хэлэлцэх боломжтой. Өнөөдөр цол хураах бичиг ирээд, маргааш цолыг нь хураачихгүй. Маш удаан хугацаанд шийдэгддэг асуудал юм билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед гаргасан гомдол бүр сүүлд шийдэгдсэн жишээ бий. Түүнээс харахад Э.Оюунболдын допингтой холбоотой асуудал баталгаатай 2-3 жилийн дараа л шийдэгдэнэ. Үндэсний бөх олимпын бус спортын төрөл. Гэтэл олимпын спортын төрөлд тавьдаг допингийн хяналтыг яагаад үндэсний бөхөд тавиад байгаа юм бэ гэж зарим хүн гайхдаг. Иймэрхүү асуудлаа МҮБХ өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүндрэлтэй байна.

Бид энэ талаар улсын том цолтой зургаан бөхөөс байр суурийг нь сонирхоход ярилцлага өгөхөөс эрс татгалзсан юм. Тэд бүгд л “Энэ талаар ярьмааргүй байна. Хуулийн дагуу шийдэх байлгүй. Допингийн асуудалд холбогдон, сандарч явахад нь зөв, буруу гэж улам дэвсээд яах вэ. Тэгвэл жинхэнэ жудаггүй зан гаргасан болно. Юу ч гэсэн тодорхой шийдвэр гарахыг хүлээе. Тэгснийх нь дараа л байр сууриа тодорхой илэрхийлье” гэсэн юм.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэнэгүүдэд
Тэнэгүүдэд
8 сар 30, 2019 15:19

Энэ тэнэг бөхчүүдийг битгий үз. Худ�##�ч хуурамч барилдаж боллоо. Энэ А.Сүхбатаас эхэлсэн. Өндөр шан харамж өгөхөө боль бас бүдүүн ш�##�хайсан бөхчүүдийн барилдааныг бүү үз. Зүгээр л новшнууд бүгд хэрэглэж байгаа сэргээшийг

Зочин
Зочин
8 сар 30, 2019 17:34

Дэлхийн жишгийг дагая. Тэд шууд хэрэглэсэн гэж үздэг.

Иргэн
Иргэн
8 сар 31, 2019 22:17

Муу з�##�илангийн сбагийн цолыг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн татах ёстой

Холбоотой мэдээ

Back to top button