НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Ашиггүй, үйлчлүүлэгчгүй байгаа ч ажилчдаа ажилтай, цалинтай байлгахын тулд л нээлээ”

 -“Захиалсан хоолоо хүлээж суутал 15 минут болчихлоо. Амьдралаас тасархай ийм шаардлага тавихаа болиосой”-

-Уучлаарай, нэг ширээнд нэг л хүн суулгах зөвлөмж ЭМЯ-наас өгсөн. Та бүхэн нэг, нэгээрээ сууна уу.

-Юу яриад байгаа юм бэ. Би эхнэр, хүүхэдтэйгээ хамт танайд хоол идэх гэж зорьж ирлээ. Тэгээд нэг, нэгээрээ суух юм гэнэ. Битгий сонин юм яриад бай.

-ЭМЯ-наас тэгж суухыг зөвлөсөн. Бид зөвлөмжийг нь дагах үүрэгтэй.

-Хэдэн сар ажилгүй байчихаад үйлчлүүлэгч орж ирсэнд баярлаад дуугүй бай. Юун ч олон үгтэй юм бэ дээ. Хэрвээ нэг, нэгээрээ суухгүй гэвэл биднийг хөөгөөд гаргах уу. Хөл хорионд, хаалттай байж байхдаа таарсан газар вэ, яасан.

-Халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь таны үүрэг шүү дээ.

-Зам дагуух газруудад хүмүүс олуулаа суугаад үйлчлүүлж байна лээ. Танайхаар заавал үйлчлүүлэх албатай юм уу. Явъя, гурвуулаа.

Нэгэн цайны газар үйлчлүүлэхээр орж ирсэн гэр бүл ингэж уурлаад гарч одов. Зөөгч тэдэнд ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу зохих ёсны шаардлага тавьсныхаа төлөө загнуулан, үйлчлүүлэгчээ “алдсан” нь энэ.

Улаанбаатар хотод өчигдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хориог цуцлан, зарим салбарыг үйл ажиллагааг нээсэн. Засгийн газар, УОК-оос хөл хориог цуцалсныгаа “Аж ахуйн нэгжийг санхүүгийн хямралаас гаргах, иргэдийг ажилтай, орлоготой байлгахын тулд ийм шийдвэр гаргалаа” гэж тодотгосон. Үнэхээр хөл хориог цуцалснаар бүх аж ахуйн нэгжид нэмэр болж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж олгож, дөмөгхөн шийдэл болж байгаа юу. Нөгөө талаар ресторан, цайны газар, кофе шопууд нэг ширээнд нэг хүн суулгах, 15 минутийн дотор үйлчлэх зөвлөмжийг биелүүлж байна уу. Бид энэ удаагийн сурвалжилгаараа эдгээрийг тойрсон асуудлыг хөндлөө.  

Д.ТҮВШИНЖАРГАЛ: ЦАЙНЫ ЦАГААР Л ГАНЦ НЭГ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛСНИЙГ ЭС ТООЦВОЛ ӨДӨРЖИН ХООСОН БАЙЛАА

Бидний эхний орсон газар бол “Потала зоог”. Тус зоогийн газар ширээ бүрийн ард нэг сандал тавин, бүгдийг нь хөшгөөр тусгаарлажээ. Халдвараас сэргийлэх нөгөө талаар амьхандаа нэг ширээнд нэг л хүн суулгахын тулд. Гэвч олуулаа орж ирсэн иргэд тухайн газрын шаардлагыг биелүүлэхгүй, нөгөө ширээнүүдээс сандал зөөж авч ирээд бөөндөө сууж буйг тэд учирлав. “Потала зоог”-ийн эзэн Д.Түвшинжаргалтай бид цөөн хором ярилцав.

-Хөл хориог цуцлах шийдвэр бямба гарагт гарсан. Тэгснийх нь дараа ингэж ширээ бүрээ хөшгөөр тусгаарласан юм уу?

-Арванхоёрдугаар сард хөл хориог цуцлаад, зарим аж ахуйн нэгжийг хэд хоног ажиллуулсан шүү дээ. Тэгэхэд нь бид зоогийн газраа ингэж тохижуулсан юм. Ер нь яаж тусгаарлавал зүгээр вэ гэж нэлээд бодсон. Санхүүд төсөр, илүү үр дүнтэй байж магад гээд ингэж тохижуулсан юм.  

-Танайх өнөөдөр (өчигдөр) үйл ажиллагаагаа дахин нээлээ. Цар тахлын үед үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байна вэ?

-Ерөөсөө үйлчлүүлэгчгүйгээс ялгаа алга. Цайны цагаар ганц нэг хүн орж ирснийг эс тооцвол өнөөдөржин хоосон байлаа. Өглөөнөөс хойш 14.00 цаг хүртэл бараг үйлчлүүлэгч орж ирээгүй. “Дэмий нээж дээ” гэж хүртэл бодогдсон шүү. Хаалгаа нээнгүүт түрээс тооцогдож байгаа. Хөл хориог цуцалсан, манай салбарыг нээсэн юм чинь юу ч гэсэн ажиллаад үзье гэж бодлоо. Манай газрын зарим ажилтан “Халдвар авчхаж магадгүй” гээд ажиллахгүй байгаа. Тэгээд би өөрөө хамаг юмаа хийж байна.

ӨМНӨ НЬ НЭЭГЭЭД ГЭНЭТ ХААХАД САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН

-Өмнө нь арванхоёрдугаар сард нээгээд, буцаан хаасан. УОК-ын гэнэтийн шийдвэр таны бизнест нөлөөлж байна уу?

-Нөлөөлөлгүй яах вэ. Өмнө нь нээхдээ гэнэт хөл хорио тогтоогоод, хаачихсан шүү дээ. Бид огт мэдээгүй, бэлтгэлгүй байсан болохоор баахан бүтээгдэхүүн муудсан. “Удахгүй нээчих байх” гэж нэлээд харсан.

-Тухайн үед хэдэн төгрөгийн алдагдал хүлээсэн бэ?

-Лав нэг сая гаруй төгрөгийн алдагдалд орсон шүү. Хөргөгчинд багтаагүй нь тэгээд л муудсан шүү дээ. УОК, төр засгийн гэнэтийн шийдвэр бидний бизнест их сөргөөр нөлөөлж байна. Би лав сая Улаанбаатарт тэг зогсолт хийх байх гэж бодож байсан юм. Хүмүүс ч тэгж ярьж байсан. Тэг зогсолт хийж байгаад халдварын голомтыг хумих болов уу гэж таамаглаж байтал эсрэгээр нь цуцлаад, зарим салбарыг нээлээ.

-Одоо ч мөн гэнэт хөл хорио тогтоож магадгүй гэх болгоомжлол байгаа нь мэдээж. Үүнийг хэр сайн тооцоолов?

-Өмнө нь хаширсан болохоор сайтар тооцоололгүй яах вэ.

ИРГЭД ХАЛДВАР АВАХААС АЙГААД ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

-Хөл хорио цуцлан, танай салбарын үйл ажиллагааг нээсэн нь танай бизнесийг дэмжсэн, санхүүгийн хямралаас гарах хэмжээний бодит шийдэл болж чадсан уу?

-Чадаагүй. Санхүүгийн хямралаас гарах, ашиг олох хэмжээнд нөлөөлөхгүй. Улаанбаатарт халдвар их тархсан, цар тахалтай байгаа болохоор иргэд коронавирус тусах эрсдэлээс айгаад үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байна. Тэр нь ч аргагүй. Би ч гэсэн энд ажиллаж байгаад халдвар авахаас эмээж байна. Хэдэн хүүхэддээ коронавирус халдаавал ёстой баларсан юм болно. Тиймээс халдвар, хамгааллын дэглэмээ аль болох сайн баримтлан ажиллаж байна. Үүний сацуу үйлчлүүлэгчдийн маань аюулгүй байдал чухал. Тиймээс ширээ бүрээ ингэж тусгаарлан, нэг ширээний ард нэг сандал тавьсан юм.

-Нэг ширээнд нэг хүн суух шаардлагыг иргэд хэр сайн биелүүлж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд энэ л ёстой асуудал болчихоод байна. Шаардлага тавихаар үйлчлүүлэгчид огт тоодоггүй. Өөр ширээний сандлыг авч ирээд, бөөнөөрөө суучихдаг. Өглөөнөөс хойш хүн бүхэнд шаардлага тавиад одоо бүр цөхрөөд сууж байна.

ЯАЖ Ч БОДСОН 15 МИНУТИЙН ДОТОР ҮЙЛЧЛҮҮЛЖ АМЖИХГҮЙ

-УОК, ЭМЯ-наас “Нэг ширээнд нэг хүн суух, 15 минутийн дотор үйлчлүүлэх” зэрэг шаардлага тавьж байгаа. Хэрэгжих хэр боломжтой вэ?

-Яаж ч бодсон хэрэгжих боломжгүй. Гэр бүлийн хоёр хүн орж ирлээ гэхэд бидний шаардлагын дагуу хоёр ширээнд нэг, нэгээрээ суух уу. Хоёроос олон хүн дундаа хоол авбал яах вэ. Бид хоолоо аль болох богино хугацаанд бэлтгэдэг. Тэгсэн ч тухайн хүн 15 минутийн дотор үйлчлүүлж амжихгүй.

-Танай хамгийн богино хугацаанд бэлтгэдэг хоол хэдэн минут болдог вэ?

-Долоон минут.

АЖИЛЧДАА Л АЖИЛТАЙ, ЦАЛИНТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

-Дахин хөл хорио тогтоотол ажиллахад та бүхэн ашиг олж амжих уу?

-Ашиг олох боломж, бололцоо ер харагдахгүй байгаа. Ашиггүй, үйлчлүүлэгчгүй байхыг би угаасаа мэдэж байсан. Цар тахалтай үед иргэд халдвар авахаас айгаад, үйлчлүүлэхгүйг би мэдэж байсан, тооцоолсон. Тэгсэн ч ажилчдынхаа цалинг тавихын тулд аргагүйн эрхэнд нээлээ. Ашиггүй ч хамаагүй орлогоороо ажилчдынхаа цалинг тавья, ажилчдаа ажилтай, орлоготой байлгая гэж бодож сууна. Түүнээс биш тэдэн төгрөгийн ашиг олъё гэх бодол огт алга.

Манай ажилчид дан залуу хүмүүс. Элдэв нийгмийн халамж, тэтгэвэр авдаггүй. Цалингаас өөр орлогогүй. Тэгэхээр би л зоогийн газраа нээхгүй бол манайхан орлогогүй гэсэн юм.

Манайд энгийн үед 12-13 хүн ажилладаг. Өнөөдөр зургаан хүн ажиллаж байна. Зарим ажилтан маань хөл хорио тогтоосны дараа хөдөө явсан. Сая нээхээр болонгуут дуудаагүй. Угаасаа удахгүй дахиад хөл хорио тогтоохоос цааш тэгж ажил удаад яах вэ.

Ажилчдаа л ажилтай, цалинтай байлгая гэхээс өөр зүйл бодох сөхөө алга. Банкны зээл, түрээсийн мөнгө бүр талийсан шүү дээ.

-Танайх түрээсээ төлөөгүй хэр удаж байгаа вэ?

-Сүүлийн гурван сарын түрээсээ төлөөгүй. Одоо дөрөв дэх сар руугаа орж байна.

Цар тахал үнэндээ манай бизнесийг туйлдуулж байна. Санхүүгийн хувьд дампуураад, дампуураад хасахын хасах болсон шүү дээ. За, яах вэ эрүүл л байвал тэгээд болно доо. Ингэж бодож л өөрийгөө тайвшруулж сууна.

“ГОЁ ХУУШУУР”: ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧГҮЙ, ХОВ ХООСОН БАЙНА

Үүний дараа бид “Гоё хуушуур”-аар оров. Биднийг ороход тэднийх үйлчлүүлэгчгүй байв. Тус цайны газрын эзэн Н.Мөнхчимэгтэй ярилцлаа.

-Өглөөнөөс хойш ийм байдалтай байгаа юу. Үйлчлүүлэгч хэр байна вэ?

-Манайх энд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Энэ хавийнхан манайхыг андахгүй. Байнгын үйлчлүүлэгчтэй. Хөл хориог цуцлахад энэ хавийн ихэнх газрын үйл ажиллагааг нээгээгүй. Нээсэн салбаруудад нь багтаагүй юм л даа. Тэгээд байнгын үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх боломжгүй байна.

Одоо ингээд үйлчлүүлэгчгүй, хов хоосон сууж байна. Хөл хориог цуцлаад, дахиад тогтоогоод байхаар ёстой хэцүү юм. Гэнэт л хөл хорио тогтоолоо гэхээр бэлтгэсэн төмс, ногоо, түүхий эдээ яах вэ гэдэг асуудал гардаг. Хөргөгчинд багтаагүй нь мууддаг. Өмнө нь юмыг яаж мэдэх вэ гээд бага бүтээгдэхүүн авсан ч алдагдал хүлээсэн.

ЦАЛИНГААС ӨӨР ОРЛОГОГҮЙ АЖИЛЧДАА Л БОДСОНДОО НЭЭЛЭЭ

-Өмнө нь хөл хориог цуцлахад ашигтай ажиллаж чадсан уу?

-Ажилчдынхаа цалинг өгөөд л таарсан. Түрээсээ ч төлж чадаагүй. Энэ удаа үнэнийг хэлэхэд нээмээргүй л байлаа. Хэд хоногийн дараа буцаагаад хаах нь тодорхой. Ашигтай ажиллах магадлал тун бага. Халдвар авахаас айгаад хүмүүс үйлчлүүлэхгүй байна. Үүдээ нээнгүүт түрээсийн мөнгө нэхэгдэнэ. Манайх өмнөх хөл хориог нээхэд есөн хоног ажилласныхаа түрээсийг төлөөгүй байгаа. Өмнөхөө өгөөгүй байхад дахиад л түрээсийн төлбөр нэмэгдэнэ. Хэдий тийм ч “Хэзээ нээх вэ. Ажилдаа хэзээ очих вэ” гээд өдөр бүхэн шахам асуудаг ажилчдаа л бодсондоо нээлээ.

АРВАННЭГДҮГЭЭР САРААС ХОЙШ АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА

-Ашиггүй хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Арваннэгдүгээр сараас хойш ашиг гэдэг зүйлийг мартсан. Одоо хөл хориог дахиад тогтоовол бид үнэхээр хүнд байдалд ордог. Эмзэг бүлгийн өрхүүд төрөөс халамж авдаг. Ахмад настай хүмүүс тэтгэврээрээ хүнсээ цуглуулчихна. Чинээлэг хүмүүс хөл хорионы үед хадгаламж дахь мөнгөө хэрэглээд амьдарч болж байна. Яг бидний үеийнхэн, дунд эргэм насны хүмүүс төрийн ямар ч дэмжлэг, халамжаас хүртэж чаддаггүй.

-Энд ажилласан өдрийнхөө тоогоор түрээс төлж байгаа юу?

-Тийм ээ. Сард гурван сая төгрөгийн түрээс төлдөг. Өдөрт 100.000 төгрөг түрээсэнд өгдөг гэсэн үг.

-УОК, ЭМЯ-наас “Нэг ширээнд нэг хүн сууна, 15 минутийн дотор үйлчилнэ” гэсэн. Энэ зөвлөмж, шаардлагыг мөрдөх боломжтой юу. Хоол хэдэн минутад бэлэн болох вэ, хэр хугацаанд идэх вэ гэдэг асуулт урган гарна.

-Боломжгүй. Манайх хоолныхоо бэлдцийг огт урьдчилж бэлтгэдэггүй. Захиалгын дагуу бүх зүйлийг нь шинээр хийж өгдөг. Хамгийн богино хугацаанд бэлэн болдог хоол бол өндөгтэй хуурга. Гэхдээ лав хийхэд 10 минут зарцуулдаг. Тэгээд л бодоод үзэхгүй юү. Тухайн үйлчлүүлэгч захиалгаа өгнө, халуун хоолыг тийм хурдан идэхэд бэрх. Нэг хүн хамгийн хурдандаа 25 минут үйлчлүүлдэг.

-Цаашид Засгийн газар, УОК аж ахуйн нэгжид чиглэсэн ямар бодлого, чиглэл баримтлаасай гэж хүсэж байна вэ?

-Төр засаг юм хийж байна аа, муулаад яах вэ. Цахилгааны төлбөрийг хөнгөллөө. Их л нэмэр болж байна. Засгийн газар, УОК эргэж буцсан шийдвэр л гаргамааргүй байна. Нээвэл бүгдийг нь нээмээр байна. Тэгэхгүй болохоор ингээд ямар ч үйлчлүүлэгчгүй, байнгын үйлчлүүлэгчдийн маань ажил нээгдээгүй сууж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ АЛДАХААС ЭМЭЭГЭЭД НЭГ ШИРЭЭНД НЭГ ХҮН СУУХ ШААРДЛАГА ТАВИХГҮЙ БАЙНА

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд үйлчилгээний газрууд нэг ширээнд нэг хүн суулгах зөвлөмжийг ЭМЯ-наас өгч, үүнийг ягштал мөрдөхийг сануулж буй. Бид хэд хэдэн ресторан, үйлчилгээний газраар ороход энэ шаардлагыг огт биелүүлэхгүй байгаа нь анзаарагдав. Хоёроос олон хүн орж ирэхэд нэг, нэгээрээ суухыг сануулж, шаардлага тавихгүй байлаа. Нөгөө талаар тэгж сануулаад үйлчлүүлэгчээ алдахаас эмээж буй нь илт. Сануулсан ч иргэд ер тоохгүй байгаа тохиолдолтой хэд хэдэн удаа таарав. Яг сурвалжилгын эхэнд дурдсан шиг нөхцөл байдал тэнд өрнөсөн юм.

“ЗАХИАЛСАН ХООЛ ИРЭХЭЭС ӨМНӨ 15 МИНУТ БОЛЧИХЛОО. ГАРЧИХААД ОРООД ИРЬЕ”

Иргэдийн ихээхэн гайхаж, сонирхож буй шаардлагуудын нэг нь “Нэг хүнд 15 минутийн дотор үйлчлэх”. ЭМЯ-ныхан мэдээж нэлээд судалж байгаад ийм зөвлөмж өгсөн нь лавтай. Энэ шаардлага бодит амьдрал дээр хэрэгжих хэр боломжтой вэ. Уншигч та өөр дээрээ жишээ аваад нэг бодоод үзээрэй. Биднийг сурвалжилж явахад нэг ч газар “15 минут”-ийн шаардлага тавьсангүй. Хоолоо идэж дуусгаагүй байтал “За, 15 минут болчихлоо. Та гарна уу” гэж танд хэлбэл хэрхэн хүлээж авах вэ. Үнэндээ амьдралаас хэтэрхий тасархай, хэрэгжих боломжгүй шаардлага болохыг үйлчилгээний газрууд, үйлчлүүлэгчид учирлаж байв.

Бид Их дэлгүүрийн урд байрлах “Зочин бууз”-аар оров. Тэнд таван үйлчлүүлэгч байлаа. Бүгд хоёр, гурваараа суужээ. Баянгол дүүргийн иргэн Н.Цэцэгсүрэнгээс 15 минутийн дотор үйлчлүүлж амжиж буй эсэхийг нь тодруулахад “Яаж ч бодсон тэгэх боломжгүй. Би эхлээд хоолны цэс хараад, хоолоо захиалахад лав багадаа гурван минут болсон. За, тэгээд захиалсан хоолыг хийхэд 10 минут. Халуун хоолыг хоёрхон минутад идэж амжих уу. Горойхгүйн тулд хажуугаар нь халуун цай ууна. ЭМЯ-ны зөвлөмжийг биелүүлж байна гээд амаа түлэлтэй нь биш. Ийм амьдралаас тасархай, хэрэгжих боломжгүй шийдвэр гаргадгаа төр засаг болиосой” гэв.

Түүний яриаг сонсон, хажууд нь сууж байсан хоёр иргэн “Энэ ширээнд гурвуулаа хамт суугаад өнөөх журмыг нь зөрччихлөө. Гурван хүний порцоор, дундаа шарсан мах авсан болохоор яалтай билээ. Хөөе, орж ирээд 15 минут болчихож. Захиалсан хоол ирээ ч үгүй байдаг, одоо яана аа. Гарчихаад ороод ирэх үү. Гаднаас дахиад орж ирсэн юм чинь 15 минут сунах байх” гээд инээв. Хэдийгээр тэд тоглоом наргиа болгоод өнгөрсөн ч бодит байдал үнэндээ ийм л байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-01-12 10:48

2 сар хоосон баысан мөн энэ х�##�дар цар тахлын үед цайны газраар орлх хүн бараг байхгүй. Хаанаар х�##�дварласанмнь тодорхоыгүй хэд хэдэн гомомт байна. Мөн БГД-н хоёр хорооны иргэдээс х�##�двар илэрсэн тэдний хол ойрын хавьт�##�уудаас 3дахь 4дөх шинжилгээгээс нь илэрвэл яах вэ? Гану энэ ч биш өөр олон газруудаас дэгдэх эрсдэл асар өндөр.

Зочин
Зочин
2021-01-12 21:17

Restaurant, hoolnii gazar, kafe haldvar tarhah magadlal mash undur, ersdeltei iim gazruudiig yah gej needeg bainaa, ugaasaa hun ch barag orohgui shd. Bi jiriin uyed 7 honogiin 5 udur gaduur hoolnii gazraar hoollood yavdag bailaa, odoo iim tsar tahaltai uyed amindaa hairtaim bolohoor 100% gertee hiij idej baigaa tiimees ediin zasagt mash hemnelttei baina

zochin
zochin
2021-01-12 22:08

ha ha ha kkkk

Зочин
Зочин
2021-01-13 00:27

Пот�##�а-н хоол хог болцон байн�##�ээ. Сүүлд намар 1 орсон. Хоолныхоо мөнгийг төлчөөд идэлгүй гарсандаа

Зочин
Зочин
2021-01-13 06:46

Хоолны газруудаа хаах хэрэгтэй. Аяга таваг х�##�бага сэрэээс гадна агаарын солилцоо муутай тул маш эрсдэлтэй

Зочин
Зочин
2021-01-13 13:25

Эргүү юмнууд юу бодож дундаа хоол захи�##�даг бнаа

zochin
zochin
2021-01-15 10:17

potala zun hooln amtgui bsan, saijruulsanu, yern tgd hooloo paket.laad avaad yavsan n hen hendee deerdee.

Зочин
Зочин
2021-01-16 23:18

бөх маань их өлсөж байгаан байна.

Холбоотой мэдээ

Back to top button