Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “60-70 хувь буурсан борлуулалтаа сэргээн, хөл дээрээ босоход багадаа нэг жил шаардлагатай”

-Дахин хөл хорихгүй гэсэн нь хөл дээрээ босох том боломж бидэнд олголоо-

“Бид өнгөрсөн хугацаанд иргэдээ халдвар авчих вий гэж хэтэрхий их анхаарал хандуулаад, эдийн засгаа эрсдэлд оруулсан. Одооноос эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжээ дэмжихийн тулд цар тахалтай дасан зохицож бус амьдарна” гэсэн шинэ Засгийн газар Нийслэлд тогтоосон хөл хориог өчигдөр тавилаа. Ингэснээр аж ахуйн нэгжийн 95 хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн юм. Иргэд ч мөн цагдсан, хорьсон бус цар тахлын өмнөх хэвийн амьдралдаа эргэн орж, вакцинжуулалт эхэлсэн гээд нэлээд бужигнасан өдөр өчигдөр өнгөрлөө.

Хөл хорио тавигдсан, Улаанбаатар “нойр”-ноосоо сэрсэн өдөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ямар байгааг бид сурвалжиллаа.

Бидний эхний очсон газар бол “Internom”. Өнгөрсөн хугацаанд номыг соёлын бараа гэж үзэн нээгээгүй. Нэгдүгээр сарын эхээр хэдхэн хоног ажиллуулсныг эс тооцвол номын дэлгүүрүүдийн үйл ажиллагаа арваннэгдүгээр сараас хойш нам зогсоод байсан юм. Бидний очиход 10 гаруй хүн үйлчлүүлж байв.

Г.АМГАЛАН: ДАХИАД ХӨЛ ХОРИХГҮЙ БАЙХ Л ИХ ЧУХАЛ БАЙНА

Тэдний нэг Г.Анар “Шинээр ямар ном хэвлэгдэн гарсныг сонирхоод явж байна. Яг тийм ном авъя гэж ирээгүй. Яах вэ, таалагдсан ном таарвал авна. Манай ажил цар тахлын улмаас үүдээ барьсан. Одоо ажил хайгаад ч нэмэргүй байх. Хөл хорионы үеэр гэртээ их уйдлаа. Эднийх үйлчлүүлэгчдээ QR код сайн уншуулж, халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлуулж байна.

Би одоо нэг дэлгүүр ажиллуулж байгаа. Хэдий болтол хөл хорьж, иргэдээ гэрт нь бүгүүлэх вэ дээ. Эртхэн л ингэх байсан юм. Тэгсэн бол өдийд бүр дасчихсан байгаа. Харин ч их цаг алдлаа. Одоо дахиж хөл хорихгүй байх л чухал байна” гэлээ.

С.ХЭРЛЭН: ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЦАР ТАХАЛТАЙ ДАСАН ЗОХИЦОХ ЗАМААР ААН, ИРГЭДЭЭ ДЭМЖИЖ БУЙ НЬ ТААЛАГДЛАА

Мөн иргэн С.Хэрлэн “Хүүхэддээ үлгэрийн ном сонирхоод явж байна. Хоёр, гурван ном авах санаатай. Хүүхдийн хөгжил, төлөвшилд ном их чухал. Номын дэлгүүрийг нээсэнд баяртай байна. Одоо дахиад битгий хаачихаасай. Шинэ Засгийн газар цар тахалтай дасан зохицох замаар аж ахуй нэгж, иргэдээ дэмжиж байгаа нь таалагдаж байна” гэлээ.

Э.МӨНХЗАГАР: ЦАР ТАХЛЫН УЛМААС МАНАЙ ДЭЛГҮҮРИЙН БОРЛУУЛАЛТ 60-70 ХУВЬ БУУРСАН

Бид “Internom” дэлгүүрийн маркетингийн менежер Э.Мөнхзагартай цөөн хором ярилцлаа.

-Цар тахлын улмаас олон сарын дараа үүдээ нээлээ. Хүндрэл бэрхшээл, ачаалал хэр байна вэ?

-Ерөнхийдөө хүндрэл, бэрхшээл харьцангуй гайгүй байна. Ачаалал алга. Ном бол хүний хоёр, гурав дахь хэрэглээ. Цалин нь буухад хүн эхлээд хүнсний бүтээгдэхүүнээ, ойрын хэрэглээний юмаа авдаг, цуглуулдаг. Хүн өдөр бүхэн дэлгүүрээс талх авч, хүнсэндээ хэрэглэдэг. Гэхдээ номыг тэгж авдаггүй. Өнөөдөр хөл хорио тавигдлаа. Номын дэлгүүрээс бусад дэлгүүрт бужигнаж байгаа байх.

УОК-оос өгч буй халдвар, хамгааллын дэглэмийг ягштал мөрдөн, халдваргүйтгэл хийн, үйлчлүүлэгчдийг QR код тогтмол уншуулж байгаа. Иргэдэд аль болох шуурхай үйлчлэхийг эрхэмлэж байна.

-Одоо 13.00 цаг болж байна. Өглөөнөөс хойш хэдэн хүн үйлчлүүлээд байна вэ?

-Ер нь үйлчлүүлэгч цөөнтэй байна. Тоог нь яг тэд гээд барагцаалж хэлэх боломжгүй. Ихэнх үйлчлүүлэгч ном авах бус сонирхохын тулд үйлчлүүлж байгаа нь анзаарагдлаа.

-Өнөөдөр “Интерном” бүх салбараа нээсэн үү?

-Тэгсэн. Өмнө нь хөл хорио тавигдахад хоёр салбараа хэсэг хугацаанд ажиллуулсан. Одоо манай 11 салбар бүгд, internom.mn мөн ажиллаж байгаа.

ЭРГЭЭД ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХОД БАГАДАА НЭГ ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

-Онлайн борлуулалт хэр байгаа вэ?

-Хөл хорио анх тавигдахад хүмүүс ном их захиалсан. Гэнэт хөл хорьсон тул юу хийх, яахаа сайн төлөвлөж амжаагүй байсан байх. Харин дараа дараагийн хөл хорио тавигдахад иргэд өмнөхөөсөө хамаагүй дассан, онлайнаар ном захиалах нь мэдэгдэхүйц буурсан. Ер нь хөл хорионы үед иргэд эрсдэлээс сэргийлээд онлайнаар ном захиалан авах нь хавьгүй багассан. Онлайн захиалга иргэдийн хандлагаас их шалтгаалдаг. Зарим хүн өөрийн биеэр үзэж, сонирхож байгаад ном гэлтгүй бусад бүтээгдэхүүн, барааг авах сонирхолтой байдаг шүү дээ.

-Тэгэхээр хэсэг хугацаанд хоёр салбараа түр нээснийг эс тооцвол 11 сараас хойш танай үйл ажиллагаа нам зогсоод байж. Одоогоор танай борлуулалт хэдэн хувиар буураад байгаа вэ?

-Өмнөх хөл хориотой харьцуулахад лав 60-70 хувь буурсан. 11 салбарт үйл ажиллагаа явуулах, энэ олон хүнийг ажиллуулах амаргүй. Дахиад хөл хорио тогтоохгүй байх их чухал байна. Тэгж байж л манайх төдийгүй бусад аж ахуй нэгж хөл дээрээ эргэн босох боломж бүрдэнэ.

Номын салбар их өвөрмөц бизнес. Номын дэлгүүр тухайн зохиогчийн номоос 21-30 хувийн шимтгэл авч, үйл ажиллагаа явуулдаг. 21-30 хувийн шимтгэлийн 10 хувийг нь татварт төлдөг. Тэгээд дэлгүүрийн урсгал зардал, цахилгаан дулааны мөнгө, ажилчдынхаа цалинг тавина. Тэгэхээр 10.000 төгрөгний үнэтэй номоос 2000 нь л ажилчдын цалин, урсгал зардалд нэмэр болдог гэсэн үг. Хүмүүс ном худалдаад, айхтар их ашиг олдог гэж андуурдаг юм билээ. Номын дэлгүүрүүд ажилчдаа ажилтай, цалинтай байлгахаас гадна зохиолчдыг тодорхой орлоготой байлгадаг.

-Тэгэхээр дахин хөл хорио тогтоохгүй, танай үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чухал юм байна. Ер нь танайх эргээд хөл дээрээ босоход хэр хугацаа шаардлагатай вэ?

-Мэдээж амархан сэргэхгүй байх. Багадаа нэг жил шаардлагатай. Өмнөхөөсөө илүү их хичээл, зүтгэл биднээс шаардана. Дэлхийн бусад орны жишгийг харахад номын дэлгүүрээ хамгийн түрүүнд нээдэг. Өнөөдөр нийгэм, цахим орчин хар бараан мэдээллээр хэчнээн дүүрэн байгаа билээ. Тэр хэрээр иргэд бухимдалтай, нийгэм стресстэй байна. Иргэдийг гэгээрүүлэх, амар амгалан, тайвшрал мэдрүүлэх гол зүйлийн нэг нь ном.

Бид гадуур явахад ихэнх цайны газар хаалттай байлаа. Ялангуяа их сургуулиудын ойролцоох газрууд үүдээ нээгээгүй байсан юм. Бид дараа нь “Бондоолой” цайны газрыг зорилоо. “Хүнсний-4” орчмынхон хамгийн их үйлчлүүлэх дуртай газруудын нэг нь тэднийх.

Биднийг 13.00 цагийн үед очиход “Бондоолой” ачаалал ихтэй, ид бужигнаж байв. Тус газрын эзэн Ш.Туул зав муутай байгаагаа учирлаад, ачаалал жаахан гайгүй болохоор ярилцъя гэв. Манай ажилтай ойрхон байдаг тул 16.00 цагийн үед дахин очиход мөн ачаалал ихтэй байлаа. Ажлынх дундуур бид ийн ярилцав.

Ш.ТУУЛ: ШИНЭ САЛБАР НЭЭХ ГЭЭД ЦУГЛУУЛСАН МӨНГӨӨРӨӨ Л ХҮНД ҮЕИЙГ ДАВЖ БАЙНА

-Өнөөдөр танайх ачаалал ихтэй байна. Ер нь энэ хэвээрээ байвал үйл ажиллагаа явуулахад боломжийн байхаар байна уу?

-Өнөөдөр санасныг бодоход боломжийн байна. Хөл хорионы үеэр үнэндээ хүнд байлаа. Манайх энд хоёр жил үйл ажиллагаа явуулж байна. Шинэ салбар нээх гээд хэдэн төгрөг цуглуулсан юм. Тэр мөнгөөрөө л цар тахлын хүнд үеийг давж байна.

Цаашид өнөөдрийнх шиг байвал боломжийн байхаар байна. Дахиад хөл хорихгүй, цар тахалтай дасан зохицож амьдарна гэсэн нь бидэнд хөл дээрээ босох том боломж олголоо. Одоо бидэнд тогтвортой үйл ажиллагаа чухал байна. Дахин хаахгүй гэсэн ажлаа төлөвлөх, бараа, материалаа авахад ч амар байна.

-Та бүхэн халдвар, хамгааллын шаардлага тавихад иргэд хэр биелүүлж байна вэ?

-Тухайн хүнээсээ л шалтгаалдаг. “Нээрэн чухал шүү” гээд шаардлага биелүүлдэг нь олон. Зарим үйлчлүүлэгч уурлаад, гараад явчихдаг.

-Танайх байрлал сайтай, байнгын үйлчлүүлэгч олонтой. Энэ нь танайд том давуу тал болж байна уу?

-Ёстой тэгж байна. Нэгдүгээр сард хэдхэн хоног түр нээгдэхэд дандаа байнгын үйлчлүүлэгчид маань л манайхаар үйлчлүүлсэн.

-Тухайн ачаалал хэр байсан бэ?

-Ёстой тааруу байсан. Иргэд халдвар авахаас болгоомжлон, гадуур хооллох сонирхол тун бага байсан. Манайхаар тогтмол үйлчлүүлдэг, байнгын үйлчлүүлэгчид маань үйлчлүүлж байлаа. Тэгэхдээ дандаа энд идэхгүй, ажил руугаа авч явах сонирхолтой байв.

Тэр үед ачаалал, орлого багатай байхыг нь тооцоолсон ч ажилчдаа ажилтай, орлоготой байлгахын тулд нээсэн. Түүнээс биш дэмий шахам байсан л даа. Гэхдээ огт ашиггүй байсан гэвэл худал хэлсэн болно. Нөгөө талаар дахиад хөл хорино гээд ажиллах амаргүй юм билээ. Яг хэзээ хөл хорихыг мэдэхгүй, ажлаа олон хоногоор төлөвлөх боломжгүй.

-Өнөөдөр (өчигдөр) гадуур нэлээд явлаа. Ихэнх цайны газар онгойгоогүй байна.

-Бараа, материалаа татаж амжаагүй эсвэл маргааш, нөгөөдрөөс нээе гээд төлөвлөж сууж байгаа юм болов уу.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Цар тахал танай үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна вэ?

-Манайх нийт 10 ажилтантай байсан. Цар тахлын улмаас аргагүйн эрхэнд тавыг нь цомхотгосон. Одоо таван хүн тогтмол ажиллаж байгаа. Одоо санхүүгийн боломж л хүнд байна. Бүх юм мөнгөөр хэмжигдэж байна.

-Төр, засгаас цаашид аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжих чухал байна вэ?

-Одоо төр, засгийн шийдвэр тодорхой байх л чухал. Шат шатны байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Нэг шийдвэр гаргачихаад удалгүй цуцлаад, өөр нэг нь тэс өөр юм яриад явахаар дунд нь иргэд бид хохирч байна. Яахаа мэдэхгүй гайхах юм байна шүү дээ. Гаргасан шийдвэртээ тууштай байж, үр дүнд хүрээсэй. Арваннэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоон, буцааж тавьсаар өдий хүрлээ. Анхнаасаа ингэсэн бол өдийд хаана хаанаа цар тахалтай дасчихсан байгаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button