СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Халдвартын эмнэлгийн халдвар тарах эрсдэлтэй “САХИУРЫН ӨРӨӨ”

Энэхүү сурвалжилгыг 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр нийтэлж байв. Үүнээс хойш нэг жил хагасын хугацаа өнгөрөхөд эл сахиурын өрөө засварт ороогүй, өөрчлөгдөөгүй байгаа нь цахим орчин дахь зургуудаас харагдаж буй юм. Цаг үеийн сэдэвтэй уялдуулан сурвалжилгыг сэргээн нийтлэв.

2021 оны нэгдүгээр сарын зураг.

Уйлган бороотой бүрхэг өдөр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн “Сахиурын өрөө”-г сурвалжлахаар зорилоо. Урьд нь энд байршиж байсан хүмүүс өрөөний дотор тохижилт шаардлага хангаагүй, сахиурууд цаасан хайрцаг дэвсэн унтаж байгаа тухай цахим орчинд нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Хэл ам дагуулсан “Сахиурын өрөө”-ний бодит байдлыг элдэв хачиргүй, аль нэг талыг барилгүй, үнэн мөнөөр нь уншигчиддаа хүргэхээр зорьж ХӨСҮТ-ийн хойд булан  дахь зэвэрсэн бор хаалгыг татав.

-ФЭЙСБҮҮК ДЭЭР ПОСТ ГАРСНААС БОЛЖ ЭНЭ БАЙРЫГ ХААНА ГЭСЭН БАЙНА ЛЭЭ-

Биднийг ороход нас тогтсон гурван эмэгтэй угтлаа. Тэдний нэг нь шалан дээр гудас дэвсээд хэвтэж байв. Зорьж ирсэн учир явдлаа тайлбарлахад, “Аль болох зөв талаас нь л бичиж үзээрэй, хүүхдүүд минь. Эндээс хөөгдчихвөл шууд гудманд гарна шүү” хэмээн санаа зовнингуй учирласан юм. Тийм ч учраас сахиуруудын эрх ашгийг хүндэтгэн гэрэл зургийг нь авч олонд дэлгэхгүйгээр шийдлээ.

“Сахиурын өрөө” тав тухгүй, тохижилт шаардлага хангаагүй гэх цахим орчин дахь мэдээлэл үнэн ажээ. Цонхны дэргэд нэг ширээ, түүний хоёр талд нь гудамжинд байршуулдаг модон сандал, коридорт харагддаг хүлээлгийн хөх сандал тавьсан харагдана. Мөн хананы ойролцоох төмөр материалаар хийсэн жижиг шүүгээ нүдэнд тусав. Харин өөр тодотгож бичих тавилга сэлт огт байсангүй.

Шалан дээрх эвхсэн болон дэвссэн хоёр даавуун гудсыг эл гурван эмэгтэй ар гэрээсээ авчирсан гэж байна.

“Манай монголчууд чинь яаж амьдардаг билээ, хүний юмыг аваад л явчихна. Үүний өмнө байсан хүмүүс нь архидаж согтуураад, хөөгдөж гарахдаа байсан бүх юмыг нь аваад гарсан гэсэн. Өөрсдөө л юмаа авчирна шүү дээ. Бид нар болоод л байгаа юм даа. Гудманд байснаас л дээр. Өглөө асрагч, сувилагч нар орж ирээд чийгтэй цэвэрлэгээ хийгээд өгчихдөг юм” хэмээн тэд хэлж байв.

“Фэйсбүүк дээр нэг пост гарснаас болж энэ сахиурын байрыг хаана гэсэн байна лээ. Тэгэхээр чинь бид нар шууд гудамжинд гарах болчхож байгаа юм. Уг нь орчин, ариун цэвэр нь сайн байх ёстой л доо. Халдвартын эмнэлэг шүү дээ. Яахав ээ, орчин нөхцлийн хувьд болохгүй, бүтэхгүй юм байна л даа. Болохгүй байна гэж хэлээд маргааш тохижуулаад өгөхгүйгээс хойш. Ямар насаараа амьдрах гэж байгаа биш, хоргодож байгаа өрөөгөө цэвэрлэж цэгцлээд болгож л байна” гэсээр тэд өрөөнд суух боломжгүй болох вий гэх айдастай буйгаа биднээс нуусангүй.

-“ӨМНӨХ ХҮМҮҮС ХЭЛ АМ ХИЙСЭН УЧРААС ТА НАР ТОХИТОЙ ТОМООТОЙ СУУЖ ҮЗЭЭРЭЙ” ГЭЖ ХЭЛСЭН-

Модон цонхтой эл жижиг өрөөний нэг буланд угаалтуур байх аж. Цааш эргээд бие засах болон усанд орох боломжтой угаалгын өрөө байна. Гэрэл нь ассангүй.

Сахиур хийж буй гурван эмэгтэйгээс дараах товч тодруулгыг авлаа.

-Энд өмнө байсан хүмүүс архи ууснаас болж хөөгдсөн гэсэн үү?

-Тийм. Эмнэлгийн хүмүүс нь энд байлгахгүй гээд гаргасан гэсэн.

-Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөө биз дээ?

-Тийм.

-Өдөрт хэдэн удаа цэвэрлэж өгч байна вэ?

-Өглөө, өдөр, орой гээд гурван удаа.

-Энэ өрөөнд суухад төлбөр мөнгө төлж байна уу?

-Үгүй ээ, хөлсгүй оруулсан. Хотын улс чинь энд ирээд байж байхгүй шүү дээ, гэр орноосоо юмаа зөөнө. Бид хөдөөнөөс ирсэн улс, байх орон сав алга. Хөдөө орон нутгаас ирсэн, энд хамаатан садан байхгүй хүмүүс чинь энд байрлаад хоол ундаа хийгээд байж байгаа юм. Нэг жаахан шөлтэй юм аваад ир гэвэл энд хийгээд аваачаад өгнө. Эмч, сувилагч, эмийн сан юмтайгаа ойрхон.

-Коридорт зулаад хэвтэж байх тохиолдол хүртэл байхад ийм сахиурын өрөө байгаа нь их юм гэж хэлж байна уу?

-Тэгэлгүй яахав. Хаана хаанаа л асуудал байна.

-Та бүхэн энд хэд хонож байна вэ?

-Дөрөв хонож байна.

-Байх хоног хугацаа зааж өгсөн үү?

-Үгүй ээ, хүнээ эдгэртэл энд байна.

-Та бүхний сахиж байгаа өвчтөн одоо тасаг дотор эмчилгээ хийлгэж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Маш хүнд, сэхээнд орчихсон байдалтай байна. Сэхээний хүнд хүмүүсийн сахиур л энд байна, энгийн сахиурууд бол өвчтөнийхөө орны дэргэд сандлаа тавиад л сууж байгаа. Сэхээний тасагт биднийг ямар оруулах биш. Хоёр талаасаа эрвийх дэрвийхээрээ байж байгаад, хүү минь эдгэчих заяа байна уу үгүй юу гэж л бодож сууна.

-Эмнэлгийн эмч ажилчид урьдны хүмүүс сахиурын байрыг муучилж, фэйсбүүкт пост оруулсан тухай та бүхэнд ярьсан уу?

Ярьсаан, албан ёсоор хэлсэн. “Та нарын өмнөх хүмүүс ингэсэн тэгсэн, та нар цэвэрхэн томоотой сууж байж үзээрэй. Та нарыг эндээс гаргачхаар гудамжинд гарчихна” гэж. Түрүүний хүмүүс ах дүүсээ энд авчраад найрлаж наадамлаад, архидаж агсам согтуу тавиад асуудал үүсгэсэн юм гэнэ лээ.

Биднийг “Та нар өөрсдөө аргаа ол” гээд гаргачихвал бөөн сэтгэл санааны дарамт болно шүү дээ. Энэ байр шаардлага хангаагүй байгаа нь үнэн. Энд хүмүүс өөрсдөө картонон цаас энэ тэр авчраад тавьчихсан байсан чинь дараачийн орсон хүмүүс бүгдийг нь аваад явчихсан гэсэн.

-Та хэдийг орж ирэхэд энэ шүүгээ, ширээ, сандал гурваас өөр юм байгаагүй юм уу?

-Тийм ээ. Нэг хөргөгч байсныг нь ачаад явчихсан л гэсэн шүү дээ.

-ТА НАР ХЭВЛЭЛЭЭР БИЧЛЭЭ ГЭЭД ЗАСЧ ТОХИЖУУЛДАГ ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ ХААНА БАЙХ ВЭ-

Сахиурууд хоолны материал, хүнс усаа өөрсдөө гаднаас авчирч тус өрөөнд байршуулжээ. “Хүүгээ эдгэх хүртэл энд байрлана. Болохгүй байгаа юм алга. Гудамжинд гарснаас дээр” хэмээн хэлж буй тэдний үг нэгийг бодуулна. “Байгаа нь их юм” гэх тэдний хандлагыг буруутгах шалтгаан үгүй.

Эмнэлгийн гадаа тааралдсан сувилагчаас, “Сахиурууд байрладаг өрөө гэж байдаг уу?” гэж асуухад, “Сахиур хүмүүс сууж амьдардаг тийм өрөө гэж байхгүй. Өвчтнүүддээ хоол хийж өгдөг өрөөнүүд бол бий” хэмээн хариулж байв. Ер “Сахиурын өрөө” гэдэг хөдөө орон нутгаас ирсэн байрлах газаргүй хүмүүсийг оруулдаг “ХӨСҮТ-ийн сул өрөө” болж таарав уу?

Хэдий “Хоосон байлгаснаас…” гэх үүднээс хандаж шоовдор өрөө рүү хөдөөнөөс ирсэн хүмүүсийг оруулдаг байж болох ч, ядахнаа хөргөгч, дорвитой ширээ сандал, унтах ор байршуулаад өгвөл эмнэлгийн байгууллагын ёс зүйд нийцнэ гэлтэй.

“Та нар хэвлэлээр бичлээ гээд засаад тохижуулчихдаг хөрөнгө мөнгө нь ч хаана байдаг юм. Хэдэн хүн хохироод, энийг нь хаагаад л дуусах юм байна. Хүн чинь дандаа буруугаар юмыг ойлгодог. Дараагийн хүмүүс, урьд нь нэг өрөө байсан гэсэн, өмнөх сахиурууд нь янз бүрийн хэл ам хийгээд хаалгачихсан юм гэнэ лээ л гэж ярина шүү дээ” гэсээр эмэгтэйчүүд биднийг үдсэн юм. “Элдвийн асуудал үүсэх вий” гэж эрхгүй санаа зовж, хүүгийнх нь биеийн байдал дээрээс нь нэрмээс болж байгааг хараад тэднийг өрөвдөх, өмгөөлөх сэтгэл төрж байлаа.

Уншигч та бүхэнд “Сахиурын өрөө”-ний үнэн бодит байдлыг дэлгэн харуулав. Монголын урдаа барих эрүүл мэндийн байгууллага ХӨСҮТ-ийн удирдах албаныхан, шоовдор өрөөгөө хаах биш, харин засч тохижуулбал илүүтэй ард олны сэтгэлд нийцэх болов уу хэмээн бодно.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Энэ байгуулагад дарга гэж байдаг бол иймэрхүү асуудлаа сэтгэл гаргаад зохицуулчхаж чаддаггүй юмуу иймэрхүү доод ####бан туша####тангууд зөрчил гаргах их байдаг тул хууль журам гаргаж зохицуул####т хийх хэрэгтэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button