НийгмийнУРЛАГЯрилцлага

“Альтернатив” Отгоо: Байгаадаа сэтгэл хангалуун, өөрийнхөө ертөнцөд амьдрах л сайхан

“Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан”. Энэ бол Монголын рок, поп хөгжмийн урлагт “Альтернатив Отгоо” хэмээн алдаршиж, бидний сонсох, дуулах дуртай олон, олон уран бүтээлийн эзэн  Х.Отгончимэгийн “Нэгэн залуу” дууны эхлэл.

“Эрчүүдийг үзэн ядах сэтгэл”, “Заримдаа л”, “Чамайгаа би хайрласаар” зэрэг монгол түмэн сонсох, дуулах дуртай уран бүтээлүүдийнх нь талаар бичвэл нэлээд урт жагсаалт гарах нь мэдээж.

Монголын хамгийн анхны эмэгтэй рок дуучин Отгоогийн амьдралыг дуу хөгжим, гитаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Багаасаа дуу хөгжимд дурлаж, дуу зохиох хүсэлдээ хөтлөгдөж өссөн тэрбээр урлагийн салбарт 23 жил зүтгэн, улам өндөрт дүүлсээр явна. Ийм хугацаанд өндрөө алдалгүй, эрч хүчээ сааруулалгүй, орон зайгаа дархалсаар оршино гэдэг хэр баргийн уран бүтээлчийн чадал, чансаа нь хүрэх зүйл биш. Пянз гаргасан Монголын анхны эмэгтэй дуучин Отгоо хэр чадвартай, чансаатай, бидний хайр, хүндлэлийг ямар хэмжээнд хүлээсэн уран бүтээлчийнх нь илрэл.

Х.Отгончимэгийг энэ жил Соёлын тэргүүний ажилтан цол хүртэхэд “Хөөх, өнөөг хүртэл СТА болоогүй байсан юм уу. Аль хэзээний л Отгоо шүү дээ” гээд гайхсан, өмнөөс нь баярласан хүн хэчнээн олон байсан гэж санана. СТА-аар тогтохгүй бүр цаашлаад Гавьяат цол хүртэх цаг нь болсон, тэр хэмжээний хийсэн зүйл, гавьяатай эрхэм гэж түүнийг олон хүн үнэлдэг, хүндэлдэг.

Хэдхэн хоногийн өмнө “Ганцхан үг” нэртэй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан “Альтернатив” Отгоотой ярилцлаа. Тэрбээр хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, аль болох нам жим амьдрахыг илүүд үздэг эрхэм. Тэр хэрээр түүний ярилцлага манай уншигчдад сонирхолтой хийгээд “амттай” байх болов уу.

-“Ганцхан үг” дуугаа өлгийдөн авсанд тань баяр хүргэе. Дууныхаа үг, аяыг та өөрөө бичсэн үү?

https://www.youtube.com/watch?v=GuG5QsjaWAo

-Баярлалаа. Юуны өмнө “Eguur.mn” сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Би 2021 оны хавраас авхуулаад хоёр дуу бичсэн. Эдгээр уран бүтээлээ багтаагаад жижиг пянз гаргах төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь би “Маргааш надад ирнэ”, “Tentones”, “Chill Out” цомгоо, “Otgoo” пянзаа гаргасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил “Хөөсөн бөмбөлөг” дууныхаа бичлэгийг хийснээс хойш жил, 10 сарын дараа мэндэлсэн “Ганцхан үг” дуугаа олны хүртээл болгосондоо баяртай байна.

Цар тахал, коронавирусийн халдвар гарснаас хойш хүмүүс хэчнээн стресстэй, бидний амьралын хэв маяг яаж өөрчлөгдөж байгаа билээ. Энэ стресс, бухимдлаа сошиал орчинд ч юм уу нэгэндээ гаргах хандлага ажиглагдсан. Ийм хүнд цаг үед хүмүүс нэгэндээ гоё үг хэлж, урам хайрлаасай гэсэндээ энэ дуугаа гаргалаа. “Ганцхан үг”-ийн хүргэх гэсэн санаа, утга нь ерөнхийдөө ийм. Энэ дууныхаа үг, аяыг би өөрөө бичсэн.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Урьдчилан таах аргагүй. Сэвхийтэл босоод ирэх урмын сайхан үгийг нэгнээсээ битгий харамлаасай, аль болох хэлж, урам, итгэл бэлэглэж байгаасай гэсэн бодлоос минь “Ганцхан үг” мэндэлсэн.

-“Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно” гэдэг. Үг хэчнээн хүчтэйгийн илрэл болов уу. Таны амьдралыг өөрчилсөн, урам өгсөн тийм их хүчтэй үгийг хэн нэгэн танд хэлж байв уу?

-Ямар нөхцөлд, яг ямар үгээр дутаж явснаас их шалтгаалах байх. Гоё үг, урмын үг сонсохыг хүн бүхэн хүсдэг. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад янз бүр.

“Ганцхан үг” дуунд

“Зуу зуун гоёхон үгийг сонсох ч

Зүрх догдлон хүсэн хүлээнэ

Ганцхан үг” гэсэн мөрт бий.

Би бусдаас урмын үг сонсох дуртай. Нэг найз минь “Чи уран бүтээлээ л хийж байх ёстой хүн” гэж хэлсэн нь улам их хичээх, хөдөлмөрлөх урам надад өгсөн. Ямар нөхцөлд байхад нь юу гэж хэлснээс их зүйл шалтгаална гэж би түрүүн хэлсэн. Магадгүй би дуугаа дуулах уу, болих уу гэж эргэлзсэн үед ч найзын минь үг намайг хурцалж, дэм болсон юм бил үү.

-Удахгүй шинэ пянз гаргахаар төлөвлөсөн гэлээ. Энэ пянз нь өмнөхөөсөө юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Би 2019 онд найман дуутай, том пянз гаргасан. Коронавирусийн үе учир удахгүй гаргах пянз минь хоёр дуутай, жижигхэн, авсаархан. Сая шинээр гаргасан “Ганцхан үг” дууныхаа нэрээр нэрлэнэ. Пянз гаргана гэдэг үр хойчдоо соёлын өв үлдээж байна гэсэн үг. Үр хүүхдүүд минь хожим “Ээж минь тэдэн насандаа энэ пянзыг гаргасан” гээд дурсвал, цааш нь өвлүүлээд явбал сайхан.

Ер нь урлагаас кайф мэдэрч амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ. Уран бүтээлдээ, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун явах л догь санагдаж байна.

-Дуучин бүхэн шинэ уран бүтээл, ая, үгийн күүл санаа эрэлхийлж явдаг. Ямар үед танд уран бүтээлийн гоё санаа илүү их төрдөг вэ?

-Би сайн, чанартай уран бүтээл хийхийг үргэлж хүсэж, хөдөлмөрлөж явдаг. Гэхдээ шинэ уран бүтээлийн эрэл, хайгуулд үргэлж гардаг уран бүтээлч биш. Би гэр бүлтэй, дөрвөн хүүхэдтэй. Тэдэндээ цаг, зав гаргах чухал. Тиймээс уран бүтээл, хувийн амьдралаа аль болох зохицуулж, тунг нь тааруулахыг хичээдэг. Мэдрэмж минь намайг цаанаасаа шинэ уран бүтээл рүү хөтөлдөг.

-Та дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог. “Альтернатив” Отгоогийн бас нэгэн онцлог энэ мөн үү?

-Би багаасаа юу бодож, хүсэж мөрөөдөж буйгаа зохиосон дуугаараа илэрхийлдэг байсан. Зовлон, жаргалаа ярихаар сэтгэл онгойдог тийм эрхэм хүн, дотны найз хүн бүхэнд бий. Яг түүн шиг хамгийн сайн найз минь дуу хөгжим, гитар байсаар ирсэн. Би үзэл, бодол, хүсэл мөрөөдлөө уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг.

-Тайзан дээр дуулахаараа, уран бүтээлээсээ авдаг хамгийн гоё мэдрэмж, кайф тань юу вэ?

-Миний дуунд дуртай, намайг дэмждэг хүмүүс миний дууг хамт дуулан, чин сэтгэлээсээ сонсох хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг. Олон, цөөн нь хамаагүй. Тийм үед би хамгийн аз жаргалтай хүн болдог. Би өнөөг хүртэлх хугацаанд тийм гоё мэдрэмжийг олон удаа авсан. 2008 онд бие даасан тоглолтоо хоёр өдөр хийхдээ мэдэрсэн мэдрэмжийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Тэр мэдрэмжийг дахин, дахин мэдрэхийг хүсдэг.

-Та энэ жил СТА болсон. “Одоо болтол аваагүй байсан юм уу. Их орой өглөө” гэсэн хүн олон байсан. СТА болох юм сан, энэ цолыг авах цаг нь болсон гэх хүлээлт танд байсан уу?

-Тийм хүлээлт байгаагүй ээ. “Ийм шагнал авах сан” гэж ямар ч дуучин уран бүтээл хийдэггүй болов уу. 10-аад жилийн өмнө “СТА болох болзлыг нь хангаж” гэсэн сураг гарч байсан. Шагнал, урамшуулалд би нэг их ач холбогдол өгдөггүй. Уран бүтээлээ чанартай хийгээд, байгаадаа сэтгэл хангалуун явахыг л чухалчилдаг.

Ер нь санамсаргүй байдлаар СТА болсон. Нэг удаа манай урлагийнхан цугларсан юм. Тэр үеэр намайг нэг юман дээр “Соёлын тэргүүний ажилтан” гэж бичих шахахаар нь “Би СТА биш” гэж хэлсэн юм. Тэр үед зарим урлагийнхан маань СТА болоогүйг минь мэдсэн юм шиг байна лээ. Тэгээд “Чи СТА цол хүртэх цаг нь болсон” гэж надад зөвлөсөн юм. Би анхандаа “Одоо дэмий байх. “Альтернатив” Отгоо гэдгээр минь мэдэх хүмүүс намайг мэднэ. Мэдэхгүй нь одоо яах вэ” гэсэн ч тэднийхээ зөвлөгөөг хүндэлсэн.

 Урлагийн салбарт энэ олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрөө үнэлүүлэн, СТА болоход гоё байсаан, гоё байсан. Зууны манлай дуучин Сарантуяа эгчтэйгээ хамт очоод Эрдэнэбат гавьяатаас СТА цолоо гардаж авсан.

-Үүнээс харахад, та алдар нэр, гавьяа шагналд төдийлөн шунадаггүй бололтой.

-Хүн бүхэн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй. Түүнээсээ таашаал авч амьдардаг. Би дуртай зүйлээ хийгээд, өөрийнхөөрөө амьдрах дуртай. “Хамгийн хит дууг гаргах юм сан” гэхээс илүү сэтгэлдээ хүрсэн, чанартай уран бүтээл гаргахыг хүсдэг.

-Отгоо тайзан дээр дүрэлзэн асдаг, уран бүтээл нь эрч хүчээр дүүрэн. Та амьдрал дээр өөртөө тийм их итгэлтэй, дүрэлзэж чаддаг уу?

-Яг тийм өөртөө итгэлтэй, зоригтой байж чаддаггүй. Би өнөөдөр 20 гаруй настай, залуу дуучин биш. Миний уран бүтээлд дуртай хүмүүст дуугаа сонсгоод, өөрийнхөө ертөнцөд амьдрахыг чухалчилдаг.

Аймар том зорилго тавиад, бүр алдартай болохыг хүсдэггүй. Тийм хэмнэлээр одоо амьдраад яах вэ дээ. Намайг 20 гаруйтай байхад сошиал ертөнц ингэж хөгжсөн бол өөр хэрэг. Би арай өөр бодолтой байж магадгүй. Одоо надад тийм бодол алга.

-Сошиал ертөнцөөс нэлээд болгоомжилдог юм шиг санагдлаа. Цахим ертөнцөд нэг андуу мэдээлэл цацагдлаа гэж бодоход “Үнэн үү, худал уу” гэж дэнсэлдэг нь хэд билээ. Олны иймэрхүү хандлага таныг болгоомжлоход хүргэсэн үү?

-Ер нь тийм. Би хэл аманд ороод байдаг уран бүтээлч биш. Хэвлэлд олон удаа ярилцлага өгөх надад таатай бус санагддаг. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг тодорхой хэмжээнд илэрхийлэхийг хүсэлгүй яах вэ. “Цаанаас намайг одоо нэг сайхан ярь” гэж байгаа юм шиг санагдсан үедээ л ингэж ярилцлага өгдөг.

Би ер нь багаасаа ийм, дотнынхоо найз нартайгаа л өөрийнхөөрөө, чөлөөтэй байдаг байсан. Тэгсэн мөртлөө танихгүй хүмүүсийн ч юм уу олны дунд тийм байж чаддаггүй. Энэ миний төрөлхийн араншин.

-Бүхий л салбарын зарим алдартан мартагдахаас айдаг. “Хүмүүс намайг ярихаа, миний дууг сонсохоо, дуулахаа больчих вий” гэсэн айдас танд бий юү?

-Байхгүй. Үүнээс огт айхгүй байна.

-Олон уран бүтээлд тань монгол түмэн дуртай. Та ч бүх дуундаа хайртай нь мэдээж. Бүр онцолж хайрладаг уран бүтээл аль нь вэ?

-Өөрийн тань хэлсэнчлэн, би бүх уран бүтээлдээ дуртай, хайртай. Бүгдийг нь би сэтгэлээ шингээж хийсэн. Онцлоод хэлбэл, “Заримдаа л” юм уу даа.

-Өөрийгөө улиралтай зүйрлэвэл та аль нь бол?

-Би намар төрсөн, намар юм хийх дуртай. Би сая л гэхэд “Ганц үг”-ийг хавар гарган, клипийг нь зун хийгээд намар цацлаа. Намар ургацаа хурааж буй юм шиг гоё мэдрэмж төрдөг, таалагддаг.

-Тэгэхээр хүлээж байгаад одоо цацсан юм уу?

-Үгүй ээ, энэ удаа тохироо нь ингэж таарлаа. Би ер нь юманд нэг их яарж, тэвддэггүй. Ажил, хүссэн бүхэн тэгээд аясаараа бүтчихдэг.

-Хүмүүс таныг “Альтернатив Отгоо” гэдэг. “Альтернатив” тодотгол таныг энэ олон жил овгоос нь дутахгүй дагаж байна. Та ер нь ингэж хэлүүлэхдээ хэр дуртай вэ?

-Дургүй шүү дээ гэхгүй юү (инээв). Би өөрийгөө ингэж нэрлээгүй. Дуучин болсныхоо дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Альтернатив хөгжимд дуртай. Амьд хөгжимтэй дуулдаг дуучин болохыг хүсдэг” гэж ярьсан юм. “Альтернатив” гэх тодотголын эхлэл нь тэр байсан. Анхандаа өөрийгөө ингээд нэрлэчихсэн юм шиг эвгүй санагддаг байлаа. Одоо бол тийм биш. Би “Альтернатив Отгоо” гэж хэлүүлэх дуртай.

- 1998 онд Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн тоглолтод дуулсан юм билээ. Анхны тайз нь тэр байв уу?

-Би тэр жил Т.Ариунаа эгчийн шавь болж, тоглолтод нь дуулсан юм. Рок, попын анхны тайз минь тэр байсан. Түүнээс хойш 23 жил дуулж байна.

-Тэгэхээр 23 жил дуулаад СТА болсон юм байна.

-Нээрэн тийм юм байна. Би СУИС-ийг 2004 онд төгссөн. Дуулж эхэлснээсээ хойш долоон жилийн дараа анхны цомгоо гаргасан.

Амьд хөгжимтэй дуулж буй хэв маяг, уран бүтээлээ ойлгуулахад тодорхой хугацаа, тэвчээр надаас шаардсан. Амжилт гаргах бол тууштай, тэвчээртэй хүний чадах зүйл гэдгийг би ухамсарлаж байсан юм. Тиймээс шантраагүй, бууж өгөөгүй.

-Та Монголын анхны эмэгтэй рок дуучин. Тэр хэрээр олны анхаарлыг их татаж байв уу. Олны хамгийн өрөөсгөл ойлголт юу байв?

-Амьд хөгжим, рок сонсдог хүмүүсийг хүмүүжилгүй, хүнд гарууд гэж буруугаар ойлгодог байсан. Намайг ч бас тэгж боддог байсан шиг байгаа юм. Би тийм биш шүү дээ. Одоо цаг үе, олны хандлага тэс өөр болсоон.

-“Альтернатиьв Отгоо”-гоос гадна олон тодотгол таныг дагадаг. Эдгээрийн нэг нь “Алдарт эх Отгоо”. Дөрвөн хүүхдээ өсгөхийн хажуугаар уран бүтээлээ хийх цаг, зав хангалттай гардаг уу?

-Би хувь заяандаа их баярладаг. Учир нь өглөө ажилдаа яваад, орой ирдэг ээж байгаагүйдээ, хүссэн үедээ уран бүтээлээ хийж яваа минь их аз. Тиймээс гэр бүл, дөрвөн хүүхдээ өсгөхийн хажуугаар уран бүтээлээ хийж амждаг. Хувийн амьдрал, гэр бүл гэсээр дуртай зүйлээ, хүсэл мөрөөдлөө орхивол хайран, харамсалтай.

Урлагийнхны зарим нь “Урлаг, гэр бүлийнхээ аль нэгийг нь сонгож байж амжилтад хүрнэ” гэдэг. Би хоёуланг нь сонгосон. Дөрвөн хүүхдээ өсгөх, ханиа халамжлах нь миний үүрэг. Миний урлагийн карьерт тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Хоёуланг нь хослуулан, блансыг нь бариад явж яагаад болохгүй гэж.

Хүн эмнэлгийн орон дээр байхдаа, өөд болохынхоо өмнө хийсэн, бүтээснээ эргэцүүлээд заавал нэг бодно. Уран бүтээлүүд минь үр хүүхдүүддээ үлдээж буй хөрөнгө маань. “Ээж минь ийм дуучин байсан. Ийм уран бүтээлтэй” гээд дурсах, үлдэх зүйлтэй яваа минь надад илүү кайфтай.

Хүүхдүүд минь “Ээжийнхээ бүхий л дуунд дуртай” гэдэг. Зарим дууг бэлдэж байх үед аль хэдийнэ сурчихсан байдаг. “Ээжээ та минь мундаг. Тийм дуунд нь дуртай” гээд магтахаар нь би жаахан хүүхэд шиг хөөрчихдөг. Манай хүүхдүүд хөөрхөн дуулдаг. “Тийм мэргэжил эзэмш. Дуучин бол” гэж хүүхдүүдээ шахдаггүй. Өөрсдийнхөөр нь байлгаад, сонирхлынх нь дагуу хөгжүүлэх хэрэгтэй.

-“Алдарт эх”-ийн одонгоо энгэртээ зүүхдээ ээж болсны үнэ цэнэ, утга учрыг бүр их мэдрэв үү?

-Одоо бодоход их хөгтэй юм болсоон. Би л өөрөө очоод шагналаа авчихна гэж бодохгүй юу. Өөртөө нэг дээл хийлгэж өмсөөд очив. Зарим ээж хүүхдүүддээ адилхан хувцас өмсүүлээд, гоёчихсон байсан. Тэгэхэд нь л “Нээрэн хүүхдүүдээ ингэж гоёдог байж. Яагаад ийм бодол төрсөнгүй вэ” гэж бодсон (инээв).

“Алдарт эх”-ийн одонгоо аваад гараад ирэхэд гэр бүлийнхэн, дөрвөн хөөрхөн үр, хань, ээж минь, хамаатан садан, найзууд маань миний аз жаргалтай мөчийг хуваалцсанд үнэхээр их баярласан.

Намайг жаахан байхад аав минь бурхан болсон юм. Рок поп урлагийн тулгын гурван чулуу болсон “Чингис хаан”-ы Жагаа ах, Дашка ах, “Хонх” хамтлагийн Энхбаяр ах маань ирчихсэн, баяр хүргэн, аавын минь нөмөр, орон зайг нь нөхөхөд сэтгэл их хөдөлсөн. Тийм сайхан өдрийг надад бэлэглэсэн бурхандаа баярлалаа.

Ээж минь өндөр сайхан насалж, ижийтэйгээ хамт амьдарч буйдаа үнэхээр баярладаг. “Өдий олон жил ээжтэйгээ хамт амьдардаг би ёстой азтай, буянтай хүн юм аа” гэж хэлэх би дуртай.

Ямар нэгэн зүйл дутуу байна гээд бодохын хэрээр тэр нь улам томорно. Байгаа юмаа байгаагаар нь, байхгүй зүйлээ байхгүйгээр нь хүлээн зөвшөөрөөд, сэтгэл хангалуун явах амьдралын утга учир юм болов уу. Амьдрахын, хүн байхын хамгийн сайхан нь хүссэнээрээ, өөрийнхөөрөө амьдрах. Тодорхой хэмжээний зорилго, хүсэл хүн бүхэнд бий. Түүнийгээ тууштай хийгээд, сэтгэл ханамжтай байх сайхан.

Зарим хүн их эрч хүчтэй, шуурхай байдаг. Би тийм биш, удаан. Нэг хурдан морь байлаа гэж бодъё. Уналгын ая сайн даадаг хонины морьтой түүнийг жишиж болохгүй. Өөртөө тийм хүнд ачаа үүрүүлэх, хүүхдээ заавал тийм байлгах гээд шахах дэмий.

-“Тийм л зүйл хийх сэн, ийм зүйл бүтээх сэн” гээд урлагийн салбарт тавьсан зорилго танд бий юү?

-Бүр аймар том зорилго байхгүй ээ. Багаасаа тийм байсан. Мэдээж нэг тийм юм хийчихье гэсэн зорилго байлгүй яах вэ. Одоо хэлэхэд арай эртэднэ.

Би ер нь “Одоо нэг тийм юм хийчихье” гээд л зүтгэдэг. Түүндээ хүрсний дараа “Өө, хүрчихлээ. Одоо тэгвэл ийм юм бүтээе” гэдэг төрлийн хүн байхгүй юу, би. “Тэдэн насандаа тийм юм хийн, ийм зүйл бүтээнэ” гээд том зорилго өмнөө тавин, өөрийгөө тултал шахдаг хүмүүс бий. Би тийм биш. Хийж буй зүйлсээ шат, шатаар ахиулах дуртай.

-Энэ нь заримдаа дутагдал болдог уу?

-Яг тэгдэг. “Өмнөө том зорилго тавьж, өөрийгөө илүү сайн шахдаг байж. Тэгсэн бол өнөөгийнхөөс өндөр амжилт гаргачихсан яваа ч юм бил үү” гэж заримдаа өөртөө шүүмжлэлттэй ханддаг. Тэгсэн ч төд удалгүй тайван хүн маань намайг дийлчихдэг байхгүй юу. “За, яах вэ. Зүгээр ээ, зүгээр. Болчихно, болгоно оо” гэчихсэн сууж байдаг юм.

-Ирэх сарын 1-нээс урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээхээр болсон. Ойрын хугацаанд бие даасан тоглолтоо хийх бодол бий юү?

-Мэдээж байлгүй яах вэ. Бүхий л уран бүтээлч тоглолт хийн, дууг нь сонсох, дуулах дуртай фэнүүдтэй хамт, аз жаргалтай байхыг хүсдэг. Би ч бас тийм.

Ийнхүү бид хоёрын ярилцлага өндөрлөв. Х.Отгончимэг хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй тул нэгэнт зочноор урьсных аль болох сайн яриулахыг хичээлээ. “Би ярилцлага өгөхийнхөө өмнө сэтгүүлчээс урьдчилж асуулт авах дургүй. “Асуултаа явуулъя” гэхээр нь татгалздаг, урьдчилж бэлддэггүй. Зүгээр л тухайн үеийн сэтгэл хөдлөл, төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээрээ ярих надад илүү зүгээр, тухтай санагддаг. Өнөөдөр би юу ярьмаар байна, миний дотоод сэтгэлээс юу гарсныг би чамд ярьлаа” гэж инээмсэглэн ярилцлагаа дуусгасан юм.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ А.НАРМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tsuvdai
Tsuvdai
2021-10-28 11:47

Tavshiisan a l haha

Уншигч
Уншигч
2021-10-28 20:12

Маш гоё ярилцлага уншлаа. Отгоодоо амжилт хүсье

Уншигч
Уншигч
2021-10-28 20:13

Ёстой гоё эмэгтэй юм аа хүн гь ийм болохоор уран бүиээлүүд нь саын бхаас өөр яахав

Зочин
Зочин
2021-10-28 20:16

Нэг хэсэг дууг гь байнга сонсдог байж билээ. Ярилцлагыг нь уншаад сайхан байна.

Зочин
Зочин
2021-10-28 20:22

Саыхан ярилцлага уншлаа

Мөнх
Мөнх
2021-11-01 07:31

Уран бүтээлийн онгод хийморь дүүрэн байх болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button