Нийгмийн

Хууль бусаар мод бэлтгэсэн 102 үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ

Улсын хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.

Экологийн цагдаагийн албанаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор давхардсан тоогоор 39 удаагийн эргүүл хяналт шалгалтыг 42 тээврийн хэрэгсэлтэй, цагдаагийн алба хаагч 122, мэргэжлийн хяналтын байцаагч 34, байгаль орчны улсын байцаагч 85, байгаль хамгаалагч 89, нийт 330 алба хаагчид хамтран зохион байгуулж гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.

Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг улсын хэмжээнд авч үзвэл 236 буюу 49.2 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 1 буюу 0.2 хувийг ой хээрийн түймэр тавих, 3 буюу 0.6 хувийг байгаль орчныг бохирдуулах, 1 буюу 0.2 хувь нь байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг тус тус эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Экологийн цагдаагийн албаны болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн авч шийдвэрлэх боломжтой 128 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрх бүхий нэгжүүдэд хүргүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 40 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, 33 хэргийг хаах, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тус тус саналтайгаар нийт 97 хэргийг холбогдох байгууллагуудад шийдвэрлэхээр хүргүүлсэн аж. Мөн ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлийн халхавчаар нойтон мод бэлтгэж, модон материалын захын ченжүүдэд худалдсан гэх хэргүүдийг ч тус тус шалгаж байгаа аж.

Монгол Улсын Эрүүгийн хуульд /24.6 дугаар зүйл.Хууль бусаар мод бэлтгэх/ зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button