Сурвалжилга, Нийтлэл

Ш.Эрдэнэсувд: Атар талхыг уутгүй байх үеэс нь хойш 22 жил түгээж байна

Энэ удаагийн ярилцлагын зочноор атар талхыг уутгүй байх үеэс нь талхны машин барьж, жолооч түгээгчийн ажлыг буй Ш.Эрдэнэсувдтай ярилцлаа. Тэрээр уг компанид 22 жил жолооч хийж буй. Өдгөө тус компанийн цор ганц эмэгтэй жолооч. Тэрээр “1997 онд хүнс тээврээс Талх чихэр компанид долоон эмэгтэй жолооч ирж байлаа. Би хамгийн бага нь байсан. Эгч нар маань бүгд удалгүй тэтгэвэртээ гарч ганцаараа үлдсэн. Одоо ахмад жолоочийн тоонд орж дээ” хэмээн хуучилж байлаа.

Бид түүний ажил, мэргэжлийн онцлогтой танилцахаар шинэхэн талхаа түгээж байх үед нь буюу өглөөний 07:00 цагт уулзахаар товлов.

-Сайн байна уу, өглөөний мэнд. Шинэхэн талхыг өглөө эртлэн хүргэнэ гэдэг тун чиг чухал ажил. Иймд таны ажлын цаг хэдэн цагт эхэлж байна даа?

-Өглөө таван цагт ажил дээрээ ирж талхаа машиндаа ачиж долоон цаг гээд түгээлтэндээ гарна. Замын түгжрэл эхлэхээс өмнө талхаа дэлгүүрүүддээ хүргэж өгөх гэж сандарна шүү дээ. Хичээлийн шинэ жил эхэлчихвэл илүү их түгжрэлтэй хэцүү.

-Талхаа хэдийн үед түгээж дуусдаг вэ. Ихэвчлэн хэдэн цагт ажлаасаа тарах уу?

-Түгээж буй чиглэлээсээ хамаарна. Одоо түгээж буй бөмбөгөр орчмын дэлгүүрүүд цөөн учир харьцангуй эрт дуусна. Харин өөр чиглэлийн дэлгүүр ихтэй бүсэд бол 70-80 газарт талхаа түгээнэ. Тэр хэмжээгээрээ оройтно шүү дээ. Ер нь түгжрэл бага бол 14 цагийн орчимд түгээлтээ дуусчих нь. Ингээд төв байр луугаа бензин тосоо хийж, машинаа цэвэрлэснээр 16-18 цагийн хооронд тардаг.

-Үүрээр ажлаа эхэлнэ. Түүнчлэн энэ цагаар хамгийн сэрүүн байдаг. Зарим тохиолдолд цаг агаараас хамаараад их даарч бээрдэг байх даа тиймээ?

-Бид чинь хөдөлсөөр байгаад хөлс гарна. Өвөл бол зөөж хөдлөөд даарна гэж байхгүй дээ.

-ӨӨРИЙН ГЭСЭН ХОЁР ТАЛХНЫ МАШИНТАЙ БАЙСАН, БУСАД ТОХИОЛДОЛД ХҮНИЙ ӨӨРИЙНГҮЙ УНААД Л ЯВНА ШҮҮ ДЭЭ-

-Долоон хоногийн хэдэн өдөр ажиллах вэ? Амралтын өдрүүд хэзээ хэзээ байх вэ?

-Өдөр бүр шинж талх, боорцог хүргэж өгдөг болохоор амралтын өдөр гэж байхгүй ээ. Зайлшгүй гэнэтийн ажил гарсан үед юм уу улсын баяр наадам, цагаан сараар амарна. Бас мартын 8-даа амарна шүү дээ. Манайхан чинь бүгд эрчүүд болохоор эрхийн өдөр минь бүх ажлыг хийнэ дээ. Одоо ч тэгээд бүрэлдэхүүн маань 100 гаруй болсон байна. Амарч, чөлөө авахад асуудалгүй болсон.

-Эмэгтэй жолооч тэр тусмаа том машин барина. Таны хувьд пургон хүртэл жолоодож байсан юм байна лээ. Ер нь машин тэргээ эвдрэх үед хэрхдэг байсан бэ?

- Пургон байх үе чинь машин техник сайжирсан үе шүү дээ. Намайг анх орж байх үед 52, 53 машинтай явдаг байлаа. Харин 2000 онд дөрвөн шинэ пургон орж ирсэн. Ингээд нөгөө дөрвийн нэгийг унаж тухайн жилдээ аварга тээвэрчин болж байлаа. Одоо бол машин техник сайжирчихсан амар болсон. Дугуй хагарах үед өөрөө солино, мотор сэлбэг солих тохиолдолд л үйлдвэр лүү дуудлага өгдөг. Гэхдээ миний машин бараг эвдэрдэггүй юм дөө. Аль болох машинаа эвдлэхгүй явж, ажил дээрээ очиж техникийнхээ хүмүүсээр засуулахыг л боддог.

-Та энэ хугацаанд ямар гавьяа шагнал авч байв?

-2000 онд шинэ пургоноо авчхаад Аварга тээвэрчин болсон. 2013 онд “Хүнсний тэргүүн” ажилтан, 2016 онд “Онц тээвэрчин” авсан.  Одоо ганц “Осолгүй манлай” үлдсэн. Тэрийгээ яаж ийж байгаад авна даа. Бас "Авна даа" гэчихлээ гээд өгөх л байхдаа, би яаж мэдэхэв /инээв/.

-Та өөрийн гэсэн хэдэн талхны машинтай байсан бэ?

-2000 онд цоо шинэ пургон аваад хоёр жил унасан. Тэгээд л одоогийн энэ машинууд орж ирсэн дээ. 2013 он хүртэл өөрийн гэсэн хоёр машинтай унасан юм байна. Ер нь тэгээд бид чинь нэгнийхээ ээлж амралт дээр хүний өөрийнгүй л машинаа солиод унана. Ямар ч машин таарсан хамаагүй ажлаа хийхийн тулд аргалаад л явна шүү дээ. Гэхдээ 2015 онд хөл өвдөх болсноор илүү хөнгөн ажил буюу компанийн хангамжийн жолооч болсон. Түгээлт борлуулалт дээр хүн дутаж, оронд нь гарах болбол хийгээд л явна шүү дээ. Одоо ч ингээд явсаар л байна. Борлуулалт дээр ажиллах нь илүү амар санагддаг.   

-ПУРГОНТОЙ ҮЕД ШӨНИЙН 2 ЦАГТ АЖИЛДАА ГАРЧ, ХОЁР УДАА ТАЛХАА АЧДАГ БАЙЛАА-

-Өглөөний энэ цагаар түгээлтийн машинуудын ажлын үе цаг юм. Та бүхэн өөр нэр төрлийн бүтээгдэхүүн түгээдэг ч нэгнийгээ андахаа байсан байхдаа?

-Тэгэлгүй яахав, бүгдээрээ нэгнийгээ дагаад л зэрэгцээд л түгээлтээ хийчих нь. Сүүний түгээлтэд надтай адил нэг эмэгтэй жолооч бий. Тэр маань үзэгдэхээ байж, хааяа нэг харахаар гоё байдаг юм. /инээв/ Ер нь борлуулалтад эмэгтэй хүн явж байвал, ижилсээд нэгнийгээ хүндлээд л явна шүү дээ.

-Өглөө эрт ажлаа эхэлж буй хүмүүс цай цүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Компанийн цайны газар 24 цаг ажилладаг. Биднийг өглөө талхаа ачаад гарах үед хоол бэлэн байна. Заримдаа түгжээ эхлэх цаг болчхоод амжихгүй үед цай хамаарахгүй гараад л явна. Түгээлтээ яаран яаран хийсээр нэг мэдэхэд өдөр болчихсон байдаг. Юун өлсөх байтугай, бие засахаа ч мартчихсан байдаг. Инээдтэй шүү. Ажлаа дуусчхаад өлсөж цангасан гэдгээ мэдэрдэг. Сонирхолтой нь заримдаа өөр борлуулалтын машинуудтайгаа нийлж цайлна. Дээр үед "Далай ээж"-ийн тэнд цуглаж, өдрийн цайгаа ууна. Өөр өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргаад хөнгөн цайлчхаад тардаг байлаа. Талх хиам, сүү гээд л. Нэг нь ирээгүй бол жаахан хүлээнэ. Эсвэл цай уух цагтаа таарах гэж түгээлтээ амжуулна сайхан шүү.

-Өглөө ачсан талхаа дуусахаар нь дахин очиж ачин түгээлтээ хийх үү?

-Ганц л ачна. Нэг ачилтаар 100 гаруй сагс талх орно. Харин пургонтой байх үед хоёр ачдаг байлаа. Шөнийн хоёр цагт ажилдаа гарч талхаа ачаад 1-р хорооллын дэлгүүрүүдэд тараачхаад өглөөний найман цагт ирж, хоёр дахь түгээлтээ ачаад эргээд л гардаг байлаа. Тухайн үед тусдаа борлуулагч байхгүй өөрөө борлуулагч, жолоочоо хийгээд хүнд байдаг байсан. Одоо ч бүх юм тусдаа ажил хөнгөн болсон.

-Шөнөөр болон үүрээр ажилдаа явахад эмэгтэй хүнд тун хэцүү. Та яаж ажилдаа ирдэг байсан бэ?

-Тэгэлгүй яахав. Айж эмээдэг л байлаа. Гэхдээ эгч нь ээлжийн жолооч хийгээд Нисэх, Яармагийн жолооч нараа гэрээс нь аваад явчихдаг байсан. Одоо ч хүн бүр машинтай болоод машин байхаа больчихсон. Машинтай нэг нь гэр ойрхон хүмүүстэйгээ утсаар ярьж байгаад л энд гараад ир тэнд гараад ир гээд ажилдаа явна даа.

-НАМАЙГ АЖИЛД ОРЖ БАЙХАД АТАР ТАЛХ 110 ТӨГРӨГ БАЙСАН-

-Өөрт тань энэ ажил, ачааллын хувьд хүнд юм шиг санагддаггүй юу?

-Эсрэгээрээ шүү. Энийгээ л хийгээд гүйгээд явж байвал биед амар шүү дээ. Гэртээ амрахаар эсрэгээрээ царай алдчихна. /инээв/

-Жолоочийн ажилд анх хэрхэн орсон бэ?

-Би автын мэргэжилтэй л дээ, хотод орж ирэхээс өмнө нутагтаа мэргэжлээрээ ажилладаг байсан. Хотод ирээд жолоочийн ажил илүү сайн цалинтай байсан учраас энэ ажлыг хийх болсон. Мөн борлуулагч жолооч хоёрын цалинг хамтад нь гээд бараг 100 гаруй төгрөг авдаг байлаа. Тэгээд ч сүүлдээ энэ ажилдаа дасаад хийсээр л байна. Ер нь тэтгэвэртээ гарсан ч жолоочоо хийнэ л гэж бодож байгаа. Зүгээр сууж чадахгүй шүү дээ.

-Атар талх таны анх ажиллаж байх үед хэдэн төгрөгийн ханштай байсан бэ?

-100 гаруй байж байгаад 192 төгрөг, түүний дараа 210 төгрөг болсон. Тэгээд л өссөөр одоогийн 1200 төгрөг болчхоод байгаа нь энэ.

-ХҮҮХДҮҮДЭЭ ТАЛХНЫ МАШИНД ХҮН БОЛГОСОН ОДОО БОЛ АЧ ЗЭЭ НАРТАА “НИСЭХИЙН ЭМЭЭ ОЛДОХГҮЙ” ГЭЖ ХЭЛҮҮЛЭЭД Л ЯВНА ДАА-

-Эмэгтэй хүний нэг онцлог бол эх хүн болох. Таны хувьд энэ ажлынхаа хажуугаар хүүхдээ хэрхэн асарч, өсгөв?

-Гурван хүүхэдтэй. Хоёр бага маань энэ ажилд орсны дараа гарсан. Ер нь тэгээд ээж аав минь байсан болохоор харах хүнтэй амар. Ёстой тэгээд хүүхдээ гаргасан нь л үнэн. Бусдаар хүүхдүүд минь өөрсдөөрөө том болсон доо.

-Жирэмсэн үед машин барьж явахад хүндрэлтэй л байсан байхдаа. Одоо бол жирэмсэн хүмүүсийн машин барих хэрэггүй гээд л байдаг шүү дээ. Танд ямар байсан?

-Жирэмсэн байх минь хамаарахгүй дээ. Бараг л төрөх хүртлээ явдаг байсан. Осолдохгүй манайхан "Хүүхэд чинь гарлаа боль" гэх мэтээр хэлүүлж байж амралтаа авч байлаа. Тэгээд ч гэртээ зүгээр суух үнэхээр хэцүү. Хүүхдээ өлгийнөөс нь гарангуут кавиндаа авч яваад л ажлаа хийчихдэг хоббитой хүн. Хоёр том маань талхны машинд л хүн болсон. Цэцэрлэг сургууль амарсан, ээж аав харах боломжгүй үед гэрт ч тэр, машиндаа ч тэр үлдээхдээ битгий гараарай, томоотой байгаарай гэж захиад л гардаг. Хүүхдүүд маань ч тэгж явсаар хүн болчихсон байна өө. /инээв/

-Нөхөр тань юу хийдэг хүн бэ? Ажлыг тань сайн ойлгодог уу?

-Нөхөр бид хоёр адилхан автын мэргэжилтэй. Манай хүн нэг газар ажилладаг учраас ойлгоно.  Түрүүлж очоод хоол ундаа хийгээд хүлээж байна.

-Олон жил ажиллаад, ажилдаа дасал болсон хүмүүс, тэтгэвэртээ гараад эргээд ажлаа хийчихдэг тал байдаг. Таны хувьд юу гэж боддог вэ?

-Бодоод үзсэн чинь тэтгэвэртээ гарах цаг нээрээ л болсон байна. Гэхдээ тэтгэвэртээ гарсан ч гэсэн энэ ажлаа хийнэ ээ. Бага охиноо арай сүүлд гарсан юм болохоор илүү энхрий байж хоёр жил гэртээ суусан. Тэр үед ч ажлаа санагалздаг байсан, харах хүн байвал, орхиж гараад ажлаа хиймээр санагдана шүү. Зүгээр сууж чадахгүй юм байна лээ.  Тэтгэвэр бол надад сонин биш, энэ ажлаа хийгээд ядардаг болсон үедээ л болино оо. Эмэгтэй хүн чинь оффис ажилд дуртай байдаг шүү дээ. Би бол эсрэгээрээ энэ ажлаа хийхээр л инээд хүрээд сайхан байдаг. /инээв. сурв/

-Ач зээ нартай болоод гэртээ хараад суух уу?

-Би чинь таван ач зээтэй хүн шүү дээ. Хүүхдүүддээ "Та нарыг өөрөө аргалж хүн болгосон, хүүхдүүдээ өөрсдөө болгоорой" гэдэг. Хүүхдүүд "Ээж та одоо болно оо, цалинжуулаад өгье, хүүхэд л хараад өг" гэнэ. Тийм яриа байхгүй намайг хараад дэмий дээ, дүүгийн чинь хүүхдийг л харж өгье гэнэ дээ. /инээв. сурв/ Ер нь манай ач зээ нар "Нисэхийн эмээ олддоггүй" гэж хэлдэг юм. Би ч тэр нэрэндээ дассан “Нисэхийн эмээ олдохгүй ээ, олдохгүй” л гэнэ шүү дээ.

-НҮЦГЭН АТАР ТАЛХАА ТАЛААР НЭГ ТАРААЧХААД САНДАРЧ БАЙГАА ХЭРНЭЭ, ШАРГАЛТААД БАЙЖ БАЙГААГ НЬ ХАРААД ИНЭЭД ХҮРЧ БИЛЭЭ-

-Хүн бүрд ажилтай холбоотой мартагдашгүй дурсамж байдаг. Та тэдгээр дурсамжуудаасаа хуваалцаач?

-1998 онд 53 машинтайгаа саппорогийн ард талын шороон замаар явж байлаа. Тухайн үед атар талх минь уутгүй нүцгэн, одоогийнх шиг сагсанд хийхгүй модон тавиуранд /латки/ өрдөг байлаа. Машин маань ч одоогийн ийм тэрэг шиг түлхүүр түлхээд асна гэж байхгүй. Хажуу бөөр лүүгээ хөшиглүүлж байж асна, хөгжим ч байхгүй. Хужаа хөгжим тавьчихсан сэнгэнүүлээд л явж байлаа. Гэтэл хажуугаар зөрсөн машинууд сигналдаад, гэрлээрээ дохиод чухам. Би ч дугуй хагараагүй байна, яасан юм болоо. Муу сайн юмнууд эмэгтэй жолооч хараагүй юм байхдаа. Би тийм хөөрхөн байгаа юм болов уу гээд л тун ч их юм бодсон байлаа. Гэтэл нэг ах хашиж ирж зогсоод “Үгүй ээ чи наад хаалга чинь онгойгоод хамаг талх чинь цувчихлаа” гэж билээ. Тэгсэн хаалга маань тойргоор эргэх явцад энергиэрээ саваад онгойчихож, газраар нэг талхнууд маань. Тэр үед машин ч цөөхөн ч байж, жолооч болгон бууж талхнуудыг минь түүж өгч билээ. Одоо ч хүүхдүүддээ  ярьдаг. Ээж нь өөрийгөө аягүй их бодчихсон, тэгж билээ гээд их шоолонгуй ярина. Тухайн үед машинаасаа буугаад харахад өнөөх хэдэн нүцгэн талхнууд минь хаа сайгүй шаргалтаад уначихсан, сандарч байсан хэдий ч их инээд хүрч билээ. Сүүлд бодох нь талхнууд маань шаргалтаад гоё харагдаж байсан сан. Талхны хувьд ийм. Нарийн боовныхон бас их инээдтэй. Дэлгүүрт ороод ярихдаа нарийн боов гэхгүй, боов гээд л хэлчих нь. Нарийн бүдүүн алийг нь авах юм, хатуу юу, зөөлөн уу гээд л ярьчих нь хүмүүс ч их шоолно. Янз янз болно оо. /Инээв/

-Тухайн үедээ талхнуудаа яасан бэ? Хэдий хэмжээний талх байсан бол?

-100 орчим талх байсан, шууд үйлдвэртээ буцааж шинэ талх аваад явсан. Талх маань уутгүй байх үед борооны ганц дусал хүргэж л болохгүй байлаа шүү дээ. Ганц дусал болоход л хөөгөөд пэмбийчих нь. Юун бид нар норох, талх минь л хуурай, ямар нэг байдлаар муухай болохгүй байх нь чухал үе байлаа шүү дээ.

-Борлуулалтаа хийхээр дэлгүүр орсон үедээ талхаа алдаж байсан уу?

-Байсан шүү. Нэг дүгээр хороололд талхаа оруулж өгчихөөд гараад ирсэн хоёр эмээ "Хүү минь хоёр залуу талх аваад явчихлаа, бушуулаарай" гэдэг. Надад харагдадгүй. Гэсэн чинь том биетэй эрэгтэй хүн латкитай талх өвөртөө хийгээд аваад явахаар араасаа огт мэдэгдэхгүй юм байна лээ. Одоо ч зах бөөний цэгүүдэд осолтой, орон гэргүй хүмүүс борлуулалтын машинуудыг андахгүй авна аа. Тийм газруудаар хараагаа салгаж болохгүй дээ. Би Хархорин дээр хоёр архичин залууд тэгж алдаж байсан. Гэхдээ эргүүлж олж авч чадсан. Хурдан ч гүйдэг байж, чулуу ч сайн шидэж. Хойноос нь чулуу нүүлгээд яг онож таараад бушуухан гүйж очиж авсан даа. /инээв. сурв/

-Нөр их ажлынхаа цаг заваар бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button