Нийгмийн

21 дара эхийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей руу зөөж байна

Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох 21 дара эхийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей руу Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу өнөөдөр цагдаагийн хамгаалалт дор тээвэрлэж байна.

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байгаа юм.

Өндөр Гэгээний мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 9-11-ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох юм.

Г.Занабазар нь монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн бөгөөд олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан тэрээр уран баримлын нэрт бүтээлээрээ монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн юм. Занабазарын эдгээр бүтээлүүд нь XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болж чадсан юм.

Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчдийн гоо зүйн болон гоо зүйн мөн чанарыг цогцлоож, гоо сайхныг хүн төрөлхтний төсөөлөн буй гоо сайхны тэр л дүр төрхөөр буддын шашны лагшинд шингээн урласан байдаг бөгөөд ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button