Нийгмийн

“Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад Өмнөговь манлайлна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. 

Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд,  2018 онд Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд  зохион байгуулсан юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй бол энэ жилийн арга хэмжээг 2021 оны 11 сарын 3,4-нд Өмнөговь аймаг хариуцан амжилттай зохион байгуулав. “Монголын говийг дэлхийд таниулна” уриатай явагдсан уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг  аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.

Энэ жилийн онцлог юу байв?

Хамтрагч талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад идэвхи зүтгэлтэй ажиллаж багагүй хөрөнгө зарцуулжээ. Санхүүжилт ийнхүү нэмэгдэж байгаа нь говийн ховор амьтдын хамгаалал тэр хэмжээгээр сайжирч байна гэсэн үг юм.  Үүнд, зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил орж байгаа юм.  Мөн талуудын идэвх, зүтгэлийн хүчинд говийн ховор амьтад амьдардаг зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулж, хамгаалалттай газар нутгийн хэмжээг 1 сая га-гаар нэмэгдүүлж чаджээ.  Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцолж байлаа.

“Говийн гайхамшигт 6” санаачилгыг улам эрчимжүүлж, үр нөлөөг нь дээшлүүлэхийн тулд талуудын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг багасгах, хөрөнгө, ажиллах хүчийг үр ашигтай зарцуулахын тулд нэгдсэн, тогтвортой удирдлага бий болгох шаардлага үүсэж буйг ч талууд хэлж байв.

        “Говийн гайхамшигт 6” уулзалтын төгсгөлд хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Говь Гурван Сайханы тунхаг”- т тусгалаа. Үүнд, Говийн гайхамшигт 6” санаачилгыг нэгэн үзүүрт бодлогод чиглүүлэх  баримт бичгийг салбарын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд БОАЖЯ-ын зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзлээ. Хэрвээ ингэж чадвал говийн ховор зэрлэг амьтдын хамгаалал нэг шат ахих боломжтой, тиймээс БОАЖЯ энэ асуудалд анхаарал хандуулж дэмжинэ гэдэгт найдаж буйгаа оролцогчдын олонхи нь хэлж байв.

Энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь Өмнөговь аймаг “Говийн гайхамшигт 6” зүйлийн хамгаалалд манлайлан оролцохоо илэрхийлсэн явдал байлаа. Тиймдээ ч энэ манлайллыг талууд баяртайгаар хүлээн авч бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн  “Говийн гайхамшигт 6” зүйл амьтан оршин буй нутгийн иргэд, бүлэг, нөхөрлөл, шийдвэр гаргагч талууд байгальд ээлтэй арга замаар экосистемийн үр өгөөжийг урт хугацаанд хүртэх, тухайлбал хөв цөөрөм байгуулах, говийн булаг шандын эхийг хашиж хамгаалах, баян бүрд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

“Говийн гайхамшигт 6” зүйл амьтны өргөн уудам зайд нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байдаг. Энэ нь хамгааллын маш чухал ажил юм. Иймээс зэрлэг амьтдад ээлтэй жишиг гарц гарам байгуулах ажилд талууд хамтран ажиллах, ялангуяа зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг “Говь Гурван Сайханы тунхаг”- т онцгойлон тусгалаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button