Нийгмийн

ТҮҮХЭН ЗУРГУУД: Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд

Ардыг гэгээрүүлэх яамны Анхны сайд Онхуд овгийн Сангажавын Жамьян (1864-1930)

Онхуд овогт Сангажавын (зарим сурвалжид Сангарав гэж бичигджээ) Жамьян нь 1864 оны хөх хулгана жил Цэцэн хан аймгийн Ачит ван Сансрайдоржийн хошуу, Ардын засгийн үеийн Хэнтийн Хан уулын аймгийн Баянтүмэн, одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баянбулган хэмээх газарт Онхуд овогтны Сангажавын хүү болон мэндэлжээ. Тэрбээр бага насандаа нутгийн бичгийн хүн Билэгтэйд шавилан монгол бичигт суралцсан бөгөөд хожим өөрийн оролдлогоор төвд, манж, хятад бичигт суралцжээ.

С.Жамьян 1880-аад оны үеэс хошуу тамгын жасаанд тал бичээч, бичгийн эх зохиогчоор ажиллаж байв. Тухайн үед бичиг үсгийн чадвартай иргэдийг Богдын шавь яаманд дуудан ирүүлж, алба хаалгадаг байсан бөгөөд С.Жамьянд зайсан хэргэм олгож, их шавийн харьяанд алба тушаал хүлээлгэх болжээ. 1913 оноос Сангийн яамны нярав, дэд сайдаар ажиллаж байсан түүнийг Ардын Засгийн газар байгуулагдахад Сангийн яамны тэргүүн сайд хамаарсан дэд сайдын албанаа томилжээ.

Тун удалгүй 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдон ажилласан байна. 1924 оны 2 дугаар сард Судар бичгийн хүрээлэнг Дотоод явдлын яамны Сургуулийн хэлтэстэй нэгтгэн Ардыг гэгээрүүлэх хэргэм зэргээрээ олон түмний дунд ихэд алдаршиж, Жамьян гүн, Жамьян сайд хэмээн хүндлэгдэж байжээ.

Тэрээр Ардын хувьсгалын нууц бүлгэмийн гишүүн хувьд хувьсгалын ажилд идэвхтэй оролцож, Монголын төлөөлөгчид Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх бичгийн эхийг зохиож, Богд хааны тамга даруулах ажлыг хичээнгүйлэн гүйцэтгэсэн тухай түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэрээр 1924-1930 онд Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Тэрээр 1921 онд монголын шинжлэх ухааны байгууллагын үндэс суурийг тавьж Судар бичгийн хүрээлэн байгуулж, анхны даргаар томилогдон ажиллажээ

Эх сурвалжийг үзвээс: “Олноо өргөгдсөний 1921 оны арван сарын нэгний өдөр/ Засгийн газраа олон яамны сайдууд, засгийн газрын зөвлөх түшмэл, нарийн бичгийн дарга, эрхэлсэн түшмэл, намын гишүүн, эвлэлийн төлөөлөгч нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон 24 дүгээр хурлын бичигт: Гуравдугаар зүйл. Манай засгийн газраас томилон гаргасан эрдэмтэн түшмэл Жамсранов, сайд гүн Жамьян, гүн Дашням, түшмэл Бат-Очир нараас Монголын Нийслэл хүрээнд Судар бичгийн хүрээлэн байгуулж, гадаад олон улсын зүйл бүрийн ухааны ба улс төрд хэрэглэгдэх судар бичгийн чухал хэрэгтэйг нь монгол үсгээр орчуулж авах ба уул монголын хэлээр зохиож дэлгэрүүлэн монголын эрдэм боловсролд тустай болох арван таван зүйлийн дүрэм хэмжээ заан бичиж тогтоолгохыг эрж ирүүлснийг хэлэлцээд энэ зүйлийн номын хүрээлэнг нээн байгуулахаар төлөвлөсөн дүрэм хэмжээ маш зүйтэй болсон тул ёсоор болгон баталснаас гадна, эрхлэх сайдыг засгийн газраас сонгон томилж айлтгаад тогтоолгох ба Судар бичгийн хүрээлэнгийн зүйлд энэ удаа хэрэглэх гурван мянган ланг Засгийн газраас Сангийн яамнаа хуудас явуулж тавин олгуулахаар тогтов” гэжээ. Жамьян гүн өөрийн сууж байсан орос маягийн жижиг байшингаа суллан Судар бичгийн хүрээлэн байгуулах үйлсэд ашиглаж байсан тухай түүхэн баримтад дурдагдан үлджээ.

1921-1924 онд Судар бичгийн хүрээлэнгээс дөрвөн аймгийн бичиг хэргийг эмхлэх, түүхийн холбогдолтой ном судар, түүхэн үзмэрийг ялгах ажлыг зохион хэрэгжүүлсэн нь шинэ үеийн шинжлэх ухаан, музей, номын сан, архивын байгууллага хөгжлийн замналыг эхлүүлжээ

Тус хүрээлэнгийн гүн О.Жамьян, бичээч Ч.Бат-Очир, Д,Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 гаруй номоор анхны номын санг байгуулсан нь өнөөгийн Үндэсний номын сангийн эхлэл болсон байна.

Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамьян нь 1924 онд Жонон ван Ширнэндамдин, хэлмэрч Хишигт нарын хамт Бээжин, Шанхай, Өвөрмонголоор явж судар бичиг, ном зохиол үлэмж ихийг цуглуулж авчирсаны дотор шунхаар хэвлэсэн Монгол үсгийн Данжуур номын хоёр зуун хорин зургаан ботийг бүтнээр нь 16 үхэр тэргээр авчирсан нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдолтой гавъяат үйлс байлаа. Эдүгээ тэдгээр үнэт бүтээлүүд Үндэсний номын санд хадгалагдаж байна.

Монгол орны түүх, байгалийн байдлыг харуулсан музейг байгуулах шийдвэрийг Судар бичгийн хүрээлэнгээс гаргаж, үзмэрийг цуглуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд үзмэрийг дээжүүдийг Жамьян гүний хашаанд төвлөрүүлэн цуглуулсан байна. 1923 оны намар Музейг албан ёсоор нээж, үзмэр улам баяжжээ. Энэ үед дөрвөн аймгийн бичиг хэргийг эмхлэх, түүхийн холбогдолтой ном судар, түүхэн үзмэрийг ялгах ажлыг явагдаж, шинэ үеийн шинжлэх ухаан, музей, номын сан, архивын байгууллага хөгжих эхлэл тавигджээ.

Анхны бага сургуулийн дарга сургагчаар ажиллаж, сургуулийн хэргийг өрнүүлжээ

Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзудбын яамны бичигт “Монгол Ардын Засгийн газрын Дотоод яамнаа өргөв. Хуудсаар өргөн мэдүүлэх учир. Эдүгээ Дотоод яамнаас олон хөвгүүд, охидыг бичиг эрдэмд боловсруулан, сурган хүмүүжүүлэх зэрэг учир харьяат танхимыг байгуулан хөвгүүд, охидыг холилдуулан бичиг эрдмийг үүсгэн заахын тул сайн өдөр, цагийг сонгон үзүүлж, мэдүүлэн өргүүлэхээр тушаасныг дагаж, харьяат зурхайчин нарт тушааж өдөр, цагийг сонгон үзүүлбээс, энэ есөн сарын хорин есний тасраад арван сарын шинийн хоёрны мягмар гараг шороон луу энэ өдрийн луу буюу бичин цагт нээн шийтгэвээс сайн хэмээмой хэмээсэн явдлыг Монгол Ардын Засгийн газрын Дотоод яамнаа өргөн мэдүүлсүгэй.

Үүний тул хуудас өргөв. Олноо өрөгдсөний Арван нэгдүгээр он есөн сарын хорин нэгэн” гэжээ. /ТТА. ф4в, т11, хн-3/ Энэхүү баримтаар анхны бага сургуулийг нээсэн өдөр нь Аргын тооллын 1921.11.02 болох нь тодорхой нотлогддог. Улмаар “Нийслэл хүрээний сургуулийн танхимд Их шавийн Жамьянг даргасургагчаар орлуул” гэсэн нь анхны бага сургуулийн захирлаар Жамьян гүн тус сургуулийг захирлыг томилох хүртэлх хугацаанд хавсран ажилласан гэж үзэх үндэслэл байна.

ФОТО:

С.Жамьян гүн нь Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайдаар ажиллахдаа хэрэгжүүлсэн гэгээрлийн үйл хэргээс онцлон тэмдэглэх нь

Тэрээр Гэгээрүүлэх яамны анхны сайдын албанд тохоон томилогдох үедээ Судар бичгийн хүрээлэнгийн ажлаар ховор чухал ном судар олж ирэхээр Бээжинд томилогдон ажилласныг дээр дурдсан. Жамьян гүн Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар томилогдсон тухай баримтыг сөхвөөс: Олноо өргөгдсөний 14 оны 1-р сарын 19 /1924.02.14/-нд Гэгээрлийн яам байгуулсан тухай Дотоод яамны айлтгал бичигт: “Монгол Улсын Засгийн газрын Ардын гэгээрүүлэх яамны тамгыг хамаарсан эрхэлсэн түшмэл Батханд илгээв”.

“Цагаан сарын Шинийн 8 бөгөөд Аргын улирлын 2-р сарын 13-нд манай Дотоод яамнаас айлтгасан нь Ардын гэгээрүүлэх яамыг байгуулахаар тогтож, сайд, түшмэлийг тохоон томилсон явдлыг хичээнгүйлэн нугалбар өчиж айлтгаад .. хошуу, шавийн зэрэг олон газар бага сургуулийг түүгээр байгуулан мэдэгдсээр бөгөөд ... нутгийн захиргаанаас дүрэм ёсоор хошуу бүр сургуулийг нээн байгуулбаас зохихоос гадна манай засгийн газраас сургуулийн хэргийг чухал болгон ард олныг нийгмээр нь бичиг эрдэмд боловсруулан гэгээрүүлэхийг гол болгож бүхий тул энэхүү их хэргийг манай нэгэн хэлтсээс зорилгод тавтай нийлүүлэн сургуулийг хоосон үгний чимэг болгохгүй, харин сайнаар эрхлэн явуулахад үүрэг нь үнэхээр хүнд болох дээр чухал хэргийг хийдүүлэхэд хүргэх тул бүх сургуулийн хэргийг эрхлэн захирах тусгай газар байгуулбаас зохих болов уу? хэмээх санааг илтгээд... энэ хэр улсын сан асар арвижин чадаагүй тул арвилах хэмнэхийг эрхэмлэн буй учир Судар бичгийн хүрээлэнтэй нийлүүлэн тусгай яам болговоос сургуулийн хэрэгт их л тустай болох ба санхүүд арвитай болох болов уу? хэмээх боловч нийлүүлэх, эсэхийг Засгийн газар лавлан тогтоож зохих ... хэлэлцээд ёсоор болгон баталж, “Монгол Улсын Ардын засгийн Ардыг Гэгээрүүлэх Яам” хэмээн нэрийдэж, тамга олгуулах ба Засгийн газрын 55-р хурлын 8-р зүйлд / Орон тоо, цалин хэрэглэлийг тогтоох комиссыг урьд нь томилон ажиллуулсан/ Яамны эрхэлсэн сайд, Зөвлөх түшмэл, Эрхэлсэн түшмэлд нэжгээд орон, хэн хэнийг тохоох явдлыг зохих газар явуулан хянан хэлэлцүүлж, ...Яамны сайдад Гүн Жамьян, Зөвлөх түшмэлд Жамсранов, Эрхэлсэн түшмэлд Батхан нарыг тус тус сонгон тогтоохоор тогтож... Гүн Жамьянгийн бие энэ завсар Судар бичгийн хүрээлэнгийн хэргээр Бээжин зэрэг газраа одсон зүйл бий тул түүний биеийг хүрч иртэл тамга, хэргийг Эрхэлсэн түшмэл Батхан дор хамааруулан хэргийг шийтгүүлсүгэй” гэжээ. Дээрх баримтуудаас харахад, Жамьян гүнг Бээжинд албан ажлаар явах зуурт тус яамны эрхэлсэн түшмэл Эрдэнэбатхан сайдын үүрэгт ажлыг түр хамааран / хавсран/ гүйцэтгэсэн ба Жамьян гүн Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар 1924 оны 2 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилласан байна. Жамьян гүн сайдаар ажиллах хугацаандаа ардын гэгээрлийн цаашид хэрэгжүүлэх талаар олон санаачлагыг гаргаж, улсын бага сургууль, ардын сайн дурын сургуулиудын ажлыг өргөжүүлж, оюутны сургуулийг Багшийн сургууль болгон өргөтгөснөөр орчин цагийн боловсролын тогтолцооны суурь болох “сургуульсурагч-багш” гэсэн тулгын гурван чулууг тулжээ. Энэ үед нягтлан бодох, хоршоо, мал эмнэлэг, сувилагчийн, хууль цаазын мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн байна.

Ардыг гэгээрүүлэх яамнаас Засгийн газар, Улсын их хурлуудад илтгэсэн тайлан илтгэлд дурдсанаар “1923 онд Дотоод явдлын яамны дэргэдэх ардын гэгээрлийн департамент /хэлтэс/ нийслэл болон аймаг хошуудад 12 бага сургуулийг 600 сурагчтайгаар, Улаанбаатарт дунд сургууль нэгийг тус тус байгуулсан” бол 1925 оны намар улсын хэмжээнд 25 сургуульд 1550 сурагч суралцаж байжээ. Сургууль гэгээрлийн ажил өрнөхийн хэрээр хөвгүүд охид сургуульд суралцах болж, тэдэнд сургалтад ашиглах сурах бичгүүд дутагдаж байлаа. С.Жамьян сайд хүүхэд багачуудыг монгол үсэгт сургах “Цагаан толгой оршвой”, “Монгол үсэгт сургах цагаан толгой” дэвтэр, “Монгол үсэгт сурах ба хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн боть хэмээх цагаан толгой оршвой” зэрэг сурах бичиг, “Тоо бодлогын анхан сурагчдын зам хэмээх бичиг” хэмээх сампин бодлогын номыг өөрөө зохиож гаргажээ. С.Жамьян сайдын мэндэлсний 150 жилийн ойд зориулж, Шинжлэх ухаан академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав “Онходын Жамьян. Монгол хэл бичгийн ухаан” бүтээлийг 2014 онд хэвлүүлсэн байна. Уг бүтээлд Жамьян сайдын зөвхөн монгол бичгийн ухааны талаар туурвисан арван бүтээл багтжээ.

Тухайлбал:

1. Монгол үсгийн аймаг. Анхан сурах хөвгүүдийн оюуны амыг нээх тодорхой толь хэмээгдэх оршвой. 1914 он

2. Монгол үсгийн ёсныг өчүүхэн төдий товчлон гаргасан байдал.1921 он.

3. Монгол үсгийн цагаан толгой оршвой. 1922 он.

4. Урт өдрийн улиг үгний бичиг. 1925 он.

5. Анх сурах хөвгүүд, охидыг удирдан сургах хичээлийн бичиг. 1925 он.

6. Монгол үсгийн цагаан толгой оршив.1926 он.

7. Монгол үсэг сурах бага хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршвой.1927 он.

8. Анхан сурах хөвгүүдийн оюуны амыг нээх тодорхой толь хэмээгдэх оршив. 1927 он.

9. Монгол үсэг сурах бага хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн бичиг.1928 он.

10. Монгол үсэгт сургах цагаан толгой хэмээх дэвтэр 1928 он. С.Жамьян гүнтний бичиж зохиосон дээрх хэл бичгийн ухааны 10 бүтээл нь ардын сургуулийн анхны сурах бичиг, хэл бичгийн хичээлийн сургалтын хөтөлбөр болж байжээ.

Мөн эдгээр бүтээлийн нэр адил төстэй боловч агуулгын хувьд өөр хоорондоо адилгүй, анхлан суралцагчдад сурахад илүү дөхөм болгон, тасралтгүй сайжруулан хэвлүүлж, сургалтад ашиглаж байсан байна. Э.Пүрэвжав доктор “Онхудын Жамьян. Монгол хэл бичгийн ухаан” бүтээлдээ Жамьян сайдын амьдрал, үйл хэргийг дүгнэн хэлэхдээ “Өөрийгөө хэзээ ямагт болхи нэгэн өвгөн”, “мунхаг эр”, “халх монголын доорд бичээч” гэхчлэн их л энгийн эгэл даруухнаар нэрлэдэг байсан ба их бичгийн хүмүүн, нэр соён гэгээрүүлэгч, агуу эрдэмтэн Онхуд овогт Сангажавын Жамьян гүнтэн бол орчин үеийн монголын шинжлэх ухааны ууган байгууллагыг анх үүсгэн байгуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх, үндэсний утга соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, түүхийн дурсгалт зүйлийг сурвалжлан судлах, хой залуу үеийг сурган хүмүүжүүлэх, монгол хэл бичиг судлалын бүтээл бичиж туурвих тэргүүтэн ашдын тустай ариун үйлсэд бие лагшин, сэтгэл зүрх, билиг авьяасаа бүрэн зориулсан агуу их соён гэгээрүүлэгч мөн” гэжээ.

О.Жамьян сайдтан монгол хэл бичгийн өв уламжлал, монгол судлалыг хөгжүүлэх, хамтарсан судалгааг хөгжүүлэхэд тэргүүлэн оролцож байсан нь 1925 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийг байгуулах, монгол орны байгаль, аж ахуй, хүн амын байдлыг судалснаар гадаад улстай хамтарсан судалгааны эх суурийг тавьжээ. Их эрдэмтэн С.Жамьян Судар бичгийн хүрээлэнгийн дарга, Багшийн сургуулийн багшаар ажиллаж байгаад 1930 оны 5 дугаар сарын 1-нд 66 насандаа хүнд өвчний учир таалал төгсчээ.

1966 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Монголын багш нарын өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэж, 1967 оноос эхлэн тэмдэглэж эхэлснээс гадна сурган хүмүүжүүлэх ухааны анхны уншлага зохион байгуулагдаж “Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд Онхуд овогт Сангажавын Жамьяны амьдрал, үйл ажиллагаа”-ны тухай хэлэлцэж байжээ. Монгол төрийн хэрэгт зүтгэхдээ хариуцсан үйл хэрэг бүхэндээ бие сэтгэл, билиг оюунаа шингээж, монголын шинэ цагийг ирээдүйг тольдон харж, орчин цагийн олон салбарт хөгжлийн анхны шанг татсан их бичгийн хүмүүн, гэгээрэл, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч Онхуд овогт Сангажавын Жамьяны монголчуудын оюун санаа, эрдэм боловсролд оруулсан хувь нэмэр, агуу их үйл хэргийн тухай боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн түүхэн ой, түүхэн өдрүүдэд товч дурдахад ийм буюу.

“Эрдэм сурахад хэдэн халхавч байдаг. Эрдэм сурахыг хүсвэл тэр халхавчийг хаях хэрэгтэй. Өөрөөсөө дээш эрдэмтэй ахас ихэс хүмүүсээс эмээн шантраад мэдэхгүй зүйлээ асууж лавлаж чадахгүй хоцрохын халхавч, үеийн нөхдөөс мэдэхгүй зүйлээ асуухаас ичиж өөрөө мэддэг дүр гарган мэдэхгүй хэвээр хоцрон нэрэлхэхийн халхавч, мэдлэг багатай буюу өөрөөс доош хүмүүсийг юу ч мэдэхгүй гэж басамжилж, үл тоон, үл асуун мэдэхгүй хэвээр хоцрох дээрэнгүйн халхавч, эдгээрийг шантрах, нэрэлхэх, дээрэлхэх ухамсаргүйн гурван халхавч гэнэ. Эрдэмтэй болохыг хүсэх хүмүүс тэр халхавчийг хаяж ахмадаас халшралгүй асууж, лавлаж мэд! Бага хүмүүсийг гололгүй асууж лавлаж мэд!”

Боловсрол судлаач Д.Наранзул

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button