УРЛАГЭнтертайнментЯрилцлага

Реппер Н.Цэцэнбилэг: Хүмүүст амттай хоол хийж өгөх нь сайхан уран бүтээл туурвихтай ижил

Реппер, жүжигчин Цэцэнбилэг 1988 оны дөрөвдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод Намнандоржийн бага хүү болон мэндэлжээ. Аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Тэрбээр хүүхэд насаа 220 мянгатад, бусдын л адил сагс тоглож өнгөрөөсөн аж.

"Эхлэл” дунд сургуулийг төгсөж, зурах хоббигоороо ШУТИС-ийн Интерьер дизайны ангид элссэн ч, удалгүй Америк улсыг зорьж тэндээ сонгосон мэргэжлээрээ суралцаж төгссөн байна. Гадаад явахаасаа өмнө 2004 онд "Vanquish” хамтлагийг байгуулснаар анх урлагт хөл тавьсан аж.

-АМЕРИКТ ОЧООД ЯПОН РЕСТОРАНД ГУРВАН САР БЭЛТГЭЛ ХИЙСНИЙ ДАРАА ХООЛ ХИЙХ БОЛОМЖ ОЛДОЖ БАЙСАН-

Гадаадад суралцаж байхдаа өөрийн сонирхлоор хип хоп урсгалыг илүү их сонсож, дуулах болжээ. Тиймдээ ч ханын шүүгээндээ студи байгуулж, пульт, микрофон, өндөр нягтралтай камер худалдаж аваад хоолойгоо бичиж, дүрсээ аваад Монгол руу явуулж клип, дуугаа гаргадаг байсан гэв. Түүний урлагтай амьдралаа холбосон түүхийг дурдвал товчхондоо ийм. Гэвч бид энэ удаа түүнтэй уран бүтээлч хүний хувьд бус гурван сарын өмнө эхлүүлсэн шинэ бизнесийнх нь тухай онцлон ярилцсанаа хүргэж байна.

Америк улсыг зорьсноороо тэрбээр урлагтай нягт холбогдсон ч, мөн ирээдүйн бизнесийнхээ эхлэлийг тавьжээ. Учир нь их сургуулийнхаа төлбөрийг олох, цаашлаад амьжиргааны зардлаа олохын тулд Япон ресторанд ажилласан байна. Эхний гурван сарын турш бэлтгэл тогоочоор суралцаж, түүний дараа үндсэн хоолны тогооч болон дэвшсэн аж. Тэрбээр энэ тухайгаа:

"Японд бүх зүйл нарийн дэг журамтай явагддаг. Монголд тогоочоор ажиллахын тулд шууд л хоолоо хийж сурдаг бол тэнд их өөр. Эхлээд хоолны материал, ногоог бэлтгэх зэргээр дадлагаждаг. Ахлах тогооч нь хамгийн сүүлд гэртээ харих жишээтэй. Гурван сар орчим бэлтгэл тогооч хийсний дараа надад азаар боломж олдож, хоол хийж эхэлсэн. Тэгэхэд л хоол хийх, хийсэн хоолыг минь хүмүүс амтархан идэхийг харах кайфтай болохыг мэдэрсэн” гэв.

-ГЭР БҮЛ, НАЙЗУУДАА ГАРЫНХАА АМТТАЙ ХООЛООР ДАЙЛАХ ДУРТАЙ-

Тэрбээр эх орондоо ирсэн ч, уран бүтээлийнхээ хажуугаар лагертаа гэр бүлийнхэн, найз нөхдөдөө амттай хоол хийж, дайлах дуртай байжээ. Найзууд нь түүнийг өөрийн нэрийн ресторан нээхийг санал болгож, гурван сарын өмнө өөрийн "Chikara Japanese Steakhouse”-аа нээсэн байна. Тэрбээр өдгөө эхнэр, хоёр хүүгийн хамт эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхийг эрмэлзэж, их хотын завгүй хэмнэлд цаг хугацаатай уралдан амьдарч явна.

-Юуны өмнө шинэ бизнесээ эхлүүлсэнд тань баяр хүргэе. Ресторанаа хэрхэн нээсэн бэ. Үйлчлүүлэгч хэр их байна вэ?

-Рестораныг анх япон хүмүүс нээсэн. Би сүүлд орж ирсэн. Хувь эзэмшдэг. Ажиллуулж эхлэхэд л бүх зүйл нь бэлэн байсан учир харьцангуй амар байсан л даа. Хүмүүсийн хандлага их сайхан байгаа. Яах вэ дуу дуулахаар хэзээ мөнгөтэй болох нь тодорхойгүй байдаг. Өөрийн бизнестэй байвал байнгын орлоготой гэдгээрээ хэрэгтэй. Тиймээс ч дуртай. Өөрөө ажиллахад хүмүүс дуртай үйлчлүүлж байгаа. Өдөртөө их л завгүй байдаг болсон. Тогооч болсноос хойш зар сурталчилгааны санал их ирж байгаа.

Хажуугаар нь дуулаад байгаа учир орлого ч тасардаггүй. Сайхан хүмүүстэй уулзах, уулзаад гоё хоол хийж өгдөг болохоор кайфтай л даа. Түүнийгээ дагаад орлого нэмэгдэнэ. Хүн бүрт л мөнгө хэрэгтэй. Хэрвээ тогоочоор ажиллаагүй бол гэртээ "Хэн намайг дуулуулах бол, хэн надад рекламны санал тавих бол” гээд л сууж байгаа шүү дээ. Эсвэл бүр өөр зүйл хийж байсан байх болов уу.

-Яг ид санхүүгийн хямрал, өвчний дэгдэлтийн үеэр бизнесээ эхлүүлсэн учир амаргүй байсан болов уу?

-Бүх л бизнесийн салбарт мэдрэгддэг байх. Хил, гааль нь хаагдаад бараа бүтээгдэхүүний үнэ нь өсөөд хэцүү л байна. Уг нь хүмүүст гоё хоол хийж өгөөд, үйлчилмээр байна. Их үнэтэй ч байлгамааргүй байгаа юм л даа. Тог, усны мөнгө хөнгөлсөн хэдий ч түрээс, ажилчдын цалин гээд зардал их. Ядаж "Гоё хоол хийе” гэхэд нарийн ногоо байхгүй. Бензин тосноос эхлээд үнэ нь нэмэгдэх хэцүү л байна даа.

-Ер нь яагаад тогоочоор ажиллъя гэж бодов. Багаасаа хоол сайн хийдэг байв уу?

-Ээж аавынхаа гэрээс гараад л хоол хийх дуртай болсон. Хүнд хоол хийж өгөхөд, түүнийг амтархан идэхийг харах гоё. Хийж байх явц бол гоё биш л дээ. Үйлчлүүлэгчидтэйгээ хөөрөлдөх, үзүүлбэр үзүүлэх нь хоолны минь нэг хэсэг.

-Голдуу ямар хоол хийж байна вэ?

-Япон үндэсний хоол гэдэг л дээ. Гэхдээ биш юм билээ. Яг Японд бол өөрөөр хийдэг. Энэ хоолоо Америкт хийж сурсан. Тиймээс бага зэрэг өөрчлөөд хийж байгаа. Яг тэндэхийн ресторанд энэ хоол их түгээмэл. Тэндээ нарийн дэгтэй. Ахлах тогооч нь хамгийн сүүлд гардаг. Хоол хийхэд ч шууд заагаад л хийлгээд эхлэхгүй. Эхлээд бэлтгэл тогоочоор сургадаг. Миний хувьд хоёроос гурван сар ажилласны дараа үндсэн хоол хийж эхэлсэн.

Тогооч нь ажилдаа ирээгүй өдөр намайг гаргаад, түүнээс хойш л тогооч болсон доо. Сургуульдаа сураад эрдэм өвөртөлсөн, дээр нь дуу хөгжмөө ч мөн орхилгүй явсаар олны танил гэх тодотголтой болж, өдийг хүрсэн.

-МОНГОЛД БҮГД ДАРГА БОЛЖ ОФФИСТ АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ НЬ БУРУУ САНАГДДАГ-

-Таны үндсэн мэргэжил интерьер, дизайн. Мэргэжлээрээ ер ажилласан бил үү?

-Багаасаа зурагт их сонирхолтой, дуртай хүүхэд байсан учраас интерьер, дизайн чиглэлийг сонгож суралцсан. Гэхдээ Америкт сурсан хичээл эндэхээс өөр байсан л даа. Монголдоо ирээд мэргэжлээрээ есөн сар ажиллаад гарсан.

-Олны танил байж тогооч боллоо гэж найзууд, гэр бүлийнхэн тань шүүмжлэв үү?

-Би лагертаа найзууд, гэрийнхэндээ амттай хоол хийж өгөөд их дайлдаг учир ер нь мэднэ л дээ. Бүгд л ресторанаа нээгээч гэдэг байсан. Миний хувьд ч олны танил хүн тогооч боллоо гэдэгт би эмзэглэдэггүй. Санаа зовохоо больсон. Монголд бүгд дарга болох, оффист ажиллахад дурлаад байдаг. Тэр нь буруу ч юм шиг. Мэргэжил бүхэн сайхан гэдэг үгтэй санал нэг. Тогооч байх гоё. Цалин өндөр. Харамсалтай нь зар тавиад ч олдохоо больсон байна.

-Америкт амьдрах, эх орондоо амьдрахын аль нь сайхан байна вэ?

-Америкт хэдий амьдрах нөхцөл нь сайхан ч, хүний төрсөн нутгийг гүйцэхгүй. Тиймээс би эх орондоо байх дуртай. Тэнд бол хэнд ч танигдахгүй. Харин эндээ олны танил статустай гэдэг утгаараа бүх зүйл арай өөр. Хүндлэл авах нь өөрөө сайхан мэдрэмж.

-АЛЬ БОЛОХ СТРЕССГҮЙ, ӨӨРТӨӨ ТААЛАГДСАН АМЬДРАЛААР АМЬДРАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Таны амьдралдаа баримталдаг зарчим, хүсэл юу вэ?

-Хүмүүс намайг намба суусан, даруухан болсон гэдэг. Би ганцаараа гэр бүлээ авч явдаггүй. Эхнэр маань сайн хань. Тиймээс харилцаагаа хадгалахын тулд сайн ярилцаж, ойлголцож байхыг хичээдэг. Өөгүй эрэгтэй, аашгүй эмэгтэй гэж хаана ч байхгүй шүү дээ.

Стрессгүй, өөртөө таалагдсан амьдралаар амьдрахыг хүсдэг. Байнга ажил, мөнгө гэхгүй хааяа амарч хэвтэхийг чухалчилдаг. Амарч хэвтэхэд санхүүгийн асуудалд ордоггүй л байвал сайхан байх даа. Урд нь ганцхан өөрийгөө боддог байсан бол одоо ханийгаа их хайрладаг, боддог болсон байна.

-Цаашдын зорилго, зорилтоосоо манай уншигчидтай хуваалцаач?

-Ямарваа зүйлийг нарийн төлөвлөөд байдаггүй л дээ. Ирээдүйд юу болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээж уран бүтээлээ тасралтгүй туурвих, эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэх, боломж гарвал ахиад өөр бизнест хүч сорино гэж боддог.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Гэрэл зураг, бичлэгийг Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улаанаа
Улаанаа
2021-11-11 08:31

Хадөлиөр ч мундаг з�##�уу юм аа
Амжилт

Золзаяа
Золзаяа
2021-11-11 08:32

Хөөрхөн юм аа
Хайртай шүү ккк

Roska
Roska
2022-04-06 23:09

Haana bdag yamar nertei restaurants ve? Yaj zahialga ogohu?

Холбоотой мэдээ

Back to top button