НийгмийнСПОРТ

Баараггүй өндөр цолд хүрэх ирээдүйтэй Б.Бат-Өлзий харцага

Ховд аймаг цуут бөхчүүдээрээ алдартай. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, жил жилийн улсын наадамд түрүүлж, үзүүрлэнэ хэмээн үнэлэгддэг олон бөх бий. Тэдний нэг бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Баярхүүгийн БатӨлзий.

2016 онд олон шилдгийг өвдөг шороодуулан, аймгийн арслангаас шууд улсын харцага цол хүртсэн амжилт түүнийх. Том цолтнуудтай эн тэнцүү өрсөлдөж, түрүү булаалддаг залуу хүчтэнүүдийн төлөөлөл тэр яах аргагүй мөн. 2018 онд л гэхэд Цагаан сарын барилдаанд түрүүлж, чансаагаараа бусад бөхийг тэргүүлсэн нь үүний илрэл.

Өнөө жил Хүй долоо худагт болсон улс, аймгийн цолтой 512 бөхийн түрүүлж, өчигдөр улс тунхагласны ойд үзүүрлэсэн түүнийг онцоллоо.

ХОНЬ ХАРИУЛЖ БАЙГААД Л СУМЫН ЗААН БОЛЖЭЭ

Б.Бат-Өлзий хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өсчээ. Улмаар 2009 онд сумынхаа наадамд барилдаад дөрвөн даваанд унав. Уг нь наадмаас өмнө Зэрэг суманд болсон таванч өдөрлөгт түрүүлж, сумын заан болно гэдэгтээ итгэлтэй байжээ. Гэтэл санаснаар нь болсонгүй. Нэлээд урвагар гэртээ иртэл “Чандмань сумын наадам маргааш болно” гэсэн сураг дуулдав. Шууд л тэр орой нь цемент, шохой ачсан “Пургон”-д дайгдаад Чандманийг зорьжээ. Ёстой нөгөө “явдаг цемент” гэж хэлүүлмээр амьтан тэнд очоод түрүүлж, сумын заан болсон юм. Тухайн үед Б.Бат-Өлзий үндэсний бөх бэлтгэл хийдэггүй байж. Хонь хариулж яваад л барилдаад сумын наадмын түрүү бөх болсон нь тэр.

БӨХ БОЛОХ ХҮСЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨН ХОТОД ИРЭВ

Сумын заан болсондоо урамшсан тэрбээр үндэсний бөхөөр тууштай барилдах, бэлтгэл хийхийг туйлын их хүсчээ. Тиймээс бөх боло хүсэлдээ хөтлөгдсөөр дараа жил нь Улаанбаатар хотод ирж, “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд оров.

Энэ тухайгаа тэрбээр “Нутагтаа үлдээд малчин болох сонголт надад байсан. Үндэсний бөхөөр амжилт гаргах баталгаагүй гээд нэг их эргэлзэж, элдэв юм бодоогүй. Зорилгоо биелүүлэхийн төлөө үзээд алдъя л гэж бодсон. Аавын хүүхдүүд амжилт гаргаад байхад би яагаад чадахгүй гэж өөрийгөө хурцалсан юм. Хүн бүхэнд зорилго, мөдөөдөл байдаг. Ямар нэгэн шийдэмгий алхам хийхгүй, зүгээр суугаад байвал түүндээ хэзээ ч хүрэхгүй. Би тухайн үед зоригтой шийдвэр гаргаагүй бол өдийд малчин болчихсон яваа байх” гэсэн юм.

                             АМЖИЛТЫН ТӨЛӨӨХ ТЭМҮҮЛЭЛ

Малын захад исгэрч явсан хүн их хөлийн газар ирээд дасах амаргүй байсан нь мэдээж. Бэлтгэлээ хийх зардлаа олно, амжиргааны мөнгө хэрэг болно. Гэрээ санана. Аав, ээждээ нэмэр болох, сурах, бэлтгэл хийх мөнгө олохын тулд ажил гололгүй хийдэг байжээ.

Энэ тухайгаа “Улаанбаатарт ирээд дасахад юм юм л хэцүү байсан. Анхандаа хөдөө нутгаа, гэрээ, малаа их санасан. Гэдэс өлсөхөөр бүр ч их. Гүйгээд л оччихмоор санагдана. Аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж, малынхаа захад тарвалзаж явсан хүн чинь хотод ирээд ёстой юм юм үзсэн дээ. Би аймгийнхаа төв рүү ч хуруу дарам ордог байсан. Хааяа нэг орохоороо гадуур гарахгүй. Төөрчихнө гэж хаширласандаа тэр. Тийм л хүүхэд хотод ирж билээ. Улаанбаатарт ирээд нэг хэсэг автобусанд ер суугаагүй. Очих газраа хүнээр сайн заалгаад л алхчихна. Тэр нь ч амар, баримжаатай л даа. Хоёр сар гаруй гэр, сургууль руугаа тэгж алхсан. Хотод ирээд олон газар байсаан. Ахындаа, эгчийндээ, найзуудтайгаа байр түрээслээд л. Сурч, бэлтгэл хийхийн зэрэгцээ ажил хийдэг байлаа. Хотод амьдрах өртөг хэчнээн өндөр билээ. Аль болох аав, ээжээсээ авалгүй өөрөө зохицуулчих гээд л зүтгэсэн.

Ажил голохгүй ээ, олдсоныг нь хийдэг байлаа. Ихэвчлэн хамгаалалтын ажил олддог байсан” гэлээ.

Б.БАТ-ӨЛЗИЙ ХИЧЭЭСЭЭР, АМЖИЛТ НЬ АХИСААР

Б.Бат-Өлзий “Шонхор”-д сурч байхдаа үндэсний бөхийн бэлтгэлээ аймгийн начин Батбаатараар, чөлөөт бөхийнхийг Гавьяат тамирчин Б.Болдоор заалгадаг байсан юм. Анхандаа “Шонхор”-ын аварга шалгаруулах болон сумын заан цолтнуудын барилдааны нэг, хоёрын даваанд унадаг байсан гэнэ. Бэлтгэл хийхийн хэрээр амжилт ахин, гурав, дөрөв давдаг болж. Хичээхийн хэрээр амжилт нь ахисаар сумын заануудын барилдаанд түрүүлдэг болов. Улмаар 2013 онд цэргийн начин, дараа нь аймгийн харцага цол хүртсэн юм. Дараа жил нь Ховд аймгийнхаа наадамд үзүүрлэн аймгийн заан, Орхонд түрүүлж, аймгийн арслан болжээ.

АЙМГИЙН АРСЛАНГААС ШУУД УЛСЫН ХАРЦАГА БОЛОВ

Б.Бат-Өлзий улсын наадамд анх 2015 онд барилдахдаа дөрвийн даваанд Ч.Санжаадамба аваргад өвдөг шороодсон. Дараа жил төрийн наадамд зодоглохдоо аймгийн арслангаас шууд улсын харцага болж шуугиулсан юм. Тэгэхдээ зургаа буюу улсын харцага цолны даваанд өнөөгийн улсын заан Д.Анарыг давсан. Д.Анар тэр жил тавын даваанд тухайн аймгийн арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдаад өвдөг шороодуулан, улсын цолны болзол хангаад байсан юм.

Б.Бат-Өлзий улсын заан цолны даваанд улсын аварга Г.Эрхэмбаярт унасан юм. Тийнхүү аймгийн арслангаас шууд улсын харцага болсон билээ.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ТҮРҮҮ БӨХ

Жил жилийн Цагаан сарын барилдаанд бөхчүүд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн жилийнхээ, улсын наадмын өнгийг шинждэг, Цагаан сарын барилдаанд түрүүлсэн, дээгүүрсэн барилдах бөх цолоо ахиулдаг гэлцдэг. 2018 оны Цагаан сарын барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, монгол түмнээ баярлуулсан.

Түүнийг “Өнгөтэй байна. Өнөө жил цолоо ахиулах нь” гээж олон хүн дээлийнх нь захыг мушгисан ч тэр жил улсын наадмын зургаагийн даваанд шинээр улсын цол аваад байсан Н.Золбоод унасан юм. Энэ тухайгаа “Миний гол зорилго цолоо ахиулах, түрүүлэх байлаа. Улсын начин цолны болзол хангаад байсан, үеийн бөх Золбоо цолоо ахиулж, улсын харцага болоход их баярласан шүү. Нэг нь давж, нөгөө нь унадаг болохоор харамсаагүй ээ” гээд инээмсэглэв.

БҮХ БӨХИЙГ ЧАНСААГААРАА ТЭРГҮҮЛСЭН НЬ

Чансаагаараа тухайн жил түрүүлж, тэргүүлнэ гэдэг бөх бүхний тэр жилийнх нь амжилт, өнгийн нэг том илэрхийлэл байдаг. Улсын харцага Б.Бат-Өлзий 2018 онд гаргасан амжилтаараа бусад бөхийг өнгөлж, чансаагаараа тэргүүлсэн. Тэр жил Цагаан сараас гадна хэд хэдэн барилдаанд түрүүлсэн юм.

Цар тахлын улмаас өнөө жил улсын наадмыг өнжсөн. Улмаар Хүй долоо худагт улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Ерөнхийдөө цол олгоогүй л болохоос улсын наадмын хэмжээний чансаатай барилдаан болсон. Эл барилдаанд Б.Бат-Өлзий түрүүлж, улсын наадмын түрүү хүртэх хэмжээний энтэй, ур чадвартай хүчтэн гэдгээ харуулсан юм. Хүй долоо худагт болсон барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол олгох эсэх эргэлзээтэй, эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа. Хэрвээ цол олговол Б.Бат-Өлзий улсын арслан цол хүртэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
амжилт хүсъе
амжилт хүсъе
2021-11-27 09:58

Хичээгээрэй. Наадамд түрүүлэх л болно.

Зочин
Зочин
2021-11-27 10:18

Чамд мөнгө байхаагүйээ

Зочин
Зочин
2021-11-27 10:36

Хандив гуйв�##� монголчууд чамд тэрбум төгрөг өгнө. Чи сайхан бөх шүү.

Зочин
Зочин
2021-11-27 21:08

Мөнгөөр биш Мэхээр түрүүлнэ дээ ккккк

Холбоотой мэдээ

Back to top button