Нийгмийн

ТОДРУУЛГА: Автобусны тоо цөөрөөгүй ч хүн амын өсөлтөө дийлэхгүй байна

Гадаа хүйтэрч, иргэд нийтийн тээврийн хүртээмжид сэтгэл дундуур байгаагаа цахим ертөнцөд илэрхийлсээр буй. Бага насны хүүхэдтэй, хөгшин настай хүмүүс удаан хугацаанд автобус хүлээснээс даарч хөрөх, өвдөх гээд олон эрсдэл дагуулсаар буй.

Иймд бид нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, зохион байгуулалтын тухай Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хэвлэл мэдээллийн ажилтан А.Оргилсайханаас тодруулсан юм.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна вэ?

-19 ААН-ийн 97 чиглэлийн 942 автобус нийтийн тээвэрт үйлчилж байгаа. Үүн дээр нэмэгдээд 28 хүүхдийн автобус нийт 970 автобус шугамд явж байна.

-Сүүлийн үед нийтийн тээврийн хүрэлцээтэй холбоотой асуудлаар иргэд бухимдалтай байна. Автобусны тоо цөөрсөн эсвэл өөр асуудал гарсан уу?

-Автобусны хувьд төлөвлөгөөний дагуу хэвийн горим, тоогоороо ажиллаж байгаа. Гэвч замын түгжрэл, авто замын төлөвлөлт, хүн амын өсөлт, замын ачаалалтай холбоотой дундаа хүлээгдэх, саатах асуудлууд гарч байна. Аль болох л иргэдийн гомдлыг хүлээн авч, засаж сайжруулахаар ажиллаж байгаа.

Дөрвөн чиглэлд уртасгасан цагаар буюу өглөө 05:30-аас орой 12:30 хүртэл ажиллаж байна. Т2 буюу Таван шар-Офицер-Ботаник, Т-5 буюу Офицеруудын ордон-Ботаник-Дүүхээ төв, Ч-7 буюу Нисэх-Багшийн дээд-Ард кино театр, Ч-69 буюу Зунжин-Долоон буудал-ТЕЦ 3 чиглэл гэсэн үг юм.

-Автобусны хүрэлцээний тухай иргэдийн санал хүсэлт хэр байна вэ?

-70044040 дугаарын утас болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын цахим хаягаар иргэдийн санал, гомдлыг авдаг. Аль болох нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг нэмэгдүүлэхийг зориод ажиллаж байна.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтээр хэчнээн автобус ашиглалтаас гарсан бэ. Тэдгээр автобусыг бүрэн шинэчилж чадсан уу?

-Парк шинэчлэлтээр 36 автобусыг бүрэн шинэчилсэн.

Мөн нийтийн тээврийн ачааллыг бууруулах, автобус саатсан үед ачаалал ихтэй цэгүүдээр иргэдэд үйлчлэх богино эргэлтийн автобусыг үйлчилгээнд явуулаад 10 гаруй хонож байна. Тухайн автобусууд өглөө 09:30-аас орой 15:25 хүртэл ачаалалтай цэгүүдэд ажиллаж эхэлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x