Нийгмийн

“Хүчирхийлэх гэмт хэрэг хаалттай хаалганы цаана, далд хэлбэрээр үйлдэгдэх нь ихэссэн”

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эцгийн эрхэт ёсонд суурилсан жендэрийн сөрөг хэм хэмжээг өөрчлөн хөвгүүд, эрэгтэйчүүдэд хүний ёсоор, эрх чөлөөтэй оршиход дэмжлэг үзүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн бүлгүүд, ялангуяа хөвгүүд, эрчүүдтэй хамтран ажиллах, үндэсний чадавх бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан туузны аян” энэ удаад “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай, танд ч бас...” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.

Бид тухайн аянтай холбогдуулан Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Уранбилэгтэй ярилцлаа.

-Уг аяныг хэзээнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бэ?

1991 онд Канадын цөөн хэдэн эрчүүд бусад эрчүүдийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалснаар энэхүү аяны эхлэл болсон. Улмаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. 

-“Цагаан туузтаны аян” жил бүрийн хэдийд болдог вэ?

-Цагаан тууз зүүсэн охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгаагаа илэрхийлдэг “Цагаан туузтаны аян” жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд 16 хоногийн турш зохион байгуулагддаг. Дэлхийн 60 гаруй улс энэ хөдөлгөөнд нэгддэг.

-Уг аяныг ямар байгууллагуудтай хамтарч зохион байгуулж байна вэ?

-Аяныг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлын ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хамтран зохион байгуулж байна.

-Үйл ажиллагааныхаа тухай танилцуулаач?

-Аяны хүрээнд  иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд подкаст ярилцлагууд, цахим постер, хүчирхийллийн талаар иргэдийн мэдээллэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны цахилгаан шатанд тодорхой мэдээлэл байршуулах, сурагчдад хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, Tik tok уралдаан зохион байгуулах, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран бараа, бүтээгдэхүүн дээр мэдээлэл байршуулах, тээврийн хэрэгслүүд, томоохон худалдааны төвүүдэд аяны талаар мэдээлэл байршуулах зэрэг олон талт ажлууд төлөвлөгдөн хийгдэж байна. 

-Баянгол дүүргийн хувьд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн статистик, тоо баримтыг танилцуулаач?

-Баянгол дүүргийн  хэмжээнд 2021 оны эхний 11 сарын байдлаар иргэд аж ахуй нэгж, байгууллагаас хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 5927 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 724 нэгжээр буюу 13.9 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 54 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар буурсан байна. 

Хаалттай хаалганы цаана, далд үйлдэгдэж буй хүчирхийлийн гэмт хэрэг, зөрчил, дуудлага мэдээлэл өсөж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд: 

  1. Хүчирхийллийн талаар иргэдийн мэдээллэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн олон талт арга хэмжээний үр дүн. 
  2. Иргэдийн эрх зүйн боловсрол дээшилж, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэн үлдээх иргэдийн хүсэл, нийгмийн хэрэгцээ, шаардлагатай уялдаатайгаар далд хүчирхийллийг мэдээллэх иргэдийн ухамсар нэмэгдэж байгаатай холбоотой. 
  3. Мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй илрүүлэлт, хохирогч хамгааллын хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон ажлын үр дүн гэж хэлж болно. 

Иргэн бүр өөрийн үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, амьдарч буй орчиндоо хүчирхийлэл үйлдэгдсэн эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдсэн даруйдаа 102, 107, 108 дугаарын утсанд хандаж мэдээлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна. 

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button