Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрахаас илүүтэйгээр сургах шаардлагатай байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос эдгээр хүүхдийн сурч боловсрох эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тэд “Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургууль цэцэрлэгт бусад хүүхдүүдийн хамт тэгш хамрагдах тухай эрх зүйн хувьд олон бичиг баримтууд гарсан. Иймд бид баяртай байгаа. Гэвч бид бодит нөхцөл байдал дээр байгаа асуудлуудыг ярих гэж байна.
Бүх дүүрэг аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсроход туслах “Дэмжлэгийн зөвлөлийн баг” байх ёстой. Гэвч одоо Хөвсгөл аймаг болон Баянгол дүүрэгт л энэ дэмжлэгийн баг байгаа. Хэрэв уг дэмжлэгийн баг байхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрол орчин нөхцөл бүрдэхгүй байна хэмээн тэд үзэж байгаа аж. Түүнчлэн төрөөс эдгээр хүүхдүүдэд сурч боловсроход шаардсан орчин, нөхцөл багш сурган хүмүүжүүлэгчдийн цалин мөнгө зэрэг асуудлыг шийдэж өгөөгүй байна. Зөвхөн хуульд зааж өгсөн байна” гэлээ.
Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулиуд авч байгаа хэдий ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг огт сургуульд элсүүлэхгүй байна. Мөн сургуульдаа бүртгүүлэх гэхээр санхүүжилт байхгүй гэсэн шалтгаан тавьдаг. Ингээд гэрээр хүмүүжих шаардлага гардаг. Сургуулийн насны хүүхдийг цэцэрлэг нас нь хэтэрсэн гээд авахгүй. Тусгай сургуульд өгөх гэхээр гэр хол олон хүүхэд бий. Ингээд сургуулиас завсардахаас өөр аргагүй байдалд ордог. Тэдний тавьж байгаа шалтгаан нь боловсон хүчингүй гэдэг. Олон жилийн өмнө яригдаж байсан асуудал өнөөдөр ч давтагдсаар байна хэмээлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.