Нийгмийн

“ХҮН ЦЭГ”: Аавуудын халуун сэтгэлийн “гүүр”

Амьддаа бие биенээ хайрлаж, алив бүхнээрээ бусдад харамгүй туслахыг амьдралынхаа гол зарчим болгосон түүнийг Түмэнжаргалын Цэнд-Аюуш гэдэг. Уншигч та бүхэн “Аавуудын групп”-ийн админ гэдгээр нь түүнийг илүү сайн мэднэ.

“Боломжгүй, бүтэхгүй гэж бусдад хэлэх нь байтугай тэгж бодохыг ч хүсдэггүй” гээд инээмсэглэх тэрбээр эх орондоо ихийг хийж бүтээн, бусдаас дутахгүй амьдрахын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа эгэл жирийн монгол аав. Түүнийг жаахан байхаас эмээ, өвөө нь  “Ядарсан нэгний мод түлээг хагалаад өгч бай. Бусдад үргэлж туслаж яв” гэж сургаж илүү гарсан сүүгээ хөршийндөө өгдөг сэтгэлтэй болгон төлөвшүүлжээ. Ингээд ярихаар түүнийг чинээлэг, эсвэл томоохон компанийн захирал, төрийн өндөр албан хаагч юм болов уу гэж уншигч та андуурч магадгүй. Тэгвэл огт тийм биш. Т.Цэнд-Аюуш өрөвч нэнжин, тусархуу сэтгэлээрээ баян, бусдын адил борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж яваа аав.

Eguur.mn” сайтын “Хүн цэг” булан энэ удаа олон, олон аавын халуун сэтгэлийн “гүүр” болж, бусдад туслах, аз жаргал бэлэглэх оргилуун хүслээр жигүүрлэн яваа Т.Цэнд-Аюушийг онцоллоо.

ЭМЭЭГИЙН ЗАХИАС

Би багадаа эмээ, өвөө дээрээ өссөн. Ховд аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгсөн, хотод ирэхээр болов. Хөөрхий эмээ минь намайг л гэсэндээ бүх зүйлээ орхиод, надтай хамт Улаанбаатарт ирж билээ. Би эмээдээ аль болох туслах, ядраахгүйг хичээнэ. Хичээлдээ эрт явахаар болвол “Эмээ би өглөө 05.00 цагт босоод хичээлдээ явна. Та сайн унтаж амраарай. Өглөө битгий босоорой, ядарчихна” гэнэ. Амьхандаа ядраахгүй, өглөө босгохгүй гэсэндээ тэр. Тэгсэн ч тусыг эс олно. Эмээ минь 04.00 цагт аль хэдийнэ босчихсон, цай чанаж өгдөг байлаа. Намайг тэгж их хайрладаг байсан. Тийм их хайранд өлгийдүүлж өссөн хүн дээ, би.

“Их сургуулиа төгсөөд эмээгээ баярлуулна. Гачуурт ч юм уу саалийн хоёр үнээ авч өгөөд, сайхан амьдруулна” гэж боддог байв. Харамсалтай нь, миний хүсэл биелээгүй. Дөрөвдүгээр дамжаанд сурч байхад эмээ минь өөд болсон. “Миний хүү бусдад туслаж, олонтой яваарай” гэж захьсан эмээгийнхээ захиасыг би үргэлж бодож явдаг. Эмээгээ нас барснаас хойш бусдад туслахыг ямагт эрхэм болгосоор өдий хүрлээ.

Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Удахгүй шинэ хүүхдээ өлгийдөн авах гээд сэтгэл догдлон хүлээж сууна. Одоо хүмүүс намайг “Аавуудын группийн Цэнд-Аюуш” л гэдэг болсон.

ААВУУДЫН ИТГЭЛ, СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ-“ААВУУДЫН ГРУПП”

 “Аавуудын групп”-ийг анх байгуулсан бяцхан түүх бий. Энэ түүхийг ярих би их дуртай. Одоогоос дөрвөн жилийн өмнө Засгийн газраас хүчирхийллийн эсрэг нэгэн аян зарласан юм. Тус аяны хүрээнд би хэд хэдэн аймгаар явж, хүчирхийллийн эсрэг уулзалт, ярилцлага хийсэн. Сэлэнгийн төв театр засвартай байсан тул бидний ажил тэнд сунжирсан. Нэгж бүрд уулзалт хийгээд гурав хонов. Тэгж явахдаа “Өнөө цагт аавуудын нэр хүнд, үнэлэмж яагаад унасаар байгаа юм бол. Хүчирхийлэл гарах бүрд аав гэдэг хүн яагаад илүү их яригддаг болчхов. Нийгэм яагаад ийм бараан байгаа юм бол” гэж бодогдсон. Аян дуусаад хотод ирлээ. Өнөөх бодол ер сарнихгүй л байв.

Нэг удаа фэйсбүүк “ухаж” байх нь ээ “Сайхан бүсгүй” группийн ээжүүд нэгдэн, цэцэрлэгийн өргөтгөл барьж өглөө” гэсэн мэдээг уншаад, үнэхээр бахархсан. “Нэгнээ танихгүй хүмүүс цахим орчинд нэгдэн, үр хүүхдийнхээ төлөө ийм гоё юм хийж чадаж. Ямар гоё юм бэ” гэж бодсон. Тэгээд “Аавуудын ийм нэгдэл, групп байвал нэгдэх юм сан” гээд хайлаа, хамгийн түрүүнд. Гэтэл ганц ч илэрц гарч ирээгүй. Ээжүүдийн групп өч, төчнөөнөөрөө байгаад байдаг. Тиймээс би “Аавуудын групп” гэсэн нэртэй шинэ групп нээсэн нь энэ бүхний эхлэл байлаа. Одоо групп маань 116.700 гишүүнтэй болсон. Нийгэмд аавын үнэлэмж, үнэ цэнийг өсгөж буй зүйлсийн нэг нь манай групп гэж боддог.

“НИЙГМИЙН САЙН, САЙХАН БҮХНИЙ ЭХЛЭЛ НЬ ААВУУД”

За, ингээд ямартай ч “Аавуудын групп”-т аавуудаа нэгтгэн, санал бодлоо солилцдог болов. Өдрөөс өдөрт группт элсэх аавуудын тоо нэмэгдэн, бид хүрээгээ тэлсээр байлаа. Завтай, боломжтой үедээ уулздаг, зааланд тоглодог болов. Нэг удаа зааланд тоглож байхад нэгэн аав “Охины минь бие хүнд байгаа. БНСУ-д мэс засал хийлгэхээр болсон ч санхүүгийн хүндрэлтэй тулгарсан” гэж ярьсан юм. Бид ярилцаад тухайн аавын охины эмчилгээний зардалд нэмэр болохын тулд “Нэг аав нэг мянга” нэртэй аяныг өрнүүлсэн маань бидний хамгийн анхны сайн үйлсийн аян. Бид гурван өдрийн хугацаанд хоёр сая гаруй төгрөг цуглуулан, Учрал охинд хандивлаж байлаа. Тусласан хүмүүс маань баярлаж буйг харах, амьдралд нь өчүүхэн ч болтугай нэмэр, дэм болох хамгийн сайхан.

Өнөөдөр Улаанбаатарын хаа нэгтээ хэн нэгэн аавын охин явж байгаад бусдад цохиулж, дээрэмдүүлэх эрсдэлтэй нийгэмд бид амьдарч байгаа. “Багш ногоон гэрлээр гараарай гэсэн” гээд байхад нь “Яараад байна” гээд улаан гэрлээр хүүхдээ чирээд гардаг нийгэмд бид амьдарч байгаа. Яагаад аавууд, эрчүүд энэ бүхнийг засаж, залруулж, нийгэмд гэрэл гэгээ нэмж, түүчээлж болохгүй, чадахгүй гэж. Яагаад аавууд нэгдэж, нийлээд үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлж, нийгэмд хэрэгтэй зүйл хийж чадахгүй гэж. Энэ мэт олон зүйлсийг бодож байгаад “Аавуудын групп”-т аавуудаа нэгтгэн, олон, олон ажил санаачлан, хийж байна.

ОЛОН, ОЛОН ААВЫН ХАЛУУН СЭТГЭЛЭЭР СҮНДЭРЛЭСЭН БАЙШИН

Аав, ээж хоёроо сарын дотор, ахыгаа авто ослоор алдсан ах, дүү хоёрт барьж өгч буй байшингынхаа өмнө би зогсож байна. Энэ хаус дотроо угаалгын өрөө, том өрөө, унтлагын өрөө, гал тогоотой, гражтай.

Хоёр дүү минь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр аав, ээж хоёроо алдан, ахтайгаа гурвуулаа өнчирч үлдсэн юм. “Аавуудын групп”-ийн нэг аав тэдэнд туслах санаачлага гаргасныг би дэмжин, маргааш нь ирж уулзахад хэчнээн хүнд байсан гэж санана. Зүрх зүсэгдэх шиг л болсон. Ганцхан сарын дотор аав, ээжийгээ өвчний улмаас алдсан гурван хүүхдэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан нь ойлгомжтой.

“Бид гурав яахаа мэдэхгүй байна” гээд бүлтэлзээд сууж байхыг нь зүгээр хараад өнгөрч бич чадаагүй. Шууд туслахаар шийдэн юуны түрүүнд “Хэрвээ та гурав зөвшөөрвөл ах нь тусалъя. Юунаас, яаж эхлэхээ ярилцъя” гэсэн юм. Тэгээд том ахынх нь нэр дээр данс нээн, хандивын аян өрнүүлэхэд 14 сая төгрөг цугларсан. Харамсалтай нь, өнгөрсөн хавар том ах нь автын ослоор өөд болсон.

Хүн лууван идмээр байхад нь “Би туслаж байна, банана л ид” гэж болохгүй. Тиймээс бид байшин барьж өгөхөөсөө өмнө “Хандиваар цугларсан мөнгөөр урьдчилгаа хийлгээд байранд орох уу. Байшинд амьдармаар байна уу” гэж хоёр дүүгээсээ асуусан. Тэгэхэд байшинд амьдрах хүсэлтэйгээ хэлсэн юм. Үүнийх нь дагуу бид хуучин байшинг нь нураан, энэ байшинг барьлаа.

Үнэнийг хэлэхэд, анхандаа маш олон аав нэгдэж, туслахаар ирсэн. Би “За, ер нь 14 хоногийн дотор байшин барьчих юм байна” гэж барагцаалж байлаа. Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоон, ийм хүнд нөхцөлд орно гэж төсөөлөөгүй. Биднээс үл шалтгаалах олон зүйлийн улмаас байшин барих ажил жил гаруй боллоо.   

АХ, ДҮҮ ХОЁРТ БАЙШИН БАРЬЖ ӨГӨХИЙН ТУЛД АЖЛААСАА ГАРАН, МАШИНАА ЗАРСАН

“Юу байна, түүгээрээ” гэдэг шиг аавууд эрвийх, дэрвийхээрээ нэгдэн, хамжилцсаар энэ байшинг барьлаа. Цонхыг нь гэхэд Билгүүн гэдэг аав, цахилгааны хэрэгслийг Сосо гэдэг манай найз, хашааг нь Заяат гэдэг аав, грашийн хаалгыг “Том хаалга” компанийн аавууд үнэгүй хийж өгсөн. Ерөнхийдөө маш олон хүний хүч хөдөлмөр, халуун сэтгэлийн хүчээр босож буй байшин.

Энэ хавьд байхгүй, хүн бүхний мөрөөдлийн байшинг хоёр дүүдээ барьж өглөө. Миний ч мөн мөрөөдлийн байшин. Яг өөртөө зорилан барьж буй сэтгэлээр барьсан болохоор үнэхээр сайхан санагдаж байгаа. Зөвхөн хаалганы материал нь л гэхэд 6-7 сая төгрөг.

Мөнгө цаас юм билээ. Ийм хэмжээний байшин, граш барьж, хашааг нь тохижуулж өгөх ажилд 14 сая төгрөг нэг л мэдэх нь ээ дууссан. Цар тахалтай, хөл хориотой, цаг үе хүнд байгаа өнөө цагт дахиад хандив цуглуулахыг бид хүсээгүй. Тиймээс өөрсдөө зохицуулахаар шийдсэн юм. Биднээс дунджаар 5-6 сая төгрөгөөр лав гарчихаад байгаа.

Туслах гэж ирсэн хүмүүс “Тийм хадаас хэрэгтэй байна. Ийм цавуу байгаа юу” гэхэд нь тэр бүхнийг би бэлэн байлгах учиртай. Туслаад өгье гэж байхад нь “Байхгүй” гээд зогсож байлтай нь биш. “Тийм юм хэрэгтэй” гэнгүүт нь барилгын материалын дэлгүүр рүү давхидаг.

Би Нийслэлийн Байгаль орчны газарт ажилладаг байлаа. Төрийн ажил ямар их билээ. Ажилдаа өглөө гараад л орой харина. Ажлынхаа хажуугаар байшин барих амаргүй, цаг, зав төдийлөн гарахгүй. Хэдийгээр олон аав туслаж байгаа ч би л энд ирэхгүй бол байшин барих ажил зогсоод байв. Тиймээс байшингаа чанартай барьж өгөх, амласандаа хүрэхийн тулд ажлаасаа гарч, машинаа зарсан.

САЙН ХАНЬТАЙ УЧИРСАН БИ АЗТАЙ ХҮН

Энэ бүхнийг хийхэд хамгийн их дэмжиж, ойлгож буй хүн бол хань минь. Хамаатан садан бус, өмнө нь таньдаггүй байсан хоёр хүүхдэд байшин барьж өгөх гээд жил гаруй гүйн, ажлаасаа гарч, машинаа зарж буй эрэгтэйг ойлгоод, дэмжих эмэгтэй хэд бол. Ээ дээ, ёстой хуруу дарам байх. Хань минь намайг ойлгоогүй, эсэргүүцсэн бол өнөөдөр би энэ бүхний ард гарахгүй, ийм байшин барихгүй байсан. Би өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Ийм сайн ханьтай учирснаараа бахархдаг. Энд өдөржингөө байшин бариад орой харьхад арыг минь бат даагаад, бүх юмаа жимбийлгэчихсэн сууж байдаг.

Энэ байшинг жил, нэг сар барьж байна. Өнгөрсөн хугацаанд өдөрт цөөндөө хоёр удаа ирсэн гээд бодохоор хэдий хугацааг зарцуулаад байгаа нь ойлгомжтой.

“Аавуудын групп”-ын олон, олон сайхан сэтгэлт аавуудын итгэл, сэтгэлийн хүчээр байшингаа сүндэрлүүлж чадлаа. Одоо засварын жаахан ажил дутуу байгаа. Зурагт, буйдан, гал тогооны хэрэгслээс авхуулаад тодорхой хэмжээнд тохижуулж байгаад ах, дүү хоёрт байшинг нь хүлээлгэж өгнө. Тун удахгүй байшинд нь оруулна.

 Би ганцаараа байсан бол энэ ажлын ард гарч чадахгүй байсан. Энэ байшинг барихад эхнээс нь өнөөг хүртэл туслаж, оролцон, чин сэтгэлээ зориулж буй таван хүн бий. Тэдэнд үнэхээр их баярлаж байна.

Юм бүхэн харагдаж байгаа шигээ биш. Хэдийгээр би бусдад туслая гэсэн сайхан сэтгэлээр энэ бүхнийг эхлүүлсэн ч өнгөрсөн хугацаанд саад, бэрхшээл байсан уу гэвэл байсан. “Больё” гэмээр, шантарвал шантрахаар үеийг туулсан уу гэвэл туулсан. Жил, нэг сар гэдэг их хугацаа. Энэ хэрээр би гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа, боломжуудыг алдсан. Зүгээр л бодоод үзэхгүй юү, бусдад байшин барьж өгөх гээд машинаа зарчихсан, одоо би алхаад л явж байна.

“ААВУУДЫН ГРУПП” ХАНДИВЫН ГРУПП БИШ

Үүнийг би дахин, дахин тодотгож хэлмээр байна. Аавууд нэгдэж, нийлээд нийгэмд сайн сайхан зүйлс хийн, үр хүүхдэдээ, ирээдүй хойчдоо зөв үлгэр дууриалал үзүүлэхийг зорьдог. Биднийг зөвхөн хандивын, сайн үйлсийн аян зохион байгуулдаг гэх өрөөсгөл ойлголт бий. Аавуудын өглөөний уулзалт, спортын арга хэмжээ, Туул голын хогийг цэвэрлэх, хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэхээс авхуулаад нийгэмд чиглэсэн олон ажил зохион байгуулдаг. Тэдгээрийн нэг нь л сайн үйлсийн аян.

ХҮҮХДҮҮД МИНЬ “ААВААРАА БАХАРХАЖ БАЙНА” ГЭЖ ХЭЛЭХЭД НЬ САЙХАН САНАГДДАГ

Хэрвээ би аав болоогүй бол энэ бүхнийг эхлүүлж, санаачлахгүй байсан болов уу. Сайн үйлсийн аян хийн, бусдад туслаж явахад хэвлэлийнхэн надаас ярилцлага авдаг. Миний ярилцлага зурагтаар гарахад хүүхдүүд маань “Аав минь гарч байна. Ёстой мундаг шүү. Ааваараа бахархаж байна” гэж хэлэхэд нь үнэхээр сайхан санагддаг. Дуртай юмаа хийх хүнд ямар байдаг билээ. Би бусдад туслаж, аль болох нэмэр, дэм болохыг хичээдэг. “Аавуудын групп”-ын аавуудтайгаа хамт бусдад туслаж, халуун сэтгэлээ түгээж явах би дуртай.

Би жирийн нэгэн аав. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч яваа. Бусдад туслах гэсэн сэтгэлээрээ би баян. Бодол биеллээ олдог. “Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” гэдэгт би итгэдэг. Бусдад туслах халуун сэтгэлээр булгилж яваа хүмүүстэй учирдаг, хамтарч гэгээлэг үйл хийдэг би их азтай хүн. Өнөөг хүртлэх хугацаанд би сайхан сэтгэлтэй маш олон хүнтэй танилцсан, уулзсан, хамтарсан. Магадгүй би олон нийтийн ажил, сайн үйлсийн аян өрнүүлээгүй бол ийм олон сайхан хүмүүстэй учрахгүй байсан болов уу.

БИ ӨӨРӨӨ НЭР ЦЭВЭР, ШУДАРГА, ИЛ ТОД БАЙЖ Л БУСДАД ҮЛГЭРЛЭНЭ, МАНЛАЙЛНА

Хандив тусламж, сайн үйлсийн аяныг өөрийгөө рекламдах хэрэгсэл гэж хардаг хүмүүс ч бий. Аянд туслаж байгаад хэдэн төгрөг тонших гэсэн ахар бодолтой хүнтэй ч таарч байлаа. Тийм хүмүүсээс би аль болох ангид байхыг хичээдэг. Өөр, өөр зан ааштай олон хүмүүстэй хамтрах, нэгдэх амаргүй.

МОНГОЛД ХАЛАМЖ ХАВТГАЙРЧ, ХҮМҮҮС БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛЖ БУЙД ЭМЗЭГЛЭЖ ЯВДАГ

Монгол Улсын халамж хавтгайрч, хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болсоор буйд эмзэглэж явдаг. Хандивын нийгмийг бид өөрсдөө ч мэдэлгүй бий болгочихлоо. Би хандив, тусламжинд дургүй. Тэгсэн хэрнээ яагаад ингээд яваад байна вэ.  Жаахан л дэм болоход амьдрал нь дээшлээд, дэвжээд явчих боломжтой олон хүн, өрх бий. Тийм хүмүүст л туслахыг бид зорьдог. Тиймээс тодорхой хэмжээний цензури, зарчмын хүрээнд тусладаг юм. Т.Цэнд-Аюун баян, цатгаландаа ингэж туслаж яваа юм биш. Маш олон аавын сэтгэл зүрх, хүч хөдөлмөр энэ бүхний ард бий.

ЭРҮҮЛ САРУУЛ, ЭЛЭГ БҮТЭН, АЖИЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ ХҮНД “ААВУУДЫН ГРУПП” ТУСЛАХГҮЙ

Маш олон хүн надаас тусламж хүсдэг. Үнэхээр туслачихмаар хүн хандана. Зарим нь “Арай ч дээ. Ийм юманд тусламж хүсээд байхдаа яах вэ дээ” гээд толгой сэгсрэх үе ч цөөнгүй. “Байрны лизингээ төлж чадахгүй байна”, “Байшинг минь бариад өг” гээд тусламж хүсэх нь бий. Аавууд нэгдэн, бусдад туслах, дэм болохыг зорьж яваа ч гэсэн эрхтэн бүтэн, эрүүл саруул, элэг бүтэн, ажил хийх боломжтой хүмүүст туслах ёстой гэж. Тийм хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөн, өөрсдийн боломжоо өөрсдөө бий болгох хэрэгтэй. Эрүүл саруул, элэг бүтэн, ажил хийх боломжтой хүмүүст “Аавуудын групп” туслахгүй. Энэ зарчмаар ажилласаар, хамтарсаар ирсэн. Цаашид ч энэ зарчимдаа бат зогсоно. Бид цаашид нийгэмд чиглэсэн ажил түлхүү хийнэ. Хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Өмнө нь “Ингэнэ, тэгнэ” гэж ярьчихаад өнөөхөө хийх гээд адгадаг байлаа. Заримдаа амжихгүй, бусдад худлаа хэлсэн болоод өнгөрдөг. Одоо тийм алдаа гаргахгүй.

ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАХЫН ТУЛД АМРАЛТЫН ӨДРИЙГ “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” БОЛГОСОН

“Аавуудын групп”-ийн хүрээнд нийгэм рүү чиглэсэн ажил, сайн үйлсийн аян зохион байгуулаад цаг наргүй зүтгэхийн хэрээр гэр бүл, хувийн амьдрал маань хойш тавигддаг. Саяхан би “За, амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт байя, салхинд гаръя” гэж төлөвлөсөн юм. Яг амралтын өдөр болтол эхнэр, хүүхдүүд маань хувцсаа өмсөөд уналаа. “Хаачих гэж байгаа юм бэ” гэж асуутал “Бид хэд салхинд гарчихаад ирье” гэв. “Би цуг гаръя. Надад хэлэхгүй яасан юм бэ” гэсэн чинь “Миний хайр ажилтай, завгүй байх гэж бодлоо. Өнөөдөр байшингаа барихгүй юм уу” гэсэн.

Хэчнээн их ажилтай, завгүй байса ч гэр бүлдээ заавал цаг гаргаж, хамтдаа байх хэрэгтэйг би тэгэхэд илүү ухаарсан юм. Тэгээд би ханьтайгаа ярилцаж байгаад амралтын өдрүүдийг гэр бүлийн өдөр болгосон. Тэгэхгүй бол олон нийтийн ажил хийн, хажуугаар нь ажлаа хийгээд явахаар гэр бүл үнэхээр орхигддог юм билээ. Би сайн аав байхын тулд маш их хичээж байгаа.

Би эхнэрээ төрөхөд нь хамт байсан. Хань минь амаржсан, анхны хүүхдээ тэвэрсэн мэдрэмж үнэхээр сайхан. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм гоё мэдрэмж. Амьдралд минь хэчнээн сайхан зүйл тохиолдсон ч тийм гоё мэдрэмжийг би дахиж мэдрэхгүй. Анхны хүүхдээ өлгийдсөн тэр цаг мөчөө би бүх талаараа өөрчлөгдсөн, илүү хариуцлагатай болсон. Хүүхдээ тэврээд зогсож байхдаа “Аав нь бүх цаг үед хамт байна” гэж бодож билээ.

Хүмүүс намайг “Аавуудын групп”-ийн админ гэдгээр минь мэддэг ч гэсэн эцгийн минь овог намайг үргэлж дагаж явдаг. Намайг “Түмэнжаргалын Цэнд-Аюуш” л гэж дууддаг. Эцгийнхээ овогтой үргэлж хамт байдаг тул зөв амьдарч, зөв явах учиртай. Аав хүн өөрөө ямар байна, хүүхэд нь яг тийм байдаг.

Өнөөдөр “Төрсөн эцэг нь охиноо хүчиндэж”, “Аав нь хүүхдээ хөнөөж” гэх мэт сэрдхийлгэм бараан хэргүүд гарах болсонд эмзэглэж явдаг. Энэ хэрээр аавын нэр хүнд, үнэлэмж унасаар байгаа нь харамсалтай. Бүх аав тийм биш гэдгийг л хүмүүс ойлгоосой. Ханийнхаа, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж яваа мянга, мянган аав бий.

Миний санаанаас ер гардаггүй нэг зүйл бий. Бид 2019 онд “Драгон” дээр нэг арга хэмжээ зохион байгуулсан юм. “Аавуудын групп”-ийн подвалкийг өмссөн нэг ах надтай уулзан, баярлаж буйгаа илэрхийлэв. “Ах нь 25 жил тамхи татаж байгаа. Амьдралдаа ингэж ичиж, санаа зовж үзсэнгүй. Би тэр байшингийн буланд нуугдаж байгаад тамхи татчихаад ирлээ. “Нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аавууд” гэсэн уриатай подвалк өмсчихөөд тамхи татаж зогсохоосоо би ичсэн юм. Чамд баярлалаа. Ах нь өнөөдрөөс тамхинаас шууд гарлаа” гэсэн. Миний, бидний хийж буй зүйлс олон аавуудад зөв үлгэр дууриалал үзүүлж, аавын нэр хүнд, үнэлэмж өсөж байгаа гэдэгт би итгэдэг.

ТУСЛАЖ БАЙНА ГЭЭД НИЙГЭМ ДАЯАР “ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХ, ЯДУУ ЗҮДҮҮ” ГЭЭД ЗАРЛАЖ БОЛОХГҮЙ

Хандив, тусламж гэхээр л зөвхөн зорилтот бүлэгт очих ёстой юм шиг буруу ойлголт нийгэмд бий. “Хандивлалаа, туслалаа” гэхээр “Зорилтот бүлгийн, амьдралын боломжгүй хүмүүс авч” гэдэг өрөөсгөл ойлголт нийгэмд бий. Мэдээж зовж, зүдэрч яваа нэгэндээ туслалгүй яах вэ. Хүний ёсны л зүйл. Гэхдээ зорилтот бүлэгт багтан, ядуу амьдарч буй нь тэдний буруу биш. Тийм байлаа гээд “Ядуу зүдүү, зорилтот бүлгийнх” гэж дуудуулах албагүй.

Хэд хоногийн өмнө юу болсон билээ. “ТҮК-ийн ажилтан “Алтан гадас авлаа” гэнгүүт олонх хүнд “Ядуу амьдардаг хүн ТҮК-д ажилладаг” гэдэг ойлголттой байгаа нь анзаарагдсан. Тэр хүнд туслах, дэмжье гэсэн сэтгэлийг нь ойлгож байна. Гэхдээ туслаж, дэмжиж байна гээд өнөөх хүнээ нийгэм даяар “Амьдралын боломжгүй учраас туслаж байгаа юм шүү” гэж тойруугаар зарлах ямар шаардлага байна вэ. Тухайн хүн бусдын тусламжийг авахыг хүсэхгүй байвал яах вэ. Цолны найраа хийх санхүүгийн боломжтой, боломжийн амьдралтай хүн байж болно шүү дээ. Тэгэхээр ийм сайн үйлсийн аян, тусламжийг эхлүүлэхээсээ өмнө тухайн хүнээсээ эхлээд асуун, зөвшөөрөл авах чухал.

ААВУУДЫН ХАЙР ШИНГЭСЭН, СУРАГЧДЫГ БОДСОН ШИЙДЭЛ

“Аавуудын групп” жил бүр 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл хандивладаг. Ес бус аравдугаар сард хотын захын сургуулиудаар явж, “Хичээлийн хэрэгсэл аваагүй байгаа хэдэн хүүхэд байна вэ” гэж судладаг. Тэгээд сургуулийнх нь зааланд цуглуулж байгаад “Өнөөдрийн хүүхэд багачууд маргаашийн Монголын эзэд” аяныхаа хүрээнд аав, ах нар нь энэ сургуулийн хамгийн мундаг 15 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж байна” гээд батламжийн хамт өгдөг.

Сонгуулийн үеэр юу болдог билээ. Нэр дэвшигчид яг адилхан цүнхнүүд дээр нэрээ бичээд, “Чи зорилтот бүлгийн хүүхэд” гэсэн шиг тарааж өгдөг. Нөгөө хүүхэд өнөөх цүнхийг нь үүрээд явах хэцүү. Үүрэхгүй байя гэхээр аав, ээжийгээ өрөвдөөд. Үүрээд явахаар “Чи зорилтот бүлгийн хүүхэд. Аав, ээж чинь ядуу болохоор чамд ийм цүнх өгсөн” гэж хүүхдүүдэд шоглуулдаг. Тиймэрхүү зүйлээс болж хэчнээн хүүхэд сэтгэл санааны хямралд орж, сургуульд явах хүсэлгүй болсон бол. Тийм зүйлийг мэдрүүлэхгүй бид хүсээгүй, бусдад үлгэрлэхийн тулд хичээлийн хэрэгслээ тэгж бэлэглэдэг юм.

Зарим хүн “Би сайн үйлсийн олон ажил хийдэг. Гэхдээ бусдад хэлэхийг, мэдэгдэхийг хүсдэггүй” гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Харин ч эсрэгээрээ сайн хэлж, бусдад мэдүүлж байгаасай. Учир нь тэр хэрээр бусдад үлгэрлэнэ.

Сонгуулийн болон бусад үеэд “Аавуудын групп”-ийнхан намайг дэмжээд өгөөч, би энэ аяныг нь санхүүгээр дэмжье гэсэн санал улс төрчдөөс их ирдэг. Юуг нь нуух вэ. Өнөөг хүртэл хугацаанд улстөрчдийн тийм нэг ч саналыг “Аавуудын групп” хүлээж аваагүй, нэр цэвэр яваагаараа бахархдаг, нүүр бардам явдаг.

Анхны зочноор уригдсан Д.Амартүвшингийн тухай контентыг ЭНД дарж уншина уу.

“Хүн цэг” булан Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавыг онцолсныг ЭНД дарж уншина уу.

“Хүн цэг” булан Гавьяат жүжигчин, дуучин Ч.Амаржаргалыг онцолсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-15 09:51

ёстой мундаг аав. аавуудын групп жинхэнэ супер аавуудын нэгдэл шиг санагддаг

Зочин
Зочин
2021-12-15 09:51

аавуудын групп нээх хөөрхөн нийгэмд тустай юмнууд хийдэг. ёстой мундаг

Зочин
Зочин
2021-12-15 09:52

үлгэр жишээ болсон мундаг з�##�уусын нэгдэл шүү ийм аавуудтай тэр эхнэр хүүхдүүд гүй мөн азтай яа

Зочин
Зочин
2021-12-15 10:00

Ямар мундаг з�##�уус вэ

Зочин
Зочин
2021-12-15 10:13

мундаг хамт олон шүү

Зочин
Зочин
2021-12-15 10:19

энэ группын аавууд нээх хөөрхөн газарт буусан эрэгтэй сахиусан тэнгэрүүд шиг санагдаад байдын

Зочин
Зочин
2021-12-15 10:22

мундаг хамт олон шүү. аавуудын групп бол тэр чигтээ сэтгэлийнхээ дуудлагаар нэгдсэн мундаг аавуудын нээгдэл. аав болоогүй байгаа з�##�уучууд маань энэ группт нэгдээд энэ хүмүүсээс үлгэр жишээ авах хэрэгтэй. үнэхээр мундаг

Зочин
Зочин
2021-12-15 10:23

танай энэ хүн цэг булангаар дандаа сайхан хүмүүсийн сэтгэлд хүрсэн хүмүүүс орох юмаа .

Зочин
Зочин
2021-12-15 10:29

мундаг з�##�уусын нэгдэл шүү

Зочин
Зочин
2021-12-15 10:29

ийм аавууд олон байгаасай з�##�уучууд маань энэ хүмүүсээс их үлгэр жишээ авч мундаг аавууд болоорой гэж хүсэж байна

Зочин
Зочин
2021-12-15 10:30

энэ үед ээжүүдийн групп бүр үнэн ажилгүйн маа хаха

Зочин
Зочин
2021-12-15 11:11

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:14

sain aav

Зочин
Зочин
2021-12-15 11:15

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:15

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:16

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:16

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:24

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:24

haha

Зочин
Зочин
2021-12-15 11:33

yostoi cool aavuud

Зочин
Зочин
2021-12-15 11:35

setgel saitai humuus shuu aavuud

Зочин
Зочин
2021-12-15 11:37

Mundag yumaa

Зочин
Зочин
2021-12-15 11:50

hah

Зочин
Зочин
2021-12-15 12:06

Hha

Зочин
Зочин
2021-12-15 22:10

Амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе, ийм хүмүүс олшрохыг бас ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button