Нийгмийн

Гурван жил сураггүй болсон бүсгүйн цогцос олдсон ч ээжид нь харуулаагүй жил орчим болжээ

Орхон аймгийн харьяат 25 настай Д.Найдансүрэн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Охиноо алга болсноос хойш найман сарын дараа ээж Л.Хоролгарав манай редакцид хандаж, охиныхоо сургийг гаргаж өгөхийг ард түмнээс хүсч мэдээлэл өгсөн байдаг.

Болсон явдлыг товчхон сануулахад, Орхон аймагт нөхөр, гурван настай хүүгийн хамт амьдардаг бүсгүй тухайн өдрийн 15:00 цагийн үед “Түр гараад ирье, хүнээс мөнгө авах ёстой” хэмээн хадам дүүдээ хүүгээ үлдээгээд гэрээсээ гарсан байдаг. Гэвч тэр цагаас хойш ээж нь охиноо, хүү нь ээжийгээ дахин хараагүй билээ.

-ОРХОН ГОЛООС ЦОГЦОС ОЛДСОН НЬ Д.НАЙДАНСҮРЭН БҮСГҮЙН АЛГА БОЛОХ ҮЕДЭЭ ӨМСӨЖ ЯВСАН ХУВЦАСТАЙ ТААРЧЭЭ-

Бүсгүйг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлснээс хойш бид ээжтэй нь холбоотой байж, холбогдох эх сурвалжуудаас мэдээллийг авч ажиллаж байсан. Ингээд 2021 оны тавдугаар сард ээжтэй нь холбогдоход “Охины минь сураг гарсан. Харамсалтай нь эгч нь охиноо алдчихсан юм шиг байна. Цагдаа дээр байгаа” гэснээс өөр мэдээдэл өгөөгүй юм.

Тэр цагаас хойш бид тухайн хэргийн талаар эх сурвалжуудаас мэдээлэл авч ажиллалаа. Эхлээд бид сураггүй болсон бүсгүйн ээж Л.Хоролгаравтай холбогдож, хэргийн явцын талаар мэдээлэл авлаа.

-ЦОГЦСЫГ ШИНЖЛҮҮЛЭХЭЭР ХОТ РУУ ЯВУУЛСАН Ч “ХЭТ УДСАН УЧИР ТОГТООХ БОЛОМЖГҮЙ” ГЭДЭГ ХАРИУ ӨГСӨН-

Тэрбээр: “Намайг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Орхон аймгийн цагдаагийн газраас дуудсан. Очиход Булган аймгийн Орхон голын орчмоос эмэгтэй хүний цогцос олдсон” гэдгийг хэлж цаасан дээр хэвлэсэн зураг харуулсан. Зураг дээрх хувцас охины минь тухайн үед өмсөж явсан хувцастай адилхан байсан. Савхин куртик нь ханцуйнаасаа урагдсан, хөхний даруулга, жинсэн өмд нь хоёр хуваагдсан байдалтай. Цогцос гэх юм харуулаагүй.

Харин нэг бичиг үзүүлсэн. Тэнд "6-9 сарын өмнө нас барсан 23-25 насны эмэгтэй хүний цогцос. Яснаас нэг үүдэн шүд дутуу” гэж бичсан байсан. Эгчийнх нь санаанд энэ л үлдэж. Би, "Эгч нь одоо яах вэ, яс үс хувцас хунарыг нь аваад хүүхдээ хүний ёсоор хөдөөлүүлье” гэхэд "Тийм боломжгүй, цогцос таниулах ажил хийгдэнэ” гэсэн. Тэгдэг л ёстой юм байх гэж бодоод би "олдсон газар нь очиж болох уу” гэхэд “Болохгүй, явбал албанаас хүн томилж хамт явдаг” гээд намайг буцаасан.

Наймдугаар сард нэг очиход ясны зураг үзүүлсэн. Тэгээд таг болчихоор нь ахиад очиход, "Цогцос удсан болохоор таны хүүхэд гэдэг нь нотлогдохгүй байна” гээд буцаалаа. Ахиад л таг. Тэгээд хүн амьтнаас асуугаад өргөдөл бичээд өгсөн. "Надад хурдан шийд өгөөч” гэсэн утгатай. Нэлээд удсаны дараа өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд дахиад шинжилгээ авсан. Цуснаас аваад хөвөнд шингээдэг юм билээ. Энэ хооронд би учир мэдэх хүн амьтнаас зөндөө л асууж сураглалаа. "Ганц үүдэн шүд дутуу, бүрэн бүтэн байгаа бол шинжилгээгээр тогтоох л учиртай” гэсэн хариуг олон хүн хэлсэн. "Удсан бол хэцүү, гадаад улс руу дээж явуулж шинжилдэг. Тэр нь өндөр үнэтэй” ч гэж хэлэх хүнтэй таарсан.

Энэ хэрэг одоо гурав дахь байцаагч дээрээ байгаа. Одоо нэг эмэгтэй хариуцаж байгаа. Өмнө нэг залуухан хүү байсан. Намайг ороход дуу аялаад "Хохирогчийн мэдүүлэг өгчхөөд яв” гээд ийш, тийш залгаад "Хохирогчийн мэдүүлгийг яаж авдаг юм” гээд асууж байсан. Миний хүүхэд мөн бишийг нотлохгүй байж намайг яагаад хохирогч гэснийг ойлгоогүй. Та нар яг цагаа олж залгалаа. Эгч нь охиноо ороод ирэх болов уу, амьд мэнд яваа болов уу гэж олон жил хүлээж шаналсан. Харин дөрвөн сараас хойш охиныхоо мөн бишийг тогтоогоод, миний гомдлыг таслаад өгчихдөггүй юм байх даа л гэж бас шаналж сууна. Эгчид нь өөр хэлэх үг алга даа” гэлээ.

Бид үүний дараа ЦЕГ-аас тодруулга авлаа.

-ЦЕГ: ТУХАЙН ЦОГЦОС ГОЛООС ОЛДСОН УЧИР ЗӨӨЛӨН ЭДГҮЙ ЯС ОЛДСОН-

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс эл хэргийн талаар тодруулахад: “Өнгөрсөн жил цогцос нь олдсоныг ар гэрт нь таниулж хүлээлгэн өгсөн. Өмсөж явсан хувцас нь таарсан. Тухайн цогцос голоос олдсон учир зөөлөн эдгүй яс олдсон” гэлээ. Мөн эх сурвалжаар дамжуулан Д.Найдансүрэн бүсгүйн цогцсын тухай сурахад, “Бүсгүйн цогцос олдсон гэх бүртгэлгүй, ар гэрт таниулсан гэх мэдээлэл ч олдоогүй” юм.

Харин Орхон аймгийн цагдаагийн газартай болон хариуцсан алба хаагчтай хэдэн өдрийн турш холбогдож, мэдээлэл авахаар оролдсон ч, татгалзлаа.

Эцэст нь тэмдэглэхэд, холбогдох газруудад 25 настай эмэгтэйн цогцос жилийн өмнө олдсон, харин цагдаа дээр "Таниулсан, ар гэрт нь хүлээлгэн өгсөн, хариуцагч бүхий газар нь олдсон гэх бүртгэлтэй, таниулсан гэх мэдээлэлгүй” байна. Гэтэл ээжид нь

"Танай хүүхэд гэдэг нь шинжилгээгээр тогтоогдохгүй байна” гэсэн мэдээллийг өгчээ.

Олдсон гэх охиных нь цогцсыг биеэр таниулаагүй, “Цогцос танигдахгүй” гэсэн хэр нь талийгаачийн ээжээс шинжилгээ авсаар буй, танигдсан бол ясыг нь ч болов ар гэрт нь хүлээлгэж өгөхгүй, учир битүүлэг байлгасаар буй нь үл ойлгогдоно.

Амьдралынх нь ганц түшиг тулгуур болж явсан том охиноо учир битүүлгээр алдаж, амьд үхсэн эсэхийг нь мэдэхээр шаналж яваа энэ эхийн сэтгэлийг албаныхан хүндэлмээр. Ам, ажил хоёроо цэгцлэн эргэлзээг нь тайлж, хаана хаанаа зөрүүтэй байгаа мэдээллээ нягтлан зовсон энэ эхэд охин үрээ эцсийн удаа хүндэтгэлтэйгээр үдэх боломжийг олгооч.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

"25 настай охиноо сураггүй алдаад арван сар болж буй ээж манай сайтад хандлаа” нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шийдэж өгөөд ээжийнх нь сэтгэлийг амраагаасай даа

Зочин
Зочин

Эвий эвий эх хүний сэтгэл гэж

Зочин
Зочин

Монголчууд гадагшаа гараад л их том гэлтгүй гялалзаад байх юм. Баяр хүргэе

Зочин
Зочин

Энэ ээжийг өрөвдчихлөө

Зочин
Зочин

ямар нэг ноо байгаа болоод ээжид нь харуулахгүй байгаа юм бхдаа тэрнээс биш зүгээр үзүүлмээр юм

Зочин
Зочин

ямар ч хэцүү юм дээ ээжийнх нь сэтгэл ямар байгаа болоо. охиных нь хувьцасыг ч болтугай өгөөд сэтгэлийн бага ч гэсэн амраагаад өгөөсэй

Холбоотой мэдээ

Back to top button