Оюу толгойн хэлэлцээнд БААТРААР НЭРЛЭГДЭГСЭД ба сүүдэр дэх СПИКЕР
Оюу толгойн яриа хэлэлцээ дуусаагүй байгаа ч хөрөнгө оруулагч талаас “Эцсийн” тодотголтой саналууд тавьсан нь улс төрчдийн цөсийг хөөргөөд байна. Өөрөөр хэлбэл Дубайн гэрээг цуцлуулж, далд уурхайн хэтэрсэн зардалд “Рио Тинто”-д тойруу утгаар хариуцлагыг нь хүлээлгэн, 2.3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлсэн Засгийн газар чамгүй амжилттай ажиллачихлаа гэсэн байдлаар мэдээлэл хийв.
Мэдээж Оюу толгойн гэрээ анх зурагдсан цагаас хойш улс орныхоо эрх ашгийг дэлхийн хэмжээний лут компанитай зоригтой, зарчимтай ярьсан удаа бидэнд үүнээс өөр байхгүй гэхэд болно. Үндсэндээ жил орчим хугацаанд үргэлжилсэн энэ хэлэлцээ “Рио Тинто” группийг яг тодорхой чиглэлүүдэд буулт хийлгэж чадсанаараа гадаад, дотоод орчинд ч онцлох ярианы сэдэв болж буй.
Хэлэлцээ шувтарсны дараа “Дубайн” гэдэг шиг бас нэгэн өөр тодотголтой гэрээ хэлбэрийн баримт бичиг үзэглэгдэнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолсон. Тэр цагт улсын баатар болох хүсэлтнүүд улс төрийн хүрээнд цөөнгүй тодорно. Эхнээсээ ч тодорч эхэлсний дотор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарыг нэрлэж болох.
Хамгийн ил талдаа Монгол талын ажлын хэсгийг ахалж ажилласан Х.Нямбаатар сайд, мэдээж Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хоёр оноогоо нэгэнт авчихсан. Үүний зэрэгцээ маш ажилч, хөдөлмөрч хэмжээнд, огтын улс төржилтгүйгээр “гал тогоо”-ны ажлыг базсан ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоог ч нэрлэх учиртай.
Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д шинээр томилогдсон З.Ган-Очир, Э.Баясгалан нарт онцгойлон алга таших учиртай юм.
Бас тэднээс өмнөх түүхийг ч сөхөж болно.
2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастиан Жакийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байв. Энэ үеэр “Эд нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай болгоно” дуугарсан тухайгаа У.Хүрэлсүх онцолдог. Үүгээрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч пи-ар хийж амжсан.
Жан Себастиан Жак Австрали дахь уугуул иргэдийн асуудлаар огцорч, оронд нь Якоб Стаусхолм томилогдоод нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Харин “Рио Тинто”-той үзэлцэнэ гэдгээ Монголын тал хамгийн анх У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед ийн илэрхийлсэн зураглал харагддаг.
Улмаар УИХ-аас 92-р тогтоолыг баталсан. Тогтоолын агуулга нь “Оюу толгой төслийн үр өгөөжийг Монголын талд нэмэгдүүлэх”. Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын Түр хороо ч байгуулагдсан. Ингээд Оюу толгойн хэлэлцээ бүхэлдээ УИХ-ын Түр хорооны чиглүүлгээр, 92-р тогтоолд заагдсан агуулгуудын хүрээнд өрнөх үндсэн нөхцөл бүрдсэн байдаг.
Саях хэлэлцээнд “Рио Тинто” талаас арга зальтай хөнгөн саналууд тавих бүрд Засгийн газар эргээд юуг “Библи”-ээ болгож байсан бэ гэвэл өнөөх 92-р тогтоол. Жишээ нь, хөрөнгө оруулагчид “Далд уурхайн нэмэгдэл санхүүжилт дээр танай тал буулт хий. Тэгэхгүй бол энэ төслөөс гарлаа” гэсэн агуулгаар тулгалт хийхэд ч Засгийн газар зугтаад явчихаагүй, зоригтой үлдсэн удаатай.
Х.Нямбаатар сайд, Б.Солонгоо дарга нар хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Бид УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцээ хийж байгаа. Хөрөнгө оруулагч талаас удаа дараа тавьж буй саналууд уг тогтоолын хэрэгжилтийг хангахгүй гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн нь хэлэлцээг өдийг хүртэл чирсэн гэхэд болно.
Үндсэндээ 92-р тогтоол байсан тулдаа хөрөнгө оруулагчдад мадлуулахгүй шиг, чиг шугамтай, үзэл санаатай хэлэлцээ хийлээ гэж харах өнцөг үүнээс бүрдэж байгаа юм. Эцэстээ “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компаниудаас “Манай сүүлийн санал танай 92-р тогтоолыг хэрэгжүүллээ гэж үзэж байна” гэсэн үг өгүүлбэртэй захидал ирсэн билээ.
Тэгвэл энэ 92-р тогтоолыг батлахад хамгийн өндөр үүрэгтэй оролцсон улс төрчөөр УИХ-ын дарга Г.Занданшатарыг нэрлэж болно. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхэлсэн “Рио Тинто”-той хэлэлцээ хийж эхлэх урьдач бэлтгэл ажлын “гал тогоо”-г Г.Занданшатар атгаж байв. Энэ хүрээндээ ч УИХ-аас 92-р тогтоолыг батлан гаргах үндсэн хөдөлгөөнийг бий болгосон нэгэн гэсэн цаг хугацаа, үйл явдлын зураглал харагддаг. Харин Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авснаас хойш Оюу толгойн асуудлаар төдийлөн дуугарсангүй. Түүний батлуулсан тогтоолоор хэлэлцээ энэ хүртэл үргэлжилснийг улсын баатар болж, мандан тодрох хүсэлтэй улс төрчдийн дундаас онцлон тэмдэглэчихэд нэг их буруудах зүйлгүй билээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зандан шатар нүүгээ пу
Нүүүсэн
Солонгоог бас магты
Нямбаатар Солонгоо хоёр сайн ажилласан
Даваасүрэн юм биш үү
Юун пялдаг вэ?! Занданшатар батлаа юу, УИХ гэж бодсон шд, тогтоолын төслийг бас 1 ажлын хэсэг боловсруулсан
Сайн юманд эзэн мондохгүй гэдэг шиг бүгдээрээ л гавъяатай хүмүүс болох гэж үзэх юмдаа. Оюун-Эрдэнийн ЗГ Оюу толгойн хэлэлцээнд үнхээр сайн ажилласан.
Бодит байдлыг тодорхой мэдэж ТУЗийн гишүүнээсээ хүртэл аль эрт татгалзаж шүгэл үлээсэн даруухан Г.Тэмүүлэн гишүүнийг яаахуу