НийгмийнСПОРТЯРИЛЦЛАГА

А.Мэргэн: Алдарт ЦСКА клубт дасгалжуулагчаар ажилласан туршлагаараа өсвөрийн хоккейчдыг бэлтгэнэ

Монголын багийн спортын тэр тусмаа хоккейн тамирчдын амжилт, ур чадвар жилээс жилд ахьсаар байгаа билээ. Манай хоккейчид 2017 онд бэндигийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Азийн хошой аварга болсон гээд анхны тодотгол бүхий олон, олон амжилт гаргасаар байгаа юм.

Ямар ч спортын хөгжил, тамирчдын амжилт дасгалжуулагчийн арга барил, ур чадвартай салшгүй холбоотой. Монголын хоккейчдын амжилтыг дасгалжуулагч Арслангийн Мэргэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэрбээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл, “Asian challenge cup” тэмцээнээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм.

Түүний оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай нь 2017 оны бэндигийн ДАШТ. Тэр жил Монголын хоккейчид зардлаа хэмнэхийн тулд Улаанбаатараас Эрхүү хот хүртэл машинаар явж, тэндээс Швед хүртэл онгоцоор нисэж очоод, 11 жил тээсэн зорилгодоо хүрсэн юм. Тухайн үед “Приус хөлөглөсөн монгол хоккейчид” гээд гадаадын цөөнгүй хэвлэл онцлон, шуугиулсныг манай уншигчид санаж байгаа нь мэдээж.

2018 оны “Бөртэ чоно” наадмын шилдэг дасгалжуулагч А.Мэргэн хоккейн алдарт ЦСКА багт туслах дасгалжуулагчаар ажилласан нь түүнийг бусад орнууд, хоккейчид хэрхэн үнэлж, хэр нэр хүндтэйгийнх нь илрэл. Монголдоо хоккейн спортыг улам хөгжүүлэх, залгамж халаа болсон тамирчид бэлтгэхийн тулд “Mergen Hockey Academy” байгуулсан түүнтэй ярилцлаа.

-Монгол хүн алдарт ЦСКА багт туслах дасгалжуулагчаар бэлтгэгдсэн нь сонирхол татаж байна. Тус багт дасгалжуулагчаар бэлтгэгдэх гарцыг хэрхэн олов?

-ЦСКА зөвхөн ОХУ-д бус дэлхийд алдартай баг. Хоккейн дасгалжуулагч бүхэн тус багт ажиллахыг, тамирчин бүхэн ЦСКА-д тоглохыг мөрөөддөг. Миний ч мөн мөрөөдөл тийм байлаа. ЦСКА гадны байтугай Оросын дасгалжуулагчийг ч багтаа ажиллуулахдаа өндөр шалгуур тавьдаг. Багийнхаа амжилтын нууц, бэлтгэл, сургуулилалтын нарийн төлөвлөгөөгөө бусдад алдахгүйг эрмэлздэг. Тэр хэрээр ЦСКА-д дасгалжуулагчаар ажиллах шалгуур өндөр.

Намайг туслах дасгалжуулагчаар ажиллуулах эсэхийг ЦСКА багийн ТУЗ-ийн гишүүд хоёр жил гаруй хуралдан, ярилцаж байж зөвшөөрсөн. Гол асуудал нь дээр дурьдсан, багийнхаа дотоод нууц, нарийн төлөвлөгөө, олон жилийн туршлагаа монгол дасгалжуулагчтай хуваалцах эсэхийг хэлэлцсэн хэрэг. Хоёр жил ярилцан, зөвлөлдөж байгаад зөвшөөрсөн гэхээр хэр их өндөр шалгуур тавьж, ач холбогдол өгснийх нь илрэл болов уу. 

-Мөрөөдлийн багтаа анх очин, алдарт хоккейчдыг дасгалжуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдлаа. Анх ЦСКА-д очиход, 1970-1980 оны үеийн ОХУ, Канадын хоккейчдын ана мана өрсөлдөөн, домогт хоккейчдын үед байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Яг тухайн цаг үед очсон, тэдэнтэй хамт байгаа юм шиг орчин намайг угтсан.

Тэд зоригтой, сэтгэлийн тэнхээгээр бүхнийг даван туулж, баялаг амжилтын түүх, туршлагыг алхам тутамдаа өөртөө бий болгодог, зөвхөн №1 байхын төлөө, зөвхөн хожих, ялахын төлөө зүтгэдгийг нь анхны бэлтгэл дээр хараад биширлээ.

Тэр үеийн  дасгалжуулагч  Виктор Тихинов, Тарасов тамирчид Михайлов, Петров, Харламов, Малтцев,Александров, Жлюктов, Блинов, Цыганков, Бабинов, мөн XX зууны шилдэг хаалгачдын нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн домогт хаалгач Владислав Третьяк нар ЦСКА клубийн амьд домгууд.

Оросын түүхэнд ЦСКА баг ЗХУ-ын 32 удаагийн аварга ,11 удаагийн мөнгөн медальт, Европын аваргуудын цомын 20 удаагийн аварга. ЗХУ-ын цомын 12 удаагийн аварга , Оросын гурван удаагийн аварга (2015, 2019, 2020), Гагарины цомын аварга (2019) юм.

80-90 ээд он бол ЦСКА-ын хувьд алтан үе байсан - тэр арван жилд бараг бүх аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, NHL-н клубуудтай хийсэн бүх тоглолтууд өндөр амжилттай байсан. Макаров, Крутов,Ларионов, Каменский,  Фетисов, Быков, Хомутов, Могилный,  Федоров, Буре, Козлов, Белов,  Житник, Зубов, Хабибулин зэрэг эдгээр агуу тамирчид клубын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ оруулсан..

-ЦСКА багаас, тэдний тоглогчдоос сурах, үлгэрлэх зүйл их байсан нь мэдээж. Тус багт та хоёр жил ажиллаад юу сурч, өөрийгөө яаж хөгжүүлэв?

-Би алдарт Михиаловын хүү Егор, Чебатуркин  хоёрын туслахаар хоёр жил бэлтгэгдсэн. ЦСКА багийг хөлбөмбөгтэй харьцуулбал алдарт “Реал Мадрид”, “AC Milan”, “Liverpool”, “Барселона”. Кино урлагтай харьцуулбал холливуд. Хоккейн хамгийн өндөр амжилт гаргасан багуудын нэг, домогт хоккейчдыг бэлтгэдэг “үйлдвэр”.

Тус багт хоёр жил бэлтгэгдээд  их зүйл сурлаа, арвин туршлага хуримтлууллаа. Би АНУ-д дээд боловсрол эзэмшихдээ цагтай уралдаж, ЦСКА-д ажиллахдаа цагийг “гүйцэд түрүүлж” сурлаа.

Анхандаа би их ачаалал авч, ядран, шантрах үе зөндөө байлаа. Гэхдээ тийм мундаг дасгалжуулагч, тамирчдын бэлтгэл, сургуулилалт, зорилго, тэмүүллээс их урам авсан.

-Тус багийн амжилтын нууц, жорыг нь та хэрхэн тодорхойлов. Тэд бусдаас юугаараа илүү бол?

-Тэдний бүх юм маш цэгцтэй, ойлгомжтой, нарийн зохион байгуулалттай. Бүгд ёстой шоргоолж шиг уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг юм билээ.

“Сур сур бас дахин сур” гэдэг шиг ЦСКА баг “бэлтгэл, бэлтгэл дахин бэлтгэл” гэсэн уриатай. Үнэхээр хөдөлмөрч, уйгагүй, сэтгэлийн тэнхээтэй, дайчин, манлайлагчдад л зориулагдсан клуб юм байна лээ.

Үүнээс илүү тэдний амжилтад нөлөөлдөг том хүчин зүйл бол хүн чанар. Монголчуудын хэлдгээр, жудагтай, эр хүн шиг байх. За гэвэл ёогүй байж, хүн бүхэнтэй найрсаг харилцахаас авхуулдаг олон зүйлд тэдний амжилтын нууц ордог юм байна.

Хичээл зүтгэл, сахилга бат, клубийн дүрэм журам, стрессгүй амар амгалан орчин зэрэг олон хүчин зүйл тэдний амжилтын жор. ЦСКА-д дасгалжуулагчаар очихдоо нарийн гэрээ байгуулсан. Тэдний талаар бүр нарийн ярих боломжгүй байгааг ойлгоорой.

-ЦСКА багаас, тоглогчдоос нь үлгэрлэх зүйл юу байв?

-ЦСКА оддын клуб. Дэлхийн олон, олон алдартай одод тус клубт тоглон, амжилтад хүрсэн. Надад хамгийн үлгэрлэмээр санагдсан нэг зүйл нь, тэнд “оддын өвчин”-өөр өвчилсөн нэг ч хүн байгаагүй. Харин ч эсрэгээрээ баг, хамт олноо хүндэтгэдэг, багаар ажиллах чадвартай, бусдыг сонсдог, хүндэлдэг, маш найрсаг дасгалжуулагч, тоглогчтойгоор нь бахархлаа, биширлээ.

Энэ ташрамд, ОХУ-ын Хоккейн холбооны ерөнхийлөгч, ДУМ-ийн гишүүн Владислав Третьяк болон ЦСКА клубийн баг, хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Та хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар хэдэн жил ажилласан билээ?

- Би 2010 оноос хойш MCS Жалам Хар, Улаанбаатар Капиталс багийн капитан, дасгалжуулагч хийж ирсэн. 2015 оноос Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч  асан Даваасамбуу гуай шигшээ багийн дасгалжуулагчаар томилж Азиас анх удаа хошой аварга болсон.

Энэ мэдээж олон хүний хүч хөдөлмөр. Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, Даваасамбуу гуай, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, МҮОНРТ-ийн сэтгүүлч  Д.Баярсайхан мөн багийн тамирчид олон жил хамтдаа зүтгэсний үр дүн.

-Таны дасгалжуулсан баг 2017 онд бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Монголоос анх удаа дэлхийн аваргаас медаль авсан түүхэн амжилтаа эргэн дурсан уу?

-Манай багийнхан бөмбөгтэй хоккейн ДАШТ-д 2006 оноос хойш оролцсон. 2017 онд 11 жил тээсэн зорилгодоо хүрч, дэлхийн медальтнууд болоод сэтгэл их хөдөлж, тамирчдаараа бахархаж билээ. Бид нөхцөл боломж тааруу, төрөөс дэмждэггүй гэж хойш суулгүй тууштай зүтгэснийхээ үр шимийг тэгэхэд хүртсэн. Олзны бага нь амттай. Тэгээд ч зөвхөн хожиж байж л хүртдэг болохоор хүрэл медаль их сайхан.

Би тамирчдаа их өрөвддөг. Манай хоккейчид олон жил ар гэр, амьдралаа хойш нь тавьж зүтгэчихээд өндөр амжилт гаргаж чадахгүй ирэх бүрт нь сэтгэл өвддөг байлаа. Хэрхэн хөдөлмөрлөж, ямар их саад бэрхшээл даван туулж байж дэлхийн аваргаас медаль авсныг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Би бөмбөгтэй хоккейг Оросын алдарт далгалжуулагч Петровичийн хамт 3 жил дасгалжуулсан.Өмнө нь манай тамирчид 10 жил тоглоод медаль хүртэж чадаагүй.Жил бүр тэмцээнд оролцож медаль хүртэж чадахгүй бол дараа жил нь дахиад л зүтгээд тамирчид маш их сэтгэлээр унаж санаа зовдог байсан.Багийн ахлагч Г.Тамир надад санал тавьж энэ олон жилийн хуримталсан хүнд ачааг нуруун дээрээс нь авч өгөөч гэж зорилго тавьж  2017 онд бид том давааны ард гарч билээ.

-Та бүхэн зардлаа хэмнэхийн тулд эх орноосоо машинтай гарч Эрхүү орон, тэндээсээ Швед рүү ниссэн гэж сонссон. Замдаа их ядарна, техникийн саатал гараад, тэмцээнээсээ хоцрох ч эрсдэлтэй. Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Яалт ч үгүй замын зардал дутаад, мөнгөний гачигдалд орох үед хүн төрөл бүрийн арга эрэлхийлдэг юм билээ. Хэрвээ ганцхан хүн байсан бол нэг их чанарын ялгаа гарахгүй. Багаараа, 24-үүлээ явсан болохоор эндээс машинаар Эрхүү ороод, тэндээс Швед рүү нисээд, буцаж ирэхэд. Тиймээс “Пруис” маркийн гурван автомашин, тус бүр нэг “Probox”, дунд гарын жипээр явсан юм.

-Монгол Улс энэ жил “Мөсөн өргөө”-тэй болж, өвлийн спортын тамирчид бэлтгэл хийх, амжилт гаргах боломж бүрдлээ. Ингэснээр манай хоккейчид шайбтай хоккейн ДАШТ-д оролцох боломжтой болсон. “Мөсөн өргөө” Монголын хоккейчдын амжилтад хэрхэн нөлөөлөх вэ?

-Юуны түрүүнд Монголын хоккейчдын 60 жил хүлээсэн мөрөөдлийг бий болгосон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт Степпе арена барихад хөрөнгө оруулсан манай үндэсний хөрөнгө оруулагч МАК, Ачит Ихт, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж ДАШТ-д оролцохоос гадна хүүхэд залуучууд маань хоккей, чөлөөт гулгалт, уран гулгалт, шорт трек гэсэн төрлүүдээр хичээллэж хойш үеийнхэн маань эрүүл саруул өсөх боломжийг бүрдүүллээ. Хүүхдүүдийг системтэй хоккейн сургалтаар бэлдэж, бэлтгэлийг нь хангах юм бол монголчууд бид олимпод оролцож бусад орныхонтой өрсөлдөж амжилт гаргах бүрэн боломж нээгдэж байна.

-Монгол Улсын Хоккейн шигшээ багт дасгалжуулагч хийхэд хэцүү юу?

Шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахад маш хэцүү.Амжилт шууд хийсч ирээд наалдчихгүй шүү дээ. Олон тамирчдаас шигшиж зөв тамирчдаа сонгохоос эхлээд асуудал их байдаг. Сайн дасгалжуулагч нар зүгээр л гараад ирдэггүй. Тэвчих, тэмцэх,олон сорилтын давааг туулж чадсанаар амжилт ирдэг. Тэд зовлон бэрхшээл ялагдлыг, өвдөлтийг мэдэрсэн, шархдаж, тэмцэлдэж зовлон дундаас гарах замыг олсон байдаг.

Дасгалжуулагч тамирчин бүрт хоккей заах нь чухал биш, тамирчин бүрт  сурах хүсэлтэй болгох нь чухал байдаг  юм байна лээ. Сайн дасгалжуулагч нар бол шигшээ багийн тоглолтыг өөрчилж чаддаг. Мундаг дасгалжуулагч нар бол зөвхөн тоглолтыг биш тамирчдыг хүн чанартай болгож  өөрчилж чаддаг. Янз бүрийн юмнаас хүсэл зориг мохоох, хүчгүй болох үе ч бий. Амжилтын 99 хувь нь тууштай хөдөлмөр, тэмцэл зорилго, сахилга бат тэвчээрээс гардаг, 1 хувь нь л азанд оршдог гэж би боддог.

-Шигшээд дасгалжуулагчаар ажиллуулах санал танд тавьбал зөвшөөрөх үү?

-Одоогоор тийм бодол алга. Шигшээ багийн дасгалжуулагч байхын нэг хэцүү нь баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтийг базаахын тулд гэр бүлээсээ олон хоногоор хол  байдаг. Цаг наргүй, маш их стресстэй Монгол Улсаа төлөөлж байгаа болохоор өндөр хариуцлага шаарддаг. Одоо би бол гэр бүлтэйгээ ойрхон, академидаа шавь нараа шинэ түвшинд бэлдэх зорилготой ажиллаж байна.

-Дасгалжуулагч хүн ямар байвал зохилтой вэ. Таны дасгалжуулалтын гол онцлог юу вэ?

-Дасгалжуулагч хүн багаа, шавиа амжилтад хүргэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Олон тамирчинг хариуцаж, итгэл төрүүлэн, багийн уур амьсгалаа хадгалж, хамтын хүчээр амжилтад хүрдэг. Маш олон талын, өргөн мэдлэгтэй байх чухал. Манлайлагч, сэтгэл зүйч, хоол зүйч, зохион байгуулагч авхуулаад бага эмчийн дайтай мэдлэгтэй байж мэргэжлийн дасгалжуулагчийн түвшинд хүрнэ.

Багийн спорт тэр тусмаа хоккей тоглолтын нарийн төлөвлөгөө, техник, тамирчдын ур чадвар, авьяас, багийн тоглолт шаарддаг. Багийн спортод тоглогч бүр сайн тоглож, нэгнээ мэдрэх, багийн дотоод уур амьсгал чухал.

-Та “Mergen Hockey Academy” байгуулж, өсвөрийн хоккейчдыг бэлтгэхээр төлөвлөж байгаа юм билээ. Залгамж халаагаа бэлтгэх тал дээр одоо илүү анхаарна гэж ойлголоо, зөв үү?

-Зөв өө. Хүн мөнх амьдрахгүй. Ирээд буцдаг нь орчлонгийн жам. Монголын өнөөгийн нөхцөлд хүүхдэд ээлгүй зүйл олон байна. Би одоо залгамж халаагаа бэлдэн, хүүхдийн төлөө зүрх, сэтгэлээ зориулан ажиллана.

Би их азтай хүн. Дуртай ажлаа хийн, хайртай спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа. Дуртай мэргэжлээрээ ажиллах хамгийн сайхан. “Бурхандаа баярлалаа” гэж хэлмээр байна.

Залгамж халаагаа бэлтгэх, хүүхдүүдтэй ажиллахын тулд “Mergen Hockey Academy”-г байгуулсан. “Nukht sports center”-т байрладаг манай клубт би одоогоор 100 гаруй хүүхэд дасгалжуулж байна.

Хойч үеэ эрүүл саруул хүмүүжүүлж, эрүүл чийрэг монгол хүнийг бэлтгэх нь бидний гол зорилго. Монголын хөлбөмбөг, хоккейг мэргэжлийн түвшинд хүргэн, мэргэжлийн тамирчид бэлтгэхийн тулд сурсан, мэдсэн бүхнээ хүүхдүүдэд заана, дасгалжуулна. Ирээдүйн оддыг бэлтгэхийн төлөө бүхнээ зориулна. Энэ зорилго, чармайлтыг маань Монголын компаниуд, хувь хүмүүс дэмжинэ, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-17 18:05

бүх сэтгэл зүрхээ хүүхдүүдэд зориулдаг хамгийн шилдэг багш шүү .

Хүн
Хүн
2021-12-17 20:07

Мэргэн танд баярладаг шүү з####уусаа сайн бэлтгэдэг харин эрдэнэт үйлдвэрээс өөр дэмжлэг байдаггүй байхаа даа тамирчидаа шагнах урамшуулах т#### дээр та анхаарах нь зөв сагсчид ####тан гадас гял####зууллаа танай з####ууст олон улсын хэмжээнии мастёрч ####га шүү азиин хошой аварга гэдэг том л амжилт шүүдээ шагнаж урамшуулах т####аар анхаараараы

Хүн
Хүн
2021-12-17 20:09
Reply to  Хүн

Яг үнэн шагн#### ёстой дутмаг байх юм хүнд осол ихтэй спорт шүүдээ

Хүн
Хүн
2021-12-18 19:59
Reply to  Хүн

Ямарч ашиггүй төмөрнүүдээ яасан ч их харм####даг юм дуучид жүжигчид хэд дуула#### том том одон авдаг эр хүнии хииморьлог сторт хоккёочдод яагаад өгдөггүй юм бол... ямарч ашиг орлоггүй бор зүрхээрээ үхэх бэртэхээ мэдэхгүй ########цаг спотын з####ууст шагн#### үнэндээ ####гаа хөөрхии

зочин
зочин
2021-12-31 19:43

Би ч гэсэн спортын багш хүн Мэргэний ярьсан үнэхээр үнэн дээ...Багш хүн ингэж л бодож шан####ж зовж баярлаж жаргаж явдаг даа...Амжилтын дээдийг хүсьё

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x