УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Н.Ганнибал он гарсаар тойрогтоо юу хийсэн бэ

2021.05.31

Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргаж  байсан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсч, 10 жилийн дотор 4 дахин нэмэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн  нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Хог хаягдал нь Монгол Улс төдийгүй Дэлхий нийтийн тугамдсан асуудал болоод байгаа бөгөөд хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээ байна. Харин манай улс одоогийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байна. Иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал төдийгүй өнөө үеийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нэн тустай билээ.

Эл асуудлыг олон жил ярьж, эрхзүйн орчныг нь сайжруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Иймд миний бие Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, дараах асуулгыг тавьлаа.

ЧУУЛГАНУУДЫН ДҮГНЭЛТ

2020 оны намрын чуулганы хаалт

2020 оны Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган Үндсэн хуулийн дагуу 75 хоног хуралдахаас 82 хоног хуралдлаа. Нийт 87 хууль, 47 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. Зарим томоохон хуулиас дурдвал:

  • Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль
  • Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл зэргийг хэлэлцэн баталжээ.

Дэлхийд анх удаа цахим технологи ашиглан хуралдсан Парламент болсон байна. Корона вируст цар тахлын хүндрэлийг бүх нийтээрээ даван гарахын тулд улс нийтээрээ хичээн ажиллах хэрэгтэй байна.

2021 оны хаврын чуулганы хаалт

2021 оны хаврын чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган 83 өдөр чуулж,  462 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 162 хууль, бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол гээд нийт 162 хууль, тогтоол баталлаа.

Миний хувьд өдөр тутам байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаануудад оролцож, хэлэлцэж буй асуудлуудаар байр суурь, саналаа илэрхийлэхээс гадна Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүний хамт “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж өргөн барилаа. УИХ-ын гишүүнд ёсзүйн хариуцлага тооцох зарим саналыг маань УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй бөгөөд хэлэлцүүлгийг хойшлуулсан. Мөн С.Одонтуяа нарын 4 гишүүний хамт Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн зарим этгээдийн ялыг өөрчлөх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Уг хуулийн төслийг хэлэлцүүлж амжаагүй ч үзэл санаа нь Өршөөлийн тухай хуульд тусгагдсан.

Түүнчлэн дараах ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Үүнд:

Хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг

Үйлдвэрлэл, технологийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг

 Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өрөн мэдүүлсэн бусад УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг

 Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт тус тус ажиллалаа. Эдгээрээс Хоршооны тухай хууль батлагдсан, бусад хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж буй.

Мөн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлэдхүүнд орж ажиллалаа.

УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хог хаягдлын тухай хууль, "Хог хаягдлын менежмэнт" үндэсний хөтөлбөр, Хог хаягдлын менежмэнтийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар асуулга тавилаа.

2021.06.11

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийн хамт цар тахал, түүний үр дагаврыг даван туулахаар хичээж буй энэ цаг үед Сүхбаатар аймгийнхаа Онцгой комисст гурав дахь удаагийн дэмжлэгээ үзүүллээ.

Коронавируст халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул ард иргэд та бүхэн илүү хариуцлагатай байж, дархлаагаа дэмжиж, аюулт өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.

  • Даралтын аппарат
  • Хамгаалалтын малгай
  • Нүдний шил
  • Шар нөмрөг
  • Нэг удаагийн малгай
  • Маск
  • Улавч
  • Гутлын хамгаалалт (уут) зэрэг нийт 85 мянган ширхэг хувцас хэрэглэл, бүтээгдэхүүн хандивын багцдаа багтаалаа.

2021.07.29

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр дэх Байгалийн нөөц газар болох Амсарын тахилгат уул болон Дурсгалт газар болох Баянтэрэм уулын орчимд  АМГТГ-ын захиалгаар “Терра Сийд” ХХК Геологийн судалгааны ажил гүйцэтгэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг зөрчиж буй энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, гэрээг цуцлах талаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүслээ.

БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

2020.11.25

УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТАГТ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД БАЙГАА ИРГЭДИЙГ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС НУТАГ БУЦААНА

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:

-       Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах

-       Нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах

-       Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлэх болов.

2021.07.17

Багын найз, ангийн анд Ж.Энхбаатар /Энгүүлээ/ найзынхаа "Оюунлаг" шатрын клубтэй танилцлаа. Сүхбаатар нутгийн оюуны уурхай болсон энэ клубээс дэлхий шатрын холбооны мастер Э.Энхнар, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Наран-Эрдэнэ, азийн аварга, дэд аваргууд болон улсын аварга шатарчид төрөн гарч байгаа. Клубын үйл ажиллагааг дэмжиж 100 ш шатрын цаг бэлэглэлээ. Цар тахал дарагдаж, цаг сайхан болохоор олон улсын шатрын нээлттэй тэмцээнийг Сүхбаатар нутагтаа #darigangahotel-д зохион байгуулахаар боллоо.

Нутгийнхаа хүүхдүүдийн ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг найз маань ширээний теннисний мастер хүн, том хүүдээ шатар зааж эхэлсэн тэр цагаас шатрын шавь нараа бэлдэж эхэлсэн нь өнөөгийн аваргуудыг төрүүлсэн юм.

2021.09.13

Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд  12 айлын нийтийн байранд гал гарсны улмаас тэдгээр айл өрх орон байргүй болж, дээр нь эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад буй. Дээрх 12 айлаас  зургаа нь байрандаа байнга оршин сууж байсан бөгөөд тэдгээр өрхөд долоон өрх толгойлсон ээж, хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 10 хүүхэд гээд нийт 31 ам бүл багтдаг. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хамт эдгээр өрхөд тусламж үзүүллээ. Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн холбоо болон Түмэнцогт сумын Нутгийн зөвлөл ч мөн хандивын аян өрнүүлж, төвлөрүүлсэн мөнгөн болон эд материалын тусламжаа иргэдэд хүлээлгэн өгсөн байна. Зовлон бэрхшээл тулгарсан нэгэндээ халуун сэтгэлээ дэлгэдэг нийт сүхбаатарчууддаа баярлалаа.

2021.10.20

УНГАРЫН АРД ТҮМЭНД БАЯРЛАЛАА

Миний бие Монгол-Унгарын парламентын бүлгийн даргын хувьд өнгөрөгч 6-р сарын 3-нд Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло болон тус улсаас манай улсад суугаа Элчин сайд др.Обрушанскы Борбала, Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр нартай цахим уулзалт хийсэн.

Энэхүү уулзалтын үеэр яригдсан санал санаачилгууд эхнээсээ ажил болж, ноён Хорват Ласло гадаад хэргийн сайд Петер Сияяарто нарын хамт 7-р сарын 30-нд Монгол Улсад айлчлахдаа нэг бүр нь 140 сая төгрөгийн үнэ бүхий 33ш амьсгалын аппарат бэлэглэсэн юм.

Цар тахлын үед эрүүл мэндийг хамгаалах амин чухал тоног төхөөрөмжийн нэг болох энэхүү аппаратаас Сүхбаатар аймагтаа 2 ширхэгийг хүргүүлж, явуулын хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд коронавирусын тархалт өндөр байгаа Мөнххаан болон Баяндэлгэр сумын эмнэлэгт хуваарилсныг орон нутаг дахь бие төлөөлөгч Г.Баярсайхан хүлээлгэн өглөө.

2021 оны турш аймгийн номын сантай хамтран зохион байгуулж буй Сүхбаатар аймгийн шилдэг уншигч шалгаруулах "СУДАР ЭГШИГЛЭН" төсөл маань маш амжилттай үргэлжилж, 4-83 насны 300 гаруй оролцогч оролцож байна. Удахгүй төслөө дүгнэж, шилдгүүдийг тодруулна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР

2020.11.10нд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь хууль бус уул уурхайн үйл ажиллагааг хуулийн дагуу шийдвэрлүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандлаа.

2021.07.30

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт ашигт малтмал, уран олборлож байж болзошгүй талаар иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гомдол, мэдээлэл ирсээр байна. Тус компанийн үйл ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргуулж, зохих арга хэмжээ авах талаар МХЕГ-т чиглэл өглөө.

2021.08.06

“Монгол ураниум ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хамаарах Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлээд байна. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл ирүүлсээр байна.

Иймд миний бие "Монгол Ураниум ресурс" ХХК ус ашиглах зөвшөөрөл авахдаа байгаль орчинд нөлөөлөх дүгнэлт гаргуулсан эсэх, мөн Усны тухай хуулийн дагуу ус ашигласны болон бохирдуулсны төлбөрөө төлж байгаа эсэхээр Шадар сайдад АСУУЛТ тавьлаа. Ус бол нүүрс, алтнаас дутахгүй чандмань эрдэнэ. Ялангуяа газрын хэвлий доорх ус маш урт удаан хугацаанд бүрэлддэг, нөөц багатай тул бид аль болох үр ашиггүй зарцуулахаас сэргийлэх ёстой.

2021.10.06

Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Ураниум ресурс” ХХК нь нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт ашигт малтмал буюу уран уран олборлож байж болзошгүй талаар нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагаас удаа дараалан гаргасан гомдлын дагуу миний бие 2021.07.29-ний өдөр MV-018247 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд цацраг идэвхт бодисын хэмжилт хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулан, мэдээлэл ирүүлэхийг хүсч, МХЕГ-ын дарга Т.Гантулгад  албан бичиг илгээсэн.

Үүний дагуу МХЕГ болон Сүхбаатар аймгийн МХГ хамтран, 8-р сарын 16-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, цөмийн болон цацрагийн шалгалтыг анх удаа явуулсан бөгөөд хариуг нь ирүүллээ. Энэхүү мэдээлэлд дээрх талбайд цацраг идэвхт ашигт малтмал олборлож байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Ямар ч байсан энэ эргэлзээг нэг тийш болгож байгаа нь сайн хэрэг.

Харин Эрдэнэцагаан сумын нутаг дахь таван голын усны түвшин муудсан, эх ундарга нь багассан нь дээрх уурхайн үйл ажиллагаатай холбоотой эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг бид хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button