СЭТГЭЛ ЗҮЙЧ: Машины шил, толь хагалсныг тоглоомын донтолттой холбох нь ӨРӨӨСГӨЛ

Арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 2005 онд төрсөн 16 настай А, Т нар Хангай хотхоны орчим автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 17 машины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж, эвдэлсэн хэрэг гарсан.
Хүүхдүүд мэдүүлэгтээ: “Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч дээрх хэргийг үйлдсэн. “Гарч машины дугуй хагалъя” гэж хоорондоо тохиролцож, гараад автомашинуудын цонхыг хагалж, толийг нь хугалан, дугуйг нь хагалсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Өдгөө хүүхдүүдийн учруулсан эд хөрөнгийн хохирлыг үнэлүүлэх, ар гэртэй холбогдож, үүссэн нөхцөл байдлыг танилцуулах процесс өрнөж буй бөгөөд эх сурвалжийн мэдээллээр хүүхдүүд бусдад 15 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.
"Цар тахлын хөл хорионд хоёр жил орчим хоригдсон хүүхдүүд компьютер, гар утасны тоглоомд донтохдоо ийм хэрэг хийлээ” гэх иргэдийн хандлага цахимд хэлэлцэгдэж буй. Иймд бид хүүхдүүдийн цахим хэрэглээ, компьютер, гар утасны донтолт тэдний зан төлөвт хэрхэн нөлөөлдөг тухай СЭМҮТ–ийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.
-ТОГЛООМД ДОНТЛОО ГЭЭД ХҮҮХДИЙН ЗАН ТӨЛӨВ, СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ-

-Өсвөр насны хүүхдүүд олон тооны автомашинд халдаж, эвдэлсэн хэрэг гарсан. Тухайн хэргийг цахим тоглоомтой холбож ойлгох иргэд олон байна?
-Хүүхдийн төрөлх суурь хүмүүжлээс шалтгаална. Гэр бүлийн эрүүл харилцаанд, хайрлагдаж өссөн хүүхэд компьютер, гар утасны тоглоомд донтлоо ч, хэв журам зөрчих, эд зүйл хэмхлэх зэрэг ширүүн зан араншин гаргахгүй.
Өөрөөр хэлбэл тоглоом их тоголсон ч, хүүхдийн төрөлх зан, сэтгэлзүй өөрчлөгдөхгүй юм. Гэтэл хүмүүс үүнийг компьютерт донтсон хүүхдүүд ийм үйлдэл хийлээ гэж ойлгох нь хэт өрөөсгөл ойлголт.
-Цахим тоглоомд донтсон хүүхдийн зан төлөв, байр байдалд ямар өөрчлөлт орох вэ?
-Анхаарал сулрах, тоглоомоос бусад зүйлд төвлөрөх чадвар буурч болно. Тэглээ гэхэд гэнэт хүүхдийн зан төлөвт өөрчлөлт орж, хурц араншин, үйлдэл гарахгүй. Миний харж байгаагаар тухайн хүүхдүүдийн үйлдэл зөвхөн цахим тоглоомтой холбоогүй болов уу. Гэхдээ мэдээж хүүхдийн нэг удаагийн гаргасан үйлдлээр шууд тийм, ийм гэж дүгнэлт хийж болохгүй. Уулзаж, ярилцсаны дараа л мэдэх боломжтой.
-Өсвөр насны хүүхдийн ааш зан өөрчлөгдөх, ширүүн хандлагатай болох зэрэг нь насны онцлогтой холбоотой юу?
-Өсвөр үеийнхэн ихэвчлэн бусдыг даган дууриах зарчмаар бие хүнээ бүтээж байдаг. Тэгэхээр үздэг зүйлс, нөхөрлөдөг хүмүүсийн хандлага, байр байдал нөлөөлж болно. Гэхдээ дээр дурдсанчлан гэр бүлийн орчин, суурь хүмүүжил хамгийн чухал.
Хүүхэддээ болно, болохгүйн тухай ойлголт өгөөгүй, эсвэл хэт эрхлүүлэх, хэт үл тоох, ширүүлж загнах зэрэг нь сэтгэлзүйд нөлөөлж байдаг. Гэр бүлийн орчин, уур амьсгал хамгийн их нөлөөлдөг.
-Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох, цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй вэ?
-Сайн л ярилцах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ нэг түвшинд өөрийгөө аваачиж, найз нөхөд мэт илэн далангүй ярилцах нь зөв. Харилцаа хөндийрч, ярилцах багассанаас л эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ үл ойлголцох нь ихэсдэг. Хүүхэд чинь юу сонирхож байна вэ.
Үүнийг мэддэг байх их чухал. Үзэж буй видео, тоглодог тоглоом нь нас, сэтгэхүйн онцлогт тохирч байгаа эсэхийг мэдэх их чухал. Тэр хэрээр хүүхдээ буруу хэрэглээ, дэлгэцийн донтолтоос гаргах боломж бүрдэнэ. “Шууд боль” гээд нэмэргүй. Хүүхэд тухайн үед больсон ч дахиад тоглоно, утас оролдоно. Тэгэхээр өөр зөв дадалд аажуухан дасган, хүүхэдтэйгээ сайтар ярилц.
-Эцэг, эхчүүд хүүхдээ компьютер тоглоомд донтохоос сэргийлж, гаргаж буй түгээмэл алдаа юу байна вэ?
-Шууд хориглодог алдааг их гаргадаг. “Хортой, муу гэнэ” гээд хамаг юмыг нь хураагаад авчихдаг. Тэгсэн мөртлөө өөрөө хэрэглээд байдаг. Эцэг, эх хүүхдийнхээ дэргэд утас оролдоод байхаар “Би яагаад утас оролдож болохгүй гэж. Шударга бус байна” гэж хүүхэд бодно. Хүүхдийн хорхойссон байдал дарагдаагүй, хүчээр болиулчихсан тул нууцаар тоглодог, утас оролддог. Хүүхэдтэйгээ ярилц, зөвшөлц, тохиролц.
Тэгэхээр эцэг, эхчүүддээ хүүхдэдээ зөв үлгэрлэх чухал. “Гэртээ утас оролдохгүй, эрүүл харилцааг эрхэмлэе” гээд уриалга гаргаад ч юм уу зөв үлгэрлэвэл хүүхэд аяндаа дасдаг, буруу хэрэглээнээсээ ангижирна.
-Цахимд тоглоомд донтсон хэчнээн хүүхэд СЭМҮТ-ээр үйлчлүүлж байна вэ.
-Цар тахалтай холбоотойгоор эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг насанд хүрэгсдийн тасагт авч байгаа. Хөл хорионоос шалтгаалан дэлгэцийн хамаарал, донтолт ихэссэн” гэв.
Бид ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тухайн хэрэг болон хэргийг үйлдсэн хүүхдүүдийн талаарх бусад мэдээллийг тодрууллаа.

-ЦЕГ: МАШИНЫ ЭД АНГИ ЭВДЭЛЖ, СҮЙТГЭСЭН ХҮҮХДҮҮД ӨМНӨ НЬ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГААГҮЙ-
-Хүүхдүүд халдаж эвдрэл учруулсан автомашинуудад хэр хэмжээний хохирол учирсан бэ?
-Одоогоор нийт хохирлын хэмжээ эцсийн байдлаар тогтоогдоогүй байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
-Тухайн хүүхдүүдийн ар гэртэй холбогдож, хохирлын тухай дуулгасан уу?
-Хэлж танилцуулсан.
-Хүүхдүүд насанд хүрээгүй учир энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
-Ялгаагүй л хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, зохих журмын дагуу шалгана. Гэвч одоогоор хэрэг үүсгээгүй байна. Хүмүүсийн хохирлыг хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагчдаас гаргуулна.
-Тухайн хүүхдүүд урьд нь ял шийтгэл эдэлж байсан уу?
-Урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэх мэдээлэл ирээгүй.
-Хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь юу байсан бэ?
-Урьдчилсан байдлаар цахим тоглоомоос болсон байж болзошгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй учир эцсийн дүгнэлт биш” гэв.
Өсвөр насны хүүхдүүд бусдын машины эд ангийг эвдэлж танхайрсан хэрэг нь цахим тоглоомын донтолт бус тэдгээр хүүхдүүдийн суурь хүмүүжил, гэр бүлийн орчинтой салшгүй холбоотой байх магадлалтай байна. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тухайн хүүхдүүд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, сайтар ярилцах нь болзошгүй эрсдэлээс та болон таны хүүхдийг хамгаалах болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манайхан чинь тгээд ер нь хаана хаанаа л асуудалтай даа
эцэг эхчүүдэд бас их асуудал байнааа. гэр бүлийн суурь хүмүүжил асар доголдолтой байна дааа хөөрхий
ugasaa togloomond dontson huuhduud bhad etseg ehruun buruug n chihchih gd bdag
сууриас ч хамааралтай байх тэр тоглоомноос ч хамаатай байх миний санаж байгаагаар 2000д оны эхэн үед ПС тоглоом газар авсан үед тоглоомонд донтсон хүүхдүүд хүмүүсиийн машин шатаасан хэрэг гарж л байсан . энэ дайн аллагатай тоглоом монголын орчинд тохирохгүй
Эдгээр хүүхдүүдийн эцэг эх нь сэлбэг зардаг ченж гэсэн мэдээлэл бий. Тэгээд худaлдан авагч олж өгөх зорилгоор олон машин сүйтгэсэн байх магадлaлтай.
Автомашинаа зөв зориулалтын газар байршуулж бай . Хөдөлгөөн хааж бүү тавь . Тэр хүүхэдүүд түгжрэл юунаас үүсээд байгааг өөрсийхөөрөө нэг талаас нь зөв ойлголттой байгаа бусуу . ЗОГСООЛ .