Нийгмийн

Н.Сугар: Хотын захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.5 тэрбум биш, 90 сая төгрөг зарцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудад энэ ондоо багтан Яармагт барьсан Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүх үүрэг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн бямба гарагаас нүүж эхэлсэн. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх ташаа мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

-Нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Яг хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагыг шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан. Тэрнээс хэвлэлээр бичээд, мэдээлээд байгаа шиг 1.5 тэрбум төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд аль болох бага зардлаар нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байгаа.

-500 сая төгрөгөөр чухам ямар ажлууд хийх вэ?

-Энэ нь Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд шилжин байрлахад шаардлагатай үйл ажиллагааны зардал. Нийт есөн төрлийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь 500 сая төгрөг гэсэн үг. Тодруулбал, цэвэрлэгээ, үйлчилгээ, материалын зардал, цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийн зардал, интернэт сүлжээ, сервер, дотоод сүлжээ, тоног төхөөрөмж, суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал орж байгаа. Мөн нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардал, А корпусын зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж, нэвтрэх болон олон нийтийн талбайд байрлуулах ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн зардал зэрэг багтаж байна.

-Хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр нүүлгэлтийн ажилд хамтарч ажиллаж болохгүй байсан уу гэх шүүмжлэл байна?
-Нийслэлийн зүгээс эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр боломжит бүх бодлогын дэмжлэгийг үзүүлж байгаа. Гэхдээ нүүлгэлтийн ажлын хувьд төсвөөс гарах зардлыг хэмнэх ёстой. Тиймээс дотоод нөөц, бололцоогоо дайчлан ажиллаж байна. Тухайлбал, НЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж байгаа. Нүүлгэлтийн компаниудын хувьд маш өндөр үнэ санал болгосон тул хамтарч ажиллах боломжгүй байсан. 

-Нийт хэчнээн байгууллага нүүх вэ?

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг зургаан албан байгууллага буюу 400 ажлын байр Яармаг руу эхний ээлжид нүүнэ. Одоо ашиглалтад орсон барилга 400 хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x